Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 17, 2017

Залуусын айсуй давалгаа буюу Бээжингээс хийсэн тэмдэглэл

Сайн байна уу, Бээжин! Ахин уулзахад таатай байлаа.

11-р сарын 12-ны ням гарагийн 14:00 цаг. Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн Их Сургуулийн хурлын танхимд 300 гаруй залуус цугларчээ. Өөр өөр сургуульд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй эдгээр залуус UTalk нэртэй арга хэмжээнд оролцохоор зорин ирсэн нь энэ юм. Тэдэн дунд Вухан, Тяньжин, Хөх Хот гээд чамгүй хол орших хотуудаас ирсэн оюутнууд ч байна гэдгийг сонсоод ихэд сэтгэл хөдлөв. Бээжин хот дахь Монгол Оюутны Холбооноос анх удаа зохион байгуулж буй "Хязгааргүй, хайрцаггүй, цоо шинэ" уриатай энэхүү арга хэмжээнд илтгэл тавих боломж олдсон миний хувьд тэд үнэт цагаа гарган энд хүрч ирсэн нь, амралтын өдрөө зориулж байгаа нь, оюундаа хөрөнгө оруулъя гэсэн сэтгэл нь асар их үнэ цэнтэй, урам зориг дагуулсан зүйл байсан юм.

Амралтын өдрөө энэхүү арга хэмжээнд бүрэн зориулан суух эдгээр залуусаас асар их эрч хүч мэдрэгдэж байв.

Зохион байгуулагч БМОХ-ын хамт олон. Уг арга хэмжээг "Ханз Боловсролын төв" ивээн тэтгэж, Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн Их Сургууль, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын яам, Бээжин хот дахь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн төлөөлөгчийн газар тус тус дэмжин оролцжээ.

"Бид залуусынхаа оюунд, боловсролд нь хөрөнгө оруулахыг хүссэн. Гэхдээ илүү шинэлэг байдлаар, арай бүтээлч шийдэл эрэлхийлсний үр дүн нь UTalk арга хэмжээ юм. Бид өөрсдийнхөө үзэх дуртай TEDx илтгэлүүд шиг мэдлэг, эерэг сэтгэлгээг түгээдэг цуврал арга хэмжээг төсөөлж эхэлсэн. Хоёр ч хүрэхгүй сарын дотор манай баг энэ төслийг хэрэгжүүлэхээр зориг шулуудан ажилласны үр дүн ийн гарч байна" хэмээн Бээжин хот дахь Монгол Оюутны Холбоо (БМОХ)-ны тэргүүн О.Мишээл хэлэв. 3 дахь жилдээ холбооны тэргүүнээр ажиллаж буй түүний удирдлаган дор 35 шижигнэсэн залуус ажиллаж, энд суралцаж буй монголчуудаа холбох, мэдээлэл солилцох, мэдлэг хуваалцах боломжоор хангах гол үүргийг гүйцэтгэн зүтгэсээр байна. Тэд зөвхөн Бээжин хотноо суралцаж буй 1000 орчим оюутнуудад зориулан 20 гаруй арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

"Энтертэйнмент, зугаа цэнгэл гэхээр л нэг цуглардаг. Эсрэгээрээ лекц, сургалт гэхээр хойш суудаг байдлыг бид халахыг зорьсон юм. Тийм учраас анхныхаа арга хэмжээг бусад газруудад жишиг болохуйцаар, хамгийн өндөр түвшинд, чанартай илтгэгчид-сайн илтгэлүүдтэйгээр хийхийг урьтал болгосон" хэмээн Н.Батчимэг хэлэв. Монголд телевизийн сэтгүүлчээр ажиллаж байсан Батчимэг холбооныхоо харилцаа холбооны асуудлыг хариуцан ажилладаг. Харьцангуй туршлагатай, төрөл төрлийн чадвартай залуус нэг баг болсон учир ажил урагшлахдаа ч дөхөмтэй байдаг юм уу гэсэн бодол тэдний багийг ажиглахад төрсж байв.

Үнэхээр ч "Unlimited, Uncased, Updated" гэсэн уриатай UTalk арга хэмжээ ихээхэн сэтгэл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд бүтжээ. Тэд нийт 6 илтгэгчийг "you talk" хэмээн урьсан байна. Гурав нь Улаанбаатараас өөрсдийн хийж буй ажил, үзэл бодол, санаа оноогоо хуваалцахаар ирсэн бол гурав нь Хятадад амжилттай ажиллаж, залуустаа үлгэр дууриал болж байгаа туршлагаасаа ярих учиртай байв.

"Жэк бид 2" зургаараа илтгэлээ эхлүүлэв. Жэк Ма яг энэ өдрүүдэд 11.11-ний хямдралаараа 15 тэрбум долларын борлуулалт хийж, кунфүгийн мастер болсон киноны нээлтээ хийгээд байсан билээ.

