Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал В.Ойдов

08 сарын 24, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


39970   55




Өнөөдрийн манай зочин бол сэргээн засал, сувилгаа, ахуй засал, бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, зөвлөгөөг эрхэлдэг Монголын анхны компанийг үүсгэн байгуулагч хүн. Та бидний хэн нь ч ялгаагүй түр зуурын болон төрөлхийн гэмтэл, хэлж ирээгүй өвчнөөс үүдэн зарим тохиолдолд хэн нэгнээр асруулах юм уу асрах шаардлагатай нөхцөл байдалд орж болно. Ийм үед В.Ойдовын "Рехтус" компани асруулж байгаа болон асарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралыг, хэрэглэхэд хялбар хэрнээ хөгжингүй технологийг шингээсэн туслах хэрэгслүүдээр хөнгөвчилдөг. Нийгмийн томоохон асуудлуудын нэгийг шийдэж яваа тэрээр МУИС-ийн ОУХС-ийг 2001 онд, Цюрихийн Их Сургуулийг олон улсын бизнесийн удирдлагаар 2013 онд төгсжээ.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Амьдралын чанарыг өөрчлөхүйц хэмжээний үйлчилгээ үзүүлэх
Хэрэглэдэг гар утас: iPhone5S
Хэрэглэдэг компьютер: Asus i7 11’
Сошиал хуудсууд: Oidov Vaanchig (фэйсбүүк), @OidovVaanchig (Твиттер), www.rehtus.blogspot.com

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд өглөө ирээд хамгийн чухал, яаралтай зүйлсээ нэн түрүүнд амжуулахыг хичээдэг. Ер нь өдөр 2 цаг хүртэл өөрөө хамаарах, энерги шаардсан зүйлсээ хийдэг. Үүнд бичиг цаасны ажлууд багтана. Харин уулзалтуудыг үдээс хойш хийхийг боддог. Гэхдээ байнга энэ маягаар ажиллаж чаддаггүй. Дэлгүүр дээрээ оффисолдог учраас үйлчлүүлэгч орж ирвэл худалдагч хийх болдог. Миний ажил үүгээр онцлогтой. Худалдагчаар өөр хүн ажиллуулж болох ч бүтээгдэхүүнээ хамгийн сайн тайлбарлаж, үйлчлүүлэгчээ мэдрэх хүн нь би өөрөө байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Компанийн үйл ажиллагааг блог хэлбэрээр таниулж явдаг тул Blogger-ийг их хэрэглэнэ. Мэдээж фэйсбүүкээр ажил хэрэг, холбоо харилцаагаа явуулна. Гар утасныхаа календарь, Notes, Reminder зэргийг ашигладаг. Microsoft Office-ийн зургийн програмыг ашиглаж, зураг янзалдаг. Мөн Print Screen товчийг байнга ашигладаг. Эргэж харах санах зүйлсийг маань screenshot байдлаар Dropbox руугаа шууд хуулчихдаг болохоор тун амар байдаг юм.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Урьдчилан төлөвлөх. Бие физиологиос хамаараад багаасаа л сайн төлөвлөж сурсан. Маргааш хэзээ босож, хэзээ нүүр гараа угааж, яаж сургуульдаа явахыг урьд өдөр нь тооцоолоод унтдаг байлаа.

Мөн эрт босож ажлаа эрт эхлэх нь миний хувьд цаг хэмнэдэг. Өглөө би бүтээлч байдаг. Хамгийн бүтээлч цаг маань өглөөний 5-8 цагийг хооронд байдгийг оюутан байхдаа анзаарч байсан.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ХЭРХЭН ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасныхаа Notes дээр л сайн тэмдэглэнэ дээ. Цаас, дэвтэр нэг их хэрэглэдэггүй. Тээж явахад түвэгтэйгээс гадна их сараачиж бичдэг болохоор гар утас нь хавьгүй амар байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Өөрийгөө хүний оронд тавьж үзээд, тэр хүнд хэрэгцээтэй шийдлийг гаргаж өгөхдөө сайн гэж боддог. Би хүнээр асруулж үзсэн, хүн асардаг хүмүүст ямар хүндрэл бэрхшээл учирдгийг харж байсан болохоор тийм хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзсэн нь энэ бизнесийг эхлүүлэх гол шалтгааны нэг байсан. Намайг хүмүүс бас хүн сонсож чаддаг гэдэг. Тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавьж үздэгийн шинж байж магадгүй.

