#Random

"Бяцхан агаар" аяны тухай + Crowdfunding гэж юу вэ?

01 сарын 06, 2017


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


16125   6




Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал "гамшиг"-ийн байдалд хүрсэнтэй нийгэм санал нэгдэж, олон нийтийн анхаарлын төвд ирээд буй энэ цаг мөчид залуусын зүгээс маш олон санаачилга, бүтээлч ажлууд гарч ирж байгаагийн нэгийг бид онцолж байна. Энэ бол хотын хамгийн их бохирдолтой цэгүүдэд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг худалдан авах зорилго бүхий "Бяцхан агаар" нийтийн санхүүжилтийн /crowdfunding/ аян юм.

"Бяцхан агаар" аяны тухай

Энэ бол Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой бүсэд оршиж буй эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад нийт 100 ширхэг агаарын шүүлтүүр өгөх зорилготойгоор хэрэгжиж буй залуусын санаачилгатай аян юм. Зохион байгуулагчдын тооцооллоор аян зорилгодоо хүрвэл хамгийн багадаа 10,000 хүүхэд шууд байдлаар илүү цэвэр агаар амьсгалах боломж үүснэ гэж үзэж байгаа гэнэ. Хамгийн гол нь энэ аянг нийгмийн төлөө бодит зүйлийг иргэд өөрсдөө хийж чадна гэсэн итгэл үнэмшил бүхий сайн дурын залуучууд зохион байгуулж байгаа учраас олон нийтийн оролцоо ихээхэн чухал байгаа билээ. Аяны хүрээнэд Sharp болон Smart Air Filter брэндийн агаарын шүүлтүүрүүдийг сонгосон эмнэлгүүдэд суурилуулах бөгөөд эмнэлгийн орчинд Sharp, харин олон нийтийн хэсэг буюу корридор, хүлээлгийн өрөө зэрэгт Smart Air филтер нь илүү тохиромжтой гэсэн судалгааг гаргажээ.

Яагаад та дэмжих хэрэгтэй гэж?

Агаарын бохирдлоос болж амьсгалын замын болон зүрх судасны эмгэг өвчнөөр хүүхэд болон том хүмүүс олноор өвчилж байна. Агаарын шүүлтүүр өгсөнөөр бид эрүүл мэндэд учруулж байгаа хор нөлөөг хамгийн шууд болон түргэн байдлаар бууруулах юм. Энэ бол бид өөрсдийн ирээдүй болсон хүүхэд залуус, тэдний эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулж буй нэгэн хувь нэмэр билээ.

Энэхүү аянг хэд хэдэн шалтгаан дээр үндэслэн зохион байгуулахаар шийдсэн гэнэ. Тухайлбал, НҮБ-ийн Хүүхдийн Сангийн 2016 онд гаргасан судалгааг үзвэл агаарын бохирдолтой тэмцэх үйл ажиллагаа хэтэрхий бага, явц нь хэт удаашралттай байна гэсэн дүгнэлт гаргасан. Судалгаан дээр мөн 2015 онд нийт 435 бага насны хүүхэд хатгааны улмаар эндсэн гэсэн статистик тоог олон нийтэд танилцуулсан билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд агаарын бохирдолд хамгийн эмзэг байдаг тул Улаанбаатар хотын эмнэлгүүд хүүхэд эхчүүдийн ачааллыг даахгүй хүнд нөхцөлд ажиллаж байгааг олон нийтийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн юм.

Та хэрхэн нэгдэх вэ?

Чийгшүүлэгчтэй нэг агаарын шүүлтүүр нь дундажаар 900,000 төгрөг болох бөгөөд нийт 92 сая төгрөг босгох зорилготой байгаа. Аяныг санаачлагчид хамгийн сайн чанарын, хамгийн боломжит шүүлтүүрийг сонгоод байгаа бөгөөд Sharp брэндийн шүүлтүүрийг авахаар болжээ.

Энэхүү аян эхлээд цөөн хоног өнгөрч байгаа ч аль хэдийн 17 шүүлтүүр авах мөнгийг босгож чаджээ. Зөвхөн залуусын хөдөлгөөнийг дэмжсэн монголчууд төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд, бидэнд элэгтэй гадаадын иргэд идэвхтэй оролцож, мөнгө хандивлаж байгаа гэнэ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учир та өөрийн зүгээс бага гэлтгүй хандив өргөж, энэхүү аяны талаар мэдээллийг өөрийн хүрээлэлдээ түгээхийг бид уриалж байна.

ХАНДИВ ӨРГӨХ

ХХБ-ны 452552589 данс, Онон,
ХААН банкны 5007955505 данс руу Ганчимэг

ДЭЛГЭРЭНГҮЙГ:

"Бяцхан агаар" аян /Нийтийн санхүүжилтийн хуудас/
"Бяцхан агаар" аян /фэйсбүүк хуудас/

Нийтийн санхүүжилтийн аян гэж юу вэ?

Нийтийн санхүүжилт буюу crowdfunding гэдэг нь тодорхой төсөл болон санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон нийтийн оролцоотойгоор, тэдний санхүүгийн дэмжлэгээр босгох үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн болон шинэ техноллоги, инновацитай холбоотой төслүүдэд ихээхэн ашиглагдах болсон. 2008 онд IndieGogo, 2009 онд Kickstarter зэрэг онлайн платформууд бий болсноор олон нийтийн дунд энэхүү ойлголт ихээхэн дэлгэрсэн бөгөөд одоогоор дэлхий даяар 2000 гаруй онлайн платформ үйл ажиллагаа явуулж байгаа гэгддэг. Монголд ихэвчлэн сошиал медиагаар дамжуулан явагддаг ийм төрлийн санхүүжилтийн аян олон амжилттай жишээнүүдийг бүтээсээр байна.

Бид амжилттай хэрэгжсэн олон жишээнүүдээс онцлон манай сайтаар дамжуулан олон нийтэд хүрч, дурдагдаж байсан онцлох төслүүдийг танд ахин танилцуулж байна.

Сайн туршлага №1

2018 өвлийн олимпийн наадамд тэшүүрийн төрлөөр оролцох боломжтой монголын шилдэг тамирчдын нэг Э.Зул GoFundMe-ээр дамжуулан Канад улсад бэлтгэл хийх, тус улсад болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцох зорилгоор хөрөнгө босгосон юм. Үр дүнд нь тэрээр зорилгодоо хүрч тэмцээн уралдаандаа амжилттай оролцон, олимпийн наадамд оролцох, эрх авах найдвараа тээсээр байгаа билээ.

Дэлгэрэнгүйг: Олимпийн мөрөөдөл: Тэшүүрчин охины эцсийн боломж

Сайн туршлага №2

"Би хэрхэн ажилладаг вэ?" буланд маань зочилж байсан В.Ойдов өөрийн үүсгэн байгуулсан "Рехтус" компаниа нийтийн санхүүжилтээр хамгийн анх байгуулж байснаа бидэнд дурсаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслүүдийг борлуулах зорилго бүхий бизнесээ эхлүүлэх гэж тэрээр IndieGogo дээрээс 8000 гаруй доллар босгож байсан билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Рехтус ХХК-ийг үүсгэн байгуулагч В.Ойдов

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.