#Random

Арабын хөгжил буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #2

11 сарын 10, 2017


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


23115   6




Өнгөрсөн долоо хоногт Арабын инноваци, тэр дундаа сүүлийн жилүүдэд бүсдээ төдийгүй дэлхийд хөгжлөөрөө толгой цохиж буй Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэлээ эхлүүлсэн ч нэг дор дуусгаж үл чадан таллаж, хоёрдугаар хэсгээ өнөөдөрт зориулан нөөцөлсөн билээ. Цастай Улаанбаатар хотын -10 хэмээс Арабын +40 хэмийн аагим халуун, элсэн цөл, хурдацтай өндөр хөгжлийг санагалзан энэхүү нийтлэлийг буулгамуй. Оршил, өрнөлөө нэгэнт хийчихсэн тул уншигч таныг чилээлгүйгээр шууд үргэлжлүүлье. 

Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Араб эр

Арабын инновацийн хөгжил, тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират Улсын инноваци өөрийн гэсэн маш өвөрмөц онцлогтой, зарим талаар хоёр талтай ч (ambiguous) гэж хэлж болохуйц санагдсан. Яагаад хоёр талтай гэхээр хэдий технологийн өндөр хөгжилд хүрсэн мэт авч лалын шашны олон мянган жилийн түүхтэй уламжлалт ёс заншил, чанга хатуу дүрэм журам яг хэвээрээ байх нь гайхалтай. 20 дугаар зууны хөгжил дэвшилд хүрсэн хэдэн мянган жилийн өмнөх тэр ертөнц. Жишээлбэл, эрэгтэй хүн дөрвөн эхнэр авч болох агаад эхнэр нь өөрийн хүсэлтээр гэр бүл салж болохгүй, зөвхөн нөхөр нь салах эрхтэй гэх. Архийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй бар, ресторан, 5-аас дээш одтой зочид буудлуудад л зөвшөөрдөг бөгөөд ганц пиво олоод уучихъя гээд гудамж метрлэвэл танд тэр бүр аз тохиохгүй болов уу.

Бас нэг тохиолдсон явдлаа хүүрнэхэд Дубай Марина хэсгээс Хуучин Дубай чиглэлийн метронд үсэрч суугаад юу ч бодоогүй явж байтал эмэгтэйчүүд нь нэг л муухай хараад болдоггүй шүү. Сүртэй хогнуудав, ийм гоё сэлүүхэн, хэнд ч гай болоогүй байхад яагаад байгаа юм бол доо гэхшүү юм бодоод байж байтал Филиппин бололтой хоёр эмэгтэй “This section is for women only” гээд түсхийтэл аваад хаялаа. Сөхөө аваад хартал нээрээ л эргэн тойрон зөвхөн эмэгтэйчүүд суух агаад нэлээн цаана улаан шугамны ард эрчүүд нь чихэлдчихсэн над руу тун ширүүн догшин харцаар ширтэн даллаж байв. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нь нийтийн тээврээр тусдаа зорчдог ажээ. Тэгсэн нүдэн дээр нэг гэр бүл орж ирээд нөхөр нь эрчүүд дундаа чихэлдэж, эхнэр нь хоёр охиноо дагуулаад эмэгтэйчүүдийн хэсэг рүү орж явчихлаа. Ёс алдлаа, ёс алдлаа гээд л муусайн эрчүүд рүүгээ гүйсэн гэж байгаа.

Метроны зөвхөн эмэгтэйчүүдийн хэсэг

Тэгээд бодохоор Арабын Нэгдсэн Эмират улсын инноваци зөвхөн дэд бүтэц, хот барилга, техник технологи гэхээсээ илүүтэйгээр ард түмэндээ, хүмүүстээ хийсэн инноваци мэт. Иргэний инноваци, тархины инноваци гээд түр нэрлэчихье. Хэрхэн тэр лалын шашны хатуу ёс жаяг, итгэл үнэмшлийн ханыг цөм цохиж, орчин үетэй хослуулан, хамгийн гол нь иргэдээ ийм нээлттэй, хүлээцтэй болгож чадав? Хөгжлийнх нь гол нууц энд л оршиж буй мэт санагдсан. Над шиг ёсыг нь сайн мэдэхгүй нөхөд Дубайд очоод санаатай, санаандгүй их л хэрэг тарьдаг байлгүй. Энэ бүхэнд асар хүлээцтэй, тэвчээртэй, нээлттэй (open-minded), тусархуу байсан нь тэмдэглүүштэй.

Гэтэл Монголд өнгөрсөн зун хэдэн итали жуулчид зүгээр л итали болон тааруу англи хэлээр их дэлгүүрын супермаркетын теллертэй ойлголцох гэж үйлээ үзэж байтал миний ард зогссон эр “Яасан чанга ярьдаг п****-ууд вэ, хүний нутагт явж байж” гэж унтууцахыг сонсоод миний хоёр онигор давхраатай болох шахаж билээ. Ярьж л байг л дээ хөөрхий. Бодоод байхад жалга довны аахар шаахар үзлээсээ салж, худлаа сүржин байхаа болиод, дэлхийн иргэд шиг задгай, нээлттэй сэтгэж байж л хөгжил дэвшил рүү чиглэх болов уу. Гадаадууд орж ирээд хамаг юм булаалаа, гаднынхан ихсээд байна, гаднын сүлжээ дэлгүүр нээгдлээ, бид сүйрлээ гээд л гадаадын гэсэн юм бүрийг ад үздэг мөртлөө өөрсдөө хөгжих дэвших оролдлого хийхгүй бахь байдгаараа л дэлхийн чанар, дэлхийд өрсөлдөх гээч юм ярьсаар монгол бариандаа ч оролгүй торойгоод үлдэх шинжтэй.

