Онцлох Бизнес

Онцлох бизнес: Onefit - Хүссэн үедээ хүссэн газраа

10 сарын 10, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


31597   7




Өдөр ирэх тусам Улаанбаатар хотод маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ чийрэгжүүлж, оюунаа хөгжүүлэх газрууд нэмэгдсээр байна. Гэвч эдгээр газруудын мэдээллийг нэг дороос авч, зургийг нь үзэж, дасгалуудтай нь танилцаж сонголтоо хийх боломж байдаггүй байв. Найз нөхдийнхөө үгээр аль нэгийг нь сонголоо гэхэд сарынхаа төлбөрийг төлчихөөд бүрэн дүүрэн явахад амаргүй байдаг. Тэгвэл энэ асуудлуудыг шийдэхээр хэсэг залуус ONEFIT аппийг бүтээж, нэг удаа төлбөр төлөөд олон фитнес, клубуудэд явах боломжийг олгожээ. Үнэхээр догь биш гэж үү? Дандаа теннис нүдээд байлгүй үе үе сэлмээр санагддаг, бас хааяа төмөр өргөж байх хэрэгтэй гэж бодохоос цаашгүй яваад л байдаг миний сэтгэлийг лав үнэхээр татаж чадав.

Бизнесийн нэр: Onefit
Хаяг: Сөүлийн гудамж, Сити Плаза, 206 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Фитнесс апп
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 3-р сар
Үүсгэн байгуулагч: С.Болор-Эрдэнэ, Н.Бямбасүрэн, Б.Мөнхдэлгэр
Ажилчдын тоо: 5
Вэбсайт: www.onefit.mn, ONEFIT (фэйсбүүк)

Зүүн гараас: Н.Бямбасүрэн, С.Болор-Эрдэнэ, Б.Мөнхдэлгэр

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

С.Болор-Эрдэнэ: Би иогоор хичээллэхийн зэрэгцээ давхар усанд сэлэхийг хүсдэг байлаа. Гэвч усанд сэлэх болгондоо нэг удаагийн төлбөр төлөхөөр үнэтэй болоод сараар нь төлөхөөр заримдаа ашиглаж чадахгүй, үргүй зардал болоод байсан. Тэгээд аль болох бага зардлаар иогоо ч хийгээд усанд ч бас сэлдэг бол гоё доо гэж боддог байлаа. Тэр үед Бямбаа маань АНУ-д байсан юм. Манай хүн тэнд 1 төлбөр төлөөд л олон төрлийн фитнес, клубт явж болдог байснаас үүдэн бид хоёр энэ тухай ярилцаад, ер нь 1 төлбөр төлөөд зөвхөн нэг газар биш өөр олон фитнес, клубт явах эрхтэй болдог тийм үйлчилгээг Монголд эхлүүлбэл яасан юм бэ гэж бодсон.
Тухайн үед Uber ид мандаж, нэг ч таксигүй мөртлөө таксины аварга том компани болчихлоо гэсэн мэдээлэл энд тэндгүй явдаг байлаа. Эндээс үүдээд бид санаагаа апп болгоё гэсэн шийдсэн. Тэгээд нэлээн сайн судалгаа хийгээд, Мөнхдэлгэрт санаагаа хэлж, Бямбааг Монголд ирмэгц гурвуулаа энэ бизнесийг эхлүүлсэн хэрэг.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Н.Бямбасүрэн: Гурвуулаа хувийн хуримтлалаасаа мөнгө нийлүүлж санхүүжилтээ босгосон.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

С.Б: Бямбаа бид хоёр олон жил найзалж байгаа, бие биенээ сайн мэддэг дотны найзууд. Бямбаа фитнест дуртай, олон жилийн турш тогтмол аэробик хийж байгаа учраас аппийн хэрэглэгчийн сэтгэл зүй, хэрэгцээ, шаардлагын талаар маш сайн ойлголттой, бас ажил хэрэгч. Мөнхдэлгэр залуучуудын хүсэл сонирхлыг ойлгодог, технологийн салбарт сонирхолтой, эрсдэл хийхээс айдаггүй, шийдэмгий учраас хамтрах санал тавьсан. Би санхүүч, Бямбаа хуульч. Хоёулаа олон жилийн туршлага, мэдлэг хуримтлуулсан. Харин Мөнхдэлгэр бизнесийн мэдээллийн системийн мэргэжилтэй. Бид гурав маш сайн баг болж ажилладаг, хэн хэнийхээ дутууг нөхдөг. Санаа, хүсэл сонирхол төдий байсан зүйлийг хамтдаа нийлээд бодитой ажил хэрэг болгосондоо үнэхээр баяртай, бахархалтай байгаа.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

