Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   02 сарын 07, 2018

Залхуу хүнд зориулсан, эх дэлхийгээ аврах хөтөч

Хэт ядуурлыг устгах. Шударга бус байдлын эсрэг тэмцэх. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох. Эдгээрийг сонсоод олон хүний дотор засгийн газар, олон улсын байгууллагуудын хамтдаа хийх зүйлс байна хэмээн бодогддог байх. Магадгүй над шиг энгийн хүн эдгээр зорилтуудад хүрэхэд юу хийж чадах вэ дээ хэмээн эргэлзэж ч байж болно. Хэрвээ ингэж бодож байгаа бол таны хичээл зүтгэл харин ч үнэ цэнтэй. Тийм ч ач холбогдолтой биш хэмээн бодож байсан өдөр тутмын үйлдлүүд тань бусдын ижил хүчин чармайлттай нийлээд асар том өөрчлөлтийг авчирдаг билээ. Танд нэг их түвэг чирэгдэл учруулахгүй хэрнээ дэлхийг өөрчлөх алхмуудыг өнөөдөр танилцуулья.

Хэн ч анзаараагүй, ганцаараа байх үедээ өөрийгөө супер баатар болсон мэтээр төсөөлж байсан үе танд байсан биз дээ? Тэгвэл танд тогтвортой хөгжлийн супер баатар болох боломж байна. Энэ бол будангаасаа ч босолгүй амжуулж болох, энгийн өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадах өөрчлөлтүүд! Эхний өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг дээ.

  • Цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ залгуурнаас нь байнга салгаж дадах
  • Онлайнаар эсвэл мобайлаар төлбөрөө төлж, цаасан баримт аль болох авахгүй байх. Юм хэвлэхээс зайлсхийх. Интернэтээс уншсан юмаа хадгалж авмаар байна уу? Тэгвэл хэвлэхийн оронд дэвтэр дээрээ бичих юм уу аль эсвэл онлайн тэмдэглэл нээгээд түүндээ хуулж авч байгаарай. Цаасны хэрэглээ буурвал мод огтлох нь буурна гэсэн үг.
  • Зөвхөн лайк дараад өнгөрөхийн оронд share бас хийж байгаарай. Уур амьсгалын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эрх зэргийн талаар сонирхолтой сошиал медиа пост харсан бол найзууддаа ч бас харах боломж олгоорой.
  • Дуу хоолойгоо илэрхийл! Сонгосон төрийн түшээд, төрийн албан хаагчдаас нийгэм, байгаль орчны сайн сайхны төлөөх санаачилгуудыг дэмжих, оролцохыг хүсэх.
  • Гэрлээ унтраах. Зурагт, комьютер нь өөрөө гэрэлтэй тул онцын шаардлагагүй тохиолдолд бусад гэрлүүдээ унтрааж занших нь зүйтэй.
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг компанийн бүтээгдэхүүнийг худалдан авч дэмжих нь бас чухал.
  • Цахим орчинд бусдыг хүчирхийлж, дарамталж байгаа хүмүүсийг цааш мэдэгдэх. Тухайн сошиал хуудсыг аюултай хэмээн тэмдэглэж (flag) хаалгах арга хэмжээ авахад нь тус болох хэрэгтэй.
  • Мэдээлэлтэй байх. Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай мэдээг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс авч болно. Түүнчлэн #globalgoals гэсэн hashtag-ийг ашиглан хэрхэн эдгээр зорилтод хүрч болох тухай өөрийн саналыг хуваалцаж болно шүү.
  • Эдгээр дээр нэмж хэлэхэд, Climate Neutral Now гэсэн хуудсаар зочилж өөрийн үүсгэсэн хүлэмжийн хийн тооцоог гаргуулж, түүнийхээ байгаль орчинд үзүүлсэн хохирлыг барагдуулахад туслах төслүүдийг дэмжих боломжтой. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй залуучуудын санаачилгын талаар дэлгэрэнгүйг эндээс аваарай.

