Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 03, 2017

Арабын инноваци буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #1

Өнгөрсөн 11 сарын 16-наас 24-ний хооронд мөхөс надад Арабын Нэгдсэн Эмират Улсаар ажил, аялал хослуулан зорчих боломж олдсон юм. Анх удаа Арабын оронд саатах, тэр дундаа үсрэнгүй хөгжлөөрөө гайхагдаж, олон сая жуулчид, орон орны компаниуд, хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж буй Арабын Нэгдсэн Эмират Улсад хэдэн өдрийг өнгөрөөх болсондоо нэлээд сэтгэл хөдөлж, хүлээж ядан байсныг нуух юун. Дөнгөж 1964 онд анх тог цахилгааны сүлжээтэй болж, 1971 онд долоон Эмират шах-улс (sheikhdom) нэгдэн тусгаар тогтнолоо зарлаж байсан ахархан гэмээр түүхтэй Арабын энэхүү улс хэрхэн ийм бага хугацаанд бүсдээ төдийгүй дэлхийд толгой цохих болов? 

Арабын Нэгдсэн Эмиратын далбаа

Бээжин, Гуанжоугоор дамжсан, хоорондоо олон цагийн зайтай нислэгүүдэд 2 өдрийг зарцуулан байж нэлээн ядрангуй Дубайд газардахдаа яагаад ч юм ид шидийн гэмээр л орчинг төсөөлөн байлаа. Амьдралдаа очиж үзээгүй хүнийг тийм төсөөлөлтэй болтол нь Дубай хотыг брэнджүүлж чаджээ. Эмиратын хилээр нэвтрэхэд цав цагаан үндэснийхээ нөмрөг хувцсыг өмсөж, улаан алаг алчуур толгойдоо ороосон хурц бараан царайтай, ширүүн дориун харцтай, сахал үс болсон эрчүүдийг хараад ном зохиолд гардаг Сарацинууд нэг иймэрхүү л хүмүүс байх байхдаа гэхшүү дэмий балай юм бодож байгаад тас гээд л Арабын ертөнц рүү орж явчихлаа. Гайхамшиг төсөөлж байсан хүнд онгоцны буудал нь лав нэг их таалагдсангүй, жаахан халтар, хуучны маягийн ч юм уу даа гэж дотроо бас голсхийн гадаа гартал +40 градусын халуун, жаахан өмхий ч гэмээр далайн үнэр үнэртсэн чийглэг агаар угтав. Шөнө дунд өнгөрчихөөд байхад халуун чигээрээ, шатааж алахаар заналхийлэх нь аргагүй л элсэн цөл дунд ирснийг гэрчлэх мэт. Арабын тэнгисийн эрэг дээр тул харьцангуй чийглэг аж. Ер нь байнга +40 градустай байдаг, зундаа +50 хурдэг тул температураа байгаагаас нь багасгаж зарладаг, тэгэхгүй бол хүмүүс айгаад ирэхгүй гэж манай жолооч хуучлав. Хүйтэндээ +15 хүрдэг гэнэ.

Шейх Заяидын Сүм

Хуучин Дубай гээч хэсэгт нь зочид буудал маань байж таарчээ. Онгоцны буудлаасаа ч нэг их холгүй байсан тул 10 минут давхиад ороод ирэх нь тэр. Шөнийн Дубай хотыг харчих гэтэл хуучин Дубай нь Улаанбаатартаа явж байгаа юм шиг нэг л дотно, гэрэл багатай харанхуй, байшин барилга нь намхан оргиод болсонгүй тул өглөө тухтайхан шиг судлахаар шийдэн түр орхив. Шинэ Дубай нь буюу Дубай Марина хэсэг нь сүүлд баригдсан, орчин үеийнх юм байна. Дотоодын зөрчилгүй, харьцангуй гэмт хэрэг, хулгай зэлгий багатай, аюулгүй улсад тооцогддогийн дээр жуулчид, гадныхан ихээр ирдэг тул интернэтийн элдэв хориг, лимит байсангүй нь их л аятайхан байлаа.

Бурж Халифагийн доороос харахад

За тэгээд ирсний хэрэг юу билээ, ахиж хэзээ ч ирээ билээ гээд үзэж болох юмнуудыг нь боломжийнхоо хэрээр л үзэхийг хичээн шогшоо маршрутаар элсэн цөлд нь ч очлоо, Бурж Халифагийн 125 давхарт нь ч гарлаа, музей, Дубай Молл, дэлхийн хамгийн том гулгууртай гэх усан паркаар нь шагайлаа, долоон одтой зочид буудал болох Бурж Аль Арабыг нь харлаа, сүүлдээ Абу Дабу руу нь 140 км хэртэй давхиж очоод Шейх Заяидын Сүм гээч Таж Махалаас том бүтээн байгуулалтыг бишрэн сонирхсон нь аяллын маань гол цэгүүд байв. Үнэнийг хэлэхэд нийслэл хот Абу Даби нь илүү цэгцтэй, цэмцгэр хот шиг санагдсан.

