Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 22, 2017

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал

Өнгөрсөн 7 хоногт бид Unread-ийн гурван үүсгэн байгуулагчийн нэг, багийн гишүүн А.Ундралыгаа урьж, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркад "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа уншигчдынхаа өмнө хийсэн билээ. Уундаа маань өнгөрсөн сард Швейцарийн Давос хотноо 2017 оны Дэлхийн Эдийн Засгийн Форум хэмээх өндөр нэр хүндтэй арга хэмжээнд Global Shapers нийгэмлэгийн шилдэг 50 залуугийн нэгээр сонгогдож, Монгол улсаа төлөөлөн дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн, 300 гаруй сайд, 1000 гаруй гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, 1000 гаруй нийгмийн зүтгэлтэн, энтрепренертэй мөр зэрэгцэн оролцоод ирсэн юм. Unread-ийн нэг гол зүтгүүр болж, Global Shapers-ийнхэнтэйгээ нийгэмд тустай төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн төрөл бүрийн судалгаа хийж, мөн спортын сэтгүүл зүй, олимпийн хөдөлгөөнд хүчин зүтгэдэг түүнээс эдгээр ажлуудыг хэрхэн амжуулдгийг нь асууж, дэлхийн хамгийн “оргил” арга хэмжээнээс авчирсан сонирхолтой мэдээллээр дүүрэн богцыг нь задалснаа уншигч таны өмнө дэлгэж байна.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Unread-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 5
Хэрэглэдэг компьютер: Lenovo Yoga (таблет болдог)
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдтайгаар олон ажлыг зэрэг хийх
Сошиал хуудсууд: Уундаа /фэйсбүүк хуудас/, Уундаа /твиттер хуудас/

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би олон зүйл сонирхож, олон ажил амжуулахыг хичээдэг. Тиймээс аль болох орчноо сольж ажилладаг гэж болно. Тухайн ажилдаа тухайн цаг үедээ анхаарч, хэсэг хугацаанд хамгийн эрч хүчтэйгээрээ буюу хамгийн бүтээмжтэйгээрээ хийгээд, байршлаа сольж, нэг цэгээс нөгөө рүү шилжих явцдаа хийх гэж буй ажлаа бодож, анхаарлаа төвлөрүүлдэг. Оффисолж суух боломжтой хэд хэдэн газар бий ч нэг газар удаан суулгүй, хооронд нь сэлгэж ажиллах, кофе шопуудаар суух дуртай.

Мөн ажлын deadline буюу дуусгах хугацаанд шахагдаж ажиллах сонирхолтой байдаг. Ер нь манай үеийнхний онцлог ч байж магадгүй. Аливаа ажил хэзээ хийгдэх нь тавигдаагүй, зоогдоогүй бол хийгдэхгүй яваад л байх магадлал өндөр. Би олон ажил зэрэг эхлүүлж, түүндээ цагаа хуваарилан, шахагдаж ажилладаг. Хүн цагт хязгаарлагдсан үед анхаарлаа илүү төвлөрүүлж, илүү бүтээлч ажилладаг юм шиг санагддаг. Миний хувьд ажлаа дуусгах гээд шөнө сууж ажиллах зэрэгт нэг их түүртдэггүй юм.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Технологийн дэвшил, ололтууд бидний ажлыг хөнгөвчилж, илүү их боломжийг олгож байгаа тул шинэ апп, програмуудыг заавал татаж авч туршиж үздэг. Ажлын харилцаагаа Slack-аар, төслийн менежментийг Trello-гоор явуулдаг. Хамгийн гол ажлын хэрэгсэл бол мэдээж имэйл. Имэйл харилцаанд их ач холбогдол өгдөг шүү.

Мөн мэдээний аппуудыг сайн хэрэглэдэг. Quartz, Techcrunch, Vox-ийн аппуудыг дурдаж болно. Би өөрөө медиа салбарт ажилладаг учраас ахисан түвшний уншигч байх ёстой. Миний хувьд нэг итгэсэн эх сурвалждаа үнэнч байж, бүх л нийтлэлийг нь уншихыг хичээдэг юм.

