Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 15, 2016

Онцлох бизнес: Нанопротект - Монголын анхны нано бүтээгдэхүүн

Энэ удаагийн онцлох бизнесээр бид Novelty компани болон тэдний Нанопротект хэмээх бүтээгдэхүүнийг онцолж байна. 2000-аад оны эхэн үеэс нанотехнологи хэмээх ойлголтыг Япон улсад судалж эхлээд, эх орондоо буцаж ирэн Монголын анхны ахуйн хэрэглээний нано бүтээгдэхүүнийг гаргахаар сэтгэл шулуудсан Ч.Ганзориг, Б.Болормаа нарын гэр бүл өнгөрсөн хугацаанд зорьсондоо хүрчээ. Эд материалын гадаргууд нано нимгэн бүрхүүл үүсгэн, олон давуу шинж чанартай болгодог энэхүү нанопротектийг тэд даавуу, торго, арьс, илэг зэргээс эхлээд шил, чулуу, мод, металл, керамик зэрэг бүх л төрлийн эд материалд ашиглаж болох долоон цуврал бүтээгдэхүүн болгохоор зорин ажиллаж байгаа ажээ.

Бизнесийн нэр: Нанопротект
Хаяг: Баянгол, Ачтан эмнэлгийн ард
Үйл ажиллагааны чиглэл: Нанотехнологийн судалгаа, нано бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэл, технологи дамжуулалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: Novelty компани 2008 онд байгуулагдсан. Нанопротект бүтээгдэхүүний судалгаа нь 2011 оноос эхлэн, 2014 онд 9-р сард худалдаанд гарсан.
Үүсгэн байгуулагчид:
Б.Болормаа, Ч.Ганзориг
Ажилтны тоо: 7
Фэйсбүүк хуудас: Нанопротект

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Болормаа: Бид 2000-аад оны эхээр гэр бүлээрээ Японд суралцаж, амьдарч байлаа. Тэгээд Японд болдог, нанотехнологийн дэлхийн хамгийн том хурал – үзэсгэлэнг үзэж сонирхож, анхны нано бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байв. Тэр нь 30 мянга гаруй хүн үзэж сонирхдог маш том үзэсгэлэн юм билээ. Би хэдийгээр нийгмийн ухааны хүн хэдий ч тэдгээр нано бүтээгдэхүүнүүд үнэхээр сонирхлыг маань татаж, энэ талаар сонирхон судлах болсон доо.

Ч.Ганзориг: Манай профессор Японы нанотехнологийн анхдагчдын нэг байсан юм. Тэгээд манай гэрээр орж гарч, Болороотой ярьж хуучилж суудаг байв. Нэг удаа бүр Болороог дагуулж яваад нанотехнологи сонирхож буй мэргэжлийн бус хүмүүст зориулсан номыг дэлгүүрээс авч өгсөн байсан. Тухайн үед Японд нанотехнологийн талаар ид шуугиж, маш ирээдүйтэй салбар гэгдэж байсан л даа. Япончууд нанотехнологиор эмэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүнийг их гаргаж байсан. Нанотехнологи нь өөрөө миний стартап, энтрепренершипийн судалгааны ажилтай ч ойр байсныг хэлэх үү, Монголдоо нано бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа анх төрсөн. 2003 онд би өөрөө HTML хэл бие даан сурч, Nanomn.mn гэсэн монгол вэб хүртэл хийж байлаа. Энэ чиглэлд MIT их сургуулийн онлайн хичээлийг үзэж, өөрийн биеэр тус сургуулийн хуралд хоёр ч удаа очиж байлаа.

Ингээд манайх 2006 онд Монголдоо буцан ирж, 2008 онд Novelty компаниа үүсгэн байгуулсан юм. Монголд ямар бүтээгдэхүүн хийвэл зүйтэй вэ гэж нэлээд бодсон, судалсан. Тэгээд нанокоутинг буюу эд материал, бараа бүтээгдэхүүнд нано нимгэн бүрхүүл үүсгэх технологийг сонгон авсан. Үүний дараа түүхий эд үйлдвэрлэгчдээ олохын тулд их цаг зарцуулж, Германы компанийг сонгон, технологийнх нь дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх лицензийн гэрээ байгуулсан даа.

Нанопротект бүтээгдэхүүнийхээ тухай илүү дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?

Ч.Г: Нанотехнологи, биотехнологи хоёр нь аж үйлдвэрийн ирээдүй болсон салбарууд гэгддэг. Нанотехнологи нь аливаа материалыг атом молекулын түвшинд удирдан зохицуулах арга технологи юм. Нанотехнологийн олон чиглэлүүд дундаас одоогоор нанокоутинг төрлийн бүтээгдэхүүн ахуйн хэрэглээнд хамгийн ойр нь.

