Онцлох Бизнес

Онцлох бизнес: Ulaanbaatar Passport - Хийх юм байна, гарцгаая!

10 сарын 17, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


45200   8




Хэсэг залуус Улаанбаатар хотын иргэд, түр зорчиж буй аялагчид, суурьшсан гадаадын иргэдэд нэгэн шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг санал болгож эхэлжээ. Энэ бол Улаанбаатарын олон олон үйлчилгээний газруудаас хамгийн сайныг нь сонгоход, нийслэл хоттой илүү сайн танилцахад туслах гоёмсог хийц бүхий Ulaanbaatar Passport юм. Бид бусад улсуудад гадаад пасспортоор зорчдог бол UB Passport-оор нийслэл хотынхоо шилдэг үйлчилгээний газруудаар үнэгүй юм уу хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой аж. Ингээд бид "Улаанбаатар хотод хийх юм байдаггүй гэсэн ойлголтыг согтооё!" хэмээн сонирхолтойгоор уриалах эдгээр залуустай уулзахаар Club Coworking-ийг зорив.

Бизнесийн нэр: UB Passport
Хаяг: ICC тауэр, 13 давхар, Club Coworking
Үйл ажиллагааны чиглэл:
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 7-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Батжин, Г.Алдар, П.Анар, Н.Дөлгөөннаран, А.Мөнхжин,
Ажилтны тоо: 7
Вэбсайт: Ulaanbaatar Passport (фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Б.Батжин: Энэ зун бид "Tom incubator"-ын шугамаар бизнесийн санаанууд ярилцаж байсан юм л даа. Тухайн үед АСЕМ-аар олон гадныхан ирнэ гээд хотоор нэг бужигнаж байсан. Тэр үед бид аялал жуулчлалын чиглэлийн юм хийвэл яасан юм гээд, Улаанбаатарт маань ер нь хүмүүсийн хийж болох ямар зүйлс байдаг юм бэ гэж судалж үзсэн. Дэлхийн зарим хотуудад хүмүүс яагаад очих дуртай байдаг юм бол гээд харвал үзвэр ихтэй, баар, клаб олонтой, дэлгүүр хоршоо сайтай байдаг юм билээ. Улаанбаатар маань ч гэсэн 100 гаруй кофе шоп, олон тохилог лаунж, баар, клаб, бас 60-70 музей, галлерей байдаг юм билээ. Тиймээс бид анх UB Hopping гэсэн нэртэй тухайн газруудаар нэг өдөрт дамжаад дамжаад явах, тэдгээр газрууд нь хөнгөлөлттэй үйлчлэх санааг бодож олсон юм. Олон газар орж үзэхээс хаашаа явах гэж бодож ярилцаж цаг алдахгүй гэсэн үг. Харин энэ үйлчилгээгээ хүмүүст яаж хүргэх гэж нэлээд ярилцсан. Гар утасны апп байх уу, бугуйвч байх уу гэх мэтээр. Ингээд одоогоор АНУ-ын 17 хотод эрчээ аваад буй Passport program-аас санаа авч, дэлхийн хаана ч хүнийг төлөөлөх бүрэн эрхтэй цорын ганц зүйл болох пасспортыг ашиглая гэж шийдсэн юм. Улмаар санаа маань хөгжөөд Ulaanbaatar Passport болсон хэрэг.

