Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   02 сарын 29, 2016

Онцлох бизнес: Lhamour брэнд - Эмэгтэйчүүдийн төгс хэрэглээ

Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу Мартын 8 тохиох гэж байгаатай холбогдуулан бид Lhamour брэндийг энэ удаа онцолж байна. Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдэрлэж буй энэ компани эхний бүтээгдэхүүнээ гаргаад ердөө нэг жилийн нүүр үзэж буй. Гэсэн хэдий ч энэ богино хугацаанд монгол бүсгүйчүүдийн хэзээний танил болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Үүсгэн байгуулагч Д.Хулан өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу amour гэх үгтэй нэгтгэн, монголчуудыг органик, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байгаасай, хүн бүр өөрийгөө, бусдыг, байгаль орчноо хайрлаж байгаасай гэсэндээ энэхүү дахин давтагдашгүй нэрээр нэрлэжээ.

Бизнесийн нэр: Lhamour брэнд
Хаяг: Төв бассейний дэргэд Монголын Архитектуруудын Эвлэлийн байр, 701 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 6-р сар
Үүсгэн байгуулагч: Д.Хулан
Ажилтны тоо: 13
Вэб: www.lhamour.mn, Lhamour (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би олон жил гадаад амьдарч байгаад Монголдоо буцаж ирсэн. Ирсэн цагаасаа хойш байнгын арьсны асуудалтай, харшилтай болсон. Урьд нь ямар ч асуудалгүй байдаг байсан болохоор яагаад ингэв гэсэн асуултыг өөртөө тавин судалж эхэлсэн. Би өөрөө нэг юм руу орохоороо гүнзгий ороод явчихдаг хүн юм шиг байгаа юм. Улмаар Монголын тоос шороо, утаа, хоол хүнс нөлөөлдөг болох нь, арьсны өвчлөлийн суурь нь хуурай арьс гэдгийг олж мэдсэн юм. Цаашлаад Английн нэгэн сургуулиас онлайнаар олон улсын органик гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын чиглэлээр диплом авсан. Ингэж судалгаа хийх явцдаа Монголд ийм органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтойг ойлгон хийж байсан ажлуудаа орхиж, энэ бизнесийг эхлүүлсэн. Эргэн тойрныхон маань ч бүгд арьсны асуудалтай, арьсаа яаж арчлахаа, юу хэрэглэхээ мэддэггүй байсан болохоор боломж байна гэдэгт итгэж байлаа. Уг нь би Англи, Германд сэргээгдэх эрчим хүчээр магистрын зэрэг хамгаалаад, энэ чиглэлээрээ Монголд ажиллаж байсан л даа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Санхүүжилтээ анх өөрөөсөө л гаргасан даа. Кофе шопоор оффис хийж 6 сар явсан. Судалгаа хийж явсны эцэст хамгийн анх ванны бөмбөгийг үйлдвэрт үйлдвэрлэсэн юм. Нэг нэг ширээ сандал үйлдвэртээ гэрээсээ авчран тавьж байлаа. Эхний бүтээгдэхүүн маань амжилттай болж, хүмүүс сайхан хүлээж авснаар дараа дараагийн бүтээгдэхүүнийг гаргах урам зориг авсан даа.

Lhamour брэнд 2015 онд буюу анхны бүтээгдэхүүнээ гаргасан жилээ цөөнгүй шагнал авчээ. Үүнд, Аж үйлдвэрийн яамнаас анх удаа олгосон “Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагнал”, АСЕМ-ийг угтан зохион байгуулсан Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, МХАҮТ-ын хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгээс "Шилдэг сав баглаатай бүтээгдэхүүн" зэргийг шагналыг хүртсэн бол үүсгэн байгуулагч Д.Хулан МХАҮТ-ын 2015 шилдэг энтрепренер шагналыг хүртсэн байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай бүтээгдэхүүнүүдийг бид үйлдвэрлэж байгаа. Ургамлын тосыг хонины сүүлтэй, чацарганыг тосыг жамц давстай хольж гаргасан бүтээгдэхүүн өмнө нь байгаагүй. Эдгээрийн нэлээд нь ямар ч өвчтэй, харшилтай, ямар ч насны хүмүүст бүгдэд нь таардаг. Ер нь гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүнүүд гэж ойлгож болно.

