Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 29, 2016

Аяны тэмдэглэл: Японы стартап хөдөлгөөний талаар

Өнгөрсөн сард алба, амины ажлаар Япон орон руу явах завшаан гарсан юм. Нэгэнт явсных нийтлэлтэй ирэх даалгаврыг багийнхнаасаа авсан учир өөрийн сонирхлын дагуу Японы стартап орчин, экосистемийг ихэд сонирхож, тэр талаар багахан тэмдэглэл бичихээр шийдсэн билээ. Наран улсад өнгөрүүлсэн богинохон хугацаандаа анзаарсан, уулзсан хүмүүсээс сонссон, нэмж уншсан зүйлсээ багцлан танд хүргэж байна.

"Хэдхэн жилийн дотор стартап, энтрепренершип гэдэг ойлголт хэрхэн залуусын дунд "моод" болж, олон нийтийн ойлголт өөрчлөгдөж байгааг анзаарвал бид яагаад энд сууж байгааг ойлгоход тийм ч хэцүү биш" хэмээн Иоуни Лайтинен хэмээх финлянд эр надад хэлсэн юм. Тэр өөрийн багийн хамтаар Европын хамгийн том стартапуудын цугларалтуудын нэг гэгддэг Slush-ийг Азид, тэр тусмаа Токиод хийхээр ажиллаж байгаа нэгэн. И.Лайтинен сүүлийн 2 жил Токиод амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд тус улсын стартап экосистем ямар хурдацтай өөрчлөгдөж байгаагаа биеэрээ мэдэрч байгаа хүн юм. Slush 5-р сарын дундуур зохиогдох бөгөөд Азийн хамгийн шилдэг стартапуудыг цуглуулж, тэднийг хамгийн шилдэг хөрөнгө оруулагчидтай нэг дээвэр дор уулзуулах зорилготой.

"Намайг анх ирээд энтрепренершипийн талаар, стартап босгох, хөгжүүлэх талаар ярихад ихэнх найзууд маань намайг гажигтай гэж бодож, ийм зүйл ярьж байгаад гайхаж, огт сонирхохгүй байгаа нь мэдрэгддэг байсан. Дэлхийн хамгийн инновацилаг оронд ийм байна гэж үү гэж би их гайхдаг байлаа" хэмээр тэр ярьсан юм.

Үнэхээр ч Япон бол дэлхийн хамгийн инновацилаг орнуудын нэг. Шинэ технологийг хамгийн ихээр бүтээж, бий болгож, тэр хэрээрээ иргэд нь хэрэглэж, турших дуртай улс. Робот, хиймэл оюун ухаан, ухаалаг хэрэглээнүүд энд энгийн үзэгдэл. Хүний санаанд ч оромгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд чухам энд л бий. Тэд бол Тоёота, Нинтендо, Сониг бидэнд танилцуулж, тоглоом, гэр ахуйн хэрэгсэл, машиныг өргөн хэрэглээнд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн улс. Статистик үзүүлэлтүүд ч үүнийг батална. Инноваци, бизнесийн орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүдийг харьцуулан гаргадаг "Олон улсын өрсөлдөх чадварын индекс"-ээр 6-р байрт бичигддэг Япон улсын Токио, Осака тэргүүтэй 5 хот нь "Дэлхийн хамгийн инновацилаг 100 хот"-ын жагсаалтад багтжээ. Гэвч чухам юу япончуудыг тэгтлээ их гайхахад хүргэв? Юу буруу болов?

"Япон сэтгэлгээ. Сургууль төгсөөд баталгаатай бөгөөд тогтмол цалинтай, нэр хүндтэй компанийн ажилтан болох нь ямар ч хүний хувьд эрхэм зорилго. Тэндээ тэд үнэнч хөдөлмөрлөж, албан тушаалын шатаар аажуухан өгсөж, бас насан туршдаа ажиллахыг зорьдог. Ийм хүмүүс яаж сургуулиа хаяж бизнесээ эхлүүлэн, том компаниудын саналаас татгалзан эрсдэл хүлээх талаар яахин бодох билээ" хэмээн бас миний уулзсан М.Киношита хэмээх эрхэм ярьсан юм. Тэр Шибуяад өөрийн үүсгэн байгуулсан Skyland Ventures-ийг удирдаж, залуу компаниудад хөрөнгө оруулж, тэднийг инкубаторт өсөж хөгжин, амжилтад хүрэх боломжоор хангадаг нэгэн юм. "Гэвч одоо байдал их хурдацтай өөрчлөгдөж байна. Залуусын хувьд өөрийн санааг бодит болгох боломж, асуудлыг шийдэх сонголт нь ихэд сонирхолтой санагдах болж, тийм эрсдэл хүлээх шийдвэр гаргасан залуусыг "шоолох" биш "баатарлаг" мэтээр хүлээж авах хандлага нэмэгдэж байна. Гэхдээ л гэр бүлийнхний нөлөө хүчтэй байсаар л байна. Маш олон залуус өөрсдөөсөө биш, эцэг эхээсээ, гэр бүлийнхээ хүмүүсийн шаардлагаар өөрийн мөрөөдлийг орхихыг би харсан" хэмээн тэр үргэлжлүүлэв.

