Тогтвортой хөгжлийн зорилгууд   12 сарын 23, 2016

"Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна": 17 зорилт - 17 санаачилга

Бидний амьдарч буй дэлхий ертөнц 2030 он гэхэд ямар байхыг тодорхойлж, гэрийн даалгаврыг маань зааж өгсөн "Тогтвортой хөгжлийн зорилго" бол өнөө цагийн хамгийн чухал бичиг баримтуудын нэг. Уур амьсгалын өөрчлөлт, инноваци-технологи, ядуурал-өлсгөлөн, жендерийн тэгш байдал, хүртээмжтэй байдал-оролцоо гэх мэт маш өргөн хүрээг хамарсан эдгээр зорилтод хүрэхийн тулд нийгмийн амьдралд оролцогч тал бүрийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал юм. Эдгээрээс хамгийн их хүчин чармайлт гаргаж, идэвхтэй байж, санаачилга үзүүлэх ёстой хэсэг бол өөрсдийн амьдрах ирээдүйгээ цогцлоон бүтээж буй залуучууд бид юм. Unread өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээрээ үеийнхнээ манлайлж буй залуучуудын оролцоотой 17 шилдэг санаачилгыг онцлон танилцуулж байна. Тэд бол манлайлагчид, түүчээлэгчид, уриалагчид билээ. 

Зорилт 1: Ядуурлыг устгах

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Дэлхий дээр амьдарч буй 5 хүн тутмын нэг нь өдөрт 1.25 доллараас бага орлоготой аж төрж байна. 2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг устгана гэдэг том зорилт бидний өмнө бий. Монгол улсын хувьд ядуурлын түвшин жил ирэх тусам буурч буй дүр зураг харагддаг ч 2015 оны статистик үзүүлэлтээр нийт иргэдийн 21.6 хувь нь ядуу гэсэн ангилалд хамаарагдаж байна.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Ядуурлыг бууруулах хамгийн гол аргуудын нэг нь ажил эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих явдал байдаг. Монголд энэ чиглэлд хамгийн сайн ажиллаж буй байгууллагуудын нэг нь “Хөгжлийн Шийдэл” ТББ юм. Тус байгууллага дотоод, гадаадын төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэмждэг. Мөн Youth Business International байгууллагын “Залуусын бизнесийг дэмжих санаачилга”-ыг Монголд хэрэгжүүлэгчээр ажиллаж, залуусын хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

Зорилт 2: Өлсгөлөнг зогсоох

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Өлсгөлөнг үгүй болгож, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох нь энэ зорилт дотор хамаарагдаж буй. Дэлхийн нийт хүн амын 40 хувийг ажлын байраар хангаж буй хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, хоол хүнсний хомсдолыг бүх шатанд багасгана.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Энэ нь залуучуудын байгууллага, ТББ-уудад харьцангуй томдохоор зорилт гэж хэлж болно. Тиймээс Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол ногоо” хөтөлбөрийг энд дурдахыг хүсэж байна. 2016-2019 оны хооронд нийт 5.0 сая ам.долларын төсвөөр хэрэгжих энэ хөтөлбөр нь хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын, ялангуяа хөдөө орон нутгийн жижиг тариаланчид, хот суурин газрын болон хот орчмын эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг сайжруулах зорилготой.

Зорилго 3: Эрүүл мэндийг дэмжих

Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн залуусын хэрэгжүүлсэн "Амин Хариуцлага" төслийн үр дүнд бага насны хүүхэд тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл хүүхдийн суудлыг заавал хэрэглэх тухай заалт бүхий журам батлагдсан юм.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

