Мэдүүштэй

Атаархлын жагсаалт: 2016 оны онцлох нийтлэлүүд

12 сарын 29, 2016


НИЙТЭЛСЭН:

Unread Today
@Unread


28795   4




Сэтгэл хөдөлгөсөн, аргагүй анхаарал татсан, элдвийг бодогдуулж, хоёрыг тунгаалгасан нийтлэл, бичвэрүүдтэй бид олон таардаг. Нүдээ салгаж чадахгүй дуустал нь уншчихаад, үргэлжлэлийг нь төсөөлөн бодож, олон зүйлийг эргэцүүлж боддог. Заримдаа "бид энийг бичсэн ч болоосой", "яагаад өмнө нь энэ сэдвийг бодож үзээгүй юм бол?" гэж бодогдох ч үе гарна. Энэ жигтэй гарчиг маань чухам үүнээс эхлэлтэй.  "Сайн бичжээ" гэж дуу алдуулж чадсан бүтээлүүд бүхий "цагаан атаархлын жагсаалт"-аа бид та бүхэнд хүргэж байна. Энд олон сэтгүүлчийн чухал асуудлуудыг хөндсөн, содон хүмүүсийн шинээр, өөр өнцгөөс нээсэн, зоригтой шулуун хийгээд уран гоё өгүүлсэн нийтлэлүүд багтсан. Энэ бол Монголын медиагийн энэ жилийн онцлох бүтээлүүд. Сайшаах ёстой, улам олон хүнд хүргэх ёстой эдгээр нийтлэлүүдтэй танилцагтун.

Толгойтод амьдарч буй хүн өдөрт 24 минут л цэвэр агаар амьсгалдаг, харин та? - Ч.Болортуяа, Ikon

Монголчуудыг нэгтгэж буй хамгийн чухал нэгэн сэдэв агаарын бохирдлын эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн дорвитой нөлөөллийг үзүүлж буй нь Ikon гэхэд буруудахгүй. Нүүр хуудсан дээрээ агаарын чанарын индексийн үзүүлэлтийг харуулах болсон тэд 15 хоногийн тоо баримт дээр анализ хийсэн үзүүлэлтээ дүрслэл сайтай нийтлэлээр дамжуулан хүргэсэн нь уншигчдад хүчтэй цочроо өгсөн юм. Танаас хэдхэн км-ийн зайд 24-хэн минут л цэвэр агаараар амьсгалах боломжтой орчинд хүмүүс амьдарч байна гээд төсөөл дөө?

Нийтлэлийг унших

Б.Болороо: Охиноо энгэртээ нэг тэвэрчих юмсан, даанч... - Б.Буяндалай, Eagle

Бидний "мэдэхгүй", "мэдэрдэггүй" ертөнцийг нээсэн энэ ярилцлага олон хүний сэтгэлд хүрч, олон хүнд урам зориг, санаа сэдэл өгсөн, олон хүнд итгэл найдвар бэлэглэсэн, олон хүний бодлыг өөрчилсөн. Өөрийнхөө видео "тэмцлээр" ерөнхийлөгчийн анхаарлыг татаад амжсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Болороо хэмээх бүсгүйтэй хийсэн энэхүү ярилцлага бидэнд ч ихэд нөлөөлсөн билээ.

Нийтлэлийг унших

Р.Энхбат: Эрдэмтэн, профессорууд аа, та нар хаа байна? - О.Ариунбилэг, Gogo

Энэ жил уншсан хамгийн илэн далангуй, хамгийн нээлттэй, хамгийн шударга ярилцлага. Боловсролын салбарын хямралын талаар энэ хүний ярьж байгааг бид зөв буруу гэж шүүх гээгүй, гол нь хүргэх гэсэн санаа, хэлэх гэсэн зүйлээ "хэлсэн шиг хэлж", ямар ч нэмэлт хачиргүйгээр гаргаж чадсаныг нь үнэлэв. Аргагүй "Хурц өнцөг"-ийн хурц ярилцлага.

Нийтлэлийг унших

Жендерийн тухай бас нэг "гөжүүд" эссэ - П.Номинбилэг, UB.Life

Хурц эшлэлүүд, цочир дүгнэлтүүд, бодууштай ажиглалтууд. Эдгээр үгс бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар бодит жишээн дээр тулгуурлан бичсэн энэ "гөжүүд" нийтлэлийг тодорхойлж болох олон үгсийн нэг л хэсэг нь. Гарцаагүй унших нийтлэл!

Нийтлэлийг унших

Эрдэнэт яачаад Нямка боож үхэх гээд байгаа вэ? Бид яагаад хамт боож үхэх ёстой вэ? - Б.Болор-Эрдэнэ, Trends

Хэн бүрийн анхаарлыг татсан "Эрдэнэт" үйлдвэрийн эргэн тойронд болсон "эргэлзээтэй", "асуулт дагуулсан" олон үйл явдлын талаар олон нийтлэл гарсан ч Болушкагийнх шиг зоригтой бичсэн нь байсангүй. Нээрээ яагаад бид санаа зовж, боож үхэх ёстой гэж? Энэ далимд мөн түүний цааш үргэлжлүүлсэн нийтлэлүүдийг уншихыг зөвлөе.

Нийтлэлийг унших

Ногоон хотын эрэлд - Ц.Болормаа, Л.Ганчимэг, Өнөөдөр сонин

Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчин, хотын амьдралтай холбоотой тулгамдаж буй асуудлууд, дэлхийн чиг хандлага, сайн жишээг хамтатган бичсэн, санаа өгөхүйц энэ сонирхолтой цуврал энэ жилийн хамгийн уншууртай нийтлэлүүд байлаа. Бүгдийг нь уншаарай.

