Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   09 сарын 15, 2017

Стокхольмийг эзэлсэн Монгол сүшичдийн арми буюу Шведээс хийсэн тэмдэглэл #1

Швед улсад ажиллаж, амьдарч буй нийт Монголчуудын тоо албан бусаар 10 мянгад дөхнө. Цагаачид, дүрвэгсдэд ээлтэй бодлогоороо гайхагдах энэ улсын нийслэл хот Стокхольмд тэдгээрийн дийлэнх нь аж төрдөг. Хэдий хойд Европын хамгийн том нийслэлд тооцогдох ч хэмжээгээрээ Улаанбаатартай ойролцоо, хүн амын тоогоороо ч бараг ижил буюу 1.5 сая хүн амтай энэ хотод та "булан тойроод" л монгол хүнтэй таарах нь эхэндээ их сонин. Дараагийн метрогоо хүлээн зогсоход, галт тэргэн доторх хажуугийн сандалд, эсвэл дэлгүүрийн кассанд оочер хүлээх зуур танил үгс байнга сонсогдож, дотно нүүрний хэлбэр-царай хажуугаар зөрнө. Бүгд завгүй, хаа нэг тийш яаран, маргаашийн төлөө цуцалтгүй ажиллах түгээмэл дүр зураг ажиглагдана.

Гэхдээ тэнд оршин суух монголчуудыг илэрхийлэх хамгийн товч бөгөөд тодорхой үг бол "сүши" гэдгийг сонсоод ихээхэн гайхсанаа нуух юун. Монголчууд гол төлөв үйлчилгээний салбарт, тэр дундаа хоолны газар, тэр дотроо сүши ресторануудад голчлон ажилладаг гэх. Худалч хүнд, сүши ресторанаар "ороод" гараагүй монгол хүн бараг байхгүй гэхэд ч хилсдэхгүй гэж дуулав. Хэрвээ орсон рестораны чинь меню дотор сүши байвал л гал тогоонд нь монгол хүн заавал ажилладаг гэсэн үг гэнэ. Хаа холын арлын орны үндэстний зоогийг хаа холын хөгшин Европт далайн хоол төдийлэн идэж дасаагүй монголчууд хамгийн сайн, хамгийн чадварлаг хийдэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болсны нууц нь юу юм бол гэдэг бодол намайг энэ тэмдэглэлийг бичихэд хүргэсэн билээ.

"Монголчууд аливааг маш хурдан сурдаг, орчиндоо сайн дасан зохицдог болохоор тэр байж мэднэ" хэмээн миний хамгийн түрүүнд уулзсан Н.Номун-Эрдэнэ ах хэлэв. "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл"-ийн тэргүүнээр ажиллаж, олон улсад тархан суурьшсан монголчуудыг эх оронтойгоо холбох, хамтарсан төсөл, үйл ажиллагаанууд зохион байгуулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буй Н.Номун-Эрдэнэ ах хамгийн анхны монгол эзэнтэй сүши ресторан нээж байсан анхдагчдын нэг гэдгээрээ сонирхолтой түүхтэй нэгэн.

"Бараг 10 жилийн өмнө 5-р сувгийн төв оффисийн дор анхны ресторанаа нээж байлаа. 3, 4 жил Япон эзэнтэй ресторанд ажиллаж, туслах ажилтнаас ахлах тогооч болтлоо бүх шатанд ажиллаж үзсэн болохоор нэлээн дадалтай болоод байсан хэрэг. Гэтэл одоо зөвхөн монгол эзэнтэй, монголчуудын ажиллуулж буй сүши рестораны тоо 50 гарчихсан яваа байх шүү" хэмээн тэр ажил хэрэгч байдлаар өгүүлэв.

