Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 08, 2017

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Mongolia Talent Network-ийн захирал Ж.Номин

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр бид залуу эмэгтэй манлайлагчдын нэг Mongolia Talent Network-ийн захирал Ж.Номинтой хийсэн ярилцлагаа толилуулж байна. Англи улсад бизнесийн чиглэлээр, Монголд сэтгэлзүйгээр дээд боловсрол эзэмшсэн тэрээр энэ хоёр мэргэжил, хүсэл сонирхлоо нэгтгэн, хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа юм. Олон улсын сертификаттай карьерын зөвлөхийн хувьд дотоод гадаадын удирдах ажилтнуудад зөвлөгөө, сургалт өгч, тэднийг шинэ боломжуудтай холбож, ажил мэргэжлийн талбарт нөөц боломжоо дээд зэргээр ашиглахад нь тусалдаг. Манайд дөнгөж хөгжиж эхэлж буй энэ салбарт эрчтэйгээр ажиллаж буй тэрээр Lean In Circle клубийг үүсгэн байгуулалцаж, залуу эмэгтэйчүүд карьерын талбарт хамтдаа өсөн дэвжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажилладаг. Ингээд үүрээр 4:30 цагт босдог, жилд 100 ном уншдаг энэ ажилсаг бүсгүйн ажлын арга барил, амьдралын дадал хэвшлийг сонирхоцгооё.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Mongolia Talent Network-ийн захирал, Lean In Circle-ийн гишүүн, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тасралтгүй, тууштай, хурдтай
Хэрэглэдэг гар утас: Samsung S7 Edge
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15’
Сошиал хуудсууд: Nomin Jargalsaikhan (Goodreads) Nomin Jargalsaikhan (Фэйсбүүк), Nomin Jargalsaikhan (Linkedin)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Би аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ урт хугацаан дахь үнэ цэн, үр дүнг нь харахыг чухалчилдаг. Тийм учраас өнөөдөр бүтэхгүй байгаа, жижиг сажиг асуудлуудад сатаараад байдаггүй. Тууштайгаар урагшлах нь чухал.

Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх тал дээр анхаарч, үргэлж шинэ зүйл сурч, шинэ зүйл мэдэж авахыг эрмэлздэг. Тиймээс ном уншиж, хүмүүстэй уулзаж ярилцах дуртай.

Мөн олон юм зэрэг хийдэг болохоор хурдтай ажиллах шаардлагатай болдог. Гэхдээ ажилд булуулахаараа стрессдээд байдаггүй, их ажилтай байх тусам илүү сайн төлөвлөж, хоорондын хамаарлыг нь зохицуулан, улам бүр түүнээсээ эрч хүч аван ажиллаж чаддаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор Линкединийг хамгийн ихээр, идэвхтэй ашигладаг. Мөн өдөрт л 5-10 шинэ хүнтэй танилцаж, уулздаг учир нэрийн хуудас хурдан хадгалах зориулалттай CamCard-ийг хэрэглэдэг. Уншиж байгаа номуудынхаа явцыг тэмдэглэхийн тулд Goodreads-ийг идэвхтэй хэрэглэнэ.

Ямар нэг дадал зуршил шинээр хэвшүүлэх эсвэл тэдгээрийг өөртөө сануулах, байнга хэрэгжүүлэх зорилгоор Loop-ийг тогтмол хэрэглэдэг. Аливаа дадлыг 30 хоног дараалан хэрэгжүүлж байж л бүрэн суудаг гэдэгт итгэдэг болохоор ус тогтмол уух гэх мэтийг байнга өөртөө сануулахаар тохируулж, явцаа хянадаг.

