Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   02 сарын 05, 2018

2030 оны даалгавар: 17 зорилго - 17 асуулт

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар та дуулсан уу? Сургууль дээрээ, ажил дээрээ, гэрийнхээ орчимд үүнтэй холбоотой өрнөж буй ямар нэгэн арга хэмжээ, төсөл хөтөлбөр, уулзалтанд оролцож байсан уу? Ядаж мэдээ мэдээлэл авах нэвтрүүлэг үзэж, нийтлэл уншиж байсан уу? Тийм гэж хариулсан бол танд баяр хүргэе. Харин үгүй гэж бүгдэд нь хариулсан бол бид таныг илүү идэвхтэйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг уриалъя.

Unread өнөөдрөөс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй (UNDP Mongolia) хамтран "Тогтвортой хөгжлийн зорилгууд" хэмээн шинэ буланг нээж, уншигчдын боловсролд зориулсан цуврал контентийг эхлүүлж байгаадаа таатай байна. Бид танд хамгийн сонирхолтой хэлбэрээр, шинэлэг санал санаачилгууд, мэдүүштэй жишээнүүд, сонирхолтой агуулгуудыг хүргэнэ. Хамгийн эхлээд "Тогтвортой хөгжлийн зорилгууд"-тай холбоотой хамгийн түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна. 

1. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛгУУД ГЭЖ ЮУ ВЭ?

Товч бөгөөд тодорхойгоор тайлбарлавал "Тогтвортой хөгжлийн зорилгууд" бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой "гэрийн даалгавар" юм. 2015 оны 9-р сард НҮБ-ийн гишүүн 193 орны төрийн тэргүүд бүгд санал нэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг баталсан билээ. Ирэх 15 жилд улс орнууд ядуурлыг устгаж, тэгш бус байдалтай тэмцэн, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, хэнийг ч ардаа үлдээхгүй байхад анхаарах арга хэмжээнүүдийг дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлэх учиртай.

Мянганы Хөгжлийн Зорилтын (MDGs) амжилт дээр суурилсан энэхүү зорилгуудыг гүйцэлдүүлсэнээр бид бүх түвшинд ядуурлыг бүрэн устгасан анхны үе болох боломжтой. Энэ зорилгод хүрэхийн тулд орлогын түвшин, шашин шүтлэг, газар нутгийн хэмжээ зэргээс үл хамааран бүх улс орнууд хамтдаа нэгдэж, хүчин зүтгэх ёстой билээ.

2. Ямар зорилгууд багтдаг вэ?

Нийт 17 зорилго үүнд хамаарна. Ядуурал, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндээс эхлээд бидний амьдарч буй нийгэмд, дэлхийн хаана ч очсон түгээмэл тулгардаг асуудал бэрхшээлүүдийг энд багцалсан юм. Эдгээр 17 зорилгод хүрэхэд зайлшгүй биелүүлэх шаардлагатай 169 зорилт мөн бийг мартаж болохгүй. Төгс төгөлдөрт дөхсөн нийгмийг бүтээх хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэх эхний алхам бол эдгээр зорилгуудад хүрэх явдал мөн.

3. Хэн хариуцаж хэрэгжүүлЭХ ВЭ?

Улс орнууд өөрсдийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэлтийн үйл явц, алхмуудаа тодорхойлох учиртай. Гэхдээ зөвхөн төр засаг үүнд хариуцлага хүлээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хувь хүмүүсээс эхлээд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшил бүгдийн оролцоо ижил түвшинд шаардлагатай гэдгийг онцлох хэрэгтэй. Улс орнууд орон нутгийн бүх түвшинд үйл ажиллагааны тайлангаа нэгтгэж, шаардлагатай тоон өгөгдлүүдийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх нь цаашлаад бүс нутаг, дэлхийн хэмжээнд зөв, үнэн төсөөлөлтэй болоход ихээхэн ач холбогдолтой юм.

4. Яагаад заавал 17 гэж?

