Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 18, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: SMS-Startup Marketing Space

Байгууллагын нэр: SMS - Startup Marketing Space
Байгуулагдсан он: 2017
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис
Ажилтны тоо: +36
Хаяг: Business Tower, 19 давхар 
Вэб, сошиал хуудас: SMS- Startup Marketing Space 

яагаад сонгоХ БОЛОВ?

Гарааны бизнесийн экосистем хөгжихөд томоохон түлхэц үзүүлдэг дундын оффисууд сүүлийн үед манайд цөөнгүй байгуулагдав. Улаанбаатарын хамгийн таатай оффисууд жагсаалтад эдгээр дундын оффисуудыг төлөөлөн орж байгаа газар бол SMS юм. Тохижилт, байршил, уур амьсгалаараа залуусын талархлыг хүлээдэг SMS-ийг зөв цагтаа, зөв газартаа нээгдсэн төв хэмээн тодорхойлж болно. Залуу бизнес эрхлэгчид, энтрепренерүүд, үүсгэн байгуулагчдын хамгийн эхний асуудал болсон оффис, хамтын ажиллагаа өрнүүлэх талбарыг санал болгодог тэд төв номын сангийн эсрэг талд сүндэрлэх Business Plaza-ийн 19 давхарт их хотыг тольдон оршдог.

"Зөгий шиг бай" хэмээх уриатай тэд гоёмсог тохижолт, эрч хүч анхилуулсан өнгөлөг уур амьсгалаараа олон чадварлаг, хөдөлмөрч залуусыг нэгтгэжээ. Монголын Үндэсний Маркетингийн Холбоо уг төвийн үйл ажиллагааг удирдан явуулдаг учраас гишүүдээ хэрэгцээт албан байгууллагууд, оролцогч талуудтай холбоход ихээхэн анхаарал хандуулж, бүх төрлийн бизнесийн цогц үйлчилгээг санал болгодог давуу талтай.

ажлын орчин

19 давхрын цахилгаан шат онгоймогц таныг цэлгэр, уужим орчин угтан авах болно. Гадны байгууллагуудыг санагдуулам бүрдэл хэсгүүд, тохижолттой уг төвийн интерьер дизайн олон хүмүүст оффисоо илүү гоёор тохижуулах сэдэл өгдөг нь гарцаагүй. Энд гарааны бизнес эрхлэгчдэд хэрэг болдог бүх л зүйлс бүрэн бүрджээ. Тав тухтай хурал уулзалтын өрөөнүүд, стресс тайлж чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын хэсэг, номын сан, кофе шоп гээд л.

Өрөө бүр нь өөр өөрийн онцлог шинжийг агуулсан байдаг. Нэг хэсэг нь ганцаараа төвлөрөн суух зориулалттай байхад өөр нэг хэсэг нь бөөнөөрөө бужигнаж, санаа оноогоо хуваалцах орчныг бүрдүүлсэн байх жишээтэй. Ханан дээр сийлсэн төрөл бүрийн урам зориг, онгод хөглөх үгс энд ажиллагсдыг бүтэн өдрийн турш эрч хүчээр цэнэглэдэг.

Энд нэг хүнийхээс эхлээд харьцангуй том багт зориулсан өрөөний сонголтууд бий. Өөр өөр ажлын арга барилтай хүн бүрт тохирсон ширээ сандлын зохион байгуулалт, орчныг бүрдүүлэхийг эхнээсээ эрмэлзсэн нь илт. Мөн танилын сүлжээгээ өргөтгөх, шинэ мэдлэг-мэдээлэл олж авах зорилго бүхий төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ, эвентүүд тогтмол зохион байгуулдаг нь энэ төвийн уур амьсгалыг илүү амьд болгодог гэлтэй.

байгууллагын соёл - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

SMS-ийн гишүүдийг ялгадаг нэг зүйл бол тэдний хоорондын дотно, дулаан харилцаа. Янз бүрийн ажил эрхэлдэг, өөр өөр зан араншинтай ч гэлээ энд нэгдсэн бүх хүмүүс нэг гэр бүл болж, хамтдаа хөгжих зарчмыг үнэт зүйлээ болгон ажилладаг.

Тэд гишүүдээ чадавхжуулах, хөгжүүлэх төрөл бүрийн сургалт, уулзалт зэрэг үйл ажиллагааг 7 хоног бүрээр төлөвлөн хэрэгжүүлдэг. Гишүүддээ зориулсан иогийн сургалт хүртэл хичээллүүлж байхтай нь бид таарав.

Шинэ санаа үргэлж оргилж байдаг, шинэ төсөл хөтөлбөрүүд тогтмол хэрэгжиж байдаг SMS-д ирсэн хүн бүр хөгжин дэвших, санасан бодсоноо гараасаа гаргах боломж бүрджээ. Энтрепренер сэтгэлгээг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг өрдөх соёл бол SMS-ийн нэрийн хуудас билээ.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.Халиунаа
Д.Ганзориг
А.Ундрал
О.Бүтэд
О.Булган

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг

Хандалт / Сэтгэгдэл:

29769   2

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.