Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 15, 2018

МОНГОЛД АНХ УДАА: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2018

Уншигч та "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018" жагсаалтад тавтай морил!

Unread.Today сайтын зүгээс анх удаа Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг нэрлэж байна. Бидний бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчтайгаа цуг хийсэн өрнүүн их эрэл хайгуулын үр дүн ийнхүү та бүхэнд хүрч байгаад нэн таатай байна.

Ажилтнууд хийгээд харилцагчдаа хүндэлсэн ажлын орчныг бүрдүүлэхээр сэтгэл зүтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан байгууллагуудыг олж алдаршуулахыг хүсэн бид энэхүү жагсаалтыг санаачилсан билээ. Учир нь ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл гэдэг байгууллагын өсөлт хөгжил, цаашлаад том зургаараа улс орны эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйл мөнөөсөө мөн юм.

Ажлын орчны тохижолт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван гол шалгуурын дагуу эхний шатанд санал авсан 120 гаруй оффисын дөчид нь бид өөрсдийн биеэр зочлон танилцаж, эцсийн шатанд тодорч үлдсэн хамгийн таатай 10 оффисыг ийнхүү танилцуулж байна. Жил бүр уламжлал болон танилцуулах энэхүү жагсаалт маань байгууллагуудад олон арван чадварлаг мэргэжилтнийг элсүүлэхэд, өөр бусад байгууллагуудад хүнээ бодсон таатай оффисийг бий болгоход үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна.

Бид эдгээр 10 байгууллагыг байр эзлүүлээгүй, үсгийн дарааллаар жагсаасан гэдгийг эцэст нь дурдъя. Та бүхэн энэ нийтлэлээс хамгийн таатай 10 оффистой нэг дор танилцах бөгөөд холбоосоор дамжин оффис тус бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

АНД ГЛОБАЛ - ЛЕНД МН (финтек)

Хиймэл оюун ухаанд суурилсан fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэн, ЛендМн аппаараа олон улсын зах зээлд бизнесээ тэлж, 2018 оны Монголын хөрөнгийн биржийн хамгийн амжилттай IPO-г хийсэн компани бол Анд Глобал.

Маш хурдацтайгаар өргөжин тэлж буй тус компани нүүж ороод удаагүй байгаа шинэхэн оффистоо стартап соёлыг төгс шингээж, бүтээлч байдал-эрч хүч үнэртүүлсэн интерьер дизайн, соёл, ажлын орчинг хослуулж чадсанаар манай жагсаалтад багтсан юм. Том зорилгын төлөөх тэмүүлэл нь уулзмагц л мэдрэгдэх залуучуудаа хайрцгаас гадуур чөлөөтэй сэтгэхийг хөхиүлэн дэмжсэн, өөрийгөө сорьж гадаадын зах зээлд ажиллах боломжийг олгосон Анд Глобал санхүүгийн салбарт хувьсгал эхлүүлсэн шигээ Монголын ажлын орчны талбарт ч томоохон өөрчлөлтийг хийж чадав.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АНД ГЛОБАЛ

АНУН (тавилгын үйлдвэрлэл, худалдаа)

Иргэд, байгууллагуудыг хорин жилийн турш тавилгын шинэлэг шийдлээр хангаж ирсэн ажлын орчны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай. 18,000 гаруй харилцагч байгууллагын ажлын байрыг иж бүрэн тохижуулж хүлээлсэн тэд өөрсдөө үлгэр жишээ оффистой нь мэдээж санаандгүй хэрэг биш. Магадгүй та Ануны хараа булаам оффисыг өмнө монгол кино, бичлэг, рекламуудаас олж харсан ч байж болох.

Хүссэн газраа сууж ажиллаж болохуйц тав тухтай хэсгүүдэд сэлгэн ажилладаг ажилтнууд нь төрөл бүрийн сургалт, семинаруудын тусламжтай өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлдэг юм билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АНУН

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ (санхүү)

"Хүчтэй, хамтдаа" уриатай Ард Санхүүгийн Нэгдэл богино хугацаанд Монголын санхүүгийн салбарт тэсрэлт хийж, шинэлэг үйлчилгээ, шинэ санаачилгуудаараа олны итгэлийг хүлээн аль хэдийн тэргүүлэх компаниудын нэг болсон билээ.