Бас спортын Fantasy тоглоом тоглож, найзуудтай өрсөлддөг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд дурдсан цагт баригдаж ажиллах бол миний хувьд цаг хэмнэх нэг арга болчихоод байдаг. Олон юм хийж байгаа үед ер нь тэгэхээс ч аргагүй байдаг. Мөн өөрийн хэмжээг буюу тухайн ажлыг хэр хугацаанд яаж хийхээ гадарладаг байх нь их хэрэг болж, цаг хэмнэдэг юм шиг санагддаг. Нэг даалгавар авангуутаа түүнийгээ хэзээ, хэдэн цагт, хаана хийж болох вэ гэдгээ бодож, төсөөлж төлөвлөдөг.

Би бас тухайн ажлыг хийхээсээ өмнө нэлээн боддог. Нэг юм бичих ёстой бол түүнээсээ өмнө янз янзын юм уншаад л, төрөл бүрийн видео үзээд л суугаад байдаг. Тэгэхдээ яаж хийх вэ гэж бодож л байдаг. Тэгээд харин эхлүүлсэн хойноо бол хурдан гүйцэтгэхэд анхаардаг. Орчноосоо сайн тусгаарлагдаж, тухайн цагтаа тухайн ажилдаа бүрэн төвлөрч чадна.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би юмыг цээжилж сурдаг арга барилтай. Тийм ч болохоор хийх юмаа толгойдоо хадгалах гээд байдаг муу зантай. Гэхдээ олон юм хийхэд мартаж санах ажил олон гардаг тул хийх ажлуудаа Закын санал болгосны дагуу Wunderlist дээр, уулзалтуудаа Google Calendаr дээр тэмдэглээд явдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би багийн сайн гишүүн байж чаддаг. Хариуцлагаа ухамсарлаж, үүргээ хүлээн, гүйцэтгэж хийх ёстой ажлаа хийсэн шиг хийж чадна. Тийм ч учраас намайг хөгжүүлэх, би өөрөө улам сайжирч, суралцаж чадах сайн багийн нэг хэсэг болохын төлөө үргэлж тэмүүлдэг. “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг зүгээр нэг үг биш юм билээ. Өөрөө баг бүрдүүлэхдээ ч энэ зарчмыг баримталж, зөв хандлагатай, ажилдаа эзэн болдог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээдэг.

Мөн хүмүүст сэтгэгдэл үлдээхдээ гайгүй байж магад. Хүний арга эвийг олж харьцах, анхны сэтгэгдэл таатай үлдээх зэрэг харилцааны эхний шат нэн чухал байдаг. Би багадаа “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн 3-р ботийг байнга уншдаг, бараг бүгдийг нь цээжилчихсэн байдаг байлаа. Хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй, “хэрэгцээгүй мэдлэг”-ийг уншиж цээжилдэг, үргэлж “адлагддаг” байсан энэ дадал минь бодит нөхцөлд хүмүүстэй харилцаж, яриа өрнүүлэхэд их хэрэг болдог юм шиг санагддаг. Олон улсын уулзалтуудад оролцож байхад тухайн хүнээсээ хаанаас ирснийг нь асуугаад тэр улс, хотынх нь талаар мэдээд яриад байхад ямар ч хүн “гайхаж”, баярлаж байгаа нь мэдрэгддэг юм. Хандлага нь ч тэр чигтээ өөрчлөгдөнө. Сан Томе ба Принсипигээс ирсэн гэж хэлсэн ч ямар нэг зүйл яаж ийж байгаад л олоод хэлж байлаа.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би бол тодорхой асуудлыг шийдэх гарцыг олж, бүх эрсдэлийг нь хүлээнгээ шинэ бизнес модель хайж яваа энтрепренер хүн. Хэдий манай оронд гарааны бизнесийн экосистем тийм ч сайн хөгжөөгүй байгаа ч болохгүй нь гээд хойшоо суулгүй, хөгжлийг хурдасгах үйлд хувь нэмрээ оруулахаар хичээж байна. Би ажиллаж, амьдарч байгаа энэ цаг үеэ маш эгзэгтэй, олон зүйлийг чигийг тодорхойлох онцгой, чухал үе гэдэгт итгэдэг. Магадгүй 10, 20 жилийн дараах үеийнхэн бидний тухай ярилцахдаа "Эд нар л бүтэлгүйтсэн учир бид ийм байна, эсвэл тэд чадсан учир бид өдий зэрэгтэй явж байна" гэх зэргээр ярилцах юм шиг санагддаг. Ядаж л Монгол дахь нөхцөл байдлаа хангалттай сайжруулчихад гадаадад буй чадалтай мэргэжилтнүүдээ бардам дуудаж чадна шүү дээ.

Гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэхэд олон оролцогч талын хамтын ажиллагаа хэрэгтэй. Төр, олон нийт, академик институтууд, хөрөнгө оруулагчид, авьяастнууд, энтрепренерүүд гээд л. Медиа бол үүний хамгийн чухал оролцогч талуудын нэг. Бид Unread-ийг аливаа шинэ санаа, санаачилгыг хэрэглэгчид буюу нийгэмд хамгийн үр дүнтэйгээр хүргэх гүүр болгох зорилготой ажиллаж байна. Өдөрт нэг контент гаргадаг нь зарим хүмүүст "залхуурсан", "боломжиндоо тааруулсан" мэт санагдаж байж болох ч бид өөрсдийн үйлдвэрлэж буй тэр нэг контентоо бусад платформууд дээрх өдөрт гаргадаг 100 контентийн үнэ цэнтэй тэнцүүлж байгаа хэрэг юм. Тэр их үнэ цэнийг шингээсэн контентоо бид монгол стартапуудад, монгол энтрепренерүүдэд зориулдаг нь ихээхэн утга учир агуулж байгаа.

Би хэд хэдэн судалгааны төслүүдэд харьяалагдаж, чадварлаг залуусаас бүрдсэн багийнхаа хамтаар ажилладаг. Манайд хамгийн дутмаг байгаа тоон өгөгдөл цуглуулалт дээр илүү анхаарч, илүү мэргэшиж ажиллахыг зорьж байна.

Сүүлийн үед миллениалс гэх тодотголтой бидний үеийнхнийг зөвхөн хүлээн авагчид биш хувь нэмэр оруулагчид хэмээн үзэж, ширээний ард суулгах хандлага хүчтэй ажиглагдаж байна. Өмнөх үеийнхнийхээ гаргасан тоглоомын дүрмээр тоглох биш өөрсдөө дуу хоолойгоо хүргэн, хувь нэмрээ оруулах боломж технологийн дэвшлийн нөлөөгөөр бидэнд үүссэн хэрэг. Би Глобал Шэйпэрс нийгэмлэгээрээ дамжуулж, нийгэм рүү чиглэсэн, эргэн тойрныхоо нөхцөл байдлыг багахан ч гэсэн сайжруулах боломжтой төслүүдэд хувь нэмрээ оруулдаг. Хамгийн сүүлд "Амин Хариуцлага" хэмээх хүүхдийн суудал, бүсийг хэвшүүлэх зорилго бүхий аянаа амжилттай хэрэгжүүлээд явж байна. Манай төсөл бүс нутгийн хэмжээнд үнэлэгдэж, өнгөрсөн 10-р сард Хонгконгод төслөө танилцуулж, семинар зохион байгуулаад ирсэн шүү. Усны чиглэлээр олон улсын хэд хэдэн байгууллагад харьяалагдаж, Зүүн өмнөд Ази, Африкийн зарим орнууд болон БНСУ-д хэрэгжсэн хэд хэдэн олон улсын төслүүдэд гар бие оролцсон.

Би спортод сонирхолтой, үргэлж ямар нэг байдлаар холбогдож, хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Арван жилээ дөнгөж төгсөөд спортын тайлбарлагч, сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, спортын вэб нээн анхны компаниа бүртгүүлж байлаа. Лондон 2012, Гуаньжоу 2010 гээд хэд хэдэн том наадмуудад ажиллах боломж олдож, багагүй туршлага хуримтлуулсан. Одоо манай баг улам өргөжиж, МҮОХ-той хамтран ажиллаж, цахим спорт, спортын контент нийлүүлэлтийн чиглэлээр дагнан ажиллаж байна.

ТА Өнгөрсөн сард Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцоод ирсэн. Энэ жилийн ДЭЗФ-ын сэдэв, онцлог, ҮР ДҮНГИЙН ТУХАЙД?


