#Random   10 сарын 02, 2015

Олимпийн мөрөөдөл: Тэшүүрчин охины эцсийн боломж

Хэд хоногийн өмнө олимпийн наадмын эрх авах зорилготой тэшүүрчин охинд зориулан Монголд амьдарч буй америк сэтгүүлчийн нээсэн GoFund-ийн хуудсыг олж үзсэн минь энэ нийтлэлийн сэдэл болсон юм. Тодорхой зорилгын хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр хөрөнгө босгох нь сүүлийн жилүүдэд манай оронд тренд болсон гэж хэлж болно. Гэхдээ тэдгээрээс арай өөр сэдэлтэй, онцгой сэдвийг дэвшүүлж, 10 мянган доллар босгох зорилго бүхий энэ аяныг Unread онцоллоо.

Тамирчин байх хэцүү. Амжилтын төлөө өөрийгөө бүрэн зориулж, нарийн хуваарьтайгаар хүнд бэлтгэлийг тогтмол хийнэ. Идэх хоол, унтах цагаа хүртэл тохируулж байж зорьсон зорилгодоо нэг алхам ойртоно. Гэвч хөгжиж буй оронд хөгжиж буй спортоор хичээллэх бүр хэцүү. Бэлтгэл сургуулилалт хийх орчин, нөхцөлөөс эхлүүлээд мөнгө санхүүгийн олон бэрхшээлтэй нүүр тулгарах хэрэг гарна. Энэ бүх асуудал бэрхшээлүүд 20 настай тэшүүрчин охин А.Зулд ч мөн тохиолджээ.

3 дахь үеийн тэшүүрчин А.Зул бол өсөх ирээдүйтэй авьяаслаг тамирчин юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэй тэшүүрийн тамирчид дундаасаа илт тасран илүүрхэж буй нь хол, ойрын бүх зайд уралдаж, улсын рекордыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосноос харагдана. Харамсалтай нь 2018 оны олимпийн наадамд оролцож, эх орныхоо далбааг Пёнчаны тэнгэрт мандуулах туйлын зорилготой түүнд санхүүгийн бэрхшээл тулгарчээ.

Олимпийн наадамд оролцоно гэдэг тамирчин бүрийн хувьд хамгийн эрхэм зорилго нь байдаг. Эмээ, ээж нь олимпод оролцож байсан гэр бүлд өссөн А.Зулд олимпод оролцох ямар чухал зүйл вэ гэдэг нь ойлгомжтой. 11-р сард Калгарид болох Дэлхийн цомын гараанд оролцон, олимпийн норматив биелүүлэх зорилго тавьсан тэр олон нийтээс тусламж хүсэж байна.

7 хоногийн 6 өдөр 6 цагаар 2 удаа хичээллэдэг А.Зул охинд туслах аянд одоогоор 85 хүн нэгдэж, 5470 америк долларыг цуглуулжээ. Нэрээ нууцлахыг хүссэн гэх нэгэн канад эрхэм 5000 долларыг хандивласнаар А.Зул канад руу явах боломжтой болж, тэмцээний өмнөх дасгал сургуулилалтаа олон улсын стандартын нийцсэн талбайд хийж байна. Түүний өдөр тутмын бэлтгэл, уралдааны тухай мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаснаас нь тогтмол авах боломжтой.

Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадахгүй бол спортоо орхихоор шийдсэн, гэхдээ олимпод оролцвол түрүүлэх ч боломжтой хэмээн инээмсэглэн ярих А.Зул бол өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа, түүнийхээ төлөө тэмцэж, зүтгэж, хөдөлмөрлөж яваа олон мянган залуусын төлөөлөл юм. Түүний замнал, түүний түүх олон хүнд эрч хүч, урам зориг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Түүнд эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулж, мөрөөдлөө биелүүлэх чин хүсэл, бас авьяас боломж бий. Харин түүнд олон нийтийн багахан тусламж л хэрэгтэй. Та түүнд туслахыг хүсэж байна уу? Тийм бол ийшээ нэвтэрч түүнтэй илүү сайн танилцаж, боломжоороо хандив өргөөрэй.

14881   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.