С.Б: Бид цоо шинэ үйлчилгээг бий болгосон. Улаанбаатар хотын эрэлттэй фитнес, спортын клубуудээс онлайнаар сонголтоо хийж, захиалах боломжийг олгосон нь энэ зах зээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн гэсэн үг. Фитнес, клубуудийн бүх мэдээлэл, бүх бүтээгдэхүүнийг буюу орчин, тав тух, дасгалжуулагч, дасгалуудыг хэрэглэгчдэд ойлгомжтой бөгөөд гоёмсгоор харуулж танилцуулж байгаа бол нөгөө талд хэрэглэгчдэд эдгээр газруудын мэдээлэл, захиалга, үнэлгээний систем бүхий хэрэглэхэд хялбар аппийг санал болгож байгаа. Хэдхэн товч дараад л хүссэн клубтээ явах боломж бүрдэнэ. Аппаасаа хүссэн дасгал, хүссэн газраа сонгон захиалж QR код аваад, тэрийгээ тухайн газар очихдоо хүлээн авахад нь уншуулаад нэвтэрдэг юм.

Н.Б: Клуб, фитнесүүдийн хувьд сул зогсолт нэлээд их байдаг. Жишээ нь иогийн анги гэхэд 15 хүний багтаамжтай хэрнээ таван хүн байсан ч хичээлээ явуулахаас өөр аргагүй. Тэгэхээр заал танхим, тоног төхөөрөмж ашиглалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бид түнш клубууддээ олгож байгаа юм. Товчхондоо энэ төрлийн зах зээлийг цоо шинэ түвшинд гаргаж ирж байна гэсэн үг.

Одоогоор манай апп-д Ub Fencing Club, Core Pilates, BeOne Cycling Studio, Tulip зэрэг сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй 40 орчим клуб ороод байна. Фитнес, бассейн, иог, бассейн, бүжиг, дугуй, газрын теннис, ширээний теннис, сэлэм, кендо, скрийн гольфын зэрэг төрөл бүрийн клубууд бий. Ер нь судалгаа хийж үзэхэд Улаанбаатар 300 орчим фитнес, клуб байдаг юм билээ. Эдгээрээс бид цэвэрхэн, тохижилт сайтай байх, сургалт, дасгалжуулагч сайтай байх гэсэн үндсэн хэдэн шалгуурыг барьж түнш клубуудээ сонгож байгаа. Мэдээж өвөрмөц, шинэлэг үйлчилгээ санал болгож газруудтай хамтрахыг эрмэлзэнэ. Байршлын хувьд аль болох хамрах хүрээгээ өргөжүүлэх, Улаанбаатар хотыг бүхэлд нь хамрах зорилготой.

Үнийн хувьд бид 3 төрлийн гишүүнчлэлийн багцтай. Сарын төлбөр, сард авах дасгал, хичээлийн тоогоороо ялгаатай. Гишүүд маань нэг фитнест явах мөнгөөрөө хаана ч хамаагүй дуртай фитнес клубтээ орж, дуртай спорт, фитнесээрээ хичээллэх боломжтой болсон.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

С.Б: Хоёр зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт, Onefit-ээ хүмүүсийн хамгийн хэрэгцээт аппуудын нэг буюу наад захын хэрэглээ болгох. Аппаараа дамжуулаад хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт оруулах зорилготой.

Компанийн хувьд хүмүүсийн цаг зав, мөнгө хөрөнгийг хэмнэсэн Onefit шиг ухаалаг, хэрэглэхэд хялбар аппуудыг гаргахаар төлөвлөж байгаа. Хэд хэдэн төслийн санаа байгаа. Тэгээд гар, сэтгэл нийлсэн мундаг залуучуудаас бүрдсэн шинэлэг компанийг бий болгоно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?