ДЭЗФ бол 1971 оноос зохион байгуулагдаж байгаа, хамгийн хүчирхэг, хамгийн нөлөөтэй хүмүүсийн цугладаг газар. Хэн ирсэн бэ гэж асуухаас илүү хэн ирээгүй вэ гэж асуух хэрэгтэй гэж үүсгэн байгуулагч Клаус Шваб гуай хэлдэг. Дөрвөн өдөрт албан ёсны 400 гаруй хурал, хэлэлцүүлэг болдог. Энэ жилийн хувьд хоёр үндсэн чиглэлээр хурал явагдсан. Эхнийх нь үндсэн сэдэв буюу "Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал”. 2016 онд хүн төрөлхтөний магадгүй сүүлийн 50 жил баримталж ирсэн үнэт зүйлүүдийг нурааж мэдэх үйл явдлууд болж өнгөрсөн. Трамп, БРЕКСИТ, Итали, Филиппин зэрэг улсуудад болсон сонгуулиудыг дурдаж болно. Үүний дараа эдгээр асуудлуудыг урьдчилж хараад, бидний араасаа дагуулан, ийм юм болохоос зайлсхийж болох байсан лидерүүд хаачсан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм. Responsive буюу мэдрэмжтэй, зүгээр хэлдэг уриалдаг биш, бидэнтэй хамт асуудлуудыг шийддэг тийм лидерүүдийн эрэлд гарсан хэрэг.

Хоёр дахь нь сүүлийн үед хүчтэй яригдах болсон “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал”. Уурын хөдөлгүүр, гангийн үйлдвэрлэл, компьютер гэсэн 3 хүчин зүйл бол тухайн үеийнхээ нийгмийн тогтсон хэв маяг, дэг жаягийг тэр чигт нь өөрчилсөн эхний гурван хувьсгалын хөдөлгөгч хүч байсан гэж үздэг. Тэгвэл одоо том өгөгдөл дээр суурилсан хиймэл оюун, робот, автоматжуулалтын буюу товчхондоо “супер компьютерийн” эрин үеийн ирмэг дээр бид ирээд байгаа тухай, үүнд хэрхэн нийгмээ, хойч үеэ бэлдэх тухай хэлэлцүүлэг өрнүүлэх нь форумын нэг гол чиглэл байлаа. Энэ тухай Шваб гуай “Бид ийм цаг үе ирэхийг мэдэж байсан, гэхдээ бид алс хол буй далайг харж байгаа мэт л байсан. Тэгтэл бид энэ далайд ойртсоор ойртсоор, одоо эрэг дээр нь ирээд хөлөө дүрж үзээд, халуун хүйтэн, давстай давсгүй эсэхийг нь шалгаж үзэх хэмжээнд ирчихээд байна” гэж зүйрлэн хэлж байна лээ. Их өөрчлөлтийн өмнө бид "бэлтгэлгүй шахуу" зогсож байна.

ТА АЛЬ САЛБАРЫН ЯМАР ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДЭД ОРОЛЦОЖ, ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦАВ? ЭДГЭЭРЭЭС ТА ЮУ СУРСАН БЭ?

Миний хувьд "технологи, инноваци, энтрепренершип" салбарын хурлуудад оролцохоор шалгарсан юм. Миний хувьд энэ өндөр нэр хүндтэй арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Би өнгөрсөн оны 10-р сард тэнцсэн хариу авсан цагаасаа хойш одоог хүртэл "хөөсөн" дунд л яваад байна. Тэнд энэ салбарын бодлогыг тодорхойлогч, дүрмийг өөрчлөгч лидерүүдтэй уулзалдаж, өөрсдөөс нь шууд үзэл бодол, алсын харааг нь сонсож, тэднээс сонирхсон асуултаа асуух завшаан олдсонд талархаад баршгүй. Дэлхийн Банк, IFC-ийн захирлууд, CISCO, Kaspersky, IKEA-ийн CEO нартай нэг ширээнд сууж, ярилцах боломж олдсон. CISCO-ийн Ж.Чемберс маргааш нь зарлагдах учиртай AppDynamics-ийг худалдаж авсан "шуугиант" наймааныхаа тухай бидэнд дэлгэж байх жишээтэй. Дэлхийн тодорхой бүс нутгуудийн стартап экосистемийг амжилттай бий болгож яваа зарим хүмүүсээс зөвлөгөө авсан.