Мөн санаагаа товч тодорхой, өөр тийшээ далийчихалгүй илэрхийлэхийг их хичээдэг. Тэвчээртэй сууж юмны ард гарахдаа муугүй байх гэж боддог.

ТА КОМПАНИЙНХАА ТУХАЙ ТАНИЛЦУУЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

1997 онд би АНУ-д очиж эмчлүүлсэн юм. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон туслах хэрэгсэл байдгийг мэдсэн. Тэргэнцэр л гэхэд 100 гаруй төрлийнх байлаа. Монголд ирээд аав, сэтгүүлч Г.Золжаргал ах нартай хамтраад сан байгуулж, тэргэнцрүүдийг үнэгүй оруулж ирж тараадаг байсан. Энэ ажил маань 10 жил үргэлжилсэн юм. Хэдийгээр бидний ажил хүмүүст тус хүргэж байсан ч энэ чигээрээ үргэлжилбэл тогтвортой байж чадахгүйг ойлгож байлаа. Туслах хэрэгсэл авч байгаа хүмүүс ч гэсэн байнга донороос ирсэн зүйлсийг биш өөртөө тохируулан сонгож авахыг хүсдэг. Өөр өнгийн таяг, өөр төрлийн тэргэнцэр авах гэдэг ч юм уу сонголт хийх хэрэгцээ, хүсэл хүмүүст байсан. Бидний оруулж ирж байсан бүтээгдэхүүнүүд хязгаарлагдмал байлаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх ганц гарц нь үйл ажиллагаагаа бизнес болгох явдал байв. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд мэдрэмтгий дэлгүүрийг нээх. Ингээд нэгдүгээрт үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах, хоёрдугаарт цэвэр энэ чиглэлээрээ мэргэшсэн, эмтэй хавсраагүй, сонголттой байгууллага үүсгэх зорилготой компаниа байгуулсан.

Нэрийн хувьд Rehabilitаtion (сэргээн засах) гэдгийн Reh, монгол хэлний Тус гэдэг үгийг нийлүүлж Рехтус хэмээсэн. Логон дээрх нээгдсэн цоож бол цоожтой мэт нөхцөл байдал буй хүмүүсийг эрх чөлөөтэй болгоно гэсэн санаа. Компаниа эхлээд өөрийн 15 сая төгрөгөөр эхлүүлсэн ч удалгүй мөнгөгүй болсон. Дахиад хөрөнгө оруулалт олох гэж бизнес, компаниудтай уулзаж явсан ч бүтэлтэй юм болоогүй. Гэр бүлээсээ зээлэх юм уу эд хөрөнгөө барьцаалах гэсэн хоёр л сонголт байлаа. Гэвч үүнийг хүсээгүй тул crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох санаачилга гаргаж Indiegogo сайт дээр 15 мянга доллар босгох зорилготой кампанит ажил өрнүүлсэн. Улмаар 8300 доллар босгоод, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн дээ. Ерөнхийдөө сонгодог стартапын зарчмаар явсан гэсэн үг. Тухайн үед стартап компанид хөрөнгө оруулах дэд бүтэц, соёл огт байхгүй байлаа. Тэгээд дэлгүүрээ нээгээд 6 сарын турш нэг ч бүтээгдэхүүн зарж чадаагүй. Энэ хооронд гэхдээ дэлгүүрээ таниулах, бүтээгдэхүүнүүдийнхээ тухай блог бичих, зааврыг нь орчуулах ажлуудыг хийж байсан. Ер нь эхний 2 жил дэлгүүрээ таниулах гэж гадуур ч их явсан, интернэт дээр ч сайн ажилласан даа. Гэхдээ бизнесээ цахимаар явуулах нь илүү хялбар бөгөөд миний хувьд давуу тал болж болно гэдгийг ойлгосон. Угаасаа би Швейцарь руу анх цахим бизнес сурна гэсэн зорилготой явсан юм.