Тус компани ажлын орчиндоо гойд анхаардаг нь орчин цагийн оффисийн бүх л шинэ чанар, онцлогуудыг шингээсэн байдлаас нь харагдана. Хотын төвд боловч олны хараанаас далд газар байрлах ажилтан бүрийн онцлогт тохируулсан оффис, ажилтнуудаа сургаж өөриймшүүлэх "Арджуулах хөтөлбөр" ба "Ардын соёл", ажилтнуудын "Хүчтэй, хамтдаа" сэтгэлзүй, тэднийг дэмжих төрөл бүрийн боломж, урамшууллууд - энэ бүхэн Улаанбаатарын таатай оффисын жагсаалтад багтах болзлыг давуулан биелүүлсэн гэлтэй.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

Bat SOLUTION PARTNERS (Маркетинг, ПР)

Bat Solution Partners (BSP) бол Монголд харьцангуй шинэдээ тооцогдох маркетинг, олон нийттэй харилцах стратегийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тийм ч учраас шинэ санаа, шинэлэг санаачилгын ундарга болсон газар гэж болно. Салбарынхаа хамгийн тэргүүн эгнээнд алхаж, бусад байгууллагуудад зөвлөдөг тус компани ажлын орчны хувьд ч үлгэр жишээ болж чаджээ.

Industrial Contemporary хэв маягийн интерьерээр хувь хүний орон зайг чухалчлан тохижуулсан оффисын шийдэл нь энд өөрөөр сэтгэдэг, бүтээлч хүмүүс ажилладгийг илтгэх бөгөөд дарга цэргийн ялгаагүй байдал, Netflix үзэж урам зориг авдаг, шар айраг шимэн амжилтаа тэмдэглэдэг соёл нь энэ хамт олны, энэ оффисийн салшгүй нэг хэсэг юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: BAT SOLUTION PARTNERS

IT ZONE (мэдээллийн технологи)

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Ти Зон компани 20 дахь жилдээ бусад байгууллагуудыг технологийн оновчтой цогц шийдэл буюу програм хангамж, тоног төхөөрөмж, дэд бүтэц, сургалт, нөү-хаугаар ханган, амжилтынх нь хурдасгуур болж яваа билээ.

Тус компанийн минимал оффисийн шийдэл, ажил хөнгөвчлөх хүчирхэг технологиуд, дотоод сургалтын систем нийлээд бидний хийх сонголтыг тун ч хялбар болгосон юм. Ай Ти Зоны ажлын уян хатан цаг, хаанаас ч ажиллаж болох соёл, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд ажилтнуудаа сургадаг тогтолцоо нь чадварлаг мэргэжилтнүүдийг татаж чаддаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ITZONE

landbridge (тээвэр зууч)

Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 орчим улсаас 30,000 гаруй удаагийн тээврийг зохион байгуулсан туршлагатай, Монгол Улсын тээвэр зуучлалын салбарын тэргүүн эгнээнд яваа Landbridge энэ онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Эрч хүч мэдрүүлэх минималист төлөвлөлтийг тод цэнхэр өнгийн интерьертэй төгс хослуулсан тус оффист хүүхдүүдэд зориулсан тоглоомын булан байдаг нь хамгийн сонирхолтой. Хүүхдээ ажил дээрээ зайлшгүй авчрах тохиолдол гардгийг бодолцон, энэ үед ч ажилдаа төвлөрөх боломжийг ийн олгосон нь хүнээ бодсон бодлого явуулдгийнх нь илрэл. Өглөө бүр шинэхэн аарц, сургалт хөгжлийн арга хэмжээнд зориулсан бяцхан тайз, цэлгэр талбай-өндөр тааз гээд бүтээмж нэмэгдүүлэх орчин энд бүрэн цогцолжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: LANDBRIDGE

НАНО ИНТЕРНЭЙШНЛ (гадаад худалдаа)

Дэлхийд алдартай 25 компанийн 900 гаруй бүтээгдэхүүнийг Монголд төлөөлөн ажилладаг Нано Интернэйшнл ХХК нь өдгөө 240 гаруй ажилтантай, салбарын тэргүүлэх компани болжээ. Яг л Pinterest-ээс зураг үзэж, санаа хайж буй мэт сэтгэгдэл төрүүлэх тэдний оффис цаасны хэрэглээг халахаар шийдэж, байгальд ээлтэй ажлын орчныг бий болгохоор зорьж байгаа нь үнэхээр үлгэр жишээ.

