Өнөөдрийн зочин маань Монголын хамгийн шинэлэг, хамгийн дэвшилтэт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг нэгэн. Анх ухаалаг дэлгэц борлуулан бизнесийн гараагаа эхлүүлсэн Ж.Энхжаргалангийн BRB компани таван жилийн өмнөөс арга хэмжээ буюу эвент менежментийн салбарт орсон юм. Түүнээс хойш салбартаа манлайлсаар, "Авьяаслаг Монголчууд” шоуны тайз заслыг хийн, олон улсын түвшинд хүрснээ харуулсныг тус шоуг шимтэн үзсэн бид бэлхнээ мэднэ. MCS, Оюутолгой, МИАТ зэрэг томоохон компаниудад ажиллаж байгаад бизнесээ эхлүүлсэн тэрээр Монголын хамгийн том, хамгийн шинэлэг хөгжмийн фестиваль болно гэгдэж буй Xуур Music Festival-ийг санаачлан, хэдхэн хоногийн дараа зохион байгуулах гэж байгаа билээ.
Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: BRB-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын туялзуур сэлэмний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, XMF-ийг үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: Samsung S8
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface
Сошиал хуудсууд: Enkhjargalan Jadamba (фэйсбүүк хуудас)
Таны ажлын онцлох арга барил?
Аливаа юманд би мэргэжлийн бөгөөд шилдэг нь байя гэсэн сэтгэлээр ханддаг. Ажил, амьдрал, спорт гээд юу ч байсан түүндээ тууштай байж, мэргэжлийн байхыг хүсдэг.
Богино цагт их ажлыг гүйцэтгэдэг нь манай ажлын онцлог. Хүмүүсийг гэртээ харих үед, эсвэл унтаж амарч байх үед бид ид ажиллаж байдаг. Тэр хэрээрээ их ачаалалтай. Тиймээс ачааллаа зөв хуваарилахын тулд сайтар төлөвлөх хэрэгтэй болно. Төлөвлөгдөөгүй гэнэтийн захиалгууд ч олноор орж ирдэг учир тэр болгонд уян хатан байж, ажлуудаа уялдуулах шаардлага гарна.
Ер нь зохион байгуулж байгаа бүх арга хэмжээн дээрээ өөрийн биеэр байж, биечлэн оролцохыг эрмэлздэг. Харилцагчдынхаа сэтгэгдлийг цуглуулах, өөрсдийнхөө гүйцэтгэлийг хянах, дараагийнажлуудад шинэ санаа олох гээд олон талын ач холбогдолтой байдаг юм.
Мөн бид үргэлж шинэлэг, илүү бүтээлч байх хэрэгтэй байдаг. Энэ жил нэг арга хэмжээ хийлээ гэхэд ирэх жил ахиад л давтаад байж болдоггүй, агуулга нь, газар нь хэвээр ч хэлбэр, хийцийг нь өөрчлөх хэрэг гардаг. Тиймээс үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санаанууд хайж явдаг.
Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?
Wechat, Whatsapp, Messenger гээд чат аппуудыг бүгдийг нь ашиглана. Page Manager-ийг нэлээн идэвхтэй хэрэглэнэ шүү. Оффисийнхоо камерын системийг утастайгаа холбочихсон байдаг. Хаана ч явсан ажлаа хянаад, хараад явж байхад зүгээр. Goal апп-ийг ашиглаж хөлбөмбөгийн мэдээ уншдаг.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?
Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Өглөө эрт босох нь цаг хэмнэдэг. Хэдийгээр манай ажил шөнийн цагаар ид өрнөдөг, нойр сайн даадаг залуу хүний ажил ч гэсэн эрт босож байж бусад ажлуудаа амжуулах шаардлага гардаг. Хүмүүсийг унтаж байхад ажилласан юм чинь ажиллаж байхад нь унтах ёстой гэж хандаж болдоггүй. Би өглөө үүрээр эрт босон фитнесс рүүгээ яарч, дасгал хөдөлгөөнөөс эрч хүч авчихаад өдрийн ажлаа эхлүүлдэг дадалтай.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Гар утасныхаа Календарь дээр хөтлөөд явдаг. Ажлын төлөвлөгөөгөө календарьчилсан байдлаар цаасан дээр давхар гаргадаг. Түүнийгээ энд тэнд, нүдэнд ил харагдах газруудад байрлуулна. Мөн стикер цаасан дээр зарим чухал ажлуудаа бичээд суурин компьютер, ажлын ширээн дээрээ наачихдаг юм.
Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Аливаа зүйлээс нандин, жижиг деталиудыг сайн олж хардаг байж мэднэ. Ажлын онцлогтой ч холбоотой байх. Харилцагчид маань төгс гүйцэтгэлийг л хүсдэг учир алдах эрх бидэнд байхгүй. Төгс гүйцэтгэл гэдэг хэний ч анзаараагүй, тооцоогүй жижиг деталийг хүртэл анзаарч байж бий болгодог. Хамгийн дурсамжтай, хамгийн чухал мөчүүдийг нь бид бүтээдэг болохоор бүх зүйлийг нарийн сайн төлөвлөх хэрэгтэй болно. Ер нь хамт ажиллагсдаа сайн чиглүүлж, сайн бэлдэж, улам сайжруулж байж дэлхийн стандартад очих байх гэж боддог.
Гэртээ бол хүүхдүүдээ л сайн эрхлүүлдэг дээ. (инээв) Ажлаасаа болж орой шөнөөр гэртээ ирэх нь олон тул гэр бүлдээ зарцуулж байгаа цаг чамлалттай санагддаг. Тийм учраас олдож байгаа цагаа аль болох чанартай л өнгөрүүлэхийг хүсдэг.
Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Энтертэйнмент салбар, тэр дотроо эвент, арга хэмжээний салбар нь хурдацтай хөгжиж байна. Хурдацтай хөгжихтэй зэрэгцэн олон техник, технологи дагаж гарч ирсээр байна. Манай ажил өөрөө чанар дээр суурилдаг. Чанар гэдэг ихээхэн өртөг, өндөр үнийг дагуулдаг. Тоног төхөөрөмжүүдээ тогтмол шинэчлэх, байнга арчлах, хөгжүүлнэ гэдэг том сорилт болдог. Тэр техникүүд дээр ажиллах боловсон хүчин, инженерүүдээ үргэлж дадлагажуулж сайжруулах нь том асуудал.
Харилцагчид маань ч бас дагаад хөгжиж байна. Аль болох өвөрмөц, сонин зүйлсийг хүсэх болсон. Манай нөхцөлд таарахгүй, тохирохгүй, боломжгүй зүйлс гэж байгаа ч бид аль болох хамгийн шинэлэг, санаанд нь нийцсэн байдлаар зохион байгуулахыг хичээдэг. Үүнийг дагаад аюулгүй байдал, чанар, стандарт зэрэг асуудлууд урган гарч ирнэ. Бидний хувьд яг төгс гүйцэтгэл ямар байдгийг л зах зээлд ялгаж салгаж харуулахыг хичээн ажиллаж байна.
Компани маань байгуулагдаад 9 жил, эвентийн салбар уруу ороод 5 жил болжээ. Бид компанийхаа түвшинд шинэлэг зүйлсийг үргэлж нэвтрүүлсээр ирсэн. Том төслүүдэд оролцон их зүйлийг сурч байна. Өнгөрсөн жил л гэхэд "Авьяаслаг Монголчууд" төслийн зохион байгуулалтанд оролцож, олон улсын шоуны стандартаас ихийгмэдэж авсан. Хаана ч гологдохгүй чанартай үйлчилгээг үзүүлдэг болохын тулд хурдтай ажиллаж, алдаагаа хурдан засаж, хурдан суралцах хэрэгтэй юм билээ.