Шибуяагийн Apple Store-ийн хажууханд орших Tech Lab Paak -д олон олон шинэ санаа, шинэ төслүүд хөгжиж байгаагийн дотор монгол залуус ч байгаа нь "бахархал" төрүүлэв.

Япон бол инноваци, энтрепренершипийн баялаг уламжлалтай улс. Мицубишиг үндэслэгч Яатаро Ивасаки, Хондагийн Сойчиро Хонда нарын домогт энтрепренерүүдийг дурдахад л хангалттай. Гэвч 90-ээд оны хөрөнгийн зах зээлийн "хөөсрөлт", ажиллах хүчний хомсдол тэднийг Цахиурын хөндийгөөс арав арван жилээр хоцроход хүргэжээ. "Магадгүй 15 жил. Бид лав 10 жилээр тэднээс хоцорч яваа" хэмээн М.Киношита санал нэгдэв. Японд тэтгэврийн насны иргэдийн тоо 15-аас доош насныхнаас даруй 2 дахин их байгаа гэнэ.

"Гэхдээ би Японыг тун удахгүй Азийн стартапын экосистемийн хамгийн том тоглогч болно гэдэгт эргэлздэггүй. Тэдэнд уламжлал байна, мөнгөтэй том компаниуд, төр засгийн анхаарал ч байна" хэмээн бидний дараагийн зочин Tech Lab Paak-ийн үүсгэн байгуулагч М.Уцуномиа хэлсэн юм. Уцуномиагийн хувьд Шибуяад дундын оффис ажиллуулдаг бөгөөд Японы хамгийн хурдацтай өсөж буй технологийн компани Recruit-ийн дэмжлэгтэйгээр шилдэг боловсон хүчин, шинэ стартапуудыг бэлдэж байгаа юм. Тэдний инкубаторт Токиод суралцдаг монгол залуус багтсан байсан нь ихэд сонирхол татав.

"Бид гадаадад суралцдаг залуусыг нутагтаа ирэхдээ хүссэн компанидаа дадлага хийх боломжоор хангадаг платформ бүтээсэн. Гадаадад сурч буй залуус дотоодын зах зээлийн талаар мэдээллээр ихэд цангаж, нөгөө талаар компаниуд ирээдүйтэй боловсон хүчнээ "мартаж" орхидог. Мэдээллийн тэгш бус байдлыг л үгүй болгох зорилготой юм л даа" хэмээн уг төслийн удирдагч Г.Бямбасүрэн хэлсэн юм. Г.Бямбасүрэнгийн баг Японд зохиогддог хакатлон, стартапын хэд хэдэн тэмцээнд оролцож, ихэнхэд нь байр эзэлж, түрүүлжээ. Тэр өдгөө дээр дурдсан Recruit компанид ажиллаж байна.

"Япон залуусын дунд сонирхлын бүлгэмийн нэг гишүүн болох, өөрийн хүрээллийг үүсгэх, тэндээсээ суралцах, мэдээлэл авах, багаа бүрдүүлэх хандлага их нэмэгдэж байна. Уулзалт, лекц, ярилцлагууд бараг өдөр бүр зэрэг зэрэг зохиогдож, оролцогчид ч ихээр нэмэгдэж байгаа" хэмээн тэр сонирхуулсан юм. Чухам яг ийм арга хэмжээнүүд зохион байгуулах зорилготой байгуулагдсан Dots өдгөө өөрийн гэсэн дундын оффисыг (co-working space) байгуулсан бөгөөд биднийг очиход ч арга хэмжээ зохиогдож л байв. Өөрсдийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх, танилын хүрээгээ өргөжүүлэх зорилго тэднийг нэгтгэж байгаа нь мэдрэгдлээ. Чухам ийм зорилго, тийм орчноос л сайн багууд төрөн гарах нь гарцаагүй.

Дэлхийн хамгийн завгүй гудамжуудын нэг Шибуяа тус улсын стартап хөдөлгөөний хамгийн гол цэг болон хувирчээ.

