Апп Тойм

Апп тойм: Headspace - Өдөр бүр 10 минутыг өөртөө

01 сарын 10, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


16772   4




Апп тоймын ээлжит дугаартаа сүүлийн үед нэрд гарч буй нэгэн апп-ийг танилцуулъя. Энэ бол сэтгэл амар, стрессгүй амьдралыг бэлэглэх Headspace юм. Энэ апп-ийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг нь оюутан байхдаа гэнэтхэн Хималайн уулсыг зорих шийдвэр гаргаж, тэнд 10-аад жил буддын шашин, бясалгалд суралцсан Энди Паддикомб гэгч юм. Бясалгалыг хүмүүст ойлгомжтой аргаар заадаг энэ апп түүний мэдлэг, туршлагад тулгуурлажээ.

Өдгөө тус апп 190 оронд 10 сая орчим хэрэглэгчтэй. Тэдгээрийн дотор Арианна Хаффингтон, Ричард Брансон, Эмма Стөүн нарын алдартнууд, Уолл Стрийтийн санхүүчид, мэргэжлийн тамирчид, Goldman Sachs зэрэг ажилтнуудаа стрессгүй байлгахыг хүсдэг компаниуд байдаг.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бясалгал гэхээр л хүмүүс заавал курс дамжаанд хамрагдаж, анир чимээгүй орчинд хөлөө завилан сууж, удаан цагаар хийх ёстой юм шиг санадаг. Тэгвэл энэ апп өдөр бүр өөртөө ердөө 10 минутыг л гарган, зөв амьсгаа авч, биеэ суллан, өөрийн бодол санаа хийгээд биеийг ажиглах боломжийг олгож, хэрхэн бясалгахыг Эндигийн хоолойгоор заах юм. Орчин цагт дэлхийн хаа сайгүй стресстэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, нойр муутай хүмүүс олширсон. Ялангуяа Улаанбаатарт хотод стресстүүлэх хүчин зүйлс олон бий. Ийм нөхцөлд богино хугацаанд тархиа амрааж, сэтгэлээ тайвшруулж, бясалгаж байх нь чухал юм. Үүний тулд та Headspace-ийг туршаад үзээрэй.

ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?

Саяхан Харвардаас гаргасан судалгаагаар хүмүүсийн 47 хувь нь төрөл бүрийн бодолд байнга дарагдаастай байдаг гэнэ. Янз бүрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд биднээс салдаггүй. Харин Headspace бидэнд эргэн тойронд маань юу ч болж байсан, тайван байж, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүддээ автах бус тэдгээрийг ажиглаж, одоо цагт талархалтай хандах буюу байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад, амьдралын үнэ цэнийг мэдрэхэд туслах юм. 10 минут бясалгахын үнэ цэнийг та Эндигийн маш сонирхолтой TedTalk-аас заавал үзээрэй.

Миний хувьд бясалгахын ач тус болон апп-ийг хэрхэн хэрэглэх тухай өгүүлсэн сонирхолтой анимэйшин видеонууд нь их таалагдсан. Мөн өөртөө цаг гаргах, бясалгах цагаа сануулж, сэрүүлэг тавьж болно.

Төлбөртэй хувилбарыг нь ашиглавал спорт, эрүүл мэнд, харилцаа, гүйцэтгэл зэрэг төрлүүдээр, 2-120 минутын хэмжээтэй цуврал хичээл/бясалгалуудыг хийх боломжтой. Жишээ нь Performance буюу гүйцэтгэл гэх сэдвийг сонголоо гэхэд бүтээлч байдал, анхаарал төвлөрүүлэлт, аз жаргал, тэнцвэртэй байдал гэсэн дэд сэдвүүдээр бясалгах боломжтой болно. Мөн төлбөртэй хувилбарт хямрал тохиолдсон үед хийх, нойр, спортын гүйцэтгэлтэй холбоотой дан хичээл/бясалгалуудыг үзэх боломжтой. Энэ хувилбарт хүүхдүүдэд зориулсан хичээлүүд ч багтана.

Headspace-ийн вэбсайт нь өнгөлөг, мэдээлэл сайтай бөгөөд блог хэсэгт нь стрессгүй, сэтгэл тайван амьдрах төрөл бүрийн сонирхолтой зөвлөгөө, нийтлэлүүд ордгийг бас дуулгая.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хамгийн том сул тал нь үнэ. Апп-ийг бүрэн дүүрэн ашиглая гэвэл сарын 12 доллар, жилээр нь авбал сарын 8 доллар буюу 96 доллар төлөх учиртай юм. Энэ бол баргийн апп-д байдаггүй өндөр үнэ. Ямар ч гэсэн үнэгүй хувилбарыг нь 10 хоног бүрэн ашиглаад үзэх хэрэгтэй. Тэгээд үнэхээр амьдралд тань мэдэгдэхүй өөрчлөлт гарч байвал, цаашид үнэлж баршгүй үнэ цэн авчрах юм байна гэж бодвол мөнгөө төлөөд хэрэглэж болно.

Харин хэт үнэтэй байна гэж үзвэл 10 хоногт сурсан зүйлсдээ тулгуурлан, өөрөө бие даан юм уу өөр бусад аргаар бясалгалаа үргэлжлүүлж болох юм. Ямар ч гэсэн бясалгал, өөртөө гаргах цаг гэдэг хамгийн чухал учраас бид энэ апп-ийг онцолж байгаа юм.

Мөн хичээл заавар англи хэлээр явах тул зарим хүнд хүндрэлтэй байж магадгүй.

Unread-ийн үнэлгээ

Бясалгал гэдэг хялбар байж болохыг үзүүлсэн Headspace-д бид 7 оноо өглөө.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.