Онцлох Бизнес

2016 оны онцлох гарааны бизнесүүд

12 сарын 26, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


43140   5




Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийнхээ ээлжит дугаараар бид 2016 онд амжилтаараа ялгарсан гарааны бизнесүүдийг хүргэж байна. Цоо шинэ зах зээлийг нээсэн, гадаадын зах зээлээс орлого олж буй, дэлхийд танигдаж эхэлсэн, нарийн технологийг нэвтрүүлсэн, маш бүтээлчээр маркетингаа хийж байгаа гээд аль нэг талаараа онцгойрсон эдгээр бизнесүүд ижил төрлийн бусад компаниуддаа болон манай уншигчдад шинэ сэдэл, урам зоригийг өгч байгаад эргэлзэхгүй байна. Зочдын маань нэрлэсэн эдгээр гарааны компаниудын ихэнх нь манай "Онцлох бизнес" буланд уригдсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ жил бид Unread Awards хэмээх шагналыг бий болгож, бизнесийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдийн нээлттэй санал хураалтаар тухайн жилийн шилдэг стартапыг анх удаа тодруулсан билээ. Өнөөдрийн нийтлэлд энэ шагналд нэр дэвшсэн, шалгарсан компаниуд байгааг дуулгахад таатай байна.

Themeton

Бичсэн: Б.Идэр-Од (Call Pro компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Гарааны бизнес нэвтрүүлгийн хөтлөгч)

Themeton бол мэдээллийн технологийн салбарынхан Монголд гадны зах зээлээс валют оруулж ирж байгаагийн нэг тод жишээ. Материаллаг бааз, түүхий эдэд суурилаагүй цэвэр оюуны бизнес гэдгээрээ давуу талтай. Ер нь бид маш онцгой, нарийн бүтээгдэхүүн л гаргахгүй бол гадны зах зээлд гарахад экспорт хийхэд илүү их өртөгтэй тусдаг. Үүнд манай байршил, тээврийн асуудал их нөлөөлдөг. Тэгэхээр бид олон юм шаарддаггүй интернэт дээр суурилсан бизнесийг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа Themeton шиг niche буюу нарийсаж төрөлжсөн зах зээлд нүх сүв олоод, бага ч гэсэн долларуудыг оруулж ирдэг компаниуд бий болчихвол цаашдаа том зах зээл рүү том багтай орох суурь бүрэлдэж бий болно.

Gumuda Concept Store

Бичсэн: Б.Болорчимэг (NTV телевизийн сэтгүүлч, Бизнес Өрөг нэвтрүүлгийн хөтлөгч)

Gumuda Concept Store нь монгол дизайнеруудын урласан брэндүүдийг нэгтгэсэн Монголын анхны сэдэвчилсэн дэлгүүр гэдгээрээ онцлог. Энэ нь хэрэглэгчдийг үндэсний брэндүүдтэй холбох маш дөт гүүр нь болж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хэрэглэх том сэдлийг төрүүлж байгаа ч гэж хэлж болно. Өмнө нь бол Монголд олон сайн дизайнер байдаг гэж сонсох төдий, урласан хувцаснуудыг нь зураг сэтгүүлээс харах төдий байсан бол Гүмүда нээгдсэнээр тэнд очиж хувцаснуудыг нь өмсөж, хүссэнээрээ сонгож, өөрт таалагдсанаа захиалж болдог болсонд их талархалтай байгаа. Бизнес талаасаа мөн нэн шинэлэг, олон талаар хөгжих боломжтой шинэ зах зээлийг нээж чадсан. Тун удахгүй олон улсын зах зээлд өрсөлдөх “монгол брэнд” болж чадах байх.

