Энэ удаа бид манай "Би хэрхэн ажилладаг вэ?" буланд зочноор уригдсан зарим хүний байнга хэрэглэдэг Google Calendar апп-ийг танилцуулж байна. Хэдийгээр сүүлийн үед ажлаа төлөвлөх, хийх зүйлсийн жагсаалт гаргах олон янзын аппууд зах зээлд нэвтэрсэн ч Google, Apple, Microsoft зэрэг технологийн аварга тоглогчдын өөрсдийн, илүү дутуу юмгүй хэрнээ ашиглахад урамтай аппууд хэрэглэгчдийг татсан хэвээр байгаа билээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Google Calendar нь цаг товлосон ажлуудад нэн тохиромжтой. Зүгээр хийнэ дээ гээд жагсаасан зүйлсийг хаана ч тэмдэглэж болох бол тодорхой өдөр, тодорхой цагт хийж гүйцээх ажлыг уг календарьт оруулчихвал эргэн санахад их амар байдаг. Ялангуяа уулзалт их хийдэг, олон ажил эрхэлдэг, цаг заваа нарийн зохицуулж байх ёстой хүмүүс заавал туршаад үзээрэй.

Ямар онцлог давуу талуудтай вэ?

Товлосон уулзалт, ажлыг гар утсаар, имэйлээр, компьютер дээр гэх мэтчилэн олон янзаар сануулдаг нь том давуу тал. Тухайн уулзалт, ажилд хамаатай хүмүүсийг имэйлээр урьж болдог бөгөөд ингэснээр бүх талууд имэйлээр, гар утсаар урьдчилан сануулсан имэйл буюу notification-ийг авч, хэн хэнийх нь хувьд мартах асуудал бараг л үүсэхгүй. Мэдээж хэдий хугацааны өмнө ингэж сануулж байхыг тохируулж болно.

Календариа өдрөөр, 3 өдрөөр, 7 хоногоор харуулах боломжтой. Ер нь харагдац, өнгө үзэмж сайн. Товлосон ажил, уулзалт нь онцлогоосоо хамааран зургаар илэрхийлэгддэг нь аппийн дизайнд өнгө нэмдэг.

Ажил, уулзалтаа тэмдэглэж оруулахад их амар. Бичиж эхлэхэд автоматаар үгийг гүйцээх, Remind хийе гэхэд Call, Watch гэх зэргээр шууд сонгох боломжтой. Мөн ажлаа товлохдоо файл хавсарган, тэмдэглэл бичиж болно.

Түүнчлэн Gmail дээр буй цаг товлосон ажлууд автоматаар Google Calendar-т нэмэгддэг нь тун догь. Жишээ нь, нислэгийн цаг сануулсан имэйл ирвэл автоматаар календарьт тань орчихно гэсэн үг. За тэгээд бүх дата цаанаа хадгалагдаж байдаг тул гар утсаа хаяж үрэгдүүлсэн ч төлөвлөсөн, тэмдэглэсэн ажлуудаа мартана гэж санаа зоволтгүй.

Ямар сул талтай вэ?

Сул тал гээд байхаар зүйлгүй шахам. Харин албан ёсны баярын өдрүүдийг нь автоматаар нэмдэг улсуудын дотор Монгол багтдаггүй нь жаахан тиймхэн санагдсан.

Unread-ийн үнэлгээ

Таны үр бүтээмжийг улам нэмэгдүүлэх уг апп-д Unread 8 оноо өгч байна.