Одоогийн байдлаар бид хоёр төрлийн агууламж бүхий нанокоутинг материал гаргаж байна. Монголд үйлдвэрлэж буй анхны ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн болох нанопротект нь дунджаар 36 нанометрийн диаметртэй цахиурын давхар исэл (SiO2) агуулсан нэгдэл юм. Үүнийг гадаргууд шүршихэд шингэн нь ууршин, тухайн гадаргууд 100-500 нанометр зузаантай нимгэн бүрхүүл үе үүсэж, гадаргуун шинж чанарыг олон давуу чанартай болгож өөрчилдөг. Ингэснээр эд материалын хувьд шингэн нэвтрэх, зурагдах, зэврэх, бохиртох, гандах зэрэг нь эрс багасна. 1 нанометр нь хүний үсний диаметрээс ойролцоогоор 100,000 дахин жижиг буюу 1 метрийн тэрбумны нэгтэй тэнцдэг хэмжээс юм.

Мөн титаны давхар исэл (TiO2) агуулсан нанопротектийг тасалгааны болон гадаах агаарыг цэвэршүүлэх (нүүрсний болон тамхины утаа, химийн хорт нэгдэл, VOC) элдэв эвгүй үнэрийг арилгах, вирус, бактери, хөгц мөөгөнцрийг устгах, дахин үүсгэхгүй байх, гадаргууг тоос шорооны бохирдолт, гандалтаас сэргийлж байнга цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гэр, оффис, машин, олон нийтийн газар гээд хаана ч хэрэглэх боломжтой. Энэ төрлийн нанопротектийг бид үйлчилгээ байдлаар хүргэдэг.

Нанопротект нь өнгөгүй, үнэргүй тул гадаргууны харагдах байдалд нөлөө үзүүлэхгүй. Гадаргууд нанобүрхүүл үүсгэх энэ технологи нь олон улсын стандарт нь батлагдан, хүний биед хор нөлөөгүй болох нь тогтоогдсон ба TiO2-ыг АНУ, Герман, Япон зэрэг шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн улс орнууд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ч хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Компани эхлүүлэх зардлаа өөрсдөөсөө гаргаж байлаа. Нанопротектийг гаргах үед бол Жайка-д төсөл бичиж, ХХБ-аас зээл авсан. Олон банкинд хүсэлт тавьсан ч Монгол дахь анхны нанотехнологийн бүтээгдэхүүн байсан учир эрсдэл өндөртэй гэдэг шалтгаанаар ХХБ-аас бусад банк татгалзсан хариу өгч байв.

Танай бүтээгдэхүүн ямар онцлог, давуу талуудтай вэ?

Ч.Г: Нано бизнес гэсэн энэ ойлголт нь IT-гийн бизнес, жижиглэнгийн бизнес зэргээс их ялгаатай. Ялангуяа асар их судалгаа, инноваци дээр суурилсан бүтээгдэхүүн гаргадаг учраас академик, судлаач хүмүүс ажиллах шаардлагатай байдаг. Тэр ч утгаараа нано бизнес бол их сургуультай ойр холбоотой. Манай компанид гэхэд магистр, докторын оюутнууд бүтэн болон хагас цагаар ажилладаг. Тэд судалгаа хийнгээ эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, мөн хийсэн ажлаараа патент авах ч боломжтой. Ер нь мэдлэг дээр суурилсан бизнес учраас хүний хүчин зүйл нэн чухал. Тиймээс хүний нөөцөө хөгжүүлж бэлтгэх тал дээр бид сайн анхаардаг. Манайд ажиллаж байсан оюутнуудаас гурван ч оюутан гадагшаа суралцахаар явсан. Мөн салбарын олон улсын хуралд явуулах, гадны лабораторид ажиллуулах, дадлага хийлгэх боломжтой байдаг. Зөвхөн инженер, судлаачдаас гэлтгүй менежментийн сайн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн баг бүрдүүлж байж амжилтанд хүрнэ. Судалгаа хөгжүүлэлт буюу R&D хамгийн чухал байдаг учраас бид орлогынхоо нэлээд хувийг үүнд зарцуулдаг. Орлогынхоо таваас дээш хувийг R&D, технологидоо зарцуулдаг компанийг өндөр технологийн буюу high tech компани гэдэг юм.

Бид Герман, Японы компанитай хамтран ажиллахаас гадна хэмжилт, нарийн шинжилгээн дээрээ Токиогийн технологийн их сургууль, Кюүшү их сургууль гэх мэт гадаадын их сургуулиудтай хамтран ажилладаг. Нанопротект нь гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй чанарын хувьд адил ISO 17231:2006, ISO 4920:2012 стандартуудыг хангасан байгаа.