Майкрософтын CEO Сатья Наделлатай "Хиймэл Оюун" хэлэлцүүлгийнх нь дараа уулзаж, бараг 5 минутын турш тэдний Ази, хөгжиж буй орнуудад баримталж байгаа стратеги, бодлогынх нь талаар сонсоход таатай бөгөөд сүрдмээр байлаа. Нэг үдэшлэг дээр Википедиагийн үүсгэн байгуулагч Жимми Уэльстэй текэн дээр зэрэгцэн сууж, нэг лаунжид Salesforce-ийн Марк Бэнойффтой хөнгөн яриа өрнүүлэх боломж олдсон. Мөн автобусан дотор нэг перу хүнтэй дайралдаж, 7-8 минутын турш яриа өрнүүлэн, нэг нэгнээ өөрийн улсад урьж, зочломтгой зангаа харуулна гэцгээгээд салахдаа нэрийн хуудсаа солилцтол Перугийн ерөнхий сайд байсан гээч. Намайг Yahoo-гийн үдэшлэг рүү хамт явах уу, оруулаад өгч болох байх гэхэд нь жаахан үл итгэсэндээ харамсаж, жинхэнэ лидер хүмүүс ямар энгийн байдгийг ойлгохын дээдээр ойлгосон доо. Энэ явдлууд манлайлал, лидер хүнийг ойлгох миний ойлголтыг эрс өөрчилж, ёстой толгой руу хүчтэй дэлсэх шиг болсон. ДЭЗФ-д оролцоод ажиглаж мэдэж авсан хамгийн чухал зүйл гэвэл энэ энгийн даруу манлайлал буюу humble leadership гэж хэлнэ.

ДЭЗФ-ЫН УУР АМЬСГАЛЫН, ОРЧИН БАЙДЛЫН ТАЛААР ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

Зүүн 4 замаас Баруун 4 зам орох дайны л жижиг хотод 5-6 мянган хүн хэд хоногийн турш бөөгнөрөн байрлаж байгаа юм. Тэгэхээр зурагтаар л олж хардаг топ лидерүүд, захирлууд, супер ододтой байсхийгээд л тааралдана. Албан ёсоор орж буй 2900 гаруй хүнээс гадна албан бус арга хэмжээ, үдэшлэгүүдэд орж, зочдыг барьж авах гэсэн хүмүүс олон ирдэг юм билээ. Дэлхийн хамгийн том медиа сувгууд ирж, өөрсдийн буланг засаж, албан бус уулзалт, хэлэлцүүлгүүдийг маш олноор нь зохион байгуулдаг. Заримдаа үндсэн хурлаас илүү тэдгээр нь сонирхол татах нь ч бий. Ер нь энэ албан бус арга хэмжээнүүд, оройн үдэшлэгүүд бол форумын 2 дахь гол талбар гэж хэлж болох юм. Оройн үдэшлэгүүд дээр гол яриа хөөрөө, найраанууд хийгдэж байх жишээтэй. 4 өдөр 140 орчим үдэшлэг хийгдэж байгаагийн дунд манай 6 дахь жилдээ зохиож буй Mongolia Night багтаж буй.