Өөрийн мэдсэн сурсан зүйлсээрээ бусдад нөлөөлж, гэрийнхээ баатар болох боломж таны гарт байна. Өдөр тутам хийдэг, нэг их анзаарч, анхаараад байдаггүй үйлдлүүд ямар их өөрчлөлт дагуулах боломжтой талаар та бодож байсан уу? Дараах алхмуудаас авч хэрэгжүүлэн гэртээ шинэчлэл хийж, хэв маягаа өөрчлөхийг уриалж байна.

  • Хувцсаа гаргаж хатаах. Үс эсвэл хувцсаа сэнс, сэгсрэгч ашиглан хатаахын оронд өөрөөр нь хатааж сурах хэрэгтэй. Бохир хувцсаа дүүргэж байгаад хувцсаа угааж байгаарай.
  • Шүршүүрт орох хугацаагаа багасгах. Ваннд усанд орох нь 5-10 минутын шүршүүрт орохоос даруй хэд дахин илүү усыг зарлагаддаг болохыг мартаж болохгүй.
  • Шувуу, загас болон малын мах аль болох бага хэрэглэх. Мах бэлтгэхэд жимс, ногооноос илүү нөөц шаардлагатай байдаг. Цагаан идээгээ илүү хэрэглэцгээе л дээ.
  • Хоол хүнсээ муудахаас нь өмнө идэж амжихгүй бол хөлдөөж сурах. Гаднаас худалдаж авсан хоолоо ч тэр маргааш нь идэхгүй бол ингэж дадах хэрэгтэй. Мөнгөнд ч хэмнэлттэй.
  • Бордоо бэлтгэх. Хоолны үлдэгдлээ бордоо болгох нь шим тэжээлтэй төдийгүй байгаль орчинд ээлтэй.
  • Цаас, хуванцар, шил, хөнгөн цагаан зэргийг дахин боловсруулахыг эрхэмлэж хог хаягдлыг нэмэгдүүлэхээс зайлсхийх нь зүйтэй.
  • Аль болох сав, баглаа боодол багатай бүтээгдэхүүн худалдаж авах.
  • Зуух, плиткаа түрүүлж халаахгүй байх. Хоолоо нарийн температурт тааруулж хийх шаардлагагүй бол асаасан даруйдаа хоолоо халааж сураарай.
  • Эрчим хүчээ хэмнэхийн тулд цонх, хаалганы завсар зайг чигжиж, битүүмжлэн дулаан алдахаас сэргийлэх.
  • Хуучны цахилгаан хэрэгсэл болон гэрлийн чийдэнгээ илүү эрчим хүч хэмнэх зориулалттай бүтээгдэхүүнүүдээр солих. Хэрвээ боломжтой бол нарны цахилгаан үүсгүүр гэртээ суулгах хэрэгтэй. Ингэснээр цахилгааны төлбөрөө ч гэсэн хэмнэнэ шүү дээ.
  • Аяга таваг угаагчтай бол түүнийг ажиллуулахаас өмнө аяга, тавгаа угааж, зайлахгүй байх.
  • Шинэхэн эцэг эхчүүд анхаараарай. Живхний сонголтоо зөв хийх. Даавуун живх ашиглах эсвэл байгаль орчинд ээлтэй нэг удаагийн живх ашиглах нь зүйтэй.
  • Шүдэнз ашиглах. Хуванцар асаагуураас илүү хэмнэлттэй, амархан сонголт биш гэж үү?

Биеэ засчихлаа, гэрээ засчихлаа, харин одоо орчин тойрноо өөрчлөх цаг. Та өөрийн амьдарч буй байшин, хороолол, хотхондоо нөлөөлөл үзүүлж, бусдыг илүү зөв хэв маягт уриалах боломжийг бүү алдаарай. Доорх алхмууд таныг хамгийн алдартай, хамгийн сайн хөрш болоход туслах болно.