Мөн нано бүтээгдэхүүн нь өөрөө шинжлэх ухааны мэдлэгийг хүмүүст түгээж явдгаараа онцлогтой. Манай бүтээгдэхүүний хувьд шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаад зогсохгүй бас нэгэн шинэ хэрэглээг бий болгож байгаа юм.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Б.Б: Манай компани Innovation For Tomorrow гэсэн уриатай. Бидний хэтийн зорилго бол олон инновацийг гаргаж, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт гаргах явдал. Үүний тулд судалгаа хөгжүүлэлтээ сайн хийж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргах учиртай. Шинэ санаа, шинэ технологи ба зах зээлд нэвтрүүлэх гэсэн хоёр зүйл хосолж байж инноваци гарч ирдэг. Манай үйл ажиллагаа судалгаан дээр суурилдаг болохоор түшиж тулах газар нь яах аргагүй судалгааны энтрепренер их сургууль юм. Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль яг энэ орон зайг нөхөн гарч ирж байгаа. Манай компани уг сургуультай хамтран нэг төсөл эхлүүлсэн. Цаашдаа их сургуулиудтай хамтран нано бүтээгдэхүүн гаргах стартапуудыг бойжуулж явна. Тийм компаниудад бас хөрөнгө оруулна. Манай улсын томоохон их сургуулиуд нанотехнологийн чиглэл рүү нэлээд анхаарч эхэлж байх шиг байна.

Ойрын ирээдүйд гэвэл, нанопротектоо Өвөр Монгол руу худалдаалах боломжийг эрэлхийлнэ. Нэгэнт олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүн учраас экспортоор гаргах боломжтой гэж харж байна. Мөн Японы компанитай хамтраад бүтээгдэхүүнийхээ талаар сургалт, ивэнтүүдийг хийхээр төлөвлөж байгаа. Олон салбарт хэрхэн ашиглагдаж болох талаар хүмүүст таниулах болно.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Б.Б: Бид хүмүүст бүтээгдэхүүнийхээ ажиллах зарчим, яагаад хүсэж буй үр дүнг нь гаргаж чадахыг сайн тайлбарлахыг эрмэлздэг. Дээхнэ үед бүтээгдэхүүнээ тайлбарлаад явж байхад нэг мундаг хүн “Нано шидтэн” гээд нэрлэчихээч гэж байсан. Бидний хувьд бүтээгдэхүүнээ шууд л гайхалтай, ид шидтэй технологи гээд байлгүй нанотехнологийг тухайн бүтээгдэхүүний хаана нь хэрэглэсэн, чухам яагаад ийм өөрчлөлт гарч байна, ямар үр ашигтай зүйл болохыг сайн таниулахыг зорьдог юм.

Тэгээд мэдээж чанарыг эрхэмлэнэ. Түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн маань аюулгүй байдлын эко пасспорттой (Европт эко хуулийн дагуу эко пасспорт авдаг), олон улсын стандаруудыг хангасан түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Энэ бизнесийг эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй болон эерэг сайн талууд нь юу вэ?

Ч.Г: Нанотехнологи бол аж үйлдвэрийн салбарын ирээдүй гэгдэж буй маш нарийн технологи. Энэ салбарт монголчууд ч гэсэн бусдаас хоцролгүй явааг батлан дотооддоо ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа бид баяртай байдаг. Ер нь залуустаа захихад, нано болон биотехнологийн олон салбарт өөрийгөө бэлдэж, мэргэшээрэй. Гадаадад болж өрнөж буй нанотехнологийн дэвшил, өөрчлөлтүүдийг соргогоор хүлээж авах хэрэгтэй.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл, ийм төрлийн хэрэглээ өмнө нь манайд байгаагүй гэж хэлсэн. Тиймээс манай бүтээгдэхүүнийг дэлгүүрт лангуун дээр тавьсан байхад хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй. Ямар зарчмаар ажилладаг, ямар үр ашигтайг нь заавал жишээгээр харж байж л сайн ойлгодог тал бий. Мөн хэрэглэгчид эд хэрэглэл огт бохирдохгүй 100 хувь бохирдлоос хамгаална гэж ойлгоод байдаг. Нэг шүршсэн байхад угаалгын машинаар нэг угаахад нанобүрхүүлийн 10 орчим хувь нь арилж байдаг. Тиймээс дахин бага зэрэг шүршээд хэрэглэнэ.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Б.Б: Нанопротект маань долоон цуврал бүтээгдэхүүн болж гарах юм. Одоо Шинэ Монгол Технологийн Дээд Сургуультай хамтран мод болон чулуулаг материалд зориулсан бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна. Модон эдлэлд ашиглана гэхээр мэдээж их хэмжээгээр шүрших шаардлагатай тул савлагаагаа яаж шийдэх вэ гэсэн асуудал бий. Мөн шил болон автомашинд зориулсан бүтээгдэхүүнээ гаргах дөхөж байгаа. Дараагаар нь керамик, металл, композит материалуудад зориулсан цуврал бүтээгдэхүүнийг хийнэ. Эдгээрийн бизнес төлөвлөгөөг хийчихсэн, гагцхүү хөрөнгө оруулалтын болон бойжуулах асуудал үлдээд байгаа юм.