Түүний дурдсан, анх ажиллаж байсан рестораныг нь өдгөө Д.Энхтуяа хэмээх бүсгүй нөхрийнхөө хамтаар ажиллуулж байгаа гэнэ. Shiro Sushi саяхан 2 дахь салбараа нээсэн бөгөөд удахгүй Uber-т нэгдэн Стокхольмийн өнцөг булан бүрт сүшигээ түгээх зорилго тавин ажиллаж байна. Тэрээр япон эзнээсээ бизнесийг нь худалдаж авч 2012 оноос хойш энэхүү бизнесийг эрхэлж байгаа юм. Ажиллаж байсан газраа худалдаж авах, эсвэл шинэ салбарыг нь нээн тусдаа гарах нь монголчуудын хувьд бизнесээ эхлүүлэх хамгийн түгээмэл хэлбэр гэдгийг тэрээр онцолж байв.

"Байнгын үйлчлүүлэгчидтэй болж, үйл ажиллагаа тогтворжих хүртэл 3 жил орчим үнэхээр гүрийсэн. Гурав алхаад л янз бүрийн ресторан байх энэ хавьд хүлээн зөвшөөрөгдөж, итгэл хүлээнэ гэдэг амаргүй. Ажлын 6 өдөр, өглөө үүрээс эхлээд шөнө үд өнгөрөх хүртэл ажиллах нь хэвийн үзэгдэл байлаа. Одоо л гадаа бороо орчихлоо, хүн ирэхгүй юм биш биз дээ гэдэг айдасгүй тайван ажиллах боломжтой болж байна даа" хэмээн Энхтуяа ярьсан юм. Тэрээр монголчуудын аливааг хурдан сурч, гүйлгээ ухаантайгаар ханддаг занг хамгийн ихээр онцолж байсан юм. Бусад орны хүмүүсийн гурван жилд сурдгийг манайхан гурван сард, гурван сард сурдаг зүйлийг гурван өдөрт сурчихдаг гэж хэлэхэд буруудахгүй хэмээсэн нь ч нэгийг бодогдуулав.

Д.Энхтуяа (баруун талд) дүүгийнхээ хамтаар энэ салбарыг ажиллуулдаг бөгөөд Швед дэх монголчуудын дунд зохиогддог арга хэмжээнүүдийг тогтмол дэмжин, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэнэ.

Ерөөс Стокхольмийн дэндүү тайван, дэндүү хуучин ч гэмээр, гэхдээ цэгцтэй, дулаан уур амьсгал төрүүлэх гудамжуудаар алхаж явсан хэнд ч Шведүүдийг сүшинд дэндүү дуртай ард түмэн юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Жаахан будилбал үндэсний хоолноосоо илүү ч дуртай юм шиг санагдана. Хаа газар түгээмэл таарах бургер, кебабын газруудын оронд сүши ресторанууд энд тэндгүй бөөгнөрчээ. E&Y- ийн 2015 онд гаргасан судалгааны тайланд дурдсанаар, Шведийн ард түмний 24 хувь нь дараагийн гурван жилд махны хэрэглээгээ багасгаж, илүү эрүүл хооллох төлөвлөгөөтэйгээ хуваалцсан байна. Эрүүл амьдралын хэв маяг тренд болж буй энэ цаг мөчид дэлхий даяар сүшины эрэлт эрс нэмэгдэж байгаа нь өөр олон ч судалгаанаас харагдаж байв.

Дэлхий дээрх яргай загасны зах зээлийн хамгийн том тоглогч, хөрш орон Норвегиэс өглөө бүр чанартай, сайн загасны мах орж ирдэг нь энэ салбарын өсөлтийн голлох хүчин зүйл байж мэднэ. Монголчууд хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулан, өглөө бүр шинэ загас, шинэ ногоогоо ресторанууд руугаа хүргүүлдэг юм билээ. Савх, савнаас эхлээд бизнес эрхлэх бүх материалын нийлүүлэлт, түгээлтийн суваг нь тодорхой учир өөр зүйлд сатааралгүй явах боломжийг бүрдүүлдэг байх.

