Мэдүүштэй

Мэдүүштэй вэб: Улаанбаатар - Бидний тэгш хүртээмжтэй хот

06 сарын 23, 2016


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


8667  




Та Улаанбаатар хотынхоо тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжтой газруудыг мэдэх үү? Энэ асуултанд бодлогошрохгүйгээр хариулдаг хүн тун цөөн гэхэд болно. Үүнээс сэдэл авч Америкт Сургууль Төгсөгчдийн Нэгдсэн Холбооны (MASA), Бид чадна ТББ болон Mongol ID Group хамтран "Бидний тэгш хүртээмжтэй хот - Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг" нийгмийн хариуцлагын төслийг АНУ-ын Төрийн департмент, АНУ-д төгсөгчдийн дэмжих сангийн (AEIF) санхүүжилтээр 2015 оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл энэ зун дуусгавар болж буй.

Улаанбаатар хотод 4,000 гаруй тэргэнцэртэй иргэн оршин суудаг. Гэхдээ эдгээр иргэдийн явах орчин нь харьцангуй хязгаарлагдмал бөгөөд Улаанбаатар хотын барилга байгууламжууд эдгээр иргэдэд тийм ч ээлтэй бус гэхэд болно. Мөн ээлтэй байршлуудын мэдээллийг хялбархан авах боломж хомс байдаг нь Бидний тэгш хүртээмжтэй хот тэргэнцэртэй иргэдэд зориулсан онлайн газрын зураг төслийг бүтээх сэдэл болжээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хүн амын хөдөлгөөн ихтэй эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудыг хамруулан бүртгэлжүүлэх ажил хийгдэж 2000 орчим барилгын мэдээллийг цуглуулсан байна. Одоогийн байдлаар 100 гаруй сайн дурын ажилчид уг төсөл дээр ажиллаж байгаа ба тэдний дийлэнх нь оюутнууд байгаа аж.

Уг төслийн технологийн түншээр Mongol ID Group ажиллаж, Улаанбаатарын нэн шинэлэг газрын зураг болох МИНУ (http://map.minu.mn) дээр мэдээллийг хялбар байдлаар оруулж өгсөн нь олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газрууд тэргэнцэртэй иргэдэд хэр ээлтэй гэдгийг онлайнаар мэдэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл энэ газрын зурагт аливаа байгууламжийн:
-Босго
-Хаалга
-Цахилгаан шат
-Налуу зам
-Ариун цэврийн өрөө гэсэн 5 үндсэн үзүүлэлтийг сонгож оруулсан ба тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд тохиромжтой эсэхийг нь 4 өнгийн тэмдэгтээр үнэлэн харуулжээ.

MASA-ын удирдах зөвлөл, Бид Чадна ТББ-ийн төлөөлөл map.minu.mn сайтад тэргэнцэртэй зорчих боломжийн талаарх мэдээлэл оруулах тэмцээний ялагчидтай хамт.

Өнгөрсөн 5 сард "Бидний тэгш хүртээмжтэй хот" төслөөс Улаанбаатар хотын барилга байгууламжууд тэргэнцэртэй иргэнд тааламжтай эсэх талаар мэдээлэл оруулах тэмцээн зарласанд нийт 53 хүн оролцон 2000 шахам барилгын мэдээллийг оруулжээ. Нийт 5 ялагчийг шалгаруулсан бөгөөд 1-р байранд орсон оролцогч iPhone 6s-р шагнуулсан юм.

Unread-ийн зүгээс иргэд, компаниуд, албан байгууллагуудад уг газрын зурагт өөрийн барилга, байгууламж, эзэмшлээ оруулж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулаарай хэмээн уриалж байна. Та бидэнтэй нэгдээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.