Тогтвортой хөгжлийн зорилгууд   02 сарын 06, 2018

Утаанаас хэрхэн салах вэ? - Хятадын туршлагаас суралцах нь

Утааны гамшигт нэрвэгдээд байсан Хятад улс 2014 онд Ханжоуд болсон G20 дээд хэмжээний уулзалтын хүндэт зочдыг утаагүй, цэлмэг тэнгэртэй угтахын тулд үйлдвэрүүдээ 14 хоногийн турш хааж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр Хятад орон утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ дэлхийн үлгэр жишээ улсуудын нэг болж, хамгийн их утаатай 10 улсын тооноос аль хэдийн хасагдсан байна. Хэдхэн жилийн өмнө Бээжингээр зочлоход гудамжаар дүүрэн маск зүүсэн хүмүүс харагддаг байсан бол одоо дүр зураг бага багаар өөрчлөгдөж байгааг хүмүүс анзаарсан биз ээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин АПЕК-ийн чуулганы үеэр “Би өглөө сэрээд хамгийн түрүүнд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” хэмээн мэдэгдэж байсан удаатай. 2014 онд Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян албан ёсоор агаарын бохирдлын эсрэг “дайн”-ыг шийдэмгий зарласан юм. Хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хаахаас авахуулаад агаарын бохирдлын тусгай цагдаагийн эргүүлийг гаргах зэрэг олон арга хэмжээ авсан нь Бээжингийн утааны түвшинг 35 хувиар бууруулж чаджээ. Хятад дахь агаарын бохирдлын тэмцэл дуусах болоогүй, агаарын бохирдлын түвшин өндөртэй 25 гаруй хотын асуудлыг шийдэх урт аян үлдсэнийг санах хэрэгтэй. Энэхүү нийтлэлээр бид Хятад улсад агаарын бохирдлын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын жишээг танилцуулж, тэднээс суралцах, хуулбарлах зүйлс юу байгааг та бүхэнтэй хуваалцах болно.

СУРГАМЖ 1: ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ АШИГЛАХ БУЮУ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ЦАМХАГ БАРЬСАН НЬ

Энэхүү цамхаг нь өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар үйлдвэрлэдэг.

Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхаг Хятадын Шаньси мужийн Шиань хотод байгуулагдсан гэж та дуулсан уу? Ашиглалтанд ороод удаагүй ч 100 м өндөр тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан ба PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурсан гэнэ. Цамхаг нь туршилтын жижигрүүлсэн загвар бөгөөд үр дүнтэй байвал үүнээс ч томыг Хятадын олон хотод барихаар зорьж байгаа юм. Шинэ технологи үргэлж боломжгүй мэт санагддаг ч эргэлзэгчдийг үгүйсгэн хариу барьж, гайхамшгийг бий болгодог. Манай эрдэмтэн судлаачид, технологи сонирхогчдод нөхцөл байдалд нийцсэн олон сонирхолтой шийдэл, инновациуд байгаа нь гарцаагүй. Хамгийн гол нь бид тэдэнд боломж олгож, турших нөхцөлийг бүрдүүлэх нь чухал мэт.

сУРГАМЖ 2: МАШИНЫ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ БУЮУ 2030 он гэхэд цахилгаан “машинжуулах” Хятадын бодлогО

Бээжин хотын захиргаа энэ оны 1-р сараас агаарын бохирдол ихээр ялгаруулж буй 553 гаруй автомашины төрлийн ашиглалт ба үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргалаа. Үүнд Audi, Beijing Benz, Chevrolet зэрэг гадаад болон дотоодын загварууд багтсан байв. Хятадын эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан. Иймд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж аяндаа бүх машиныг цахилгаан болгохоор зорьж байна.

Интернетийг шуугиулсан баримтат кино Under The Dome-ийг үзээд бид машины нөлөө бохирдолд нэлээд их хувь нэмэр оруулдгийг ойлгож авсан. Ялангуяа манайх шиг хэт их машинтай, бас хуучин машин элбэгтэй хотод энэ асуудал овоо жин дарж байгаа нь тодорхой. Бид хэрэглээгээ ахин нэг харж, өөр өөрсдийн боломжоор хувь нэмрээ оруулах боломж байна. Зуны улиралд дугуй унаж, боломжтой бол алхах нь ч жижигхэн гэлтгүй хувь нэмэр гэдгийг дахин сануулъя.