"Энд бизнес эхлүүлэхийн тулд, эсвэл ашиг орлоготой байхын тулд заавал танил талтай байх шаардлагагүй. Цаанаасаа тогтоосон стандартыг хангаж, өөрөө санхүүгийн сайн түүхтэй байхад л хангалттай. Ямар нэгэн хүнд суртал, арын хаалга гэж байхгүй учир бизнес эхлүүлэхэд таатай орчинтой гэж боддог" хэмээн Номун-Эрдэнэ ах хэлсэн юм. Сүшиний ресторан нээхэд дор хаяж 70-80 мянган доллар шаардлагатай байдаг гэнэ. Мэдээж бизнесээ амжилттай өргөжүүлэнн тэлэх нэгэн байхад бүтэлгүйтэж унаж байгаа хэсэг ч байгааг олон хүн дурдаж байв. Сүүлийн жилүүдэд Монголчууд зөвхөн сүши гэлтгүй үсчин, гоо сайхны салон зэрэг бусад үйлчилгээний салбаруудад хүч үзэх болсон нь магтууштай санагдаж байлаа.

Монголчуудын ноёрхол илт мэдрэгдэх болсон сүшиний бизнест олон үндэстэн өрсөлдөнө. Гэхдээ бидний амжилтын нууц яг юунд оршиж байна вэ? Энэ асуултын хариуг би Chikara Sushi-ий эзэн С.Жадамба ахтай уулзаж суухдаа олсон юм.

"Бид бусдаас илүү бүтээлч, бусдаас илүү сониуч л байдаг байх. 20 жил том ресторануудаар дамжсан хятад тогооч анх сурсан аргаараа, хэв маягаараа л тухайн хоолоо хийнэ. Харин монголчууд үргэлж шинийг эрэлхийлж, шинийг сэдэж, тэрийгээ туршиж үзэж хэрэгжүүлж үздэг юм. Би л гэхэд хамгийн алдартай сүши тогооч гэгддэг С.Жирогийн арга барилаас суралцаж, баримтат киног нь байнга үзэж урам зориг авдаг" гэж ярих Жадамба ахын үндсэн мэргэжил нь инженер хэдий ч өдгөө улс орон даяар алдаршсан чадварлаг тогооч болжээ. Хамгийн алдартай ази ресторануудад ерөнхий тогооч хүртэл дэвшин ажиллаж байсан түүний талаар орон нутгийн хэд хэдэн сонин нийтлэл бичиж байсан гэнэ.

Үнэхээр ч монголчуудын хийж буй сүши европчуудад яг тохирсон хэлбэрээр гардаг юм байна. Монгол ресторанууд сүшигээрээ түргэн хоолны зах зээлд өрсөлдөж байгаа нь ажиглагдав. Үнийн хувьд ч McDonalds, Burger King-ийн багцуудтай ижил түвшинд, гарах хугацаагаараа ч ойролцоо байв. Тиймд болохоор 21-р зуун гарсаар улам бүр алдаршсаар буй эрүүл амьдралын хэв маягийг үлгэр жишээ байдлаар хэвшүүлэгч шведийн ард түмэн шингэц сайтай, харьцангуй эрүүлээр нь сүшиг сонгож иддэг нь ойлгомжтой байлаа.

"Өдрийн хоолны цагаар бол ёстой бөгс өндийх завгүй бужигнана. Дараа нь жаахан амраад оройн хоолны цаг ирнэ. Швед хүмүүс зарчимч, төлөвлөгөөтэй хүмүүс. Долоо хоногийн аль өдөр загасаа, аль өдөр махаа идэж, хэзээ нь дасгалаа хийх үү гэдгээ бүгдийг нь нарийн төлөвлөдөг хүмүүс. Тийм учраас сүши идэх гэж зорьж ирдэг үнэнч хэрэглэгчид улам бүр ихэссээр л байна" хэмээн Жадамба ярьсан билээ. Түүний хэлснээр сүши бол цадах гэж иддэг хоол биш аж.

Монгол сүшичдийн арми үнэхээр Стокхольмийг бүрэн эзэлжээ. Шведийг атгасан ч гэж хэлж болох байх. Япончуудыгаа хүртэл зах зээлээс шахаж гаргаж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Олон салбартай, олон хотод үйл ажиллагаа явуулдаг газрууд ч нээгдсэн гэнэ. 200 гаруй монгол ажилтантай, тусдаа наадам хийдэг рестораны сүлжээ ч байдаг тухай сонсов. Хамгийн их хүнтэй, хамгийн үнэтэй бүсүүдэд нь хүртэл монгол нэртэй ресторануудтай таарахад бахархах сэтгэл эрхгүй төрж байлаа.