Одоо манай компани Английн NRS, АНУ-ын Rifton зэрэг энэ салбарын хэд хэдэн тэргүүлэх компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо онцгой эрхтэйгээр борлуулдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Ажлын маань эерэг тал гэвэл би микро түвшинд нэг гэр бүлд тусалж байгаа юм. Гэр бүлийн хэн нэг нь цус харвалаа гэж бодоход нөгөө нь асрах шаардлагатай болдог. Тэгвэл манайх технологи, шийдлүүдийн тусламжтайгаар асрах хүний ажлыг хөнгөвчилж, ажлаа хийх боломжийг олгодог. Жишээ нь 80, 90 кг хүнийг усанд оруулах гэж махан гараараа хөлсөө гарган тэмцэж байснаас зориулалтын кран ашиглан баннанд оруулбал хэн хэнд нь их хэрэгтэй. Тэгэхээр энэ ажил маань макро түвшиндээ хөдөлмөрийн зах зээлд нэмэр болж байгаа хэрэг гэж боддог. Нэг гэр бүл, цаашлаад улсын хөгжилд бяцхан ч гэсэн хувь нэмэр оруулж явдагтаа тун баяртай явдаг юм.

Энтрепренер хүний хувьд ямар нэг зүйлд, чиглэлд бусдаас түрүүнд мөрөө гаргаж, "шан татна" гэдэг бол үнэхээр сайхан хэрэг. Ерөөс хүн болсны нэг хэрэг гэж боддог. Аливаа зүйлд хүчээ сорино, юм бүтээнэ гэдэг гоё мэдрэмж шүү дээ.

Хэцүү бэрхшээлтэй зүйл мэдээж олон бий. Саяхан нэг ах манай дээр ирээд цооролтоос сэргийлэх гудас авъя гэсэн юм. Би маргааш нь ирсэн шүү гээд залгатал урьд шөнө ээж нь нас барчихсан байсан. Ийм тохиолдлууд гарна. Бас "Манай хүүхэд хүнд хэлбэрийн саажилттай. Эгч нь 10 гаруй жил хүүхдээ босгох, суулгах арга эвийг нэг л олсонгүй" гэсээр надаас ирж зөвлөгөө авах хүмүүс байдаг. Тэр үед тухайн ээжийн болоод хүүхдийнх нь алдагдсан цаг хугацаанд үнэхээр харамсах сэтгэл төрдөг. Мөн гэр бүлийн хэн нэг нь цаашдаа даамжрах өвчтэй, хэсэг хугацааны дараа нас барах нь тодорхой хүмүүс ирдэг. Тэднийг харахад маш хэцүү байдаг шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

2, 3-р шатлалын эмнэлгүүдэд асаргааны технологиудыг үр дүнтэй нэвтрүүлэх, эмнэлгийн орчинг аюулгүй, хүртээмжтэй болгох тал дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, технологийн үр нөлөө, ач холбогдлыг тэдэнд ойлгуулах гэж хичээж байна. Одоо манайд нөхцөл ямар байна вэ гэвэл, сувилагчийн сургууль төгссөн жаахан охид хүнд өвчтэй хүмүүсийг махан гараараа л зөөж тээвэрлэж байна. Уг нь энэ бүхнийг шийдсэн технологи хэдийнэ бий болсон. Жишээ нь өвчтөнтэй хамт 90 градус эргүүлэн цэх босгодог ор байна. Хэрэглэж эхэлбэл эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчилж, өвчтөний аюулгүй байдал ч хангагдана.

Эмнэлгийг аюулгүй, хүртээмжтэй болгох тухайд, эмнэлэг бол зөвхөн эмч, өвчтөн харилцдаг газар биш. Ар гэрийнхэн нь гэх мэт олон төрлийн хүмүүс явж байдаг. Манай эмнэлгүүд налуу зам байхгүй, хальтиргаатай, хаалга нь гадагшаа онгойдог, хана дагасан бариул байхгүй гээд асуудал олонтой. Тэр бүгдийг хүмүүс харж байгаагүй болохоор байдаг гэж мэддэггүй. Гадаадаас ирсэн хүмүүс бол мэдүүштэй зүйлийг их хэлдэг. Эмнэлгийн зогсоол нь ямар хол юм бэ? гэх мэтээр. Тэргэнцэртэй хүн ирлээ гэхэд 2 сувилагч гарч ирээд өргөөд гарах энүүхэнд. Муугаар бодож гал гарлаа гэхэд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө болоод хэрэгсэл манайд байдаггүй. Өөрөө босоод явах боломжгүй өвчтөний орны дор тавьдаг матрас байдаг. Гал гарлаа гэхэд өвчтөнийг түүн дээрээ тавиад чирдэг юм. Ийм золгүй явдал тохиолдсон жишээ 2 жилийн өмнө гэхэд л ОХУ-д гарсан. Сэтгэцийн эмнэлэгт гал гарч, 50-60 өвчтөн гарч чадалгүй шатсан байсан.