СУРГАМЖ 3: НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БУЮУ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ "ОЙН ХОТ" ТӨСӨЛ ЭХЛҮҮЛСЭН НЬ

"Ойн хот" төслийн ачаар “Бид агаараас авсан зүйлээ буцааж агаарт нь өгч байна.”
- Италийн алдарт архитектур, дизайнер Стефано Боери

Хятад улс агаарын бохирдлоо бууруулахын тулд хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь Наньжин дахь "Ой хот" төсөл юм. Төслийн хүрээнд оффис, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим "ногоон" барилгыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцрыг багасгахаар төлөвлөжээ. Эдгээр барилгын ногоон байгууламжууд өдөрт л 60 кг хүчилтөрөгч ялгаруулна гэнэ. Дэлхийн хамгийн анхны босоо ойн барилгын ажил эхэлсэн байгаа бөгөөд эхний ээлжийн барилгууд ирэх жил ашиглалтанд орж, 2020 он гэхэд Наньжин тэр чигээрээ ойн хот болохоор төлөвлөж байгаа ажээ.

Ногоон байгууламжуудаа ад үзэлгүй түвшин бүртээ хэрхэн нэмэгдүүлэх талаар анхаарвал зохилтой. Гэртээ цэцэг тарихаас энэ бүхэн эхэлж, олон нийтийн санаачилгаар улам идэвхжих учиртай билээ. Олон сайн санаачилгыг аль хэдийн эхлүүлсэн ч тэдгээрийг дэмжихэд оройтно гэж хэзээ ч байхгүйг сануулах юун.

СУРГАМЖ 4: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРтЭЭ АНХААРАХ БУЮУ Нарны эрчим хүчний хамгийн том хөвөгч станц БАЙГУУЛСАН НЬ

Дэлхийн хамгийн анхны агаар цэвэршүүлэгч цамхаг, дэлхийн хамгийн анхны ойн хотоос гадна Хятад улс дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээн босгож агаарын бохирдолтой тэмцэж байна. Анхуй мужийн усанд живсэн хуучны нүүрсний уурхайд баригдсан 40 мегаваттын уг байгууламж нь жижиг тосгоныг эрчим хүчээр хангах чадалтай аж.

Сэргээгдэх эрчим хүчний диваажин гэгдэх Монгол улсад эрчим хүчний хэрэглээгээ байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх гарцууд байхгүй гэж үү? Энгийн хэрэглээндээ ч нүүрсээ угааж хэрэглэх, сайн шаталттай зуух ашиглах гэх мэт шийдлүүд байж болох мэт.

СУРГАМЖ 5: ОЛОН НИЙТИЙН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОО БУЮУ Утаснаасаа агаарын бохирдолтой тэмцэж буй Хятад иргэдИЙН АПП

“Утаа ихтэй өдөр хүмүүс уурлаад л өнгөрдөг байсан, одоо хэн хаана утаа гаргаж байгааг олж мэдээд бусадтай онлайнаар хуваалцаж хамтдаа тэмцэж байна”

- Blue Map аппыг үүсгэн байгуулагч Ма

Байгаль орчны судлаач Ма засгийн газраас гаргасан 12,000 гаруй үйлдвэрээс ялгаруулж буй утааны бодит мэдээллийг ашиглан утааг бууруулахад иргэдийн хувь нэмрийг оролцуулах зорилготой “Blue Map” гар утасны апп-ийг бүтээжээ. Тус апп нь Хятадын алдарт “Under The Dome” утааны тухай баримтат киноны ачаар нэг хоногийн дотор цахим ертөнцөд дуулиан үүсгэж, долоо хоногийн дотор 3 сая гаруй удаа татагдсан юм.

Өдөр болгон “Blue Map”-ийн 20,000 гаруйидэвхтэй хэрэглэгчид тус апп-ийг ашиглан агаарт их хэмжээний хорт утаа ялгаруулж буй үйлдвэрүүдийн талаар холбогдох байгаль орчин хамгааллын агентлагт гомдол мэдүүлдэг. Олон нийтийн шахалт, ил тод байдлын ачаар компаниуд агаарын бохирдлын түвшинд тавих хяналтаа ихэсгэж, зарим нь үйлдвэрээ хаах дээр тулж байна.