Энэ бол зөвхөн төрийн тэргүүд, мэргэжилтнүүдийн санаа бодол биш. НҮБ дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй зөвлөлдөөнийг цахим орчинд явуулж, олон нийтийн санаа бодлыг хүлээн авсан нь олны талархлыг хүлээсэн. Олон нийтийн саналыг салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор улам боловсронгуй болгон хөгжүүлсэн нь эцс ийн дүнд 17 зорилго болж тодорхойлогдсон билээ. Зарим үед хэтэрхий их, хэтэрхий өргөн хүрээтэй хэмээн шүүмжлэгддэг ч дэлхий нийт бүгд нэгэн тийш харахад тоо тийм ч чухал биш байлтай.

5. Хэрэгжилтийг нь хэРХЭН хянах бол?

Өмнөх хөтөлбөрийн хамгийн шүүмжлэл дагуулсан хяналт, үнэлгээний асуудалд энэ удаа өндөр ач холбогдол өгсөн нь тодорхой харагддаг. 17 зорилго, 169 зорилтын хэрэгжилтийг хянах индикаторуудыг НҮБ-ийн Статистикийн Комиссоос батлан гаргасан нь энэ асуудлыг шийдэх учиртай. Улс орон бүр өөр өөрсдийн нөхцөлд нийцсэн үндэсний индикаторуудыг хөгжүүлэх нь мөн бодит байдал дээр илүү үр дүнтэй хэмээн НҮБ-аас зөвлөсөн байдаг. 2030 он хүртэл жил бүр дээд түвшний уулзалтууд явагдаж, гол асуудал, сорил бэрхшээлүүдээ хэлэлцэж, тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэсэн явцын тайлангууд тогтмол хэвлэгдэн гарах юм.

6. Ямар нэг дараалал зорилго дотор бий юу?

Нэгдүгээр зорилго "ядуурлыг үгүй болгох" гэж тодорхойлогдсон нь Мянганы Хөгжлийн Зорилтын нэн ядуурлын эсрэг тэмцэх гэсэн заалтыг үргэлжлүүлж байгаа утгыг агуулж байгаа. Мөн хамгийн сүүлийн буюу 17-р зорилго нь зорилтуудын төлөөх хамтын ажиллагаа гэж бичигдсэн байгаа нь бүх талууд хамтдаа зүтгэх ёстойг сануулж байгаа агуулгатай юм. Бусад зорилтуудын хувьд ямарваа нэгэн дараалал байхгүй бөгөөд ач холбогдлын түвшин, хэрэгцээгээр нь эрэмбэлсэн зүйл байхгүй.

7. Ер нь тогтвортой хөгжил гэж юу юм бэ?

Тогтвортой хөгжлийг олон талаас нь, төрөл бүрээр тодорхойлж болно. Гэхдээ түгээмэл ашиглагдаж буй тодорхойлолт нь: "Ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ." Ойлгомжтой байгаа биз? Хойч үедээ эх дэлхийгээ энэ чигээр нь өвлүүлэхийн тулд, шударга-энх тайван-хүртээмжтэй нийгэмд амьдруулахын тулд, аз жаргалтай-сэтгэл хангалуун-сайн сайхан орчныг бэлэглэхийн тулд бид өнөөдөр хариуцлагатайгаар аж төрөх учиртай.

8. Санхүүжилт хэр их шаардлагатай вэ?

Магадгүй хамгийн их эргэлзээ төрүүлж, асуулт дагуулж буй хэсэг нь санхүүжилттэй холбоотой байх. Гэхдээ алдарт эдийн засагч Жеффри Сакс зөвхөн ядуурлыг үгүй хийхэд жилд 175 тэрбум доллар хэрэгтэй хэмээн тооцоолсон байдаг. Бүх зорилтуудыг биелүүлэхэд нийт дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь орчим нь зарцуулагдах шаардлагатай гэсэн судалгаа ч бий. Хэдийгээр эдгээр тоонууд үлэмж том мэт санагдаж болох ч анзаарч хайхрахгүй орхисноор үүсэж мэдэх үр дагавруудын учруулах хохирлоос хэд дахин бага гэдэгт итгэж болно.

9. бүх улсууд зорилгодоо хүрэх ёстой юу?