Мөн хөдөлмөр засалч гэдэг мэргэжлийг Монголд бий болгох төсөл дээр ажиллаж байгаа. Миний төгссөн Цюрихийн их сургууль, Сувилахуйн сургуультай хамтран төсөл хэрэгжүүлж, 2 жилийн дараа эхний хөдөлмөрч засалчид төгсөхөөр байгаа. Энэ мэргэжлийг монголчуудад таниулах, эмнэлгүүдэд ажилладаг болгохын төлөө явж байгаа. Хөдөлмөр засалч нь яг яадаг хүн бэ гэвэл, цус харвах гэх мэтээр бие даан амьдрах, хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүст эдгээр чадварыг нь эргэж олгодог хүн юм. Манайд өмнө нь ийм мэргэжил огт байгаагүйгээс, дайнаар зүйрлэвэл бид шархадсан цэргүүдээ тооноос хасчихдаг байсан. Харин хөдөлмөр засалчид шархадсан цэргүүдийг эмчлээд эргээд фронтод илгээнэ гэсэн үг юм.

Ер нь сэргээн засах эмчилгээнийхэн багаараа ажилладаг. Сэргээн засах эмч, сувилагч, хөдөлмөр засалч, хэл засалч зэрэг хүмүүс байхгүй бол, багаараа ажиллахгүй бол хөдөлмөрийн чадваргүй, халамж авах хүмүүсийн тоо ихсээд л, эдийн засгийн ачаа нэмээд л байна гэсэн үг. Анх 2002 онд ийм мэргэжилтэн байдаггүйг мэдээд бид 4-5 жил хүмүүсийг албан бусаар сургасан. Гэвч энэ нь найдвартай тогтвортой үйл ажиллагаа биш байсан тул боловсролын салбарын нэг хэсэг болгох ёстой юм байна гээд энэ төслийг хэрэгжүүлсэн гэж болно.

ТА ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ? ЯМАР ХӨГЖИМ ТАНД ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ ВЭ?

Орчин нөхцөл, сэтгэл санааны байдлаасаа хамаарч төрөл бүрийн хөгжим сонсдог. Хөдөө замд явахад зохиолын дуу сонсох сайхан. Паб бааранд жааз хөгжим сонсох шиг гоё юм үгүй. Шөнө онгоцны буудлаас хүн тосох гээд явж байвал машины цонхоо онгойлгоод хип хоп хөгжим тавих янзтай. Бусдаас нь илүү үздэг хөгжмийн төрөл, хамтлаг дуучин гэж надад байдаггүй. Анх муухай сонсогдож байсан хөгжим 4, 5 жилийн дараа гайхалтай санагдах үе ч байдаг шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Номыг би голдуу орос хэлээр, цахимаар ном уншдаг. Цаасан номыг бариад тухлаад унших цаг завны боломж үнэхээр хомс. Харин гар утсан дээрээ татчихвал машинд түгжрээд явж байхдаа ч юм уу, ямар нэг зүйлийг хүлээж байгаа үедээ гаргаад уншдаг юм. Хамгийн сүүлд Стивен Бакстерын "Эволюция" гэдэг шинжлэх ухааны зөгнөлт зохиол уншсан юм байна. Мөн сүүлд уншсан номуудаас АНУ-ын боолчлолын үед Кентаки муужийн нэг боол гэр бүл хэрхэн амьдарч байсныг харуулсан "Возлюбленная" (Тони Моррисоны "Beloved" зохиол) гэх ном их сэтгэл хөдөлгөсөн шүү. Цагаан арьснуудын хар арьстнуудын хандаж байсан сайн, муу хандлагын талаар үзүүлсэн, Пулитцерын шагналт баримтат тууж юм.
Ном уншихдаа ч гэсэн төрөл жанр нэг их харгалзахгүй. Шүлгийн ном хааяа харна. Бизнесийн ном л нэг их уншдаггүй юм. Монгол ном зохиолуудаас "Жангар" туульд дуртай. Үг хэллэг нь үнэхээр сайхан шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Ажил бизнесийн маань онцлог ч хүмүүстэй их харилцахыг шаарддаг. Өөрөө дотогшоо хүн байгаад ийм ажил хийвэл амжилтанд хүрэхгүй шүү дээ. Мөн чанартайгаа зөрчилдсөн зүйл хийж таарахгүй.