Сүүлийн үед өглөө хийдэг бясалгалдаа зориулж HeadSpace-ийг ашиглаж байгаа. Өдөр бүр 10-20 минутыг бол зарцуулна шүү. Харин замд явахдаа Lumosity тоглож, янз бүрийн подкаст сонсон, видео үзэх дуртай.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Би өглөө 4:30 минутанд босдог. Өглөө эрт босож, өглөөний цагийг өөртөө зарцуулдаг маань асар их цаг хэмнэх боломжийг өгдөг. Өөрийгөө хөгжүүлэх ёстой, ном унших ёстой гэх мэт бодлууд ид ажлын үеэр толгойд бодогдож саад болдоггүй гэсэн үг.

Мөн ажлаа сайн төлөвлөдөг гэж боддог. Төлөвлөлтөө жилээр, хагас жилээр, сараар, долоо хоногоор, өдрөөр гаргаж, түүнийгээ яс хэрэгжүүлэхийг хичээнэ. Үндсэн ажлаа яг 18 цагт дуусгадаг. Мөн үсээ янзалж байхдаа эсвэл таксинд явж байхдаа давхар юм сонсож цаг хожихыг хичээдэг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ? 

Том тэмдэглэлийн дэвтэр ашигладаг. Өмнө хэлсэнчлэн бүх төлөвлөгөөгөө жилээр нарийвчлан гаргахаас гадна карьерын болон хувийн гэсэн 2 баганад ажлуудаа ангилж тэмдэглэдэг юм. Түүн дотроо яг одоо хийх ёстой чухал, урт хугацаанд үнэ цэнтэй, хойшлуулж болохуйц, бусдаар хийлгэж болох гэх мэт ангилалтайгаар хийх ажлуудаа жагсаадаг. Харин долоо хоногийн төгсгөлөөр бүгдийг нь дахин эргэж харж, үнэлгээ хийдэг.

Өдөрт 40 орчим хийх ажлын жагсаалт гаргадаг юм байна. Өдөр бүр хийх ёстой хамгийн чухал 3 зүйл гэж хамгийн дээр нь гаргаж тэмдэглэх нь үр дүнтэй санагддаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би өөрөө сэтгэлзүйд сонирхолтой, олон жил судалж байгаа учраас хүн нэг бүртэй тулж харьцан ажиллахдаа сайн байх. Тухайн хүнтэй харилцан ярилцаж, үнэ цэн, давуу талыг нь тодорхойлж, урам зориг авдаг гол зүйлсийг нь олж, шийдэл олж өгөхдөө сайн. Ямар ч хүн өөрийн гэсэн давуу талтай байдаг болохоор тавхан минут уулзаад өнгөрөхөд ч сайн талыг нь олж харахыг хичээдэг. Мэргэжлийн тал дээр бол хүмүүст нөлөөлж, итгэлийг нь олохдоо сайн байж мэднэ.

Мөн би их сониуч хүн. Хүмүүстэй харилцаж байгаад мэдэхгүй зүйл гарлаа гэхэд битүүхэн гэмшиж, дотроо бүр бодон бодсоор зориуд цаг гаргаж, тэр сэдвийг нарийвчлан судалдаг. Шаардлагатай бол холбогдох номыг нь захиалж, нийтлэлүүд уншина шүү.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манай Mongolia Talent Network бол Сингапурт төвтэй The Shackleton Group-ийн охин компани. Монголын зах зээлд хөдөлмөр зуучлалын чиглэлээр анхдагчдын нэг болон байгуулагдаж байсан. Үйл ажиллагаа нь үндсэндээ 2 хуваагддаг. Эхнийх нь headhunting буюу удирдах албан тушаалд ажил зуучлах. Бид хүний нөөцийн чиглэлээр борлуулалт хийдэг гэсэн үг. Өдөр бүр л шинэ хүмүүстэй уулзаж, шинэ компаниудтай танилцдаг. Тэр хэрээрээ шинэ салбаруудыг судлах хэрэг гардаг нь олон талын мэдээлэл өгдөг. Нөгөө талаараа байнгын стресстэй, өндөр ачаалалтай ажиллах хэрэгтэй болдог.

