Апп Тойм

Апп тойм: Slack - Багийн тоглолтоо сайжруул

01 сарын 26, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


17306   2




Сүүлийн үед ажлын орчинд ид тренд болж буй Slack-ийг бид энэ удаа онцолж байна. Багт зориулсан мессеж апп гэх тодорхойлолттой Slack-ийг Inc сайт "2015 оны шилдэг компани"-аар зарласан юм. 2014 оны 2-р сард нээлтээ хийснээс хойш 2 жил орчим хугацаа өнгөрөхөд тэд 1.7 сая хэрэглэгчтэй, 2.8 тэрбум долларын үнэлгээтэй болоод амжжээ. Реклам сурталчилгаа бараг хийгээгүй гэхэд анхны хэрэглэгчдийн ам дамжсаар 70 долоо хоногийн турш хэрэглэгчдийн тоо нь таваас доошгүй хувиар нэмэгдэж байсан гэдэг. Өдгөө Salesforce, eBay, NASA, HBO, Intuit зэрэг аварга компаниуд хийгээд олон зуун стартапууд Slack-ийг хэрэглэх болсон бөгөөд Unread-ийн бид ч энэ апп-ийн хэрэглэгч болоод байгаа юм.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Ажлын байранд хийгддэг судалгаануудаас үзэхэд, имэйл ба хурал гэсэн хоёр зүйл ажилтнуудын цагийг хамгийн их үрдэг нь тодорхой байдаг. Тэгвэл ажил хэргийн харилцаагаа Slack-аар чатлан явуулах нь имэйлд дарагддаг байдлыг халж, хүмүүсийг хурдтай болгож, харилцааг илүү зугаатай, илүү амар болгож өгнө. The Guardian "Дэлхий дээр хоёр төрлийн хүмүүс байна. Нэг нь Slack -ийг хэзээ ч сонсож байгаагүй хүмүүс бол нөгөө нь үүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон хүмүүс юм" гэж үнэлсэн нь санамсаргүй хэрэг биш ээ.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Slack-ийг ашиглахдаа Channel буюу сэдвүүд үүсгээд чатлах хэрэгтэй. Жишээ нь Unread-ийн хувьд Business, Contents, Marketing гэх мэт чанелуудыг үүсгэсэн байгаа. Ингэж нэг чатад хэт их юм бичилгүй тухай тухайн сэдэвт нь бичээд явахаар ажил цэгцтэй, багийн гишүүд мессежийг харахгүй өнгөрнө гэсэн асуудалгүй болно. Ингэж чатлахдаа файл хуваалцах, бичсэнээ устгах буюу засах, одоор тэмдэглэх (одоо тэмдэглэсэн мессежээ дараа нь хайж болно), чанелийн хамгийн дээр харагдахаар онцлох (pin хийх), стикер илгээх гэх мэт боломжууд бий. Мөн багийн хоёр гишүүн хоорондоо DM-ээр чаталж болно.

Бусад олон апп-тай нэгдэн ажиллаж болдог нь Slack-ийн бас нэг давуу тал. Үүнд Trello, Dropbox, Google Hangouts, Twitter, Asana гэх мэт олон апп-ийг дурдаж болно. Бидний хувьд одоогоор Slack-аа Trello, Twitter 2-той холбоод буй. Trello-гийн боардод өөрчлөлт нэмэгдэхээр, Unread руу хаягласан жиргээнүүд шууд Slack дээр харагддаг нь үнэхээр амар байдаг.

Slack төрөл бүрийн төхөөрөмж дээр ажиллана. iOS, Android дээрх гар утасны апп-аас гадна Desktop app нь ашиглахад их үр дүнтэй. Жишээ нь Mac дээр десктоп апп-ийг нь суулгачивал Slack дээр юу болж байгаа нь дэлгэцний Notification-ээр шууд харагдана. Танд гар утасны болон дэлгэцийн апп-ийн аль алийг нь татахыг бид зөвлөж байна.

Ямар сул талтай вэ?

Үнэгүй хувилбарын хувьд хамгийн сүүлийн 10 мянган мессежээс хайлт хийх, 5 GB файл хуваалцах, 10 апп-тай нэгдэн ажиллах боломжтой байдаг. Эдгээр үзүүлэлт танай багт хангалтгүй байвал үнэтэй хувилбаруудыг авахаас өөр аргагүй. Гэхдээ жижгэвтэр багуудын хувьд бол үнэгүй хувилбар нь хангалттай гэж бодож байна. Илүү олон нэмэлт боломж бүхий үнэтэй багцуудыг та эндээс хараарай. Мөн олон багт нэгэн зэрэг байх тохиолдолд заавал гарч (sign out), эргээд нэвтэрдэг нь вэб хувилбарынх нь сул тал.

Unread-ийн үнэлгээ

Таны болон багийнхны тань цаг зав, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадах энэхүү апп-д бид 9 оноо өглөө.

Та бүтээмжээ нэмэгдүүлэх гэж ямар апп хэрэглэдэг вэ? Танай баг хоорондын мэдээллээ ямар апп ашиглан солилцож байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцан, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

Татаж авах

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.