Lhamour

Бичсэн: Д.Ганзориг (Unread-ийн ерөнхий редактор)

Бид өнгөрөгч 3-р сард Lhamour брэндийг "Онцлох бизнес" буландаа, 10-р сард үүсгэн байгуулагч Д.Хуланг "Би хэрхэн ажилладаг вэ?" буландаа урьж ярилцсаныг та бүхэн санаж байгаа байх. Lhamour брэнд
монгол түүхий эдийг гадаадын түүхий эдтэй хослуулан шинэлэг, өвөрмөц бөгөөд үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй байдлаар, олон улсын стандартад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бодит үйлдвэрлэл эрхэлдэг бизнес гэхэд ердөө хоёр жил хагасын хугацаанд дэлхийд танигдсан бизнес болтлоо өргөжиж танигдсан нь 2016 оны онцлох бизнесүүдийн нэгээр нэрлэх шалтгаан боллоо. Тус брэнд өнгөрөгч 11-р сард ACES 2016 буюу "Азийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж" арга хэмжээнээс "Шилдэг хариуцлагатай жижиг дунд үйлдвэр" шагналыг хүртсэн бол үүсгэн байгуулагч Д.Хуланг NHК WORLD телевиз 11-р сард "Азийн сарын онцлох эмэгтэй"-гээр тодруулан баримтат нэвтрүүлэг хийж, 148 оронд цацсан нь Lhamour-ийн төдийгүй Монголын томоохон сурталчилгаа болсныг тэмдэглэх ёстой.

Мөн тэд манай сайтаас уламжлал болгон шалгаруулах, Монголын хэвлэл мэдээллийн 10 сувгийн 16 сэтгүүлч санал өгсөн Unread Awards-ийн эхний жилийн "Шилдэг стартап"-аар шалгарч, Unplug 2016 арга хэмжээн дээр шагналаа гардаж авсан юм.

Onefit app

Бичсэн: З.Золбоот (Нийслэл гайд сэтгүүлийн эрхлэгч)

Манай нийслэлийн оршин суугчдын дийлэнх хувь нь эрүүл чийрэг амьдралын хэв маягийг эрхэмлэхийг зорьдог боловч фитнес клубт нэгдсэнээр бүх асуудлаа шийдэж чаддаггүй билээ. Мөн нэг хэв маягт баригдсан фитнес клубээс хурдан уйдаж залхах хандлага ажиглагддаг. Тэгвэл заавал нэг газарт тогтсон хуваариар явалгүй, зав гарсан үедээ хаана л бол хаана орох боломжийг бүрдүүлсэн ONEFIT аппликэйшин ухаалаг гар утсан дээр суурилагдсан бизнесийн хувьд их онцлог санагдсан. Тус апп-ийн ачаар бид фитнесийг өөр өнцгөөс харж болохоор байна. Зөвхөн нэг төрлийн спортоор бус харин өөр өөр төрлийн фитнес, дасгал хичээлийг туршиж үзэж, шинээр нээгдсэн фитнес төвүүдээр үйлчлүүлэх боломжтой болж байна. Мөн гишүүнчлэлийн багцын үнэ нь ч тун боломжийн санагдсан. Хэрвээ нийслэлчүүд маань фитнесийг амьдралынхаа нэг хэсгээр болгож, барууны орнуудын эрүүл амьдралын трендийг дагасаар байх юм бол Onefit амжилтанд заавал хүрнэ.

UB Passport

Бичсэн: Г.Ариунзул (Ub.life сайтын сэтгүүлч)

Улаанбаатарт “зорчих” улаан пасспорт

Энэ онд мэндэлсэн олон гайхалтай, бүтээлч бизнес санаануудаас Улаанбаатар пасспортыг онцлох нь зүйтэй. Их хотын соёлыг дэлгэрүүлэх зорилготой хэсэг залуусын санаачилсан энэ төсөл зургаан сард хэрэглэгчдэд хүрсэн даруйдаа багагүй шуугиан тарьж, “Улаанбаатар пасспорт гэж юу юм бэ” гэх хүмүүс цөөнгүй байсныг та санаж байгаа байх.