Бурж Халифагийн 125 давхраас

Дубайн Музей

Үзсэн харсан бүх зүйлс минь гайхалтай байсан. Үнэхээр тэр том бүтээн байгуулалтуудыг бахдан биширсэн хэдий ч нэг адын бодол төрөөд болохгүй байсныг элдэв нэмэлт хачиргүйгээр шууд өчсү. Дубай хот бол миний өмнө дурдсанчлан яалт ч үгүй брэнд ажээ. Маш өндөр үнээр, байх ёстойгоос нь жаахан хэтрүүлж үнэлсэн брэнд хувцсыг худалдаж авдагтай ижил гэж зүйрлэж болохоор. Мэдээж хэрэг цөлд ийм том хотыг босгож ирсэн нь агуу боловч хэрэвзээ яг л энгийн ард иргэд дунд нь ороод, 4 одтой зочид буудалд бууж, энгийн хямд хоолыг нь идээд явбал дэлхийн бусад хотуудаас ялгарах юм үгүй мэт. Өнөөх ид шидийн гайхамшиг хэмээх төсөөлөл нэг талаар үнэн ч, нөгөө талаар тодорхой хэмжээний брэнджүүлэлт байжээ гэж хувьдаа дүгнэв.

Хиймэл арал дээр орших долоон одтой зочид буудал Бурж Аль Араб

Гэхдээ энэхүү брэндийн агуулга нь бодит биеллээ олоход тун ойрхон явааг эргэн тойронд зогсоо зайгүй хийгдэж буй шинэ зам, шинээр баригдаж буй барилгууд нь баталгаажуулж байлаа. 828 метр дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагаас ахиад 30 давхар өндөр нүсэр байгууламжийг бариад эхэлсэн нь алсаас сүрлэг харагдах аж. 2025 онд ашиглалтанд орох ажээ. Дубай хотыг өндрөөс харах боломж олгох, манай жолоочийн хэлснээр "зургийн жааз" шиг хэлбэртэй цамхаг удахгүй ашиглалтанд орох бөгөөд цэвэр алтаар бүрж байгаа гэх. Шинэ онгоцны буудлын төсөл ч явагдаж байгаа гэнэ. Магадгүй ахиад 5 жилийн дараа очиход үнэхээр л үлгэрийн, ид шидийн гэмээр тэр л хот бүтэн босож ирсэн байх биз. Ийм том зорилго амбицыг зоригтойгоор урдаа тавьж, тэрийгээ бодитжуулан биелэл болгож буй нь бахархмаар… Тиймдээ ч Арабын Нэгдсэн Эмират улсад зөвхөн 2016 онд л гэхэд 14.9 сая жуулчин ирээ буй заа.

Дубай Марина хэсэг

Хуучин Дубай. Хар зах руу хүмүүсийг зөөх завь-такси

Дубайн хар зах

Одоогийн Дубайг миний ойлгосноор хоёр янзаар үзэж сонирхох, мэдрэх, төсөөлөх боломж буй. Нэгдүгээрт миний нэгэн адил яг л энгийн ард иргэдтэй нь холилдон, тогтсон төсөвд баригдах, харин нөгөөх нь бизнес ангиллаар нисэж ирээд 5, 6, 7 одтой буудалд бууж, арав, зуу магадгүй, нэг сая долларыг ямар ч бодож санах зүйлгүйгээр үрэх хэмжээний бэнчинтэйгээр дээд зиндааны Дубайг мэдрэх. Хиймэл арал дээр орших долоон одтой зочид буудал Бурж Аль Арабт ч юм уу бууж, 120 ам.долларын өглөөний цай уун, усан онгоц хөлөглөн Арабын тэнгисээр зорчих тэр боломж, эсвэл 150 давхар дээрээс шүхрээр үсэрч, цөл дундуур хүссэн машинаа хөлөглөн давхих, Арабын тэнгис дээгүүр нисдэг тэрэгтэй зугаалах тэр мэдрэмжүүд мэдээж бүгд Дубай хотод байгаа. Монголд тансагт тооцогдох Ланд Круйзер 200 тэнд үндсэндээ голдуу ажлын машины зорилгоор хэрэглэгдэх агаад ерөөсөө том машин мэт сэтгэгдэл үл төрүүлэн Лексус 570, Ренж Роверуудтай холилдон давхилдах аж. Бараг Монголд Приуснүүд хэр их байдагтай ижил хэмжээнд гэж болохоор. Элсэн цөлд байдаг тул туулах чадвар өндөртэй машинуудыг голчлон сонгож унадаг бололтой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Цөлд зогсох Ланд Круйзер 200-нууд

Араб хивсний наймаачин

46502   9


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.