Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   05 сарын 15, 2018

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Ландбридж

Байгууллагын нэр: Ландбридж
Байгуулагдсан он: 2008
Үйл ажиллагааны чиглэл: Тээвэр зуучлал
Ажилтны тоо: 80
Хаяг: Чингис зочид буудлын хойно, Сөүл бизнес төв, 6 давхар 
Вэб/Сошиал хуудас: www.landbridge.mnLandbridge

ЯАГААД СОНГОХ БОЛОВ?

Ландбриджийн оффисыг зорихдоо бид хүүхдүүдэд зориулсан тоглоомын хэсэг, тухлан амрах таатай орчин, эрч хүчийг бадраах интерьер дизайнтай учирна хэмээн бодоогүй билээ. Гэтэл хүлээлтээс давсан, тэс өөр газар ирчихсэн мэт мэдрэмжийг төрүүлэм орчин угтан авсанд бид эргэлзэлгүйгээр жагсаалтдаа багтаахаар шийдсэн юм.

2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Ландбридж бол улс хоорондын тээвэр зуучлалын үйлчилгээг харилцагчдадаа арван жилийн турш найдвартай үзүүлж ирсэн хамт олон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 орчим улсаас 30,000 гаруй удаагийн тээврийг зохион байгуулсан туршлагатай, Монгол Улсын тээвэр зуучлалын салбарын тэргүүн эгнээнд ажиллаж яваа компани юм.

АЖЛЫН ОРЧИН

Ландбридж агаарын урсгал илүү явагдах боломжийг нэмсэн өндөр таазыг ажлын бүтээмжийг ихэсгэн анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх гэрэлтүүлэгтэй төгс хослуулжээ. Ажлын онцлогоор орой суух хэрэг нэлээд гардаг тул агааржуулалтын системийг нэгдүгээрт тавьж таазаа өндөрлөсөн нь анхнаасаа ажилтнуудад ээлтэй төлөвлөлт хийснийг гэрчилнэ. Мөн хаашаа ч харсан тээвэрлэлт зохион байгуулдаг гэдгээ өөрсдөдөө сануулахын тулд эрч хүч мэдрүүлэх минималист, тод цэнхэр өнгөөр интерьерийн сонголтоо гаргажээ.

Ажилтнууд хоорондоо сургалт, хөгжөөнт уралдаан зохиох боломж бүхий бяцхан тайз зассан нь хараа булаана. Ном уншлага ба амралтын өрөө хосолсон чөлөөт цаг өнгөрүүлэх хэсэгт bean bag дээр тухлах боломжийг олгожээ. Өөрийн ширээнээс түр ч гэсэн холдон орчноо сольж, цонхны харалдаа суух буюу зогсож ажиллах боломж олгосон булангуудыг онцлох хэрэгтэй.

Хүйтэн өдрүүдэд өглөө бүр ажилтнуудыг дархлаа сэргээх халуун аарц угтдаг. Тус оффисийн хамгийн дуу шуутай бөгөөд хамгийн хайр шингэсэн хэсэг бол хүүхдийн тоглоомын хэсэг. Тэд ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан зугаатай-хөгжөөнтэй тоглоом дүүрэн талбайг тохижуулсан нь халуун талархал хүлээсэн ажил болжээ. Хүүхдээ ажил дээрээ зайлшгүй авчрах тохиолдол гардгийг бодолцон, энэ үед ч ажилдаа төвлөрөх боломжийг олгосон нь хүнээ бодсон бодлого явуулдгийнх нь илрэл ажээ.

Үйл ажиллагаандаа тээврийн зохион байгуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэн ашигладаг нь бусдаас ялгарах боломжийг олгодог хэмээн тэд ярив. Ингэснээр ажилтнуудын ажил автоматчлагдаж, илүү тодорхой болж хөнгөвчлөгдсөнөөс гадна бүтээмж нь эрс өсжээ.

Байгууллагын соёл - СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ

Тээвэр үйлчилгээний салбар нь Монголдоо харьцангуй шинэдээ ордог тул хүний нөөцийнхөн нь ажил горилогчдод салбараа, компаниа сайн таниулах хэрэгцээ нэлээд гардаг гэнэ. Тийм ч учраас Ландбриджийг сонгосон ажилтнуудыг үнэнч, хичээнгүй, зөв хандлагатай, мэдлэг чадвартай манлайлагчид болгон бэлдэхийг тэд хичээдэг.
.
Цаашид улс эх орныхоо тээвэр зуучлалын салбарыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх тээвэр логистикийн шилдэг компани болохын төлөө боловсон хүчиндээ анхаарч, таатай орчин, соёлыг бүрдүүлэхийг гол зорилгоо болгосон нь илтэд мэдрэгдэж байлаа.

Ажилтнуудын үр дүнг гүйцэтгэлээр нь үнэлж шагнаж урамшуулахаас гадна шилдгүүдээ гадаадад аялуулдаг. Түүнчлэн "Шинэ гэр бүл" хөтөлбөрийн дагуу дөнгөж хуримаа хийсэн ажилтнуудаа гадагшаа аялалд явуулдгаас гадна хувийн амьдралд нь гойд анхааран эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулж, машин болон орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд туслаж дэмжлэг үзүүлдэг байна.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Бид оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг олж алдаршуулахаар "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг гаргахыг зорьсон юм.

Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн өгөөжтэй, шинэлэг санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзсан болно.

Бүтэн сарын турш 2000 гаруй уншигчид, 120 гаруй хамтрагчийнхаа хамтаар эрэн хайсан аяллын үр дүн маань та бүхэнд ийн хүрч байна. "Улаанбаатарын хамгийн таатай оффис" жагсаалт жил бүрийн тавдугаар сард шинэчлэгдэн хүрэх болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

АНД ГЛОБАЛ: THE FUTURE OF BANKING IS NOW
АНУН: АЖИЛ ГЭР, АЗ ЖАРГАЛ
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ: ХҮЧТЭЙ, ХАМТДАА
BAT SOLUTION PARTNERS: INNOVATIONS NEED EMOTION
IT ZONE: ТАНЫ АМЖИЛТЫН ХУРДАСГУУР
LANDBRIDGE: WHERE LOGISTIC SOLUTIONS ARE NEEDED
НАНО ИНТЕРНЭЙШНЛ: БҮХНЭЭС ТҮРҮҮНД
SMS - STARTUP MARKETING SPACE: ЗӨГИЙ ШИГ БАЙ
ХААН БАНК - ЦАХИМ БАНКААР ТЭРГҮҮЛЭГЧ
ЮНИТЕЛ - ТҮРҮҮЛЖ АЛХАНА

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Н.ХАЛИУНАА
А.УНДРАЛ
Д.ГАНЗОРИГ
О.БҮТЭД
О.БУЛГАН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Х.ХАНТҮШИГ

Хандалт / Сэтгэгдэл:

29005   2

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.