Энэ тэсрэлт улам бүр тэлэх нь гарцаагүй. Монголчууд улам бүр алдаршиж, монгол тогоочдын нэр хүнд улам нэмэгдсээр. Дараагийн үеийнхэн ч бэлтгэгдэж, гэрэлт ирээдүй хүлээж байгааг хараад үнэхээр баярлав. "Швед дэх сүшичдийн армийн эхэн үеийнхэн байр сууриа эзлэх гэж, энэ түвшинд хүрэх гэж их зүйлийг золиосолсон. Гэхдээ дараагийн үеийнхэн минь нөхцөл байдлыг улам сайжруулж, бизнесээ улам өргөжүүлнэ гэдэгт итгэдэг шүү" хэмээн Энхтуяа эгч зөөлөн инээмсэглэсээр биднийг үдсэн билээ.

Соллентуна орчмын хамгийн алдартай сүшиний газар болох Chikara Sushi-г үүсгэн байгуулагч С.Жадамба! Хоол авах гэж орж ирэх зочдын цуваа хэзээ ч тасрахгүй нь гэсэн бодол ярианы үеэр төрж байсныг нуух юун.

Төгсгөлийн оронд

Скандинавын хойгт хамгийн өргөн уудам газар нутгийг эзлэн орших Швед улс бол олон зүйлээрээ онцгойрсон, тавлаг сайхан амьдрал, эдийн засгийн тогтвортой хөгжлөөрөө толгой цохиж буй үлгэр жишээ орон юм. Энэ сарын эхээр тус улсад ажлын шугамаар зорчих боломж тохиох үедээ сонин содон, анхаарал татах сэдэв хайж, боломж гарвал тэмдэглэл хөтлөн түүнийгээ хүргэх зорилго агуулсан миний эрэл удаан үргэлжилсэнгүй. Гэхдээ би сэдвээ хамгийн тооцоолоогүй, хамгийн төсөөлөөгүй газраасаа олсон нь энэ.

Сүши хийнэ гэдэг нарийн урлаг. Будаагаа агшаах, загасаа зүсэхээс эхлээд ороож бэлдэх, таваглах хүртэл нарийн дэс дараалал, утга агуулгатай гэдгийг Японд зочлох үеэрээ анзаарч байв. Гэхдээ монголчууд харь оронд тэс өөр үндэстний хоолыг шинэчилж, тэдний хүсэл сонирхол, сонголтонд нийцүүлэн "ахин нээж", "ахин зохиож" амжилтанд хүрч байгааг харах үнэхээр таатай байв.

Монголчууд зоригтой. Хурдан дасан зохицдог. Эрсдэлээс айдаггүй. Шинийг санаачилдаг. Болохгүйг засаж, улам бүр сайжруулдаг гэдэг үгийг би олон хүнээс сонсож байсан, энэ удаад ч олонтаа сонсов. Швед дэх монголчуудад бусад улсынхан шавь орж, эрдэм туршлагаас нь суралцдаг гэнэ. Энэ бүхнийг сонсож суухдаа нэгэн санаа миний толгойд харван орж ирсэн юм.

"Нэг газраас нөгөө рүү нүүдэллэж, мал аж ахуйгаа бие даан тордож, аж амьдралаа залгуулсаар ирсэн бид чинь угаасаа л ЭНТРЕПРЕНЕР ҮНДЭСТЭН байж шүү дээ." Үгүй гэж үү? Лав л Швед дэх сүшичдийн арми үүнийг тодоос тод батлан харуулж байгаа мэт.

Unread-ийн аяллын тэмдэглэлийн өмнөх дугаарууд

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ БУЮУ ЭСТОНИ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #2

АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ: ЯПОН ОРНЫ СТАРТАП ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР

67582   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.