Мөн шэа самрын тос, наргил модны тос зэрэг гадаадын чанартай түүхий эдийг Монголынхоо түүхий эдтэй хослуулан үйлдвэрлэл явуулдгаараа онцлогтой. Манай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 100 хувь хаягдалгүй. Өөрөөр хэлбэл найрлагад орсон бүх түүхий эд нь эцсийн бүтээгдэхүүн болдог гэсэн үг. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэл гэсэн шошго авсан. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж байгаа хэрэг. Түүхий эд бэлдэхээс эхлээд савлагаа хүртэл бүх шат дамжлагыг бид өөрсдөө гардан хийдэг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Олон жил гадаадад байсан болохоор олон хүний хувьд тааралдсан анхны монгол хүн нь болдог байлаа. Гэвч ажил бизнесийн талбарт гарсан сүүлийн жилүүдэд гадныхан түүхий эд, монголын түүх гэхээсээ илүү ямар брэнд байдаг эсвэл ямар чанартай бүтээгдэхүүн байдаг вэ гэж асуудаг боллоо. Түүхий эдээр нь мэддэг болохоос биш, яг брэнд гэдэг зүйл Монголоос төдийлөн гараагүй. Тийм болохоор ямар ч улсын иргэдийн хэрэглэх дуртай, маш чанартай, эрүүл мэндэд нь тустай, Монголоос гарсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг мөрөөддөг. Lhamour брэндийг ийм л болгохыг хүсдэг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хэрэглэгчдэдээ хамгийн дээд зэргийн чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүргэхийг эрмэлзэж, хэрэглэгчийн үйлчилгээнд нэн чухалчихдаг. Жишээ нь бид фэйсбүүкийн коммент бүрт хариу өгч, бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг асуудал гарсан бол хэрэглэгчдэдээ маш сайн тайлбарлаж өгдөг юм.

Цаашдаа олон улсад бүтээгдэхүүнээ гаргана гэдэг зорилго тавьсан учраас менежмент, компанийн соёл гэх мэт бүх л зүйл дээрээ анхнаас нь сайн анхаарч яваа. Ажилтнууд маань анхнаасаа том юмны нэг хэсэг болно гэдгээ ухамсарлаж, бид нэг гэр бүл гэж явдаг. Байгаль орчиндоо анхнаасаа ээлтэй хандаж, жишээ нь дахин боловсруулсан цаас, баглаа боодол ашиглах гэх мэтээр бусдыг дагуулахыг хичээж байна. Ялангуяа Монгол дөнгөж хөгжиж буй орон гээд байгаль орчноо мартах тал бий. Тиймээс бид залуу компани, залуу үндэсний үйлдвэр тул энэ тал дээр бусдад зөв жишээ болохыг зорьж байна.

Мөн “Бид чадна” уриа гаргаж Монголд үйлдвэрлэл эрчимжүүлэхийг хүсэж байгаа. Жишээ нь Хөсөг брэнд, сарлагийн хөөврийн бүтээгдэхүүн гаргадаг Угана, хэвлэлийн хаягдал цаасаар бүтээгдэхүүн хийдэг эмэгтэй зэрэг байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, бусад стартапуудыг дэмжихийг зорьж байна. Мөн бидний нэг барьдаг зарчим бол шинэ зах зээл рүү орох, Монголд хэдийнэ байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй байх явдал юм.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хүмүүсийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийж байгаа маань хамгийн эерэг зүйл юм даа. Бусад бүтээгдэхүүнээс харшилдаг байсан хэрэглэгчид “Танайх чанартай байна, гоё байна, зөөлөн байна” гэх зэрэг сэтгэгдлээс их урам авдаг. Төсөөллөө бодит болгож, гар дээрээ эцсийн бүтээгдэхүүнийг тавих нь үнэхээр сайхан байдаг юм.

