Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 18, 2017

Ли Куан Югийн "Сингапурын хөгжлийн нууц" номын тухай

“Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номыг Монсудар хэвлэлийн газраас Н.Монголмаагийн орчуулгаар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргажээ. Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахыг хичээж байв. Гэвч энэ хот улсын түүх Ли Куан Ю хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх. Үүнийг өгүүлэгч Ли Куан Ю өөрийн шаргуу зүтгэлээр Сингапурыг улс төр, шинжлэх ухаан, өндөр технологийн төв, дэлхийн худалдааны чухал зангилгаа болгож чадсан билээ.

Сингапурын хөгжлийн нууц

Ли Куан Ю Англи улсад боловсрол эзэмшсэн хэдий ч Сингапурыг Английн колонийн дарлалаас ангижруулахыг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Их сургуулиа төгсөөд 1950 онд эх орондоо эргэж ирсэн тэр мөчөөс эхлээд Ли Куан Ю эх орныхоо эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцэж эхэлсэн байна. Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болжээ. Тэрээр хамгийн түрүүнд ард иргэдээ нэгдэн нягтрахыг, дараа нь улс орондоо эмх журам тогтоож, гар хумхилгүй ажиллахыг уриалан ажлаа эхэлжээ.

Энэ номоос та Ли Куан Ю бол чадварлаг туслахууд, нөхдөөр багаа бүрдүүлсэн гайхалтай удирдагч байсныг олж харах болно. Тэр авлигатай хатуу тэмцэж, ялангуяа засаглалын дээд түвшинд гардаг том хэмжээний авлигыг таслан зогсоохын төлөө тууштай зүтгэж, засгийн газар дахь авлига бол нийгмийн хорлонт дайсан гэж жигшдэг, авлига авсан гэж гүтгэгдсэн, эсвэл хэвлэлд бичигдсэн бол тухайн улс төрч өөрийгөө буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгох ёстой гэсэн хандлага, соёлыг нийгэмд бий болгосон нь Сингапурын хөгжлийн нэг нууц байв.

Сингапур улс хөгжилд хүрсэн түүх (From third to first) номын энэ нэр хөгжиж буй бүх орны хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ. Гэвч энэ мөрөөдлөө биелүүлж, амжилтанд хүрсэн улс орон тун цөөн. Сингапур бол тэрхүү цөөн орны нэг билээ. Сингапурыг үндэслэгч хэмээгддэг Ли Куан Югийн бичсэн, Сингапур улс тусгаар тогтносны дараах он жилүүдийн тухай дуртгал бол хөгжиж буй бусад орны ард иргэдийн төдийгүй улс орныхоо хувь заяанд санаа тавьдаг хүн бүрийн сонирхлыг татах нь дамжиггүй. Түүнээс гадна Сингапурын хөгжлийн үүх түүхийг маш тодорхой илэн далангүй өгүүлснээрээ энэхүү ном шимтэн уншихуй сонирхолтой бүтээл болжээ.

КОФИ АННА, НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн дарга

Мөн Сингапурын амжилтын бас нэг чухал зарчим бол эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард иргэддээ шударгаар хуваарилах явдал гэж тайлбарлажээ. Энэ нь халамж тараах гэсэн үг биш бөгөөд Сингапур улс тогтвортой ажлын байр бий болгох, ажил хийж буй хүн бүрийг хуримтлалтай болгох, айл өрх бүрийг орон сууц, хувьцаа эзэмшигч болгох, эрүүл мэнд, боловсролын чанар, амьдрах орчныг дэлхийн түвшинд аваачих зэргээр бодит өөрчлөлтөөр хөгжлийн үр шимийг ард иргэддээ хүртээж чадсан байна.

Ли Куан Ю олон жил засгийн газрыг удирдахдаа ямар ч хувийн шуналгүй, тодорхойлсон зарчим, зорилгодоо үнэнч байж, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг тавихын төлөө ажиллажээ. Сингапурын хөгжлийн нууцыг тэрээр цөөн үгээр тодорхойлохдоо, энэ бол сайд нарын, ажил хариуцсан хүний чадвар, тэднийг дэмжин ажилладаг төрийн албан хаагчдын чадвар, чанар хэмээжээ. Тухайлбал, хамгийн чадвартай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд томилж, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр хэзээ ч аливаа асуудалд өнгөц хандаж, богино хугацааны улс төрийн ашиг хонжоо олох, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэхийг огт хүлцэж байсангүй. Ли Куан Ю дандаа үндэсний эрх ашиг, ард иргэдийн эрх ашиг, урт хугацааны, тогтвортой хөгжлийг чухалчилж байсан нь "Сингапурын гайхамшиг" бий болоход нөлөөлжээ.

Түүнийг улс орноо удирдсан жилүүдэд ажлын байр тасралтгүй нэмэгдэж, улмаар улс орон нь баян болж, хүн амынх нь амьдралын түвшин дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж очсон юм. Сингапур хэмээх арал-хот улсын талаар, түүний хөгжлийн өвөрмөц зам, ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг удирдагчдынх нь талаар олон шинэ зүйлийг та энэ номоос олж унших болно. Дэлхийн олон орны их дээд сургуулиуд судалдаг энэ ном Монгол шиг хөгжингүй орны уншигчдад сонирхолтой, сургамжтай байх нь гарцаагүй.

49346   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.