Харин яриа хөөрөө болдог гурав дахь суваг нь хувийн уулзалтууд. Тэнд байх 200 орчим жижиг том өрөөнөөс оролцогчид дээд тал нь 1 цаг захиалж, зогсоо зайгүй ажил хэргийн уулзалтууд явагддаг юм билээ. Ялангуяа бизнес эрхлэгчид, энтрепренерүүд очиж үзэх ёстой, боломжуудыг нь ашиглах гэж оролдох ёстой талбар юм шиг санагдсан шүү. Тэнд сэргээгдэх эрчим хүчний жижигхэн стартап эхлүүлсэн залуу Монголын ерөнхийлөгчтэй хүртэл уулзах боломжтой байна шүү дээ. Бусад үед завгүй, бие биенээ олж уулзах эгзэг таардаггүй лидерүүд бие биенээ тэндээс олж, шинэ хамтын ажиллагаа, шинэ санаачилга эхлүүлж, зөвшилцөх бодит боломж байна. Зөвхөн энэ жил гэхэд, Б.Гэйтсийн халдварт өвчинтэй тэмцэх CEPI санаачилга албан ёсоор эхэлж, топ үйлдвэрлэгчид хуванцраас татгалзаж, дахин боловсруулагдсан түүхий эдээр хийсэн сав баглаа боодлын хэмжээгээ 14-өөс 70 хувь болтол өсгөх болсноо зарлаж байх жишээтэй. Зөвхөн ярьдаг газар биш, бас хийдэг, эхэлдэг талбар шүү гэж тодотгомоор байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Би хөгжмийн том фэн. Өөрөө хөгжим тоглож чадахгүй ч сонсох их дуртай. Ялангуяа Бритпоп хөгжимд. Улаан Beatles-чин. Зөвхөн The Beatles-ийн музейг үзэхийн тулд Липерпүүл рүү явж байсан. Keane, Radiohead, Coldplay, Snow Patrol зэрэг хамтлагуудыг сонсдог, цомгийг нь боломжоороо цуглуулдаг. Лондоны Олимпод ажиллах байх үедээ Пол МкКартниг амьдаар нь сонсож, Muse, Take That-ийн тоглолтыг нүдээрээ үзээд "нэг мөрөөдөл" минь биелэх шиг л болж байлаа. Soundcloud дээр дуртай дуунуудынхаа жагсаалтыг үүсгээд байнга сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Саяхан би онгоцны буудал дээрээс "The Art of Thinking Clearly" гэх ном аваад уншиж байна. Аливаа асуудлыг хэрхэн авч үзэж, яаж цэгцтэй зөв сэтгэх вэ гэдгийг 99 жишээгээр харуулсан гоё ном байна лээ. Жишээ нь бидний хэвшмэл сэтгэлгээг confirmation bias гэх ойлголтын жишээгээр харуулж байгаа юм. Нэг ангийн 40 хүүхдээс багш "2, 4, 6, ? "гэсэн асуултыг асууж л дээ. 39 нь үүнд 8 гэж хариулсан байгаа юм. Тэгтэл нэг нөхөр -7, 45, 1, 12 гээд л янз бүрийн тоо хэлээд л мөн үү, биш үү гээд асуугаад л байж. Явж явж хариулт нь энэ цувааны дараагийн тоо нь өмнөх тооноосоо их байх ёстой л зүй тогтолтой байсныг олсон байна. Энэ жишээгээр бидэнд заримдаа ойлгомжтой гэж бодож явдаг зүйлсдээ эргэлзэж, өөрөөр байж болох уу хэмээн бодож, байнга асуулт тавьж байх хэрэгтэй шүү гэдгийг харуулж байна.

Ер нь би түлхүү уран зохиолын бус ном уншиж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Гэхдээ Game of Thrones-ийн фэн тул номыг нь уншиж эхлээд одоо 3 дахь боть дээр нь яваа шүү. Арга барилын хувьд номыг барьж авбал хойшлуулалгүй уншсаар дуусгаж байж салдаг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль чанар нь хосолдог байх. Нээлттэй тал нь ялимгүй илүү байж магадгүй. Хийж байгаа юмаа бусдад таниулах, өөрийгөө зөвөөр ойлгуулахын тулд нээлттэй байх хэрэгтэй. Гэхдээ одоо ч гэсэн хүнтэй танилцах, яриа хийхдээ бага зэрэг сандардаг хэвээрээ. Нөгөө талаас ганцаараа сууж байж тархиа амраан, элдвийг эргэцүүлж, өөрийгөө цэнэглэдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?


Энтрепренер хүний хувьд өглөө төдөн цагт босоод 9 цагт ажилдаа ирэх ёстой гэсэн зүйл байдаггүй. Гэхдээ долоо хоногийн аль нэг өдөр өглөө 7.30-аас уулзалт товлохыг хичээдэг. Нойрны хувьд бол хангалттай уян хатан байж чаддаг. Сүүлийн хэдэн жил унтахынхаа өмнө орой бүр ямар нэгэн ТВ цувралын нэг ангийг үзэж, "амарчихаад" унтдаг болоод байгаа.