Мөн үйлдвэрлэл явуулах нь хэцүү ч гэсэн гоё байдаг. Өдөр болгон их зүйлийг сурдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орны эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэр оруулж яваадаа баяртай явдаг юм. 10 гаруй хүмүүсийг ажиллуулж, бүтээгдэхүүний захиалгаа гаднаас бас авдаг болсон.

Нөгөө талаар өдөр болгон бэрхшээлтэй тулгардаг. Ванны бөмбөг, уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гэх мэт бүтээгдэхүүнүүд маань Монголдоо анхдагч байсан гэхээр манай улс үйлдвэрлэлийн хувьд ямар удаашралтай байсныг харуулж байна. Эхэндээ бид түүхий эдээ хангалттай авч чаддаггүй байсан. Авлаа ч ямар нэг хольцтой юм өгчихсөн эсэхийг нь хянахад хэцүү байдаг байлаа. Мөн хуурамч бүтээгдэхүүнүүд Монголд элбэг учир их хүндрэлтэй. За тэгээд хүн ажиллуулахаас эхлээд татвар гээд л асуудал олон. Манайд стартапын талаар ойлголттой хүмүүс харьцангуй цөөхөн тул дандаа цалинтай, бэлэн ажил дээр орж ирж байна гэж боддог.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Шинэ бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байна. Нүүрний шинэ суурь тос, шинэ орц болон дизайнтай 2 төрлийн саван, эмчилгээний зориулалттай шинэ тос гэх мэт. Өнөөдөр гэхэд нэг бүтээгдэхүүнээ эцэслэх гээд байж байна. Мөн нэг том мэдээ дуулгахад бид удахгүй өөрийн нэрийн дэлгүүртэй болно. Одоо интерьер дизайн дээр нь ажиллаж байна. Хүмүүсийн очих дуртай, өөрсдийн хувьд flagship дэлгүүр болгохыг зорино.

Учирч байсан хамгийн сургамжтай явдлаасаа хуваалцана уу?

Анх төлөвлөгөө гаргаж байхдаа асуудалгүй хийчих юм шиг л санадаг байлаа. Тэгээд 4 залуу ажилд аваад 2014 оны 9 сарын 1-нд оффисдоо орж байлаа. Гэтэл ердөө хэдхэн хоногийн дараа оффисд маань хулгай орж, 4 жил ашигласан Macbook Pro компьютер, бас бус зүйлсийг аваад явчихсан. Компьютерт маань асар их материал байсан. Энэ явдал надад маш хүндээр туссан даа. Өөрөө ганцаараа барилгын 9 давхрын камерыг нэг сар шүүж байж, сар хагасын дараа хулгайчийг олж авсан. Удалгүй цалинг хүсэхээс өөрөөр сайн ажиллахгүй байсан 4 хүнээ халж, 12-р сар гарахад дахиад ганцаараа үлдчихсэн, ер нь энэ санаагаа орхидог ч юм уу гэж бодох болсон. Эргэн тойрныхон маань ч хийж байгаа зүйлд минь эргэлзэж байв. Тухайн үед өөртөө л итгэх хэрэгтэйг хамгийн сайн ойлгосон доо. Ингэж “хөрсөн дээрээ” эргэж буугаад, 2015 оны 1-р сарын 1-нээс маш шаргуу ажиллаж эхэлсэн. 1-3 сарын хооронд маш үр дүнтэй ажиллаж, бүх зүйлийг өөрөө хийж байсан. Ингээд л бизнес маань сэргэж эхэлсэн дээ.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

Борлуулалтаар бол хонины сүүлтэй саван хамгийн сайн нь. Чийгшил сайн хадгалдаг хонины сүүлийг ургамлын тостой хослуулснаар арьсыг хуурайшуулдаггүй, нэмэлт үнэр, өнгө байхгүй болохоор ямар ч харшилтай, ямар ч арьсны өвчтэй хүн хэрэглэж болдог.

Мөн кофетой скраб, зөгийн балтай уруул өнгөлөгч бол хүмүүсийн таашаалд хамгийн нийцсэн бүтээгдэхүүнд. Сүүлийн чацарганатай биеийн тосыг бас сүүлийн үед хүмүүс их сайшааж байгаа шүү. Одоо манайх нийтдээ 7 нэр төрлийн 35 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

51173   8


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.