Нөгөөх нь коачинг, сургалтууд. Бид албан байгууллагуудад болон удирдах албан тушаалтнуудад төрөл бүрийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай нийгэм өөрөө сэтгэлзүйн асуудлуудаа сайн ойлгоогүй, карьерын зөвлөх гэх ойлголт шинэ байдаг нь хүндрэл учруулдаг. Мөн ихэнх хүмүүс найз нөхөд, гэр бүл, нийгэмдээ хэт баригдчихсан, нөлөөнд нь автчихсан байдаг нь түвэгтэй. Санхүү, карьерын хувьд ямар ч асуудалгүй болчихсон хэрнээ өөрийн үнэт зүйлээ ойлгоогүй, цаашид юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс их таардаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Би Монголд анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдах түвшний ажилтанд коачинг хийх, мөн карьерын зөвлөгөө үзүүлэх эрхтэй мэргэжилтэн болсон. Одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн эрх авахаар суралцаж байна.

Бид mental health буюу сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр компаниуд дээр төсөл хэрэгжүүлж, ажлын байран дахь стресс, түүний нөлөөг ойлгуулах талаар ажиллаж байна. Бид Монголд орж ирж буй гадны компаниудад зориулан Монголын бизнесийн соёлын судалгааг явуулж, монгол ажилчдын цаг төлөвлөлт, харилцаа, сэтгэлзүйн ялгааг таниулж мэдүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Мөн манлайлагч эмэгтэйчүүдийн нэгдэл Lean In Circle-д Power Circle-ийг гишүүд дотроосоо хөгжих боломж олгох зорилготойгоор нээж, одоогоор 10 гишүүнтэй болоод байна. Мөн саяхнаас Women's Book Club гэдэг нэртэй номын клуб байгуулсан. Mongolia Needs You-ийн менторын хувиар их, дээд сургуулиудад карьер төлөвлөлтийн чиглэлээр цуврал лекц тавьж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Ажиллаж байх үедээ сонгодог хөгжим эсвэл гал, бороо, салхи гэх мэт байгалийн дуу чимээг сонсох дуртай. Ер нь бол 60, 70-аад оны франц дуунуудад их дуртай. Radiohead, Keane, Muse, Red Hot Chili Peppers гээд дуртай уран бүтээлчдээ онцолъё.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ? Жилд 100 ном уншдаг арга барилаасаа хуваалцана уу?

Би сүүлийн 4 жил дараалан жил бүр 100 ном уншиж байгаа. Энэ нь 7 хоногт 2 ном уншиж байна гэсэн үг. Уншихдаа би нэгэн зэрэг 5-6 номыг эхлүүлж зэрэг уншдаг. Зэрэг уншиж байгаа номуудаа карьер хөгжлийн, намтарчилсан, уран зохиолын, мөн огт өөр чиглэлийн зэргээр хувааж уншдаг. Уран зохиолын номыг бүтээлч сэтгэхүйгээ баяжуулах гэж байнга уншдаг бол дадсан орчноосоо гарах гэж огт мэдэхгүй салбарын, хэзээ ч холбогдоно гэж бодож байгаагүй чиглэлийн номуудыг зорьж уншдаг. Тэгэхгүй бол өөрийнхөө л хүссэн юмыг уншаад, өөрийнхөө л ертөнцөд дэгдээд байгаа туулай шиг санагдаад байдаг юм (инээв).

Тэгээд уншиж байгаа номуудаа энд тэнд байршуулдаг. Унтлагын өрөөндөө, ажлынхаа ширээн дээр, гал тогоондоо гэх мэтээр байршуулж өөрийгөө "зайлах аргагүй" нөхцөлд оруулдаг. Мөн Kindle дээрээ замдаа, гадуур явж байх үедээ унших номуудаа оруулчихдаг. Амархан, гүйлгэж уншиж болох номуудын гол санааг хурдан олж, хурдан дуусгаж чадна. Харин хэцүү, түвэгтэй номуудыг бол яг цаг гаргаж уншина. Олон ном уншаад эхлэхээр бүх номонд сайн-муу, авах-гээх зүйлс байгааг анзаарч, тэмдэглээд явдаг болдог юм билээ.