Б.Батжин

Г.Алдар

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Б.Б: Бид тавуулаа энэ бизнесийг эхлүүлсэн. Алдар бид хоёр Томүжинд хамт ажилладаг. Анарын хувьд миний үеэл ах. Багаасаа л энтрепренершип сонирхдог байсан. Харин Мөнхжин, Дөлгөөннаран хоёр АНУ, Канадад суралцдаг. Зуны амралтаараа ирэхдээ бидэнтэй санаа нийлсэн юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Г.Алдар: Бүгд хувийн хуримтлалаа нийлүүлээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Б.Б: Цаасан буюу хуучинсаг зүйл дээр шинэлэг өвөрмөц шийдлүүдийг гарган тавьснаараа онцлог. Бид хамгийн чанартай, тохилог газруудыг сонгон пасспортдоо оруулж, очихдоо тамга даруулаад (QR кодыг уншуулж бас болно) үйлчилгээ авах боломжийг олгосон. Эхний "Nightlife" пасспортын хувьд баар, лаунж, клабуудаас 17 газрыг сонгож оруулсан. Хөнгөлөлт нь 2 пиво авахад 1 үнэгүй, коктейль 30 хувь, бүх зүйл 5 хувь гэх мэтээр янз бүр байдаг ба 40 мянгаар пасспорт аваад хамгийн багадаа 300 мянган төгрөг хэмнэх боломжтой. Жишээ нь Mint, Arigu, VLVT зэрэг клабуудад таксгүй орно. Зөвхөн энэ 3 газраас л гэхэд пасспортынхоо үнийг олоод авчихна гэсэн үг юм. Манай түншүүдийн хувьд пасспортод багтсанаар үйлчлүүлэгчид нэмэгдэхийн зэрэгцээ статистик тоо баримт аваад байж болно. Бидний хувьд түнш газруудаа хүн ихтэй байлгахын тулд их чармайж ажилладаг. Ялангуяа орж үзээгүй хүмүүсийг тухайн газар луу чиглүүлэхийг зорьдог. Харин дахин үйлчлүүлэх хүслийг төрүүлэх нь тухайн газраас хамаарна.

Мөн пасспортын дизайныг онцлохгүй байхын аргагүй. Манайхан пасспортынхоо зургуудыг өөрсдөө зурдаг болохоор багахан урлагийн бүтээл болдог. Ваучер болон guide book гэсэн хоёр ойлголтыг нэгтгээд, ийм сайхан гоёмсог зүйлийг гаргаж ирсэндээ бид их баяртай байдаг юм. Манай Алдар, Учрал, Дэлгэрсайхан гэсэн авьяастай залуус дизайн, зургуудыг бүтээдэг.

Түүнчлэн пасспорт маань тодорхой тоотой гардгийг дурдах хэрэгтэй байх. Пасспортын үнэ цэн болоод түнш газруудынхаа үнэ цэнийг хадгалахын тулд тэр юм. Эхний пасспортоо жишээ нь бид 500 хувь гаргасан. Нэг хэвлэхдээ тийм олноор хэвлэлгүй, явцын дунд мэдээллийг нь шинэчлэн хэвлээд явдаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Г.Алдар: Бид энэ долоо хоногт 2 дахь пасспорт буюу кофе шопуудыг багтаасан "Sip and see" пасспортынхоо захиалгыг авч эхэлж байна. Цаашдаа хувцасны монгол брэндүүд, ресторануудыг багтаасан дараа дараагийн пасспортуудыг гаргаж, алсдаа Улаанбаатарын бүхий л үйлчилгээг нэгтгэсэн пасспортыг гаргах зорилготой. Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийг хотынхоо үйлчилгээний газруудаар байнга үйлчлүүлдэг болгох нь, хотоороо бахархдаг болгох нь, гадаад хүмүүсийг хоттойгоо сайн танилцуулах нь бидний зорилго. Төрөл бүрийн үйлчилгээнүүдээс хэд хэдэн газрыг багтаасан, урт хугацаанд хэрэглэж болох пасспортыг Улаанбаатарт амьдардаг иргэд, гадны хүмүүст зориулж гаргах бол энд цөөн хоногоор ирж буй жуулчдад зориулсан пасспортыг бас гаргах зорилготой.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Б: Чанарыг эрхэмлэнэ. Пасспортдоо чанартай, үйлчилгээ сайтай газруудыг сонгож оруулахыг эрмэлздэг. Бас пасспортоо ч гэсэн өнгө үзэмжтэй, гоёмсог байлгах тал дээр их хичээдэг шүү. Дизайны ажилд ер нь их цаг зарцуулдаг.

Мөн хэрэглэгчид, түнш байгууллагуудынхаа санал сэтгэгдлийг байнга сонсдог. Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр бид анхны пасспорт дээрээ газрын зураг гэх мэт олон нэмэлтийг оруулан шинэчилсэн. Энэ мэтээр пасспортоо шинэчилж сайжруулаад яваад байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Д.Дэлгэрсайхан: Манайх хэрэглэгчдээ 3 зүйлд уриалдаг гэж хэлж болно. Тус бүр дээр нь хаштаг үүсгэсэн байгаа.