Тийм. Зарим улсуудын хувьд зорилтууддаа хүрэх эсэхээс тэдний ирээдүй шууд хамаарах ч дүр зураг ажиглагдаж байна. Аль зорилгыг, ямар дарааллаар гэдэг нь тухайн улсын дотоод асуудал хэдий ч ямар нэг байдлаар бүх зорилгуудыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах нь засгийн газруудын үүрэг билээ. Монгол улс ч "2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"-ийг батлан гаргаж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг энд сануулъя.

10. Мянганы хөгжлийн зорилгоос юугаараа өөр гэж?

Мянганы Хөгжлийн Зорилго бол шинэ мянганы эхэнд буюу 2000 онд НҮБ-аас баталсан дэлхийн нийтийн зорилго байсан билээ. Мянганы зорилтуудын гол анхаарал ядуурлын суурь шалтгаан руу чиглэж, хүн бүхэнд үйлчилдэг хөгжлийн хэрэгцээг хангах, бий болгохыг уриалж байв. Үүний хүчинд асар олон бүс нутаг, улс орон системтэйгээр хөгжлийн бодлогоо тодорхойлж, багагүй үр дүнг гаргасан гэж үздэг юм. Тэгвэл тогтвортой хөгжлийн зорилтууд нь өмнөхөө залгамжлан, тэгш бус байдал, аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хариуцлагатай үйлдвэрлэл, энх тайван, шударга ёс зэрэг илүү олон хүчин зүйлсийг хамруулсан, илүү өргөн хүрээтэй том хөтөлбөр юм.

Тогтвортой хөгжлийн зорилтууд бүх улс оронд хамааралтай бол Мянганы хөгжлийн зорилт зөвхөн хөгжиж буй орнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байснаараа онцлогтой. Мөн тогтвортой хөгжлийн зорилтууд нь санхүүжилтийг шийдэх, технологийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэрэгжүүлэлтийн үе шатдаа ихээхэн анхаарч байгааг онцлох хэрэгтэй.

11. Бид ямар замаар зорилгуудаа биелүүлж болох вэ?

Тогтвортой хөгжлийг цогцлооход хамгийн чухал нөлөөтэй хэмээн гурван тулгуур хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нийгмийн оролцоо, байгаль хамгаалал юм. Эдгээр хүчин зүйлс нь өөр хоорондоо шууд холбогддогоос гадна нийгэм, хувь хүний сайн сайхан байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Тогтвортой, оролцоотой эдийн засгийн өсөлт нь хүртээмжтэй боломжуудыг бий болгож, тэгш бус байдлыг халан, амьдралын түвшинг сайжруулах болно. Ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалтгүй, бүгд тэнцүү нийгмийн хөгжил нь хувь хүн бүрийн оролцоотой орчинг бий болгох учиртай. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой удирдлагаар хангах ажлыг ч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай билээ.

12. Зорилгуудыг илэрхийлж буй өнгөнд утга учир бий юу?

17 зорилгыг 17 өөр өнгөөр илэрхийлэх нь илүү олон хүнд хүргэх зорилготой шууд холбоотой. Хамтдаа зохицох, зэрэгцсэн өнгөө дарахгүй байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг хангасны дараагаар эдгээр өнгүүдийг албан ёсоор ашиглах болсон юм. Зарим зорилтуудыг илэрхийлэх өнгө нь утгатайгаа ч нийцэж байгааг анзаарч болно. Устай холбоотой зорилгыг цэнхэр, эрчим хүчийг шараар тодорхойлсон учир тэмдэглэгээнүүдтэй нь нийцүүлэн шууд ойлгож болохоор болгон зохиожээ.

13. Яагаад хүн бүр эдгээр зорилгуудын талаар мэдэх ёстой гэж?

Нийгмийн амьдралд хамаарагдаж буй оролцогч талууд бүгд хувь нэмрээ оруулж байж бид эдгээр зорилгуудад хүрэх учиртай. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмээс эхлээд олон нийт ч үүнд багтана. Эдгээр зорилгууд эх дэлхий дээр амьдран суугаа 7 тэрбум хүмүүст бүгдэд нь нөлөөлөхүйц учир хүн бүр тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадалтай байх нь нэн чухал юм. Ингэж байж л бид хамтдаа илүү сайхан дэлхийг цогцлоож чадна шүү дээ.

