Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   04 сарын 25, 2016

Онцлох бизнес: Gumuda Concept Store - Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв

Unread аль болох анхдагч, шинэлэг бизнесүүдийг танилцуулах хүсэлтэй байдаг. Өнөөдрийн танилцуулах бизнес бол яг л ийм, бас тэгээд үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн Gumuda дэлгүүр юм. Concept store буюу сэдэвчилсэн дэлгүүр гэх ойлголтыг Монголд анхлан танилцуулж байгаа энэ дэлгүүр одоохондоо хувцас загварын монгол брэндүүдийг нэгтгэж байгаа ч яваандаа "Монголд бахархалтайгаар үйлдвэрлэсэн" бүх л төрлийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой юм байна. Уг дэлгүүр бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсэж байгаа бүтээлч хүмүүс болон брэндүүдэд "өөрийн гэсэн өнгө төрхтэй, орчин үеийн байх" гэсэн гол шалгуурыг тавьжээ.
Ташрамд дурдахад, Гүмүда гэдэг нь тэнгэрийн орны цэцэг гэсэн утгатай үг гэнэ. Сайн зам мөртэй нэг хүн дэлхийд мэндлэхэд тэнгэрийн оронд энэ цэцгийн нэг дэлбээ дэлгэрч байдаг ажээ.

Бизнесийн нэр: Gumuda Concept Store
Хаяг: Сөүлийн гудамж, Брау Хаусын зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” сэдэвчилсэн дэлгүүр
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 4-р сар
Үүсгэн байгуулагч: Н. Хулан, Н.Оргил, Н.Сансархүү
Ажилтны тоо: 3
Вэб: www.gumuda.mn, Gumuda (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Н.Хулан: Хоёр жилийн өмнөөс уран бүтээлч хүмүүстэй нөхөрлөх болж, монгол дизайнерын бүтээгдэхүүн илүү хямд, ганц хувь байж болдгийг анзаарсан юм. Мөн энэ үед гадаадын фэйшн (хувцас загварын) блогууд брэндүүдтэйгээ дүйцэхүйц нэр хүндтэй болж байгааг олж харсан. Хэдийгээр монгол бүсгүйчүүд фэйшн блог хөтлөх нь бий ч голдуу гадаадад байгаа хүмүүс байсан. Ингээд 2015 оны 8-р сараас Улаанбаатарын охин Улаанбаатарын загварын талаар Улаанбаатараас блог хөтөлж эхэлсэн. Үүний зэрэгцээ өөрийнхөө хувцасны шүүгээг 100 хувь монгол хувцсаар дүүргэе гэж хичээгээд санасандаа хүрсэн. Ингэж явахдаа хувь хувьдаа дэлгүүр, урлантай, эсвэл зөвхөн фэйсбүүк хуудастай монгол дизайнеруудыг хайж олоход хэцүүг ойлгосон юм. Эндээс монгол дизайнеруудыг нэгтгэе гэсэн санаа төрж дэлгүүрээ нээсэн.

Дэлгүүрээ concept store гэж нэрлэсэн учир нь хэдий одоогоор хувцас загвараар эхэлж байгаа ч цаашдаа “Монголд бахархалтайгаар үйлдвэрлэв” гэсэн нэрийн дор багтах бүхий л бүтээгдэхүүнийг цуглуулах зорилготой юм. Баруунд сүүлийн үед эрчтэй хөгжиж байгаа concept store гэсэн ойлголт нь нэг сэдвийг сонгож аваад түүндээ багтах бүхий л бүтээгдэхүүнийг зардаг дэлгүүрийг хэлдэг.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Миний фэйшн блогийн санааг нагац ах минь бизнес болгон харсан. Тэгээд энэ ажилд найзыгаа уруу татсан даа. Хоёр ах маань хөрөнгө оруулж, би бизнес болон уран бүтээл талаа хариуцаж байна.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Түрүүнд хэлсэнчлэн манайх Монголын анхны сэдэвчилсэн дэлгүүр болон нээгдэж байгаа. Тийм ч учраас брэндүүд болон үйлчлүүлэгчид адилхан сонирхож дэмжиж байна.

Манай дэлгүүр монгол дизайнеруудын анхны нэгдэл. Өмнө нь нэгдэх оролдлогууд хийж байсан ч ийм олуулаа буюу 23-24 газар нэгдэж байгаагүй юм билээ. Эд маань, цаашид манайд бүтээгдэхүүнээ дэлгэх бүх брэндүүд орчин цагийн Монголыг төлөөлнө. Gumuda нээгдсэнээр монголчууд нь монголчуудынхаа хийсэн бүтээснийг нэг дороос үзэх төдийгүй Монголд аяллаар болон ажлаар ирдэг гадаад хүмүүс эдгээр бүтээлтэй танилцаж, монгол дизайнеруудын ур ухааныг үзэж харах боломжтой. Урьд нь гадаад хүмүүс Улсын их дэлгүүр, Говь компанийн дэлгүүрээр л ороод гардаг байсан. Одоо бол Монголын орчин үеийн олон брэндтэй хялбархан танилцах боломж бүрдэж байгаа юм. Бүтээлч хүмүүс ч гэсэн нэг нэгийнхээ бүтээлийг байнга үзэж, нэг нэгээсээ суралцана гэсэн үг.