М.Уцуномиагийн дурдсан төр засгийн анхаарал байна гэдэг үг миний анхаарлыг татсан юм. Үнэхээр ч өнгөрсөн жилийн 5-р сард ерөнхий сайд Ш.Абе Цахиурын хөндийд айлчлан, Tesla, SpaceX-ийн Э.Маск, Твиттерийн Ж.Дорси нартай уулзаж, АНУ болон Японы энтрепренерүүдийг холбох "Bridge of Innovation" хэмээх хөтөлбөрийг нээж байгаагаа зарлажээ. Энэ хөтөлбөрөөр дамжуулан зогсолтонд ороод буй эдийн засгаа эрчимжүүлэх, сэргээх зорилгоор стартапын шинэ давлагааг бий болгох гэнэ. Япон хамтрагчтай стартапуудад дэмжлэг үзүүлэх 286 тэрбум иений үндсэн хөрөнгөтэй санг ч үүсгэсэн байна. Үүнтэй зэрэгцээд топ компаниуд нь ч стартапууд руу анхаарал хандуулж эхлэв. Өмнө нь гадагшаа чиглэж, гадны компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой байсан том корпорациуд дотоодын жижиг компаниуд руу чиглэж эхэлжээ. Тиймдээ ч стартапын хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг корпорациуд хийж байгаа хэрэг. Өнгөрсөн жил хийгдсэн нийт 1.96 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 69 хувийг нь корпорациуд хийжээ. Гэвч энэ тоог Цахиурын хөндийн 24 тэрбум долларын хөрөнгө оруулалттай харьцуулахад чамлалттай тоо хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, Америкийн топ венч сангуудын нэг Андреессен Хоровиц сангийн тавны нэгтэй л тэнцүү гэсэн үг.

"Гэвч давлагаа эхлэхээс өмнө завиндаа суучихвал бид арал руу түрүүлж хүрнэ гэсэн үг биш гэж үү?" хэмээн И.Лайтинен хэлсэн юм. Их сургуулиуд оюутнууддаа чиглэсэн үйл ажиллагааг явуулж, тэдний бизнес сэтгэлгээг нэмэгдүүлэн, өөрийн стартапыг эхлүүлэх боломжийг олгох инкубатор, дундын оффисуудыг олноор нээж байна. Дундын оффисоор үйлчлүүлдэг хүмүүсийн тоо ихэд нэмэгдэж, тийм газруудын тоо ч эрс өсөх болжээ. 500 Startup, Hack Ventures зэрэг венч сангууд ч үйл ажиллагаагаа Токиод эхлүүлж, нээлттэй хөрөнгийн хэмжээ илт өсөх болов. IPO хийж буй стартапуудын тоо ч эрс өсөж, зөвхөн өнгөрсөн онд бараг 100-д хүрсэн гэнэ. Энэ бол Японы стартап хөдөлгөөн "тэсрэлт" хийхэд ойрхон ирсний дохио биз ээ. Энтрепренершипийн уламжлал, хэрэглэгчдийнх нь шинэ зүйлд нээлттэй байдал, дахин давтагдашгүй соёл зэрэг нь гадны биш япон стартапууд амжилтанд хүрэх эхний шалтгаан, урьдач нөхцөл болох учиртай.

Гэрэл зургийг Л.Ма

Төгсгөлийн оронд

Японд стартапууд байдаг юм уу? Хамгийн алдартай стартапууд нь юу юм бэ? гэх асуултыг би олон хүнээс сонсож байв. Олон улсад хамгийн их танигдсан Line чат апп нь Солонгос компанид харьяалагддаг гэдгийг, Масаёоши Сон болон Софтбанк Yahoo, Алибаба зэрэг компани хөрөнгө оруулж байсан гэдгээс илүүг өмнө нь дуулаагүй байсан ч тун удахгүй илүү олон, илүү сонирхолтой, илүү сэтгэл хөдөлгөм түүхүүд, амжилттай стартапуудын талаар мэддэг болно гэдэгтээ дээрх аяллын дараагаас бат итгэлтэй болов.

Харин Монголд байдал ямар байна? Дээрх ярианууд, дээрх ажиглалтууд танд танил сонсогдохгүй байна гэж үү? Залуусын дунд энтрепренершип, стартапын талаар яриа өрнөх нь улам олширч, өөрийн санаатай, санаагаа хөгжүүлэх сэдэлтэй, түүнийхээ төлөө өөрийгөө зориулахад бэлэн бүтэн үе гарч ирж байгаа мэт сэтгэгдэл сүүлийн үед төрөх болсон. Стартап экосистемд оролцогч талуудын идэвх сэргэж, ирээдүйтэй стартапууд ч үйл ажиллагаагаа эхлүүлэн, өдөр бүр сайн мэдээ сонсогдох болжээ. Чухам эдгээр эрэлтийг хангах нь Unread-ийг эхлүүлсэн хийгээд улам урагшлуулах эрч хүч өгч буй нэгэн хүчин зүйл билээ.

24506   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.