Энэ бүхэн магадгүй хамгийн чухал сургамж ч байж мэднэ. Бүх зүйлс болоод өнгөрсний дараа, үр дүн нь аль хэдийн нүдэнд үзэгдэж эхэлсний дараа гэнэт сэхээрэх бус байнга, тогтмол, жилийн турш дуу хоолойгоо нэгтгэж, анхаарлаа сарниулахгүйгээр оролцоотой байх нь чухал.

СУРГАМЖ 6: БУСДААС СУРАЛЦАЖ, АМЖИЛТЫГ ХУУЛБАРЛАХ БУЮУ Агаарын бохирдлын түгшүүр дэлхий дахинд 

Ийм асуудалтай нь ганцхан бид биш. Агаарын бохирдол ганц Монголын ард түмнийг бухимдуулаад байгаа юм биш, дэлхий нийтийн томоохон асуудал билээ. Өнөөдөр дэлхийн хүн амын 92 хувь нь хорт утаатай орчинд амьдарч байгааг судалгаанаас харж болно. Дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ асуудлыг шийдэх цөөнгүй гарц байгааг ч мартаж болохгүй. Бид бодитой үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг судалж, түүнээс гарц эрэлхийлж, үр дүн шаардаж, хамтдаа хувь нэмрээ оруулах ёстой. Танд хэрэгтэй байж мэднэ хэмээн бат итгэж, бусад улсууд дахь агаарын бохирдлын асуудал болон шийдвэрлэх гарцын талаарх нийтлэлүүдийг нэгтгэлээ.

Солонгос: Сөүлд утааны түвшинг багасгахаар иргэдээ нийтийн тээврээр үнэгүй зорчуулна

Пакистан: Улс даяар ирэх таван жилийн дотор 100 сая мод тарих аян эхлүүлж байна

Вьетнам: Ханой 2030 он гэхэд нэг ч мотоциклгүй хот болохоор зорьж байна

Индонез: 2018 оны Азийн наадмаас өмнө Жакарта утааны асуудлаа шийдэж чадах уу?

Иран: Иран дах том хотуудын утаа онц ноцтой түвшинд хүрч сургуулиуд хаалгаа барилаа

Хонг Конг: Хонг Конгийн агаарын бохирдлын түвшин Бээжингийнхээс тав дахин их байна

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: УТААНААС ХЭРХЭН САЛАХ ВЭ БУЮУ ЗОРИЛТУУДАА ЭРГЭН САНАХ НЬ

Агаарын бохирдол, утааны асуудлыг "Тогтвортой хөгжлийн зорилго"-д ч ихээхэн ач холбогдол өгөн тусгасан байдаг. Ялангуяа хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын асуудалд энэ бүхэн нэн чухал нөлөөтэй. Түүнээс гадна эрүүл мэнд, хариуцлагатай үйлдвэрлэл зэрэг бусад зорилгуудад ч хамааралтай байдгийг доорх зургаас харж болно.

Бид энэхүү нийтлэлээрээ хөрш орон маань саяхан л гамшиг хэмээн зарлаж асан асуудлаа хэрхэн шийдэж, ямар бодлого баримталж байгааг дуулгангаа монголчууд бид үүнээс чухам юу юуг суралцаж болох талаар санаа сэдэл өгөхийг зорилоо. Төгсгөлд нь Unread-ийн зүгээс утаанаас салахад хувь хүний зүгээс шаардах хамгийн эхний, хамгийн энгийн алхмуудыг санал болгож байгааг хүлээн авна уу.

- Agaar.mn аппыг ашиглаж агаарын бохирдлын түвшинг байнга хянах, мэдээлэх
- Дотнын хүмүүс, эргэн тойрныхноосоо утаанаас хамгаалах маск зүүхийг шаардах, өөрөө зүүх
- Шаардлагагүй бол машинаа унахгүй байх, алхах, дугуй унах
- Өөрсдөө санаачлан "Бяцхан агаар"-тай төстэй олон нийтийн аян явуулах, оролцох, хувь нэмрээ оруулах
- "Ариг Банк"-аас санаачлан явуулж буй "Утааг хамтдаа устгая" инновацийн уралдаантай төстэй санаачилгуудыг зохион байгуулах, дэмжих, оролцох
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрнөж буй хэлэлцүүлгүүд, олон нийтийн жагсаал цуглаануудад оролцож өөрийн дуу хоолойг илэрхийлдэг байх

Нийтлэлийг: Н. Халиунаа
Редактор: А.Ундрал
Ковер зургийг: О.Бүтэд
Зурган дүрслэлийг: О.Бүтэд

20690   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.