Ямар ямар брэндүүдийг нэгтгэсэн талаараа тодруулж өгнө үү?

Манайд шинэ залуу уран бүтээлчдээс эхлээд аль хэдийнээ байр суурь, нэр хүндээ олсон олон брэнд бий. 10 гаруй жилийн түүхтэй “Хайрын хурим”-аас эхлээд ахлах сургуулийн сурагчийн бүтээсэн хувцаснууд байна. Үнийн хувьд үнэтэй нь ч бий, хямд нь ч бий. Зарим нэгээс нь дурдвал, Нью Йоркийн Мерседес Бенз Шоунд хоёр жил орсон "Монгол брэнд" брэндийн бүтээлүүд, Мөнхтуяа хэмээх бүсгүйн Futuristic Type брэнд бий. Futuristic Type бол Монголд гэхээсээ дэлхийд амжилт олох магадлалтай брэнд гэж боддог. Саяхан Берлинд уран бүтээлээ дэлгэчихээд ирсэн байна лээ. За тэгээд гар ажиллагаа ихтэй, хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг Мichel & Amazonka, гоё модерн загвартай бүтээл урладаг Урангоо гээд олон сайн дизайнер, брэндүүд байгаа. Модон зангиа хийдэг залуугийн бүтээлүүд ч бий.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Ойрын зорилго гэвэл гадаадын зочид төлөөлөгчдийн уулзалтуудтай хамтарч ажиллах. Эхнээсээ бас ярьж тохирсон зүйлс бий. Ер нь манай дэлгүүр монголын хувцас загварыг нүүр улайлгахгүй танилцуулна гэдэгт итгэлтэй байгаа.

Хэтийн зорилго гэвэл илүү том, бүх төрлийн бүтээгдэхүүнийг хамруулсан дэлгүүртэй болох. Мөн манай дизайнерууд гадаадад өрсөлдөх чадвартай болохоор Гүмүдагийн салбарыг дэлхийн аль нэг хотод байгуулахыг хүсдэг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Аль болох бүх л зүйлсийг нь Монголд бүтээсэн бүтээгдэхүүнүүдийг тавихыг хичээж байгаа. Тохижилтоо хийхдээ ч гэсэн сандлаас бусдыг нь монгол дизайнераар хийлгэсэн. Тохижилтоо хийхдээ хэтэрхий гоёж чимэглэхийг бодоогүй. Судалгаанаас үзэхээр дэлгүүр нь дэндүү гоёмсог сайхан байвал үйлчлүүлэгчдийн анхаарал бүтээгдэхүүнд бус засал чимэглэлд нь татагдаад байдаг юм билээ. Тиймээс минимал маягийн засал хийж, хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв зүйтэй дэлгэж үзүүлэхэд анхаарсан.

Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, манайх уран бүтээлч шинж чанарыг бизнесийн зарчимтай хослуулдаг. Энд бүтээлээ тавьсан бүтээлч хүмүүс, брэндүүдийн бизнес талыг буюу маркетинг борлуулалтыг нь бид хариуцаж явах юм.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Ердөө 10 хонож байгаа болохоор дэлгүүрээ танилцуулах, хүмүүсийг авчрах ажил дээр төвлөрч байна. Цагийн хуваариа янз янзаар туршиж байна. Манайхан хувцас захиалж хийлгэх их сонирхолтой юм билээ. Энэ тал дээр юу хийж болох вэ гэдгийг судалж байна.

Удахгүй бас бид хажуудаа жижиг кафе нээх гэж байна. Үндсэндээ бэлэн болчихсон. Дотроо бүтик маягийн дэлгүүртэй, кафетай газар өөр нэг их байхгүй байх.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манай орж ирсэн хүмүүс “Хөөх монголчууд ийм хийж чаддаг байсан юм уу?” гэж нэлээд уулга алддаг шүү. Тэгж бодуулж байгаадаа баяртай байгаа. Ер нь ийм дэлгүүр хэрэгтэй байсан гэсэн магтаалыг их сонссон. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг хийж, өөрсдөө ч бас ашиг олно гэхээр сайхан байдаг.

Нөгөө талаас, хүмүүс монгол дизайнеруудын үнэ цэнийг сайн мэддэггүй юм шиг санагдсан. Материалаа ч өөрсдөө хийж чаддаггүй энэ оронд ийм сайхан зүйлсийг бүтээж чадаж байхад гадаадын брэндэд их мөнгө зарцуулдаг хэрнээ “Энэ яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?” гэж их асуудаг юм билээ. Гэхдээ үнийн тал дээр аль болох хямд байхыг бид аль аль талаасаа бодолцож ажиллаж байгаа. Манай дэлгүүрт тавихдаа дизайнерууд үнээ тодорхой хэмжээгээр буулгаж байгаа.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

Цүнхний борлуулалт сайн байдаг. Ер нь манайд арьсан урлал сайн хөгжсөн болохоор цүнх, гутал их чанартай байдаг байх. Хонхны баярын үе тул дээл, даашинз бас их сонирхож байна.

53573   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.