Ц.Намулун "Аж үйлдвэрийн шинэ хувьсгал" аль хэдийн эхэлснийг сануулж, түүнтэй уялдан бидний ажлын байр, ажлын орчин хэрхэн өөрчлөгдөх тухай соргог мэдээллийг дуулгав.

Илтгэл бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өнцөг, өөр санааг дагуулсан байв. Хойшид цувралаар тогтмол зохион байгуулагдах энэхүү эвентийн салхийг хагалан, анхны илтгэлийг тавих болсон миний бие "Энтрепренер үндэстэн" сэдвээр илтгэл тавьсан юм. Шведийг байлдан дагуулж буй монгол сушичдын армитай танилцсан түүхээ хуваалцан, тэндээс анзаарснаа, гарааны бизнесийн орчныг бэхжүүлэхэд Unread-ийн гүйцэтгэж буй үүрэг оролцоо, эрхэлж байгаа ажилтайгаа холбогдсон зарим нэгэн ажиглалтаасаа хуваалцсан нь нэр төрийн хэрэг байв. Үзэж суусан залуусын харцнаас асар их эрч хүч мэдрэгдэж байлаа. Олон хамтын ажиллагаа, олон боломжууд үүсэх урьдач нөхцөл ч энэ мэт арга хэмжээнүүдээр дамжуулан бий болж байдаг билээ.

Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллагад ахлах мэргэжилтнээр ажилладаг Э.Бямбасүрэнгийн илтгэлийг сонсоод бид дэлхийгээс хальж, сансар огторгуйгаар аялав. Хэр баргийн хүний зориглож барьж аваагүй энэ чиглэлээр мэргэшиж, олон улсын нэр хүндтэй байгууллагад хариуцлагатай ажил эрхэлж буй Бямбасүрэн эгч сансрын технологийн хөгжлийг танилцуулж, бидний өдөр тутмын амьдралд ямар байдлаар хэрэглэгддэг, илэрдэг тухай сонин дуулгав. Яагаад ч юм ихэд сонирхдог хэрнээ зүрхшээж гар дүрж чаддаггүй сэдвийнхээ талаар багагүй мэдлэг олж авах боломж олдлоо.

Чинхуандаогийн Яншаны их сургуулийн профессор Вү Минхуа "Хятадтай бизнес эрхлэх боломж" сэдвээр илтгэл тавьсан нь цаг үеэ олсон яриа шиг санагдав. Англи хэл дээр явагдсан тус илтгэлийн дараа асуулт асуух гэсэн залуусын цуваа тасрахгүй байсан юм. Чухам эндхийн хэл, соёлыг суралцаж буй эдгээр залуус хоёр улсыг холбох учиртай элч төлөөлөгчид байх ёстой аж.

Сан Франциско, Бээжин, Тайпэйд салбартай хөрөнгө оруулалтын "Wi Harper" компанид ажилладаг Ц.Намулун дэлхийн технологийн хөгжил хаа чиглэж байгааг, энэ их өөрчлөлт-хөгжлийн давлагаанд бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх ёстойг сануулав. Бээжингийн их сургуулийг хуулийн чиглэлээр дүүргэсэн түүний компани одоогоор 80 гаруй компанид хөрөнгө оруулсан бөгөөд "дэлхийг өөрчлөх санаатай" хэнийг ч дэмжинэ гэдгээ амласан аж. Хиймэл оюун, их тоон өгөгдлөл, роботын технологи, интернет аюулгүй байдлын талаарх түүний яриа олон хүний тархинд оч үсэргэсэн нь тодорхой.

Хэвлэлийн салбарт өөрийн өнгө төрх, онцлох бүтээгдэхүүнүүдээрээ тэсрэлт хийж буй Тагтаа Паблишингийн хамтран байгуулагч Ж.Тэгшзаяа заалыг тэр чигт бодолд автуулав. "Бид юу үзэж, юугщ унших вэ?" сэдэвт илтгэлээрээ тэр уран зохиол, киногоор дамжуулан "би-г бүтээхүйг" уриалж, өөрийн хамгийн дуртай бүтээлүүдээсээ хуваалцсан юм. "Хүн өөрөө өөрийгөө урладаг" гэж түүний онцолсончлон энд цугласан залуус өөрсдийн оюундаа хөрөнгө оруулахыг урьтал болгон нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөсөн билээ.