"Нийт хүн амыг насан турш эрүүл, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах" хэмээн тодорхойлогдсон энэ зорилт доторх гол дэд зорилтуудын нэг бол эхийн эндэгдлийг 100,000 төрөлтөд 70-аас доош болгох явдал юм. Мөн ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг халдварт, хүнд өвчнүүдийн тархалтыг таслан зогсоох, халдварт бус өвчний нас баралтыг гуравны нэгээр бууруулах, замын хөдөлгөөнөөс үүдэлтэй нас баралт, гэмтлийг тэн хагасаар бууруулах зэрэг өргөн хүрээтэй зорилтууд багтсан юм.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Улаанбаатар үйл ажиллагаа явуулж буй 20 шахам Ротари клубээс Ulaanbaatar Peace Avenue клуб хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Олон хүнд үр өгөөжөө өгөх ажлуудыг хийхийг зорьдог тэд 2014 онд алслагдсан 5 аймгийн алслагдсан 5 сумын эмнэлгийн хүүхдийн төрөх тасгийг бүрэн тохижуулах төсөл хэрэгжүүлж байсан бол 2016 онд нярай хүүхдийн сонсголын аппаратыг 1, 2, 3-р төрөх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас), Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэсэн таван эмнэлэгт хандивлажээ. Ингэснээр нярай хүүхдийн сонсголын чадварыг шалгадаггүйгээс үүддэг өвчин эмгэгийг ихээхэн хэмжээгээр бууруулах боломж бүрджээ.

Үүнээс гадна зам тээврийн осол, эндэгдэлтэй холбоотой нэгэн томоохон төслийг Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэг хэрэгжүүлсэн юм. Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх энэхүү залуусын байгууллага хүүхдийн суудлын хэрэглээг хэвшүүлэх, ач холбогдлыг таниулах зорилго бүхий "Амин хариуцлага" төслийг бүтэн жилийн турш хэрэгжүүлсэн нь зөвхөн Монголд төдийгүй олон улсад сайн туршлага хэмээн үнэлэгдэх болсон байна.

Зорилго 4: Чанартай боловсролыг дэмжих

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Хүн бүрт чанартай боловсролыг тэгш, оролцоотой хүргэх, насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх нь ямар ч төр засгийн хамгийн чухал "гэрийн даалгавар" байдаг. Үүн дотор сургуулийн өмнөх боловсролоос эхлэн насан туршийн боловсрол хүртэлх бүх үе шатанд чанарын тэгш бус байдлыг арилгах, нөөц бололцоогоор хангах зэрэг зорилтууд хамаарагдана. Боловсролын хүртээмж харьцангуй дутмаг байдаг эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч орхигдуулахгүй байх нь энэ зорилтын нэг гол чиглэл юм.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

1998 онд байгуулагдсан Зориг сангийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь “Залуус ба боловсрол” юм. Тус байгууллага дунд сургуулийн сурагчид, оюутнууд, залуу мэргэжилтнүүдийн дунд олон төрлийн тэтгэлэг, хөтөлбөрийг зарлаж, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, өсөж хөгжих, санхүүгийн дэмжлэг авах бололцоогоор хангадаг. Ялангуяа бага орлоготой айлын сайн суралцдаг хүүхдүүдэд олгодог тэтгэлэг нь нийгэмд чанартай боловсролын тэгш хүртэх боломжийг олгож байгаа сайн жишээнүүдийн нэг юм. Харин залуу мэргэжилтнүүдэд зориулсан YLP, EFP зэрэг хөтөлбөрийг төгссөн залуус нь ТББ үүсгэн байгуулан салбарлаж гарсан бөгөөд өдгөө Зориг сан эдгээр байгууллагуудтай нягт хамтарч, үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг.

Зорилго 5: Жендерийн эрх тэгш байдлыг хангах

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Өмнө нь хэрэгжиж байсан "Мянганы хөгжлийн зорилт"-оос Монгол улсын хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан зорилтод тооцогдох "жендерийн тэгш эрхийг хангах" явдал нь дэлхий нийтийн толгойны өвчин хэвээр л байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг зогсоох, хууль бус наймаа, бэлгийн мөлжлөгийг үгүй болгох, шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий нийт зорьж байгаа юм.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ нь 2010 онд “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб” нэрээр байгуулагдаж байсан бөгөөд өдгөө иргэний нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэл, идэвх санаачилга дүүрэн 70 гаруй гишүүнтэй, залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой байгууллага болон хөгжжээ. Хүн бүр аливаа ялгаварлалгүйгээр хүний эрхээ эдлэх тэгш боломж, чадавхаар хангагдсан нийгмийг бий болгох хувь нэмрээ оруулах зорилготой тэд хамгийн сүүлд "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн нөлөөллийн “Хаалганы цаана” аяныг амжилттай өрнүүлсэн бөгөөд уг хууль энэ долоо хоногт батлагдсан юм.