Хүссэн үедээ хүссэн байрлалаараа хүссэн хугацаагаараа унтаж чаддаг нь миний давуу тал болдог байх (инээв). Ямар ч дуу чимээтэй байсан, ямар ч тухгүй газар толгой тавьсан л бол унтчихна. Хөлбөмбөгт дуртай маань нойроо тохируулж сурахад нөлөөлсөн байх. Яагаад гэвэл тоглолтууд дандаа шөнө 2, 3 цаг өнгөрөөж эхэлдэг болохоор тэр хүртэл унтахгүй тэсэх, эсвэл унтаад тэр цагтаа сэрүүлгээр сэрэх шаардлагатай болдог байлаа. Спортын фанатууд энэ "зовлонг" их сайн мэднэ дээ.

Ундралын хэрэглэдэг Lenovo Yoga 900 лаптоп

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Өдөр бүр л төрөл бүрийн сорилтуудтай тулгардаг болохоор найз нөхөдтэйгээ уулзахдаа хүртэл аль нэг ажлаа ухуулан таниулж, санаа солилцон, өөрийн мэдэлгүй л ямар нэг найраа хөөрөө хийх гэдэг болсон байна лээ (инээв). Бүтэн сайнд л гэхэд "7 хоногийн тойм" нийтлэлээ бичдэг. Харин 7 хоногтоо 1 удаа заавал зааланд хөлбөмбөг тоглодог. Зун бол гадаа талбайд тоглоно.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Би сэтгэл хөдлөл ихтэй хүн. Жаахан юманд л баярлаж хөөрч, сэтгэлээр уначих гээд байдаг. Unread дээр нэг зочинтой ярилцлага хийгээд долоо хоногийн турш баяртай явах нь ч бий. Сая Давос дээр НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг сонсоод "Хүн төрөлхтөнд итгэх итгэл маань сэргэлээ" гэж жиргэсэн. Их сүртэй сонсогдож болох ч А.Гутерресийн дэлхийн бүх л лидерүүдийн өмнө НҮБ-ын хүнд суртлыг арилгах, засаглалыг үр дүнтэй болгож өөрчлөх тухай илтгэлийг хэдхэн секунд сонсоод л үнэхээр огшсон хэрэг.

Хамгийн гол урам зориг авдаг хүмүүс бол манай гэрийнхэн. Аавын ээжийн минь өгсөн хүмүүжил, өгч буй дэмжлэг намайг тэтгэдэг. Тэд маань надад бүтэлгүйтэх зөвшөөрлийг өгдөг учраас би олон зүйлийг туршиж, зоригтой байж чаддаг. Сүйт бүсгүй минь миний хамгийн сайн зөвлөгч, дэмжигч бас шүүмжлэгч болж чаддаг.

Мөн багийнхан, хамт ажилладаг залуусаасаа мэдээж байнга л эрч хүч авч, бие биеэ хурцалж явдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань бага байхаас л өглөө босоод ороо сайн хураа гэж сургадаг байсан. Дараа нь янз бүрийн ном, нийтлэл уншиж байхад энэ бол хамгийн энгийн, хамгийн хэрэгтэй зөвлөгөө байсан. Яагаад гэхээр хүн өглөө ороо хураана гэдэг нь өдрийн эхний ажлаа амжилттай хийж байна гэсэн үг юм. Өдрийг яаж эхлүүлнэ, цаашаа тэр хэвээр үргэлжлэх магадлал өндөр. Ороо хураах нь эмх цэгцтэй байхын эхлэл. Нөгөө талаар тэр өдөр яаж ч бүтэлгүйтсэн, чи ядаж л ороо хурааж, нэг ч гэсэн ажил "амжуулсан" шүү дээ.