Дэлхийн хамгийн том алтан бөгж. Гиннесийн номонд бичигдсэн гэнэ.

АНЭ энэ тал дээр асар нээлттэй мөртлөө хаалттай байж чадсан нь гайхалтай. Нийт хүн амын 20 хувь орчим буюу 1.4 сая нь л цэвэр эмират хүмүүс бөгөөд үлдсэн 7.8 сая нь дандаа цагаачилж ирсэн, өөр улс үндэстний хүмүүс байх юм. Товчхондоо бол "Эмиратыг хөгжүүлэх гэсэн юмаа, бидэнд мөнгө байна, гэхдээ арай цөөдөөд байна, зарим юмаа чадахгүй байна, хүрч ирээд ажиллаад өг, цалин бол асуудалгүй” гээд л бараг хилээ нээчихжээ. Тэгсэн мөртлөө Эмиратын паспорт авна гэдэг бараг л алтан загасны үлгэр гэх. Нээлттэй атлаа хатуу зарчимч бодлого хэрэгжүүлж чадаж байна. Сонирхолтой нь цэвэр эмиратууд нь асар баяжаад гудамжиндаа ч явахаа больчихсон мэт. Баячуудын хорооллын байшингууд нь ерөөсөө бүгд тойруулаад хашаа барьчихсан юу ч харагдахгүй нь сонирхолтой. "За бид нар баячуудын хорооллоор явж байна" гээд жолооч маань хэлэх бүрт их л сайн харахыг хичээсэн ч цементэн хашаанаас өөр юм олж хараагүй дээ. Харин нэг хашаанд сүрэг буга байсан юм байна. Махыг нь идэх гэж тэжээдэг буганууд юм гэсэн. Тансаг байгаа биз.

Бэлхүүсний бүжигчин

Галаар наадагч

80/20-ийн дүрэм буюу тэргүүлэгч 20 хувь нь нэг зүг рүү харж байхад үлдсэн 80 хувь нь дагадаг гэгч онол тэнд утгаараа үйлчилж байна. Эмиратууд үнэхээр зөв удирдаж, ажиллуулж чадаж байна л гэж хувьдаа дүгнэсэн. Тэнд уулзалдсан, Монголд амьдарч байсан англи эр “Монголчуудад АНЭ шиг болох боломж бүрэн байсан. Та нар чадаагүй алдсан. Одоо ч гэсэн алдсаар байгаа” гэхийг сонсоод бас шар хөдөлж л суулаа. Гашуун ч гэсэн үнэн юм чинь. АНЭ-ийн мөнгөний гол эх үүсвэр болох газрын тос 2029 онд дуусах урьдчилсан тооцоотой аж. Газраа ухаад гаргасан мөнгөө газар дээрх бүтээн байгуулалт, инновацид зориулж чадаж байгааг харахад урамтай аж. 2029 он гэхэд гагцхүү аялал жуулчлалаараа л асуудалгүй улсаа аваад явчих хэмжээнд хүрэх нь ойлгомжтой. Өнгөрсөн жил ирсэн 14 сая жуулчны нэг бүр нь багаар бодоход $1000 үлдээгээд явсан гэж бодоход л ямар том том гарна гээ.

Үүнийгээ дагаад үйлчилгээний салбар нь үнэхээр сайн хөгжжээ. Мөн хоол ярилтгүй сайн байлаа. Зам бол тасархай. Нэг талдаа 6 нийлээд 12 эгнээтэй хурдны замуудаар хот, дүүргүүдээ нэвт холбосон нь үлгэр жишээ авахуйц санагдсан. Ер нь чиглэл чиглэлээр нь бөөгнүүлээд тараасан байдалтайгаар хотоо зохион байгуулсан бөгөөд хооронд нь хурдны замуудаар холбоод хол гэдгийг нь мэдэгдэхгүй шахуу болгожээ. 30 км зайд байгаа газарт 15-20 минутын дотор яваад очих жишээний. Тийм зохион байгуулалттай байхаар түгжрээ нэг их үүсдэггүй бололтой. Цэвэр усны үндсэн нөөцөө далайн ус цэвэршүүлж хангадаг гэнэ. Гүний усаа нөөцөлж байгаа гэх.

Дубайгаа ч бичиж дуусгаагүй байхад хэдхэн хоногийн өмнө АНЭ-ийн хөрш улс болох Саудын Араб 500 тэрбум ам.доллароор Нью Иорк хотоос 33 дахин том, 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдсэн хот байгуулна хэмээн зарлажээ. Ярьсан шиг яриад, хийсэн шиг хийх бололтой. Айлын хүүхдүүд ийм л байна… Түрүүлээд байхгүй ч хоцрохгүй юм сан.

Арабын цөлд

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.