Зорилго 6: Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

Ус хадгалах зориулалтын бус савыг хэрэглээнээс халах зорилго бүхий Sun Up төсөл АХБ-ны шилдэг залуучуудын төслийн нэгээр нэрлэгджээ.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

21-р зуун гарчихаад байхад дэлхийн 9 хүн тутмын нэг нь усгүй, 3 хүн тутмын нэг нь ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна гэвэл итгэх үү? Нийт хүн амыг усны нөөцийн тогтвортой менежмент болон хүртээмжтэй, ариун цэврийн байгууламжаар хангах нь ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд томоохон асуудлуудын нэг болоод байна. Байгалийн "жорлон" өргөнөөр ашигладаг, усаа гамнаж, хайрлаж мэддэггүй монголчуудын хувьд ч энэ асуудлыг алдалгүй барьж, шийдэл олох ёстой нөхцөл байдалд хүрээд байгааг мэргэжилтнүүд сануулдаг.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

2016 онд үүсгэн байгуулагдсан Sun Up залуучуудын санаачилгыг бид усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон "гайхалтай" төслүүдийн төлөөлөл болгон танилцуулж байна. Тэд гэр хорооллын айл өрхийн өдөр тутмын хэрэглээний шар, цэнхэр усны савууд, бэрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий хорт хавдар үүсгэгч бодисыг агуулсан зориулалтын бус бусад усны савыг хэрэглээнээс халах зорилготой. Зориулалтын бус ундны усны савыг хэрэглээнээс халахын тулд зориулалтын савыг Монголд үйлдвэрлэх, иргэдийн мэдээлэл, мэдлэгийг сайжруулах санаа нь Азийн Хөгжлийн банк болон Urban Youth Academy-аас 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрийн хооронд Сөүл хотод зохион байгуулсан Нийгмийн эерэг хөгжлийн санаачилгын тэмцээний шилдэг 2 төслийн нэгээр шалгарч санхүүжилт аван хэрэгжиж байна.

Зорилго 7: Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Нийт хүн амыг хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээр хангах нь хүн төрөлхтөний сүүлийн зуун жилийн түүхийн хамгийн чухал асуудлуудын нэг хэвээр л байсаар байна. Дэлхий нийтийн эрчим хүчний гол эх сурвалжийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх, эрчим хүч ашиглалтын үр ашгийг дэлхийн хэмжээнд нэг дахин нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний талаарх судалгааны ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бидний цаашдын ирээдүйд чухал нөлөө үзүүлж болох зорилтуудыг бид биелүүлэх ёстой.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Mongol Energy Club нь эрчим хүчний залуу мэргэжилтнүүдийн нэгдэл юм. Тэд эрчим хүчний хэрэглээг найдвартай, өртөг бага, байгаль орчинд ээлттэй байлгах чиглэлээр холбогдох судалгаануудыг хийдэг. Хоёр долоо хоног тутам эрчим хүчний чиглэлээр тулгамдсан нэг асуудлыг сонгон, түүнийг хэрхэн шийдвэрлэх шийдлийг гаргаж, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад танилцуулах үйл ажиллагаа явуулдаг байна.

Зорилго 8: Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох

Агаарын бохирдлын хор уршгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, түүнээс үүсэж болох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилготой #MaskOn төслийг iVolunteers яг одоо хэрэгжүүлж байна.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Хөгжиж буй болон буурай орнуудын эдийн засгийн өсөлтийг жилд 7-оос доошгүй хувьд барих нь энэ зорилтын гол бүрдэл хэсгүүдийн нэг. Хөдөлмөр, боловсрол, сургалтаас гадуур байгаа залуучуудын тоог үлэмж бууруулан, ажилгүйдлийн түвшинг хамгийн бага байлган, бүх нийтийг үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажил эрхлэлтээр хангах нь хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн гол шинжүүдийн нэг билээ.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