  • Ойр, орчмынхоо дэлгүүрээс худалдан авалт хийж байх. Ингэснээр жижиг бизнесүүдийг дэмжин ажлын байр бий болгоод зогсохгүй хол зайнд ачаа тээвэрлэхээс сэргийлж чадна.
  • Ухаалаг худалдан авалт хийж байх. Хоол болон худалдан авах зүйлсээ төлөвлөж шаардлагагүй их хүнс цуглуулах хэрэггүй. Ялангуяа компаниудын маркетингд өртөж хурдан мууддаг бүтээгдэхүүн авахгүй байх нь чухал. Хэдий хямдхан байлаа ч муудаад хаягдах юм бол зардал нэмэгдэнэ гэдгийг санаарай.
  • Үзэмж муутай жимс, ногоог худалдан авах. Их хэмжээний жимс, ногоо муудаагүй хэдий ч хэмжээ, өнгө, хэлбэр нь хүмүүсийн сэтгэлд нийцээгүйн улмаас байнга хаягдаж байдаг.
  • Ресторанд ороод далайн гаралтай хоол захиалахдаа байгалийг хохироолгүй бэлтгэсэн эсэх талаар асууж байгаарай. Өөрийн орох дуртай газруудад далайд ээлтэй бүтээгдэхүүн эрхэмлэдэг гэдгээ хэлэх хэрэгтэй.
  • Зөвхөн байгаль орчинд хохиролгүй бэлтгэсэн далайн гаралтай хоол хүнс худалдан авах. Ийм төрлийн газрууд хаана байгаа талаар мэдээлэл өгдөг апп-уудыг ашиглаж болно.
  • Аль болох алхах, дугуй унах,эсвэл олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг эрмэлзэх. Олон хүн авч явах шаардлагатай үедээ л машин барьж занших.
  • Усны эсвэл кофены сав, аягатай болох. Хэрэгцээгүй хаягдал гаргахын оронд байнга авч явдаг савтай болж кофешопд ч гэсэн ороод мөнгөө хэмнэж болно.
  • Дэлгүүр хэсэхдээ өөрийн торыг хэрэглэж сурах. Гялгар уут ашиглахаас татгалзаж дахин ашиглаж болох даавуун торыг хэрэглэж дадаарай.
  • Цөөн салфетка авах. Хоол идэхдээ хэд хэдэн салфетка хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Өөрт хэрэгтэй гэсэн хэмжээгээр л авч сурах.
  • Хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авалт хийх. Цоо шинэ гэдэг үргэлж хамгийн сайн нь байна гэсэн үг биш. Хуучин барааг хэрхэн шинэчилж болох тухай хайгаад үзээрэй.
  • Машиндаа анхаарал тавих. Сайн арчилгаатай машин нь хамаагүй бага утаа гаргадаг.
  • Хэрэглэдэггүй зүйлсээ хандивлах. Жижиг хандивын хөдөлгөөн, байгууллагуудад хуучин хувцас, ном, тавилгаа өгч бусдад туслаж байгаарай.
  • Өөрийгөө болон хүүхдүүдээ вакцинд хамруулах. Гэр бүлээ өвчнөөс хамгаалах нь олон нийтийг ч бас хамгаалж байгаа гэсэн үг юм.
  • Өөрийн сонгох эрхээ тогтмол эдлэх.

Бүр илүү олон хүнд хүрч, шинээр олж авсан дадал хэвшлээ илүү өргөн хүрээнд таниулмаар санагдаж байгаа биз? Ажлын газрынхандаа байгаль орчин ээлтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, илүү ухаалаг, илүү хэмнэлттэй хэв маягийг сурталчилж болохгүй гэж үү? Доорх үйлдлүүд таныг оффисийн хамгийн эрэлттэй ажилтан болгох болно.