14. би ЗӨВХӨН ганц зорилгыг нь дэмжиж болохгүй гэж үү?

Мэдээж болно. Энэ бол таны л сонголт. Хамгийн гол нь нэг зорилтыг нь сонгож, түүнийгээ дэмжиж, ямар нэгэн үйлдэл хийж эхлэх нь чухал. Аливааг эхлүүлэх л хамгийн хэцүү байдаг шүү дээ.

Гэхдээ бүх зорилгууд хоорондоо ямар нэг байдлаар холбогдож байгааг мартаж болохгүй. Нэг зорилгыг дэмжихэд тэр нь шууд болон шууд бус замаар бусад зорилгуудад ч нөлөөлөх болно. Жишээ нь, албан байгууллага, сургууль дээрээ хүйсийн тэгш байдлыг хангах талаар цуврал арга хэмжээ зохион байгуулахад 4-р зорилт болох хүртээмжтэй боловсрол, 8-р зорилт болох эдийн засгийн өсөлтийг дэмжихтэй уялдаад явчихна.

15. Би хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?

Өдөр тутмын амьдралдаа багахан өөрчлөлтууд оруулахаас эхлээд таны хийж чадах зүйлс асар олон. Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийг эргэн тойрондоо, найз нөхдөдөө түгээх нь таны хамгийн эхний хувь нэмэр байх болно. Эсвэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагад элсэх, дэмжих, оролцох нь зөв зүйтэй оролцоо. Ойрхон газар алхахыг илүүд үзэж, аль болох машин, автобуснаас татгалзаж болно. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авах нь ч тогтвортой хөгжлийг дэмжсэн хэрэг болно шүү. Тэгэхээр төсөөллөө ашигла. Таны хэрхэн төсөөлөхөөс ирээдүй хамаарах болно.

16. Хэрвээ 2030 он гэхэд зорилгодоо хүрч чадахгүй бол яах вэ?

Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлэхийг хэн ч тодорхой хэлж чадахгүй байгаатай адилаар нийгмийн тэгш бус байдал, эдийн засгийн хүртээмжтэй бус өсөлт бидний өнөөдөр төсөөлж буй ирээдүйн зураглалыг тэр чигт нь ч өөрчилж мэдэх юм. Улс орон бүр бүгд санал нэгтэй энэ хөтөлбөрийг баталсан ч ямар нэгэн хууль, журмаар үүрэг хүлээгээгүй. Эдгээр орнууд хамтдаа ажиллаж, хамтдаа хүчин зүтгэнэ гэж амлалт л өгсөн гэсэн үг. Хэн ч тэднийг буруутгаж, хариуцлага хүлээлгэж чадахгүй ч бие биедээ шахалт үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, зорилгууддаа хүрэхийг хичээх нь л гол хөшүүрэг юм.

Бид ирээдүйг таамаглаж чадахгүй. Ирээдүйд өрнөдөг үйл явдалтай хүссэн киногоо төсөөл. Аль ертөнцөд нь та амьдрахыг хүсэж байна? Энэ л таны сонголт. Бидний гэрийн даалгавар.

17. Харин Unread юу хийж чадах вэ?

Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Unread уншигчид, хэрэглэгчдэдээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зорилгууд болон түүнтэй холбоотой бусад мэдээллийг хүргэх үүрэгтэй. Бид хамгийн бүтээлч байдлаар, илүү интерактив, илүү баримт-тоон өгөгдөлд суурилсан контентуудыг хүргэх замаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг сурталчлах болно. Та бүхэн бидний шинээр танилцуулж буй "Тогтвортой хөгжлийн зорилгууд" гэсэн булангаар зочлон, тогтмол шинэчлэгдэх контентуудыг хүлээн аваарай.

Нийтлэлийг бичсэн А.Ундрал
Редактор: Д.Ганзориг
Ковер зургийг: О.Бүтэд
Хөдөлгөөнт зургийг: UNDP, UN

47802   7


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.