Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   12 сарын 20, 2016

Апп тойм: Agaar.mn - Улаанбаатарын иргэн бүрийн гар утсанд байх ёстой апп

Өнөөдөр бид Цаг Уур, Орчны Шинжилгээний Газарын ажиллуулдаг Agaar.mn сайтын апп-ийг танилцуулж байна. Агаарын бохирдол хэмээх гамшгийн эсрэг "тэмцэл"-д Unread-ийнхэн бид шийдвэртэйгээр нэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод, таны байгаа байршилд яг одоо агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг харуулдаг энэ сайт/апп-ийг бид ухаалаг гар утастай хүн болгон хэрэглээсэй, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, Agaar.mn-ий зааж буй бохирдлын өндөр үзүүлэлтүүдийн буулгахын төлөө өөрсдөө дор бүрнээ хичээж, холбогдох байгууллагуудад шаардлага тавиасай хэмээн уриалж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Сүүлийн үед агаарын бохирдлын талаар өрнөж буй яриа хэлэлцүүлгүүд, олонд хүрч буй нийтлэл нэвтрүүлгүүдийг ажиглаж байхад утаа тийм ч амархан арилчихгүй нь тодорхой байна. Энэ бол манай нийгмийн засаглалын хямрал, хот төлөвлөлт, ард иргэдийн сэтгэлгээ зэрэг олон асуудлын нийлбэр болж гарч ирсэн маш том бөгөөд ноцтой асуудал. Тэгэхээр төр засаг хэзээ энэ асуудлыг шийдэх бол гэж дэмий хүлээн суулгүй иргэд бид өөрсдөө нэн идэвхтэй байх цаг нь иржээ. "Сайхан цаг" иртэл бид агаарын бохирдлын талаар сайн мэдээлэлтэй, өөрсдийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй байна. Ингэж өөрийгөө хамгаалахад энэ апп танд тусална.
Одоогоор Agaar.mn сайтын өнөөдрийн хандалт 260, энэ сарын хандалт 5399 байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүд бид агаарын чанараа хангалттай сайн шалгахгүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ апп-ийг сайн ашигладаг болцгооё!

Агаарын чанарын индексийн тайлбар

Аgaar.mn-ийн мэдээнээс:

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал (2016 оны 11-р сар)


2016 оны 11 дүгээр сард хэмжигдэгдсэн агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2015 оны 11 дүгээр сартай харьцуулахад PM10 тоосонцрын дундаж агууламж 34мкг/м3-ээр буюу 26%-аар, PM2.5 тоосонцрын дундаж агууламж 23мкг/м3-ээр буюу 27%-аар, азотын давхар исэл NO2-ийн дундаж агууламж 11мкг/м3-ээр буюу 26%-аар тус тус их байсан бол хүхэрлэг хий SO2-н дундаж агууламж 17мкг/м3-ээр буюу 37%-аар бага байсан байна.

Ямар онцлогтой вэ?

Вэбийн хувьд Мэдээлэл, Зөвлөгөө, Статистик, Хууль эрх зүй, Ил тод байдал гэсэн ангиллуудаар нэлээд их мэдээллийн сантай. Харин апп-ийн хувьд агаарын чанарын мэдээг авахаас гадна, агаарын бохирдолтой холбоотой мэдээ, зөвлөгөө унших, агаарын чанарын индекс ба агаар бохирдуулагч бодисын тайлбарыг үзэх боломжтой.

Апп-ийн гол зүйл бол агаарын чанарын мэдээллийг та Улаанбаатарт байрласан 11 агаарын станцаас мэдэх боломжтой юм. Үүнд эдгээр цэгүүд багтаж буй:

Хан-Уул: Нисэх, Мишээл Экспо
Баянзүрх: Ургах наран, Амгалан, Бөхийн өргөө
Сонгинохайрхан: Толгойт, Монгол Газар
Баянгол: Баруун 4 зам, Баянхошуу,
Сүхбаатар, Чингэлтэй: Зурагт, 100 айл

Мөн та агаарын чанар сүүлийн 24 цагт тус цэгүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгааг харах боломжтой юм.

Ямар сул талтай вэ?

Аппийн "Мэдээлэл" хэсэг харьцангуй ойрхон шинэчлэгддэг бол "Зөвлөгөө" хэсэг шинэчлэгдээгүй 2 жил болсон юм билээ. Энэ хэсэгт уг нь хэрэгтэй зөвлөгөөнүүдийг байнга шинэчлээд явбал гэж бодогдов. Газрын зураг дээр агаарын чанарын мэдээлэл бүхий цэгүүдийн тоог ихэсгэж өгөх, эсвэл тухайн хүний байршилд бохирдол яг ямар түвшинд байгааг ойр байгаа станцуудын мэдээллээс дундажлан тооцоолж харуулдаг болчихвол хүмүүсийн сонирхлыг илүү татаж, хэрэглээ өндөртэй болов уу. Мөн өөрийн байршлыг тохируулаад, тухайн хэсгүүдэд агаарын бохирдол тодорхой хэмжээг давахад Notification ирдэг болгон хөгжүүлбэл бүр ч үр дүнтэй апп болох юм шиг санагдлаа.

Энэ нийтлэлийг 2016 оны 12 сарын 20-ны 14 цагт Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас буюу агаарын чанарын индекс ойролцоогоор 500-г зааж буй, маш их бохирдолтой газраас бичлээ.

Бид цаашид агаарын бохирдолтой холбоотой контентуудыг цувралаар бэлтгэн хүргэх болно.

Татаж авах

25691   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.