Амралтын өрөөндөө хүссэнээрээ идэж болох зайрмагны машинтай өөр оффисыг та Улаанбаатараас олохгүй байж мэднэ. Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг үнэлж хянах зорилготой амтат чихрэн хана байдаг тухай та дуулж байсан уу? Энэ мэт оффисын шинэлэг санаа шийдлүүдтэй, ажилтнууддаа дэлхийн франчайз компаниудад зочлон туршлага судлах боломжийг олгодог Нано Интернэйшнл манай жагсаалтад багтлаа.

SMS - STARTUP MARKETING SPACE (дундын оффис)

Гарааны бизнесийн экосистем хөгжихөд томоохон түлхэц үзүүлдэг дундын оффисууд сүүлийн үед манайд цөөнгүй байгуулагдав. Улаанбаатарын хамгийн таатай оффисууд жагсаалтад эдгээр дундын оффисуудыг төлөөлөн орж байгаа газар бол SMS юм. Улаанбаатар хотын төвд, хамгийн өндөрт орших тус дундын оффист өдгөө 16 байгууллагын 100 гаруй ажилтан байрлаж байна.

Энтрепренер сэтгэлгээг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг өрдөх соёл бол тэдний нэрийн хуудас. Тав тухтай хурал уулзалтын өрөөнүүд, стресс тайлахамралтын хэсэг, номын сан, кофе шоп, төрөл бүрийн хэмжээтэй багуудад зориулсан өрөөнүүд гээд гарааны бизнес эрхлэгчдийн эрж хайдаг бүхэн энд цөм бий.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: SMS - STARTUP MARKETING SPACE

ХААН БАНК (банк, санхүү)

Улаанбаатар хотод шинэ өнгө нэмэн сүндэрлэсэн Хаан Цамхагт Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банкны 1000 гаруй ажилтан байрладаг. Уран зургийн галлерей, кофе шоп, давхар дамнан орших уулзалтын өрөө зэргээс хэрэглэгчид, ажилтнуудаа эрхэмлэсэн төлөвлөлт, уур амьсгал мэдрэгдэнэ.

Ажилтнуудынхаа стресс, ачааллыг бууруулж, эрүүл байхад анхааран бүтэн өдрийн турш ажилладаг бичил эмнэлгийг оффистоо байршуулсан нь онцгой. Хоол хийх, сайн дурын ажлын, гадаад хэлний зэрэг 10 орчим клубээр дамжуулан ажилтнуудынхаа хобби сонирхлыг хөгжүүлдэг, улс орон даяар тархан суурьшсан 5000 гаруй ажилтныхаа нийгмийн асуудлыг чухалчлан хөнгөлөлттэй зээл, төрөл бүрийн тэтгэлэг олгодог гээд таатай оффисийн шинжүүд ХААН Банкинд олон бий.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ХААН БАНК

ЮНИТЕЛ (МЭДЭЭЛЭЛ, харилцаа холбоо)

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп байгуулагдсан цагаасаа хойш та бидний хоорондоо холбогдох, мэдээлэл авах хамгийн гол хэрэгцээг хангасаар өдгөө Монгол Улсын хүн амын 90 орчим хувьд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үр шимийг хүртээгээд байгаа юм.

Шинийг сэтгэж, түрүүлж алхах эрмэлзэл, залуучуудыг дэмжиж идэвхжүүлдэг соёл, групп дотроо чөлөөтэй сэлгэн ажиллах боломж гээд Юнителийн хурдтай өсөлтөд хувь нэмэр оруулдаг зүйлс олон. Магадгүй энэ бүхний нийлбэр дүнд Юнителтэй амьдралынхаа нэгэн цаг үеийг холбосон хүмүүс тус компанийн үнэнч дэмжигч, элч төлөөлөгч болдог биз ээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ЮНИТЕЛ

"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт нь жил бүр уламжлал болон танилцуулагдах юм. Та бүхэн энэхүү жагсаалтын талаарх санал сэтгэгдлээ хуваалцаарай.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
А.УНДРАЛ
Д.ГАНЗОРИГ
О.БҮТЭД
О.БУЛГАН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х.ХАНТҮШИГ

Хандалт / Сэтгэгдэл:

123959   27

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.