Харагдах байдлаар гадаад пасспорттой төстэй энэхүү улаан өнгөтэй “Улаанбаатар пасспорт”-ыг нээмэгц магадгүй таны өмнө нь дуулж байгаагүй кафе, баар, паб зэрэг үйлчилгээний газрууд, гараар зурсан тэдгээрийн зургууд бий. Тэдний хамгийн анх хэрэглээнд нэвтрүүлсэн пасспорт бол “NightLife”нэртэй улаан пасспорт билээ. Үүний дараа Улаанбаатар пасспортынхон “Sip and See”нэртэй зөвхөн кофе шопуудаар дагнасан пасспортоо худалдаанд гаргасан нь кофены хорхойтнуудын дунд эрэлт үүсгээд байгаа. Бүтээлч залуус маань ингээд зогссонгүй “Warm Cup”нэртэй шинэ төслөө эхлүүлсэн байна. Улаанбаатар бол орох газар, очиж үзэх сонирхолтой зүйлгүй уйтгартай хот гэсэн нийтлэг ойлголтыг эвдэж чадсан эдгээр залуусаас ирэх жилүүдэд илүү ихийг хүлээж болохоор. Залуусыг хоттойгоо танилцан, сониуч, нөхөрсөг, бүтээлч байхыг уриалж буй Улаанбаатар пасспортынхны ачаар бид өөрсдийн мэдэхгүй Улаанбаатар хотыг нээж, дурсамжаа бүтээлцэж явна.

Tuko Tailor ба Michel & Amazonka

Бичсэн: Н.Хулан (Gumuda Concept Store-ийн үүсгэн байгуулагч)

Хувцасны монгол брэндүүдээс Tuko Tailor болон Michel Amazonka хоёрыг онцолъё. Tuko Tailor-ийн хувьд монгол үндэсний хувцасны элементүүдийн орчин үеийн загварт шингээн өдөр тутмын хувцас хийдэг. Тэдний гаргасан үндэсний элементтэй бомбер жакетууд хавар хонхны баяраар, наадмаар ихээхэн эрэлттэй байсан, хүмүүст сайн хүрч чадсан.

Michel Amazonka-гийн хувьд хэдийнэ танигдсан авьяаслаг дизайнерууд. Тэд олон коллекц гаргасны зэрэгцээ дэлхийд трэнд болж буй бомбер жакет, гурвалжин энгэртэй загваруудын монгол хувилбаруудыг гаргасан нь тун амжилттай болж, борлуулалт сайн байсан шүү.

Нанопротект

Бичсэн: Б.Батзаяа (Unread-ийн арт директор, Batu Digital үүсгэн байгуулагч)

Миний хувьд Монголд нанотехнологийг өдөр тутмын хэрэглээ болгон гаргаж буй Novelty компанийн Нанопротект бүтээгдэхүүнийг онцолмоор байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, 4 улиралтай манайх шиг оронд хувцас хунар, ялангуяа гутал тоос шороо, шавар шавхай болох нь тун амархан. Нанопротект үүнээс бүрэн хамгаалах боломжийг олгож буйд талархаад баршгүй. Одоо Textile болон Hybrid хэмээх 2 төрлөөр гарсан байгаа энэ бүтээгдэхүүн даавуу, торго, арьс, илэг зэрэг гадаргууд нано нимгэн бүрхүүл үүсгэн олон давуу шинж чанартай болгож хамгаалдаг. Цаашид шил, чулуу, мод, металл, керамик гээд бүхий л гадаргууд зориулан гаргахаар ажиллаж буй Novelty компаниас хүлээлт өндөр байгаа. Би голдуу гутал, сникерүүддээ ашигладаг. Нано бүрхүүлийг зааврын дагуу зөв тогтоосон үед үнэхээр ус, шавхай нэвтрэхгүй, тогтохгүй байгаа нь гайхалтай санагдсан шүү.

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд ийм дарааллаар хүрнэ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.