Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 06, 2015

Апп тойм: Lumosity - Үр ашигтайгаар тогло

Энэ 7 хоногийн апп-аар Lumosity-г онцолъё. Тус апп дээр та тархины үйл ажиллагааг сайжуулах тоглоомуудыг тоглох боломжтой. 2007 онд анхны тоглоомуудаа гаргаж байсан тэд өдгөө дэлхий даяар 70 сая хэрэглэгчтэй болоод амжжээ.
Саяхан нэг хэсэг манайхан чинь “Сandy Crush тогловол сайд болно” гэцгээсэн. Тэр нь ч юу юм бэ, “атаархсан” хүмүүсийн үг биз. Харин оюун ухаанаа хурцалъя гэвэл Lumosity мэтийн аппуудыг туршиж үзэхэд гэмгүй.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Lumosity-гийн сайтад бичсэнээр бол, уг тоглоомууд хурдтай унших, хариу үйлдэл хурдан хийх, хүмүүсийн нэрсийг тогтоох зэрэгт танд тусална. Тархи хийдэг юмаа давтаад л байвал идэвхтэй ажиллахаа больж, рефлексээрээ явах шинжтэй болчихдог тул шинэ сорилтуудыг бий болгож, танин мэдэхүйн чадваруудаа байнга хурцалж байх ёстой хэмээн Lumosity-г татаж авах ёстой шалтгааныг дурджээ. Тоглоомууд анхаарал, хурд, ой тогтоолт, уян хатан байдал, шийдвэр гаргалт гэсэн таван чадварыг хэмжих ба цаад зорилго нь эдгээрийг сайжруулахад оршино.

Тоглоомууд шинжлэх ухаан дээр үндэслэж хийгддэг, олон арван жилийн турш судалж шинжлээд үр дүнтэй нь тогтоогдсон даалгавруудыг өгдөг, энэ тоглоомууд таны амьдралыг илүү хялбар болгоно, тархины бүхий л чадавхийг тань гаргана гэх мэтийн сүржин үгсээр тэд тоглоомдоо уруу татна. Яг үнэн эсэхийг хэлж мэдэхгүй ч тоглоод үзэхэд үнэхээр л хурдтай харж сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, элдэв тооцоолол хийх шаардлагатай болдог. Жишээ нь, нэг тоглоом дээр 2 бүлэг тооны аль нь их болохыг таалгадаг. 8х2, 21-4 хоёрын аль нь их вэ гэх мэт маш олон бичил бодлогыг богино хугацаанд бодох хэрэг гарна. Энэ даалгавар тэгэхээр тооцоолох чадвараас гадна хурдыг шаардаж байгаа юм. Тэгээд мэдээж тоглоом болохоор их зугаатай.

Юугаараа онцлог, давуу талуудтай вэ?

Апп-ийг татаж авснаар өдөр бүр тархины фитнес хийх боломжтой гэдэгт нь хүмүүс их татагддаг. Өдөрт 3 тоглоом тоглох ёстой бөгөөд тоглоомын оноо буюу таны мэдээлэл дээр дурдсан таван чадвар дээр хуримтлагдсаар байх болно. Ингэсээр яваандаа таны мэдээлэл хангалттай бүрдмэгц тоглоомуудыг ур чадваруудад тань тохируулан хүндрүүлдэг нь сонирхолтой.

Мөнгө төлдөг хувилбар дээрээ өөрийн оноог бусад хэрэглэгчдийнхтэй харьцуулах боломжтой байдаг. Би бол тэгж мөнгө төлж байгаагүй ч оноогоо харьцуулах юм сан гэж хүсээд л байдаг юм. Аан бас, тоглох цагаа сэрүүлэг маягаар сануулж болдог нь тун зүгээр шүү.

Ямар сул талтай вэ?

Дахиад л нөгөө үнэ. Үнэгүй хувилбар нь бол өдрийн 3 тоглоомын эрхтэй. Дорхноо л тоглоод дуусгачихдаг юм. Сарын 11.95, жилийн 59.95 доллар гэхээр бас л чанга үнэтэй дамшиг. 299.95 доллар төлчихвөл бүр насаараа хэрэглэх юм гэнэ. Бүр их донтвол нэг сарынхаа цалингаар туух нь л дээ. (Үнэ гэснээс, би монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг юм. Манай Уундаа болохоор үнэтэй юм хэрэглэх нөхцөл нь бүрдээгүй, харин Заяа тийм соёл суугаагүй байна гэдэг. Аль нь юм бол доо?)

Unread-ийн үнэлгээ

7 оноо өгье. Өдрийн 3-аа тоглож, нээг их IQ-гаа нэмэгдүүлсэн аятай мишээж суух ч бас кайфтай шүү.

Хэрвээ та Lumosity-г туршиж байсан бол, үүнийг уншаад туршсан бол туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай. Өөр ямар апп-ийн талаар бичүүлмээр байгаагаа бас бидэнд мэдэгдээрэй.

Татаж авах

29558   5


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.