Одоо бол Show Me All Your Scars гэж сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дотоод ертөнцийг маш энгийнээр бөгөөд бодитойгоор нээж өгсөн номыг уншиж байна. Тим Ферриссийн дадлын тухай Tools of Titans-ийг уншиж байгаа. Ли Куан Югийн "Сингапурын хөгжлийн нууц" номоос гадна Д.Гармаагийн "Харуул Алтай" романыг дөнгөж эхлүүлээд байна. Сүүлийн үед монгол хэл дээр, монгол номуудаа унших ёстойг ойлгож байгаа.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ? 

Миний биед яг 2 хүн оршин байгаа юм шиг санагддаг. Ажлын шаардлагаар гэрээсээ гараад нээлттэй, хэнтэй ч хэзээ ч яриа өрнүүлдэг, хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг нээлттэй хүн. Харин гэртээ ганцаараа байхдаа өөртэйгөө яриад хэдэн ч цаг сууж чадах нэлээн дотогшоо хүн. Ажлын орчинд бол миний энэ характер яг л тохирдог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ? 

Би өглөө бүр 4:30 минутанд босдог. Лондонд амьдарч байсан 17 настайгаасаа хойш ийм хэмнэлд орсон. Анх унтдаг цагаа 7 хоногийн 20 минутаар багасгасаар энэ дэглэмд орж байлаа. 9 цагт босдог байсан бол долоо хоногийн дараа 8:40-д, дараагийн долоо хоногт 8:20-д босож сурсан гэсэн үг.

Өглөө босоод би яг нэг цаг дасгал хийдэг. Дасгалаа дуусах үед цаг 5:50 болж байдаг юм. Тэгээд 1 цаг ном уншина. Үүний дараа 7 цагаас эхлээд 20 минут орчим бясалгалаа хийгээд ажлаа төлөвлөж, унших, сонсох юмнуудаа хийж байгаад ажилдаа ирэхэд 9 цаг болдог.

Ажил минь хурдтай, сонирхолтой өрнөдөг. 18 цагаас хойших цагаа олон нийтийн ажил, үүргүүддээ, мөн гэр бүл, найз нөхдөдөө зориулдаг. Тэгээд 23:30-д унтддаг даа. 5 цагийн нойрыг бол заавал авна.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ? 

Би олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, сул цагаараа төрөл бүрийн уулзалтанд оролцож, яриа лекц хийж явдаг. Мэргэжлийн онцлогоор ч тэр үү, янз бүрийн сонирхолтой характеруудтай уулзаж, тэднийг ажиглаж, анализ хийх нь миний "хобби". Чөлөөт цагаараа хүмүүстэй л байх дуртай.

Зуны улиралд бол дугуй унах дуртай. Амралтын өдрөөрөө Скай Ресорт хүртэл дугуйтайгаа яваад ирдэг. Харин өглөөдөө бол заавал фитнессийн юм уу иогийн дасгал хийдэг. "Хүн хэчнээн ухаантай, хэчнээн сайн цагаа зохицуулдаг байгаад өдөрт 30-60 минутын дасгал хийж хэвшихгүй л бол 5, 10 жилийн дараа нэг л өдөр бие нь сөхрөх болно" гэж нэг гадаад эмч сануулж байсан юм. Би сүүлийн үед гараа гэмтээгээд бараг 10 жилийн хугацаанд анх удаа дасгал хийхгүй өдрийг өнгөрөөж байгаа юм. Ийм үед өдөр 2, 3 цагийн үед ядраад, бие суларч байгаа нь анзаарагдаж байна. Зөвхөн эрт босдог нь биш эрт босоод дасгал хийдэг маань өдрийг эрч хүчтэй өнгөрүүлдэг гол хүчин зүйл байсан юм байна гэдгийг ойлгож байна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? 