Энэ арга хэмжээний хамгийн сүүлийн илтгэлийг "Лантуун Дохио" ТББ-ийн тэргүүн, "Нүдээ нээ" хөдөлгөөнийг санаачлагч Ч.Ганжавхлан тавьсан юм. Бээжин хотноо 5 жил суралцаж, Хятад улсаар хөндлөн аялсан оюутны амьдралын хөгтэй, хөгжөөнтэй түүхээрээ эхлүүлсэн түүний илтгэл "Ид шидийн орон" төсөл хэрхэн бүтсэн тухай, "Нүдээ нээ" хөдөлгөөн ид өрнөж буй учир шалтгаанаар үргэлжилсэн юм. Хожмын олон үеийнхэнд үлгэр дууриал болохуйц түүний түүх олон хүнийг огшоож, догдлуулж, заримыг нь бүр уйлуулж харагдсныг энд онцолъё.

Ч.Ганжавхлан "Ид шидийн орон"-ы бүтээн байгуулалт мянга мянган хүүхдүүдийн захиалгаар, ид шидтэй ах эгч нарын дэмжлэгтэйгээр бүтсэн гэдгийг дахин дахин онцолж байлаа.

Дэлхийн улс орнуудын гол анхаарлаа хандуулаад буй сансрыг эзэмших их аянд Монгол улс хоцорчихгүйн тулд эхлээд сансрын агентлагтай болох шаардлагатайг Э.Бямбасүрэн сануулав.

Арга хэмжээний төгсгөлд БМОХ-ын оюутнууд Хятад орон даяар суралцаж буй залуусыг төлөөлөн "Нүдээ нээ" хөдөлгөөнд нэгдэж, нүдээ нээж байгаагаа илэрхийлэн гарын үсэг цуглуулсныг Ч.Ганжавхланд гардуулан өгсөн юм. Гадаад оронд аж төрөн суугаа элэг нэгтнүүдээсээ хамгийн түрүүнд энэ хөдөлгөөнд нэгдэж, бүтээлч байдал, шинэлэг санаагаараа араасаа олон улс, бүр аймгуудыг хүртэл дагуулж чадсанд нь Ганжавхлан ихэд талархаж байгаагаа нуугаагүй. "20 гаруй хотын 30 орчим их, дээд сургуулийн оюутнууд энэ хөдөлгөөнд нэгдсэн. Залуус маань өгч буй мессеж, санаандаа өндөр ач холбогдол өгч, бараг сүүлдээ тэмцээн шиг болчихсон шүү" хэмээн БМОХ-ын гишүүн Г.Галмандах ярив. Энэ хөдөлгөөнд хамгийн эхэнд нэгдэж, хамгийн анх зургаа явуулсан гэх Галмандах өнгөрсөн хавар өрнөсөн "Хөөрхөн зүрх" төслийнхөө талаар надад ярьж өгөв.

Бээжинд докторантурт суралцдаг монгол оюутан хүндээр өвдөж, эмчилгээний зардал шаардлагатай болоход тус холбоо хамгийн түрүүнд гараа сунгажээ. Тэд "Хөөрхөн зүрх" нэртэй хөдөлгөөн өрнүүлж, хөдөлмөрөөрөө хөрөнгө босгох челленж зарласан гэнэ. Оюутнууд лекц зохион байгуулан, бусад оюутнууддаа зүү тавин, маникюр хийж өгч өөр өөрсдийн хүрээндээ мөнгө босгожээ. Зарим нь бүр хуушуур хийж, сургуулийнхандаа зарсан гэнэ. Үр дүнд нь 15 сая орчим төгрөг цуглуулж хандивлан, өнөөх оюутны ч хагалгаа амжилттай болж, өдгөө эрүүл энх амьдарч байгааг дуулаад сэтгэл хөдлөв. Энэ арга хэмжээг CCTV хүртэл онцлон мэдээлжээ. UTalk арга хэмжээн дээр CCTV, Хятадын олон улсын радиогоос сурвалжлагчид хүрэлцэн ирсэн нь ч ийм учиртай гэнэ. Энэ хамт олон аль хэдийн өөрсдийнхөө юу хийж чаддагийг, ямар хүрээнд хөдөлдгийг тэдэнд мэдрүүлчихсэн аж.

"Тархины шуурга дэгдээх" зорилгодоо тэд-бид хүрсэн эсэхийг цаг хугацаа харуулах байх. Ирсэн оролцогчид бидний ярианаас нэгийг бодож, хоёрыг тунгаасан болов уу гэж найдна. Хөх хотоос ирсэн залуус "галт тэрэгнээсээ хоцорчихлоо" гэчихсэн хээв нэг инээмсэглэн гарахыг хараад, лав л хоцорч байгаагаа мэдсээр байж арга хэмжээг дундаас нь хаяж түвдээгүй байна даа гэж бага ч гэсэн санаа амарсан юм.

"Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!" хэмээн Д.Урианхай гуайн шүлгээс эшилсэн Ж.Тэгшзаяагийн илтгэл тэр чигээрээ ухаарал-бодрол дагуулав.

Вү доктор саяхан Бээжин хотноо байгуулагдсан Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажилладаг гэнэ.

Төгсгөлийн оронд

Биднээс хамгийн ойрхон зайд орших, бидний хамгийн их зорчдог улсын нийслэл бол Бээжин. Ихэнх хүмүүсийн л адил хамгийн анх хилийн даас алхахдаа би чухам энэ хотод л ирж, ядарч унатлаа тэнэж, дурсамж үлдээсэн баахан зурагтай буцсан минь саяхан. Очих бүрдээ л шинээр нээдэг, шинийг олдог, өөр өөр, басхүү шив шинэ мэдрэмж төрүүлдэг газар шиг санагддаг юм. Бээжин хотноо өнгөрсөн долоо хоногт ахин зочлох боломж олдоход яг л ийм сэтгэгдэл төрснөө нуух юун. Хамгийн их сонссон мөртлөө зүүдэндээ зочлохоороо огт таньдаггүй үлгэрийн орон мэт. Царайг нь санаад байгаа хэрнээ хаа тарснаа санадаггүй эчнээ "танил" мэт.

Нийтлэлтэй буцна гэж анхнаасаа бодсон, зохион байгуулагч залууст ч амласан энэ нийтлэлийнхээ нэрийг би удтал бодсон юм. Яагаад ч юм "айсуй давалгаа" гэсэн үгс хэд хэдэн удаа орж гаран бодогдсон нь учиртай байх. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан мянга мянган залуустай зэрэгцэн өрсөлдөж, дэлхийн хэмжээний өндөр боловсролыг хамгийн үсрэнгүй хөгжиж буй энэ улсаас эзэмшиж буй залуустай хэд хоногийг өнгөрүүлсэн учраас тэр байх. Тэднээс эх орноо гэсэн бадрангуй сэтгэл, ахиад нэг алхам урагшлах чин хүсэл, улам сайн руу тэмүүлэх гал эрмэлзэл мэдрэгдэж байв.

Өөр нэг анзаарсан зүйл. Хятад улс олон улсын хамтын ажиллагаагаа боловсролоор дамжуулан шинэ шатанд авчрах бодлого баримталж байгаа нь илт анзаарагдав. Арга хэмжээ явагдсан Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн Их сургуульд л гэхэд 160 гаруй улсын 3000 гаруй оюутнууд суралцдаг гэнэ. Кампусаар нь зочлохоор яг л баруунд зорчиж буй мэт. Яг одоогоор 30 гаруй хотод 8000 орчим монгол оюутан суралцаж байна гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж байгааг уулзсан оюутнууд онцлов. Зөвхөн засгийн газрын тэтгэлэг гэлтгүй өөр олон төрлийн тэтгэлэг гарч, тэр хэрээрээ оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Хятадын удирдагч Ши Жинпиний санаачилсан боловсролын тэтгэлгийн хүрээнд Багшийн их сургуульд нь 200 гаруй монгол оюутан яг одоо суралцаж байна. Торгоны замын тэтгэлэг, Бээжин хотын тэтгэлэг, Yes China гээд өмнө дуулаагүй тэтгэлгүүдээр суралцаж буй залуустай таарав. Тэд жил бүр Монголдоо Хятадад суралцах тухай, тэтгэлэг авах тухай мэдээлэл олгодог арга хэмжээг зохион байгуулдаг ажээ. Асар их боломж хажууханд минь байна даа гэж бодогдлоо. Атгаад авах ёстой доо гэсэн цагаахан атаархал бас төрөөд амжив.

Хамтарч болох, хамтарвал зохих, хийх хэрэгтэй, хэрэгжүүлэх ёстой олон санаа төрөв. Хожмын олон амжилт, хамтын ажиллагааны эхлэл байгаасай гэж ерөөл тавиад бид салав.

Хязгааргүй мөрөөдлөөр жигүүрлэгдсэн, хайрцаггүй сэтгэлгээний цоо шинэ давалгаа айсуй. Шинэ санаа, шинэ өнцөг, шинэ уур амьсгал, шинэ тархи бүхэн биднийг чиглэсээр айсуй.

2017.11.12-17

Бээжин, Улаанбаатар

Unread-ийн аяллын тэмдэглэлийн бусад нийтлэлүүд

АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

АРАБЫН ИННОВАЦИ БУЮУ ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

СТОКХОЛЬМИЙГ ЭЗЭЛСЭН МОНГОЛ СҮШИЧДИЙН АРМИ БУЮУ ШВЕДЭЭС ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ: ЯПОН ОРНЫ СТАРТАП ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР

46699   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.