Мөн бид Говь ХК-тай жил гаруй хамтарсан судалгаа, туршилт хийлээ. Нанобүрхүүлийг ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эцсийн шатанд оруулж өгнө гэсэн үг юм. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн амархан бохирддоггүй, ганддаггүй шинж чанартай болно. Хамтын ажиллагааны дүнд хамгийн тохиромжтой материалаа сонгож, тэр нь ноолуурын үндсэн шинж чанарт сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шинжлүүлэхээр Япон дахь лаборатори руу явуулан, хариугаа хүлээж байна.

Дархан нэхий” компани бас үйлдвэрлэлийн материалуудаа ирүүлж, хамтарсан туршилтууд эхлээд байгаа. Сэлэнгэ аймаг дахь панерийн үйлдвэр мөн панериа ус нэвтэрдэггүй болгож өгөөч хэмээн хандсан. Бид судалгаа хийж үр дүн маш сайн байгаа хэдий ч үнийн хувьд Хятад улсаас орж ирдэг панераас арай өндөр болчих гээд байгаа тал бий. Ер нь энэ мэтээр байгууллага, компаниудын хүсэлт ирсээр байна. Зэс, гуулин эдлэл хийдэг нэг компани бүтээгдэхүүнээ амархан харладаггүй болгох боломжийн талаар судалж өгнө үү гэж хандахад нь хоёр сарын турш судалгаа туршилт хийгээд амжилттай болсон. Үүнээс гадна ХААИС-тай хонины ноосны чиглэлийн судалгаанд нь зөвлөх үйлчилгээ үзүүлж, эрвээхэйд идүүлдэггүй бүтээгдэхүүн гаргах ажилд амжилттай оролцсон зэргийг дурдаж болно.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Ч.Г: Хамгийн том бэрхшээл бол нанотехнологийн талаарх мэдлэг, ойлголтын зөрүү байсан. Хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэгт нөгөө талууд маань сайн ойлголтгүйгээс амжилт олоогүй жишээнүүд бий. Мөн ойлгодоггүйгээс гадна итгэдэггүй асуудал нэлээд их байсан. Монгол хүмүүс нанотехнологийн бүтээгдэхүүн хийчихлээ гэж үү гэсэн үл итгэх хандлага нэлээд ажиглагддаг байлаа. Монгол хэл дээр нанотехнологийн тухай мэдлэг мэдээлэл олгох эх сурвалж, сонин сэтгүүл ер байхгүй нь хэцүү.

Мөн манай үйл ажиллагаа, түүхий эдийн импортын зөвшөөрөл зэрэг нь хаана харьяалагдах нь ойлгомжгүй байснаас багагүй хугацаа алдсан даа. Анх Эрүүл мэндийн яаманд хандах ёстой гэж байтал сүүлдээ Байгаль орчны яаманд хандах ёстой болж таарсан. Мөн түүхий эдээ импортлоход тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэж ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн боловч эцсийн дүндээ түүхий эд маань хортой, аюултай бодисын жагсаалтад ордоггүй тул тусгай зөвшөөрөл шаардлагагүй юм байна гэсэн хариу гарах жишээтэй. Нанотехнологи гэдэг зүйл манайд аргагүй шинэ зүйл байсан учраас төрийн бодлого, зохицуулалт байхгүй байсан. Ингэж явсаар бараг нэг жил алдсан шүү.

Танай хамгийн ихээр борлогддог, хамгийн амжилттай бүтээгдэхүүн юу вэ?

Б.Б: Hybrid нанопротект буюу арьс, илэг, нэхий, ноос, ноолууран бүтээгдэхүүнд шингэн нэвчиж толбо тогтох, норох, гандах, өнгө алдахаас хамгаалах зориулалттай нанопротектийг харьцангуй их худалдаж авдаг. Ялангуяа Timberland, Ugg брэндийн гутал өмсдөг хүүхэд залуус их авна. Ер нь Монголд ижил төрлийн бүтээгдэхүүн нэг их байхгүй. Гутал цэвэрлэгээний газруудад импортын зарим бүтээгдэхүүн байдаг боловч 2-3 дахин үнэтэй.

Цагаан сарын өмнө Textile буюу даавуу, торгонд зориулсан нанопротект маань дажгүй борлогдлоо. Хүмүүс дээл хувцсандаа хэрэглэх гэж нэлээд авсан болов уу.

Нанопротектийн танилцуулга видео

52222   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.