iVolunteer нь сайн дурынхан болон төрийн бус байгууллагыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой залуусын нээлттэй санаачилга, төсөл юм. Яг нэг жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш сайн дурынхан болон байгууллагуудыг холбох гүүр болон ажиллаж, онлайнаар давхардаагүй тоогоор 40 мянга гаруй хандалтыг авч, 100 гаруй сайн дурын боломжийг нийтэлж, 300 гаруй сайн дурынхныг 30 гаруй байгууллагатай холбож чаджээ. Үүнээс гадна сайн дурын ажлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор блог хөтлөн нийтлэл, ярилцлага, орчуулгын материал нийтэлж, "I Volunteer, Do you?" зэрэг өдөрлөгийг зохион байгуулдаг.

iVolunteer
санаачилга нь сайн дурын ажлын утга учир, ач холбогдлыг нийгэмд таниулахаас гадна залуусыг ажлын талбарт хэрэг болдог ур чадваруудад сургаж, өөрийн дур сонирхолтой ажлыг олох боломжийг өгч, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж байгаагаараа алсдаа нийт хүн амын хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.

Зорилго 9: Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх

Монголд гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх, энтрепренершипийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулж буй байгууллагуудын нэг нь Startup Mongolia юм.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхэлж, мэдээллийн технологийн хөгжил бидний өдөр тутмын амьдрал, ирээдүйг тодорхойлж буй энэ цаг үед хамгийн хямд бөгөөд хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлж, инноваци, судалгаа шинжилгээг улам эрчимжүүлэн, мэдээллийн технологийн ололтуудыг бодит амьдралд нэвтрүүлэн хэвшүүлэх нь хөгжлийн гол тодорхойлогч хүчин зүйлсийн нэг болоод байна. 2020 он гэхэд интернетийг хамгийн буурай оронд ч хамгийн хямдаар нийлүүлдэг болох зорилт ч үүнд багтсан юм.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

“Стартап Монгол” ТББ нь дэлхий даяар сүлжээтэй, өндөр хэмжээнд төлөвшсөн бизнес хурдасгуур хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх үндсэн зорилготой. Тус байгууллагын үйл ажиллагаа нь өөрийн бизнесийг эхлүүлэх хүсэлтэй залуусыг дэмжин ажиллаж, инновацилаг, өндөр өсөлттэй компаниудыг бий болгох, тэр дундаа технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. “Стартап Монгол” өнгөрсөн хугацаанд 310 арга хэмжээ, сургалтыг зохион байгуулан давхардсан тоогоор 40,000 орчим хүнийг хамруулж, 400 орчим гарааны бизнесийн төслийг дэмжин ажиллаж, 100 орчим гарааны бизнес үүсгэн байгуулагчтай ярилцлага хийн нэвтрүүлэг болгожээ.