  • Залуу хүмүүст тусламж, зөвлөгөө өгч байх. Энэ нь хэн нэгнийг илүү сайхан ирээдүйд хүрэхэд туслах хүчирхэг, үр дүнтэй арга юм.
  • Эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдтэй ижил ажил хийж байгаа ч 10-30 хувиар бага цалин авдаг. Цалингийн тэгш бус байдал элбэг байдаг тул үүний эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байх нь зүйтэй.
  • 4 тэрбум гаруй хүн эрүүл ахуйн суурь үйлчилгээг авч чаддаггүй. Шаардлага хангасан бие засах газар ч байхгүй дэлхий даяарх хүмүүсийн төлөө дуугарах хэрэгтэй.
  • Танай байгууллага, компани эрчим хүчний үр ашигтай технологийг ашигладаг эсэхийг олж мэдэн термостатыг улирлаас шалтгаалан тохируулж, илүү зардлаас зайлсхийх байх.
  • Мэдээлэлтэй байх. Бусад улсын ажилчид ямар нөхцөлд, хэрхэн ажилладаг тухай мэдээлэлтэй байж үүний талаар ажлынхантайгаа ярилцаж бай.
  • Танай компани хог хаягдалгүй, цэвэр болоод бат бөх барилга, дэд бүтэцтэй юу? Энэ нь ажилчид, байгаль орчныг хамгаалах цорын ганц арга юм.
  • Ажлын байрны ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх. Хүн бүр хүйс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, нийгмийн давхарга, бие махбодын чадвараас үл хамааран тэгш эрхтэй. Ажлаас ирэх явахдаа алхах, дугуй унах эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчих. Хэрвээ олуулаа бол хамтдаа машинаар явах яваагүй л бол машин барих хэрэггүй.
  • Шинэ санаачилга! Дор хаяж нэг долоо хоногийн турш байгаль орчинд хохирол багатай амьдралын хэв маягийг өөртөө болон ажлын газартаа бий болгож үзээрэй.
  • Компани болон засгийн газраа нийгэм, байгаль орчны төлөөх санаачилгуудад идэвхтэй оролцохыг хүсэх. Өөрөө манлайлж, хувь нэмрээ идэвхийлэн оруулж болно шүү дээ.
  • Бидний үүсгэж буй ихэнх хог хаягдал эцэстээ хаягдал болж, хогийн цэг дээрээс байгаль орчинг бохирдуулдаг гэдгийг санаарай.
  • Өдөр тутмын шийдвэр, үйлдлүүдээ хянаж, өөрчлөх. Ажил дээрээ хог хаягдлаа дахин ашиглах боломжтой юу? Компанийн тань худалдан авалт хийж буй газрууд байгальд ээлтэй бизнесүүд мөн үү? гэх мэт асуултыг асуугаад үзээрэй.
  • Ажлын байран дээр эдлэх эрхээ мэдэж байх. Шударга байдлын төлөө тэмцэхийн тулд хамгийн эхэнд шударга байдал гэж юуг хэлээд байгааг мэддэг байх хэрэгтэй.
  • Компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй үйл ажиллагаанууд чухал. Тиймээс тэднийг иргэний нийгмийн байгууллагууд болон сайн дурын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллахыг уриалах нь зүйтэй.

Танд эдгээр зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлж үзсэн, үр дүнд хүрсэн туршлага байгаа юм биш биз? Өөрийн сайн туршлага, бодит мэдрэмжүүдээс бусадтай хуваалцаж, бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

Нийтлэлийг: О.Бүтэд
Редактор: Д.Ганзориг, А.Ундрал
Ковер зургийг: О.Бүтэд
Дүрслэл зургийг: О.Бүтэд
Контентийн эх сурвалж: UNDP - Take Action

ТОГТвортой хөгжлийн зорилгууд булангийн өмнөх нийтлэлүүд

2030 ОНЫ ДААЛГАВАР: 17 АСУУЛТ - 17 ЗОРИЛГО
УТААНААС ХЭРХЭН САЛАХ ВЭ? - ХЯТАДЫН ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ

44878   4


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.