#BeCurious - Сониуч байж, хотынхоо шинэ содон газруудтай танилцаж, хотоо сайн мэдэх;
#MakeMemories - Найз нөхөдтэйгээ үйлчлүүлсэн газрууддаа тамга даруулан, хожим дурсах зүйлтэй болох;
#SaveTime - Хаашаа орохоо ярилцан цагаа үрэлгүй хурдан шийдвэр гаргахыг уриалах. Эдгээр нь UB Passport-ийг хэрэглэхийн давуу талууд юм.

Миний хувьд энд олон бүтээлч хүнтэй ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Яахав, шинэ зүйл учраас энэ чинь яг юу юм бэ гэж их асуудаг. Зүгээр ваучер юм биш үү гэх мэтээр. Гэхдээ энэ бол бэрхшээл гэхээс илүүтэй хөгжилтэй тал нь юм даа.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Б.Б: Өмнө дурдсанчлан, өнгөрөгч баасан гарагт бид кофе шопуудыг багтаасан 2 дахь пасспортоо зарлаад, энэ 7 хоногт захиалга авч байна. Хамгийн сайн гэсэн, сүлжээний биш 13 кофе шопыг сонгосон. Бараг бүгдээрээ 1 кофе авахад 1 кофе үнэгүй дагалдах, бас бус хөнгөлөлтүүдтэй. Гол онцлог нь өмнөх пасспорт шиг нэг удаа л үйлчлүүлэх бус, 3-4 удаа үйлчлүүлэх эрх олгож байгаа. Үнийн хувьд 1 сарынх нь 20 мянга, 3 сарынх нь 25 мянга, 6 сарынх нь 30 мянга төгрөг. Өмнөх пасспорт дээр бол 3 долоо хоногийн дотор л бүх захиалгыг аваад дуусчихсан шүү. Тэгэхээр кофе уух дуртай залуустаа яараарай гэж захимаар байна.

Бид захиалга авахдаа манай мэдээллийг хаанаас авсныг нь асуудаг юм л даа. Unread-ийн уншигчдадаа нэг бяцхан сюрприз барихад, зөвхөн энэ 7 хоногт манай 6 сарын хугацаатай пасспортыг захиалбал үнэ нь 30 мянгаас 20 мянга болж хямдарна гэдгийг дуулгахад таатай байна. Та захиалга өгөхдөө мэдээлэл авсан хэсэгт Unread гэж бичээрэй.

ТАНАЙ АЛЬ ПАССПОРТЫГ ХҮМҮҮС ИХ СОНИРХОЖ БАЙГАА ВЭ?

Г.А: Одоо гарах кофе шопуудын пасспорт их сонирхож байгаа нь илт мэдрэгдэж байна. Ер нь улаанбаатарчууд кофе их уудаг болсон байна. Бүтэн сайны орой кофе шопт ороод үзэхээд залуу гэлтгүй настай хүмүүс ч сууж байдаг болж. Ёстой 8 настай балчраас 80 настай буурал гэдэг шиг. Тийм учраас өмнөх пасспорт шиг 21-ээс дээш насныханд гэсэн насны хязгаар байхгүй. Тэр утгаараа пасспорт маань ч харьцангуй олон тоогоор хэвлэгдэнэ.

Ер нь манай пасспортыг авч байгаа хүмүүсийн 50 хувь нь гадаад хүмүүс, 50 хувь нь монголчууд байгаа. Монгол хэрэглэгчдийн дундаж нас нь 25, 26 орчим байх шиг байна. Англи хэл дээр мэдээлэл нь байдаг учир гадаад хүмүүст нэлээд дөхөмтэй байдаг байх.

Бүтээгдэхүүнийг маань бэлгэнд өгөх гэж бас нэлээд авч байгаа харагддаг. Өөр бэлгүүд бол нэг удаа хэрэглээд дуусдаг байхад пасспорт авсан хүмүүс тухайн газар бүрт орох болгондоо бэлэглэгч хүнийг дурсана. Бид бэлгэнд өгөх пасспортуудыг үнэгүй боогоод өгчихдөг юм.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.