Зорилго 10: Тэгш бус байдлыг бууруулах

Та Улаанбаатар хотынхоо тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжтой газруудыг мэдэх үү? "Бидний хүртээмжтэй хот" хариултыг нь өгөх болно.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар жилээс жилд нэмэгдсээр буй тэгш бус байдлыг бид зөвхөн мөнгө, хөрөнгөтэй холбон ойлгож болохгүй. Үүнээс гадна нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, үүсэл гарал, шашин, эдийн засгийн болон бусад байдлыг үл харгалзан аливаа нийгмийн харилцаанд ямар ч саадгүйгээр оролцох, санхүү цалин хөлс, нийгмийн хамгааллын бодлогод тэгш эрх эдлэх нь энэ ойлголтын чухал хэсэг юм. 2030 он гэхэд хүн амын хамгийн бага орлоготой 40 хувийн орлогыг үндэсний дунджаас дээгүүр түвшинд авчрах нь энэ зорилтын хамгийн эхний дэд зорилт болон батлагджээ.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Америкт Сургууль Төгсөгчдийн Холбоо” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил Төв” хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш ажиллаж, амьдрах боломжтой орчинг бүрдүүлэх, ажлын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай ажил олгогчдыг дэмжиж сурталчлах, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Бид чадна” сайтыг санаачлан эхлүүлсэн нь залуучуудын байгууллага, ТББ-уудын хамтын ажиллагааны нэг томоохон жишээ болсон юм. Улмаар 2013 онд “Бид чадна эм эн нэгдэл” ТББ байгуулагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг мэдээллээр хангах, соёл урлагаар дамжуулан нийгэмд таниулах 2 үндсэн чиглэлээр амжилттай ажиллаж байна. Хамгийн сүүлд тэд олон нийтийн газрууд тэргэнцэртэй иргэдэд хэр ээлтэй, тэдэнд зорчих боломж олгосон эсэхийг мэдээлэх зорилго бүхий "Бидний хүртээмжтэй хот" төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Зорилго 11: Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Сүүлийн үед ихээхэн түгээмэл сонсогдох болсон "Ухаалаг хот" бий болгох ойлголт чухам энэ зорилт дотор байгаа гэж хэлж болно. Хамгийн хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хот бол хамгийн аюулгүй зам тээврийн системтэй, сайн менежменттэй, гамшгаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан, байгалийн болон соёлын өвөө хадгалсан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө хамгийн бага түвшинд авчирч чадсан байх ёстой хэмээн НҮБ-ээс тодорхойлжээ.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

“Түгээмэл асуудлуудыг түгээмэл бус аргаар” уриатай “Гэр өргөө” ТББ нь Улаанбаатар хотын гэр хорооллуудын хамгийн тулгамдсан асуудлыг инновацилаг, бүтээлч аргаар шийдэх зорилготой. Тэд зорилгодоо хүрэхийн тулд архитектур, дизайн, инженерингийн дэлхийн топ их сургуулиуд, институтуудтэй хамтран ажиллаж, гэр хороололд хэрэглэж болох үр ашигтай, өртөг багатай бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг судалж хөгжүүлдэг. Хамгийн сүүлд тэд Станфордын их сургуулийн Хассо Платтнерийн Дизайны Төвтэй хамтран, монгол гэрийг дулаан байлгах инновацийн шийдлийг хөгжүүлэх төсөл дээр тус сургуулийн 4 оюутныг 2017 оны 1-6 сард ажиллуулахаар болжээ.

Зорилго 12: Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Нэрийн хуудсаа шинээр захиалах гэж байна уу? Яагаад дахин боловсруулагдсан цаасаар хийсэн нэрийн хуудастай байж болохгүй гэж? Догь шийдэл.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Байгаль орчинд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд бид тогтвортой хэрэглээг хэвшүүлэх ёстой. Энэ ч утгаараа "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын хариуцлагатай, тогтвортой хэрэглээг бий болгох нь зөвхөн үйлдвэрлэгчдийн үүргээр хязгаарлагдахгүй бөгөөд хэрэглэгчдийн зан төлөв, дадал зуршилтай ч шууд холбогдох учиртай билээ. 2030 он гэхэд хаягдлыг багасгах, эргэлтэд оруулах, дахин ашиглах замаар хаягдлын хэмжээг үлэмж бууруулах, байгалийн нөөцийн тогтвортой менежмент, үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлэх нь энэ зорилтын чухал хэсэг хэмээн тодорхойлогдож байна.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Монголд дахин боловсруулсан цаасаар хийсэн нэрийн хуудас гаргаж, түүгээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх залуучуудын санаачилга болох 3R-ийг бид энд онцолж байна. Зориг сангийн "Байгаль орчны манлайлагч хөтөлбөр"-өөс төрөн гарсан төслүүдийн нэг 3R нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг суурь болгон, дотооддоо дахин боловсруулан гаргасан цаасны хэрэглээний ач холбогдлыг олон нийтэд таниулж, байгалийн нөөцийг хэмнэх зорилготой. Нэг ширхэг нэрийн хуудсаар 320 гр ус, 15 гр мод, агаарт цацагдах байсан 5гр хүлэмжийн хий буюу агаарын бохирдол, 0.064 kwh эрчим хүчийг тус тус хэмнэх боломжтой байдаг аж.