Нийтлэлийг унших

Өнөөдөр малчид, маргааш нүүдэлчин соёл - Б.Халиун, Ikon

Технологийн дэвшил, аж үйлдвэржилт, хотжилт, шилжилт хөдөлгөөн зэрэг зүйлс монгол үндэстний үнэт зүйлсэд хэрхэн нөлөөлж байна вэ? Б.Халиун энэ асуултын хариуг олон талаас нь эрэлхийлж, тун сонирхолтой эшлэлүүд, ажиглалтуудыг хавсаргажээ.

Нийтлэлийг унших

Монголчууд "эрүүл"-ээс хэр хол байна вэ? - У.Бямбаням, П.Номинбилэг, "Гэрэг" сэтгүүл

Вашингтоны их сургуулиас гаргасан "Global Burden of Disease" нэртэй тайланд 188 улсын сүүлийн 25 жилд эрүүл мэндийн салбарт үзүүлсэн "амжилт"-ыг харьцуулан дүгнэжээ. Энэ тайлангийн дүнд үндэслэн Монголын эрүүл мэндийн салбарын талаар нэгдсэн ойлголт өгч чадахуйц, сонирхолтой бөгөөд цэгцтэй нийтлэлийг Гэрэг сэтгүүлээс гаргажээ.

Нийтлэлийг унших

Гавьяат барилгачны гунигт түүх - П.Наранмандах, Oronsuuts.com

Барилгын салбарын 90 жилийн ойд зориулан бичсэн энэ нийтлэл бол Монгол улсын бүтээн байгуулалтын төлөө амь амьдралаа зориулсан бидний өмнөх үеийнхний төлөөлөл Санж хэмээх эрхмийн "ээдрээтэй" түүх. Эхнээс нь уншихад бахдаж бахархмаар, дунд нь очиход гайхаж цочирдмоор, төгсгөлд нь харуусаж гунигламаар түүх.

НИЙТЛЭЛИЙГ УНШИХ

Чонон сүргийн сүүлчийн өчил - Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ

"Чонон сүргийн сүүлчийн өчил", "Ченж төлөвлөгөөний золиос" зэрэг нийтлэлүүд Монголын сэтгүүл зүйн хамгийн шилдэг бүтээлд олгодог "Балдоржийн шагнал"-ыг эзэндээ авчирсан. Тэгэхээр өөр тайлбар хэрэггүй биз ээ. Заавал уншаарай.

Нийтлэлийг унших

2016 оны онцлох юмс - Артаньян, Baabar.mn

Оны төгсгөлд өнгөрч буй оныг дүгнэсэн нийтлэлүүд дундаас хамгийн ёжтой, хамгийн хоржоонтой нь. Гэхдээ бодит байдлын тусгал. Классик Артаньян.

Нийтлэлийг унших

Л.Өлзийтөгс - Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно - Ж.Нямсүрэн, News

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн онцгой дүрүүдийн нэг Л.Өлзийтөгстэй ярилцсан энэ дэлгэрэнгүй, өргөн хүрээтэй ярилцлагыг онцолж байна. Энэ хүний хэрхэн ажилладгийг, хэрхэн бүтээлээ туурвидгийг сонирхож буй хүн хэр их байгаа бол?

Нийтлэлийг унших

Баяртай эго: Хунт нуур ба бусад балетыг хүмүүс яагаад үздэг вэ? - Ж.Чинбат, Buro247

Эхний өгүүлбэрээсээ эхлээд л анхаарал татах энэ нийтлэл урлаг, соёлын талаар хамгийн сонирхолтой контентуудыг хүргэдэг Buro-гийнх байсанд гайхах зүйлгүй. Балет үздэггүй хүмүүс юуг мэдэхгүй өнгөрөөдөг вэ?

Нийтлэлийг унших

Дурдах ёстой нийтлэлүүд

Энэ бол хөндсөн сэдэв, агуулга, хэлбэрээрээ бидний анхаарлыг хамгийн их татсан, уншигч таныг уншаасай хэмээн санал болгож буй нийтлэлүүд юм. Дурдах, онцлох ёстой эдгээр нийтлэлүүд он гартал шинэчлэгдэх болно. Та өөрт таалагдсан, сонирхолтой санагдсан нийтлэлүүдийг бидэнтэй хуваалцаарай.

Монгол хүнд амьдрал бэлэглэх хууль - Б.Бямбасүрэн, Ikon
Тодорхойгүй үндэстэн - У.Бямбаням, UB.Life
Тэр яг тааны цэцэг, талын салхи шиг - Ц.Булган, Өглөөний сонин
Хятадын ерөнхий сайдтай хийсэн уулзалтын маш нууц протокол - Б.Ану, Ikon
Хулхистан, Де Факто Д.Жаргалсайхан, JDF
МАН-аас бид юу хүлээх ёстой вэ? - Б.Дөлгөөн, Ikon
Супер хүн бүтээхүй - Х.Болормаа, Өнөөдөр
Эрдэнэбилэгизм: Монголын ардчиллын шинэ үзэгдэл - Де Факто Д.Жаргалсайхан, JDF
Хүмүүс хэрхэн өөрчлөгддөг вэ? Цэнхэр дэлгэцийн шинэ үе - www.view.mn

2016 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд ийм дарааллаар хүрнэ:

12.25: Оны онцлох үйл явдлууд
12.26: Оны онцлох гарааны бизнесүүд
12.27: Оны онцлох аппликэйшнүүд
12.28: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.29: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох кинонууд
12.31: Оны онцлох номууд
01.01: 2017 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.