Хүмүүстэй харилцахдаа би сэтгэлд нь хамгийн эмзэг байдаг зүйлийг ярилцаж, жинхэнэ амьд харилцаанд ордог тул амьдралын үнэ цэнийг ойлгож мэдрэхэд тустай байдаг. Хүнд өвчтэй, хэзээ мөдгүй өөд болчихож магадгүй хүмүүсийн асуудлын ярилцаж байхад зогсоол олдохгүйн бухимдал юу ч биш санагддаг шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Дунджаар 23 - 07.30 цагийн хооронд унтдаг. Өглөө босоод гар утсан дээр 1 цагийг тухтай өнгөрүүлдэг. Дотоод, гадаадын мэдээ уншина. BBC, CNN, Монголоос Gogo, News.mn зэргийг хардаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэрээс маань л олж болно доо. Хүүхдүүд жаахан болохоор тэдэндээ цаг гаргах хэрэгтэй.

100 буудалт даам тоглох хоббитой ч үүндээ цаг гаргаж хөгжүүлж чадахгүй л байна. Мөн хүмүүстэй уулзаж суух дуртай шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийж байгаа ажлаасаа эрч хүч, баяр баясгалан авдаг. Ажилдаа би үнэхээр дуртай.

Надтай уулзсан, харилцсан хүмүүсээс мөн урам зориг авдаг. Надтай уулзаад баяртайгаар салбал урамтай байдаг. Надтай уулзсан нь хүлээлтэд нь хүрээгүй мэт харагдвал урамгүй байдаг. Гэхдээ би тухайн хүний сэтгэлд хүрэхээр зүйлийг ярьж хэлж чадаагүй бол өөрийгөө буруутгадаг. Уулзах цаг мөчөө буруу сонгожээ гэх мэтээр. Тэгэхээр би гадаад орчинд мэдрэмтгий хүн юм шиг байгаа юм. Мэдээж гэхдээ үүндээ хязгаар тавилгүй яахав.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Зөвлөгөөг мэргэжлийн болон амьдралын зөвлөгөө гэж хоёр хуваавал мэргэжлийн зөвлөгөөг зайлшгүй хэрэгтэй зүйл гэж боддог. Харин амьдралтай холбоотой зүйлийн талаар зөвлөгөө авах ч, өгөх ч нэг их дуртай биш. Шалтгаан нь хүн болгон тусдаа ертөнц юм. Нэг хүнд таарсан үзэл баримтлал, дадал хэвшил нөгөө хүнд тэр болгон таарахгүй. Би зөвлөгөө өгдөг номуудыг унших гэж хичээсэн ч нэг л болж өгдөггүй.

Харин би Mercy Corps ОУБ-д ажиллаж байхдаа зөвлөгөө авсан гэхээсээ нэг зүйлийг ойлгосон юм. Энэ байгууллага Be the change буюу Махатма Гандигийн хэлсэнчлэн "Өөрчлөхийг хүсвэл өөрчлөлт нь өөрөө бай" гэсэн уриатай. Энэ үед мянган удаа хэлэхийн оронд нэг удаа хийвэл хүмүүс чамд илүү үнэмшдэгийг, дагадгийг ойлгож байлаа. Ийм дэлгүүр байгуулах ёстой гээд би мянган удаа хэлж болох байсан ч өөрөө хичээгээд байгуулсан. Тэгэхээр бусдыг шүүмжлэхдээ ч гэсэн тухайн зүйлийг нь өөрөө хийдэг, хийхийг хичээдэг, залруулахыг аргыг эрэлхийлдэг байх хэрэгтэй гэж боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Ахилис Интернэшнл ТББ-ын Монгол дахь төлөөлөгч О.Саранчулууныг санал болгоё. "Эмэгтэй Гамп" гэгддэг энэ бүсгүйн ажлын арга барил, хэв маяг сонирхолтой санагддаг.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.