Зорилго 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах

Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Бидний амьдралд өдөр бүр мэдрэгдэх болсон уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөнд "орших уу, эс орших уу" гэдэг асуултыг тавьж буй бодит аюул юм. НҮБ-аас бүх улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг авах, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх талаар үндэсний бодлогk хэрэгжүүлэн, олон улсын конвенцид нэгдэхийг уриалж бea. Түүхийн хуудаснаа бидний амьдарч байгаа үеийг дурсан бичихдээ "уур амьсгалын өөрчлөлттэй тэмцсэн үе" хэмээн тэмдэглэн үлдээх нь гарцаагүй. Төгсгөл нь харин ямар байх нь чухам биднээс хамаарна.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Зориг сангийн “Байгаль орчны манлайлагч” (EFP) хөтөлбөрийг төгсөгчдийн холбооноос 2016 онд 21 аймгийн залуучуудын төлөөллийг оролцуулсан Rural EFP хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Тэд хөтөлбөрөөр дамжуулан шинэ үеийн байгаль орчны манлайлагчдыг олноор бэлтгэх, байгаль орчны мэргэжилтнүүдийн улсын хэмжээний сүлжээ байгуулах, энэ чиглэлийн мэдээлэл солилцох боломж нөхцөлийг бүрдүүлжээ. Бид өмнө нь хөтөлбөрт оролцогсдын хэрэгжүүлж байсан төслүүдийг онцолж байсныг эндээс уншаарай.

Зорилго 14: Далай тэнгисийн нөөцийг хамгаалах

"Далай ээж" хэмээн хүндэтгэн дууддаг Хөвсгөл нуураа та хайрлаж чадах уу? Монгол Экологи Төв танаас асууж байна.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Далай байхгүй учир энэ зорилт бидэнд хамааралгүй гэж ойлгож огт болохгүй. Учир нь энэ зорилт дотор бид зөвхөн далай гэлтгүй тэнгис, томоохон нуур, мөрний экосистемийг хамгаалах, хадгалах тухай асуудлууд багтаж байгаа юм. Усан доор оршиж буй экосистемийн бүрэн байдлыг хадгалах, бүх төрлийн бохирдлоос хамгаалах, загас ан агнуурыг зохистой түвшинд хадгалах, далай тэнгисийн хүчлийн агуулгыг бууруулах зэрэг зорилтуудыг бид өмнөө тавиад байгаа юм.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг эзэлдгээс гадна Монгол улсын аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг болдог. Тэгвэл “Монгол Экологи Төв” ТББ Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг хамгаалах менежментийн цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Тэд төслийн санхүүжилтээ АНУ болон Европын Холбооноос босгодог байна.

Зорилго 15: Хуурай газрын экосистемийг хамгаалах

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

15-р зорилт магадгүй хамгийн өргөн хүрээг хамарсан зорилтуудын нэг юм. Учир нь энд бидний оршин сууж буй дэлхий дээрх хуурай газрын экосистемтэй холбоотой бүх асуудлыг нэгтгэн оруулсан юм. Хуурай газрын экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг мөхөж устахаас сэргийлэх зэрэг асуудлууд энд багтана.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

Бэлчээрийн салбарын залуу судлаачдын дунд холбоо тогтоон, харилцан мэдээлэл, туршлага солилцох, тэдний судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ залуу судлаачдыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Бэлчээрийн залуу судлаачдын клуб" байгуулагджээ. Уг клубийн гишүүд жилд 1-2 удаа цугларч эрдэм шинжилгээний бага хурал, ахмад судлаач, эрдэмтэн докторуудтай хамтран сургалт семинарууд зохион байгуулж, шинэ мэдээ мэдээлэл солилцохын зэрэгцээ судалгааны ажлынхаа арга зүй, тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар зөвлөлддөг байна. Тэд “Бэлчээрийн судалгаа - Шинэ үе” эрдэм шинжилгээний бага хурлыг жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг.