Бас Баабар гуайтай нэг удаа уулзсан маань над гүн нөлөөлж байсан. Би бол түүний "Дори идэр дүүдээ" номыг уншиж, чиг баримжаа авч өссөн олон залуусын нэг. Энэ уулзалт Unread-д ярилцлага авахаас нэлээн өмнө болсон юм л даа. Би багийнхантайгаа Монголын их, дээд сургуулиудын чансаа гаргах нэлээд далайцтай судалгаа хийсэн юм. 13-14 шалгуур үзүүлэлт бүхий сайн судалгаа болж, тэр оныхоо Азийн Хөгжлийн Банкны залуучуудын оролцоотой шилдэг 9 төслийн нэг болж байсан. Дэлгэрэнгүй судалгааг маань хэвлэж өгнө гэж байсан хамтрагч байгууллага хэлсэндээ хүрээгүй тул арга чарга хайхдаа Баабар гуайтай уулзаж, зөвлөгөө авсан хэрэг. Тэгэхэд надаас хамгийн түрүүнд энэ ажлыг хийх нь чамд ямар ашигтай юм гэж асуусан. Би ч итгэл үнэмшилтэйгээр нийгэмд хэрэгтэй, ийм боломж олгоно, ийм давуу талтай гээд л ярьж өглөө. Хамгийн анхны бодол чинь буруу байгаагаас чи ийм байдалд хүрчихээд байгаа юм, анхнаасаа санхүүгээ яагаад бодоогүй юм бэ, өөрийнхөө ашгийг бодож, өөрийн нөөц, хэр хэмжээгээ тооцож байж хийх хэрэгтэй байж дээ гэсэн. Нэг ёсондоо хийж байгаа юм чинь буруу биш, гэхдээ одоохондоо энийг хийх хүн нь чи биш байх шиг байна даа л гэж хэлсэн хэрэг. Түүний энэ шулуухан үг надад олон зүйл эргэцүүлэх боломж олгосон. "Гэртээ асаах дэнгүй байж айлд чийдэн асаах гэж гүйх" гэдгээ л тойруу утгаар хэлж л дээ.

Залууст хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Сайн ажилтан, дундаж ажилтныг хооронд нь ялгах хамгийн гол шинж бол санаачилгатай байдал гэж би боддог. Өгсөн үүрэг даалгаврыг хийгээд явж болно, гэхдээ яаж сайжруулах вэ, илүү үр ашигтай болгох вэ гэдэг дээр санаачилга гаргаж чадвал чи багтаа үгүйлэгддэг, орон зай чинь дутагддаг, үнэ цэнтэй гишүүн болж чадна. Аливаа ажлыг сэтгэлээсээ, бүрэн анхаарлаа хандуулж, санаачилга гаргаж хийж чадвал чи хүмүүст анзаарагдаж, үнэлэгдэж чадна. Би намайг чиглүүлж, хурцалдаг менторуудтайгаа ингэж л анх таарч байсан.

Зөвлөгөө гэхээс илүү анзаарсан зүйлээ хуваалцмаар байна. Давос руу явж ирээд би нэг зүйлийг сайн ойлгосон. Бидэнд харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг, бие биеэ олдог, хурцалдаг илүү олон, бүр маш олон талбар, суваг хэрэгтэй байна. Яг одоо дараагийн том бизнесийг хамтдаа эхлүүлэх учиртай хамтрагчид бие биенээ олж мэдэхгүй, яаж олохоо мэдэхгүй, учраа олохгүй төөрөөд яваад байгаа мэт. Бидний хүрээ томрох хэрэгтэй байна. Өөрийгөө хөгжүүлье, өөрчлөлт хийе гэж байгаа залуусын тоо магадгүй Сүхбаатарын талбайгаас хааш хаашаа 5 км-ийн радиустай тойрог дотор 10,000 л байгаа байх. Бид энэ хүрээгээ тэлж, ард үлдсэн хүмүүсийг татан оруулах ёстой.

Би уг нь өөрийгөө нэлээн юм уншдаг, олон сэдэв сонирхдог гэж боддог байсан. Тэгтэл Давост очоод бас л дутаж байгаагаа мэдэрсэн. Тэгэхээр залуучууд бид төрөл бүрийн сэдвүүдээр байнга яриа хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлдэг болох хэрэгтэй. Ирээдүйн нийгэмд бид хамтдаа л амьдрах болохоор одооноос бусад оролцогчдыг хамтдаа бэлдэх хэрэгтэй болов уу.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Өөрийн ментор Сүү ХК-ийн Б.Гантулга захирлыг санал болгоё. Бид хамтдаа хөлбөмбөг тоглодог юм. Шинэлэг сэтгэлгээтэй, үлгэр дууриал болсон залуу захирал. Сүү ХК-ийг хэрхэн өөрчилж байгааг нь та бүхэн бэлхнээ харж байгаа болов уу.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

131734   32


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.