Олон зүйлсийг нэрлэж болно. Хамрагдаж байгаа байгууллага, тэнд байгаа залуусаас урам зориг авна. Lean In Circle-ийг үүсгэн байгуулсан найзуудтайгаа уулзахаар эрч хүчтэй болдог. Глобал Шэйпэрсийнхээ залуусыг онцлохгүй байхын аргагүй. Мөн гэр бүл найз нөхөдтэйгөө уулзахаар аяндаа хөнгөрөөд, сайхан болчихдог юм.

Үнэхээр сэтгэл хоосорсон, үнэхээр хүнд хэцүү зарим үед хуучны үзэх дуртай кинонуудаа гаргаж ирээд үздэг. Тэгээд дараа нь тэр киноны жүжигчдийн Оскарын шагнал авч байгааг, шагналаа авчихаад хэлж байгаа үгтэй нь хамт сонсохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, шууд л сэргээд явчихдаг шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? 

Би хэд хэдэн ментортой, тэднээсээ үнэтэй, чухал зөвлөгөө байнга авдаг. Тэр дундаас 19-тэй байхад минь Жэйн гэх нэртэй сэтгэлзүйч эмэгтэйн өгсөн зөвлөгөөг хуваалцмаар санагдлаа. Би тэр үед хүнд өвдөж, орноосоо өөрөө босоод сууж ч чадахгүй болчихсон байв. Сэтгэлээр унаж, стрессдээд л, бүх зүйл утгагүй санагдаад л. Гэтэл тэр эмч надад ингэж хэлсэн юм. "Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай. Өглөө нар манддаг, орой жаргаад шөнө болдог. Зун өнгөрч өвөл ирдэг, өвлөөс хавар болдог. Өвөл болчихлоо, их хүйтэн байна, гялс зун болгоё оо гээд бид яаж ч чадахгүй, цагийг нь ирэхийг хүлээхээс өөр аргагүй байдаг. Яг л үүнтэй адил хүний амьдралд тохиож байгаа, өрнөж байгаа юм бүхэн учиртай, өөр өөрийн цагтай. Тиймээс яг тухайн цаг үедээ 100 хувь амьдарч, түүнийгээ бүрэн мэдэрч сур. Өвдөж байгаагаа, өвчнөө бүрэн мэдэр. Тэгвэл эрүүл байх ямар сайхан гэдгийг ойлгож, амьдралд талархах болно" гэж надад хэлсэн юм.

Түүнээс хойш санаа зовох, стресстэх нь жижиг, ач холбогдолгүй асуудал шиг санагдах болсон. Одоо байгаа цаг үедээ, болж байгаа бүхнээ сайн анзаарч, түүнийгээ бүрэн мэдрэхийн ач тусыг ойлгосон.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ? 

Өөрийгөө ол, таньж мэд гэж л хэлмээр байна. Нийгэм, найз нөхөд, бусдын харьяаллаас тусдаа байж, бие даан бодож сэтгэж, өөрийгөө яг хэн бэ, эргэн тойронд чинь байгаа энэ олон залуусаас юугаараа ялгаатай, юугаараа үнэ цэнтэй вэ гэдгээ бод гэж хэлье. Ихэнх залуус энэ талаар бодож ч үзээгүй байдаг. Хэрвээ өөрийн үнэ цэнийг олсон бол түүнийгээ хөгжүүлж, хайрлах нь чухал. Өөрийгөө олсон хүн л өөртөө итгэлтэй байж чаддаг.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

90-ээд онд Харвардад сурсан анхны монгол эмэгтэй болж байсан Д.Сарангуаг санал болгоё. AME Brokers-ийн үүсгэн байгуулагч, 20 гаруй жил дэлхийн топ банкууд, санхүүгийн байгууллагад ажиллаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүний түүхээс, ажлын арга барилаас олон хүмүүс шинийг мэдэж, урам зориг олж авах байх.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй

160689   17


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.