Зорилго 16: Энх тайван, шударга ёсыг цогцлоох

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институтийг бүх шатанд бий болгох нь магадгүй өнөө цагийн бүхий л нийгмийн өмнө тулгамдаж буй гол асуудал байж мэднэ. Авилгал хээл хахуульгүй, зөрчилдөөн мөргөлдөөнгүй энх тайван нийгмийг цогцлоон, нийгмийн давхарга бүрийн төлөөллийг хамруулсан сайн засаглалтай, шударга шүүхийн тогтолцооотой байхыг энэ зорилт тодорхойлж буй. Мөн бүх төрлийн хүчирхийлэл, түүнтэй холбоотой эндэгдэл, нас баралтыг үлэмж хэмжээгээр бууруулах ёстой хэмээн хамгийн эхний дэд зорилтдоо багтаажээ.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

"Бодлогод залуусын оролцоо" ТББ залуучуудыг бодлогын үйл явцад судалгаанд суурилан, идэвхтэй оролцдог болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор тэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг залуучуудад сонирхолтой, шинэлэг байдлаар хүргэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд эдгээр зорилтыг цааш түгээн дэлгэрүүлэх 15 орчим үе тэнгийн сургагч (16-22 насны) залууг бэлджээ. Ингэж бэлтгэгдсэн үе тэнгийн сургагч нар 12 сарын 20-25-нд МУИС, АШУҮИС, МУБИС-ийн оюутнуудад тогтвортой хөгжлийн зорилтууд, ялангуяа чанартай боловсролын зорилтыг танилцуулах семинар зохион байгуулж байна.

Зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх

Иргэний нийгмийн хамгийн идэхтэй залуусын байгууллагуудыг нэг дор цуглуулдаг энэ чуулганыг сүүлийн 2 жил амжилттай зохион байгуулжээ.

2030 он гэхэд бид юунд хүрэх вэ?

"Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийг эрчимжүүлж, хэрэгжүүлэх арга механизмыг бүрдүүлэх" хэмээн тодорхойлсон энэ зорилт магадгүй өмнөх 16 зорилтыг амжилттай хэрэгжихэд хамгийн чухал нөлөө үзүүлэх онцгой зүйл юм. Нийгмийн амьдралд оролцож буй бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагаа энэ зорилт бүрийг биелүүлэх, гүйцэлдүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх учиртай. Зөвхөн засгийн газар, төр, бодлого боловсруулагчид биш, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас эхлээд залуучууд, залуучуудын байгууллага хүртэл бүх талууд хамтдаа ойлголцож, түншилж байж, бие биенээ шахан хурцалж, эрчимжүүлж, тогтвортой системийг бүрдүүлж байж бид өөрсдийн хүсэж буй дэлхий ертөнцийг бүтээж чадах билээ.

Залуучууд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ?

2013 онд хүүхэд залуучуудын чиглэлээр ажилладаг 16 төрийн бус байгууллага сайн дураар нэгдэн, санамж бичигт гарын үсэг зурснаар төр, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон залуусын хамтын ажиллагааг хангах гүүр болж ажиллах Монголын Залуучуудын Эвсэлийг үүсгэн байгуулсан юм. Тус эвслийн зорилго нь залуучуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалж, олон талт байгууллагуудын нийтлэг зорилго, үнэт зүйлс, зарчмыг түгээн, эрхэм чанараа мэдэрсэн залуу хүн бүрийн бодит, ухаалаг оролцоог нэмэгдүүлэн, харилцан биенээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлсэн шударга нийгмийг бүтээх явдал юм. Монголын Залуучуудын Эвсэл 2015 оноос эхлэн “Залуучуудын иргэний нийгмийн чуулган”-ыг жил бүр зохион байгуулан, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, клуб, нэгдэлд харьяалагддаг залуучуудыг цуглуулж, залуусын дуу хоолойг шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна.

Редактор: Д.Ганзориг
Бэлтгэсэн: А.Ундрал, Д.Ганзориг, Б.Батзаяа
Ковер зургийг: Б.Батзаяа
Хөдөлгөөнт зургийн эх сурвалж: UN, The Global Goals, Morphogenesis, Behance, Ezgif
Гэрэл зургийн эх сурвалж: UN болон холбогдох байгууллагууд
"Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна" шилдэг бүтээлийн уралдаанд зориулав.

46883   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.