Б.Мөнхдэлгэр: Бид ажил хэрэгч, ёс зүйтэй, чин сэтгэлээсээ, харилцан хүндэтгэлтэй ажиллахыг эрмэлздэг. Ажлаа урьдчилан төлөвлөдөг, тэрийгээ цаг хугацаанд нь сайн хэрэгжүүлэхийг чухалчилдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Н.Б: Эерэг тал нь бид нийгэмд зөв зохистой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүмүүс эрүүл чийрэг, гоё биетэй болно. Уг нь хүн болгон л эрүүл чийрэг, эрч хүчтэй байя, дасгал сургуулилалт хийе гэж хүсдэг ч тэр болгон чаддаггүй. Ийм нэгдсэн сантай, нэг төлбөр төлөөд олон газар явж болдог апп гарснаар хүмүүс хүсдэг зүйлээ хийхэд том түлхэц болно..

Мөн манай фитнес, клубууд нэг үеэ бодвол мундаг сайн хөгжжээ. Тохижилт, тав тухын хувьд өндөр хөгжилтэй орнуудынхаас огт дутахааргүй болсон байна. Ажиллуулдаг хүмүүс нь ч гэсэн мөнгөн ашиг гэхээсээ илүү хүсэл сонирхлоороо, чин сэтгэлээсээ хийдэг хүмүүс байдаг учраас хамтарч ажиллахад нэн таатай байдаг шүү.

Хэцүү бэрхшээлтэй асуудлууд бас бий. Анзаараад байхад дасгал сургуулилалтыг ихэнх хүмүүс амьдралынхаа нэг хэсэг болгож хэвшээгүй байна. Яг өөрт хэрэгтэй, эрүүл мэндэд тусгай гэдгээс өөр өнцгөөр харах явдал элбэг байна. Нөгөө талаар гар утсыг зөв зохистой хэрэглэх соёл ч өргөн дэлгэр бий болоогүй нь ажиглагддаг. Ухаалаг гар утастай боловч хэрэглээ нь ухаалаг бус, хязгаарлагдмал байна гэсэн үг. Тэгэхээр бид хүмүүсийг үр ашигтай хэрэглээнд хүмүүсийг уриалан дуудах хэрэгтэй болов уу.

Бас фитнесс гэхээр зөвхөн тарган хүмүүст хамаатай гэсэн ойлголт мэр сэр бий. Өөрийгөө тэгж зовоож яадаг юм, эм уугаад турчихъя гэсэн ойлголт байдаг нь эрүүл бус хэрэг юм.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

С.Б: Байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох тал дээр төвлөрөн ажиллаж байна. Хараад байхад баруунд ажилчдын урамшууллын хөтөлбөр гэдэг зүйл нэлээн өндөр хөгжиж, фитнес клубийн төлбөрийг төлөх, нөхөж олгох нь урамшууллын нэг хэлбэр байдаг. Ингэснээр хүмүүс тогтвортой ажиллах, ажил амьдралын стресс буурах, идэвх санаачилгатай ажиллах, бүтээлч хандлагыг нэмэгдүүлдэг. Эцсийн үр дүнд байгууллага амжилттай, ашигтай ажилладаг. Энэ хэв маягийг Монголын компаниуд хэрэгжүүлэхэд ONEFIT бол хамгийн оновчтой шийдэл юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цалингаа яаж тавья даа гэж байхад юун фитнесийн гишүүнчлэл төлөх вэ гэж харж магадгүй. Гэхдээ тэр тусмаа ажилтнуудын сэтгэл санааг хөнгөлж, бүтээлч байдлыг нь дэмжээд өгвөл бүтээмж нэмэгдэж, компанийн үйл ажиллагаанд маш их эерэг нөлөө үзүүлнэ.

ТАНАЙ АЛЬ БАГЦЫГ ХҮМҮҮС ИХ ХУДАЛДАЖ АВДАГ ВЭ?

Н.Б: "Үзээд алдъя” багцыг хүмүүс их сонирхож байна. Ямар ч клуб, фитнесийг сонгоод 3 удаа явах эрхтэй, өөрөөр хэлбэл туршилтын маягийн багц юм. Манай үйлчилгээ цоо шинэ зүйл учраас туршиж үзэж байгааг нь бид ойлгож хүлээж авч байгаа. Мөн үнийн хувьд их боломжийн нь нөлөөлж байгаа болов уу. Ер нь манай бүтээгдэхүүнийг анх сонсоод хүмүүст тийм их итгэл үнэмшил төрөхгүй байж магадгүй. Харин хэрэглээд үзсэн хүмүүс бол үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.