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Яг одоо бид сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдөж, мөрөөдөж, бас төлөвлөсөн ажлынхаа эцсийг үзэх гээд явж байна. Энэ бол XMF буюу Xyyp Music Festival юм. Манай компани зөвхөн харилцагчдын захиалгаар тэдний арга хэмжээн дээр ажиллах биш, өөрсдийн нэрийн хуудас болсон брэнд эвенттэй байх ёстой гэж үзсэн юм. Үүнийхээ хүрээнд тодорхой түвшинд судалгаа хийсээр хөгжмийн фестивалийг зундаа хийхээр шийдсэн. Тэгээд Монгол ТВ, Скинни, Brainstorm Agency, Xyyp-ийн залуустайгаа нийлээд шоу энтертэйнмент салбарт шинэ өнгө төрх, стандарт авчрах зорилго бүхий хөгжмийн фестивалийг зохион байгуулах гэж байна. Энэ 8-р сарын 25, 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Багаа бүрдүүлсний дараагаар фестиваль, шоу зохион байгуулахдаа бид юун дээр алддаг, яаж сайжруулж болох вэ гэдэг дээр анхаарч ажилласан. Ultra Music Festival, Coachella зэрэг гадны алдартай хөгжмийн наадмууд дээр ч очиж туршлага судалсан. Ингээд бүс нутагтаа ч хүлээн зөвшөөрөгдөх боломжтой, олон улсын хэмжээний том фестивалийг төрүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Бид гадны жуулчид зорьж ирдэг, гадны франчайзинг болж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой, топ уран бүтээлчид ирдэг наадам бий болгоно гэсэн алсын хараатай байгаа.
Наадам маань хэд хэдэн онцлогтой. Хамгийн том, хамгийн гоёмсог тайз энд засагдана. 2 өдрийн турш өндөр түвшний гэрэлтүүлэг, дуугаралт, тусгай эффектүүд ашиглагдана. Бид бусад фестивалиудыг судалж байхдаа манайд дэлгэц бүрэн ажилладаг буюу дэлгэц-дуугаралт нь хоршдог хэлбэр байхгүйг анзаарсан. Тиймдээ ч Нидерландаас VJ буюу Video Joker мэргэжилтэй хүнийг авчирч ажиллуулах гэж байна. Яг л DJ-тэй зэрэгцэн дүрсийг эвдэлж, хугалж, өвөрмөц байдлаар дуутайгаа хоршуулан үзэгчдэд хүргэнэ гэсэн үг. Нью Йоркоос Coachella-д ажилласан гэрэлтүүлгийн мэргэжилтэнг авчирч байна. Гал, салют, цаас, утаа, хөөс гээд сэтгэлийг өргөж, огшоох ёстой бүх элементүүд бий.
Эхний өдөр Солонгосын од G2 болон манай дотоодын тэргүүлэх репперүүд бүхий хип хоп урсгал голчилсон тоглолт байгаа. 2 дахь өдөр нь дэлхийд үнэлэгдэж, алдарт гарч байгаа Итали, Англи, Тайвань, Монголын шилдэг DJ нарын тоглолт төлөвлөгдсөн. Тоглолтын тасалбараа бид хамгийн хямдаар тогтоохыг хичээж, 10 мянган төгрөгөөр борлуулж байна. Азтай үзэгчийг шалгаруулж, нэг өрөө байр өгөхөөр болсон нь мөн сонирхолтой мэдээ болов уу.
Бид олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлж, залуустаа шинэлэг мэдрэмжийг өгөхийг л хүсэж байна. Төв цэнгэлдэхэд 30 мянган үзэгч ирнэ гэж тооцож байгаа.
Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Яг ажиллаж байх үедээ хөгжим сонсох боломж гардаггүй. Ихэвчлэн машиндаа л хөгжим сонсдог. Яг одоо бол ажиллаж байгаа төсөлдөө гүн дурлачихсан байгаа учир электро хөгжим их сонсож байна. DJ Hardwell-ийн тавьж байгаа сетүүдэд татагдаад байгаа. Сүүлийн үед монгол залуусынхаа бүтээсэн "Хуур" апп-ийг их ашиглаж байгаа шүү.
Та яг одоо ямар ном, нийтлэл уншиж байна вэ?
Сүүлийн үед хийж байгаа ажилтай холбоотой техникийн номнууд л их уншиж байна. Янз бүрийн техник тоног төхөөрөмж байнга авдаг учир холбогдох гарын авлага, материалуудыг их ухна. Баахан мөнгө зараад техник авна гэдэг нэг өөр, түүнийгээ гарын арван хуруу шиг эзэмшиж тултал нь ашиглана гэдэг тусдаа асуудал.
Tech Insider-ийг их уншдаг, маш сонирхолтой хэлбэрээр нийтлэл, блогуудаа хүргэдэг. Хамгийн сүүлд Жэк Магийн намтар номыг уншсан юм байна. Амтархан уншсан шүү.
Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Нээлттэй. Би ажлын байран дээр хамт олондоо, харилцагчдадаа аль болох нээлттэй харьцаж, зарчимч байхыг эрмэлзэж ажилладаг.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Ёстой барьцгүй. Өдөр дамнан нойргүй явах энгийн тохиолдол. Үргэлж цагийн шахаанд явдаг. Гэхдээ боломжтой бол өдөрт 8 цагийн нойр авч байхыг хичээдэг. Боломж л гарвал унтахыг илүүд үзнэ.
Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?
Сул цагаараа хөлбөмбөг үзэх дуртай. Би Манчестер Юнайтед клубын фен. Бүх тоглолтыг нь алдалгүй үздэг. Ямар наймаа, халаа сэлгээ хийж байна, хэн юу ярьж байна гээд эргэн тойрон дахь хов живийг нь хүртэл сонирхдог.
Одоо бол туялзуур сэлмээр хичээллэж байна. Хэдэн жилийн өмнө би энэ спортод гүн орж, мэргэжлийн түвшинд хичээллэж байлаа. Харамсалтай нь Осакад болсон олимпийн эрхийн тэмцээнд оролцож байхдаа ахиллын шөрмөсөө тасалчихсан юм. Ингээд л ямар нэг контакттай спортоор хичээллэхэд эрсдэлтэй болсон. Тамирчны карьер хөөх юм байна гэж төсөөлж явсан үе ч бий. Боулингаар дэд мастер цолтой, улсын аварга болж байлаа.
Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Олон зүйлээс урам зориг авч байдаг. Хамгийн их хурцалдаг хүн бол эхнэр минь. Намайг сулраад ирэхэд сайн шахаж чаддаг, зөвлөж, чиглүүлж өгдөг. Найз нөхдөөсөө, уулзаж байгаа хүмүүсээсээ эрч хүч авна. Ямар ч богино уулзалт хийсэн тэр хүнээсээ суралцахыг эрмэлздэг. Хүн бүрт өөрийн гэсэн давуу чанарууд байдаг учир өөртөө алийг нь нааж болох уу гэдгийг харахыг, гол нь хурдтайгаар суралцахыг хичээдэг.
Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Амьдралын хамгийн уналттай үе надад ихийг сургасан. Би оюутан байхаасаа сагс тоглодог байсан, сүүлд МИАТ-д ажиллаж байхдаа тоглож байгаад нуруугаа хүнд гэмтээсэн юм. Тэгээд нуруугаа эмчлүүлэх гэж урагшаа явсан. Хамаг зүйл хөмөрчихсөн юм шиг, бүх зүйл нурчихсан юм шиг санагдаж байлаа. Гэхдээ эмнэлэгт хэвтэж байхдаа л одоогийн BRB-ийн бизнесийн санааг олж харсан юм. Тэнд ажлыг хөнгөвчлөх, хурдан хугацаанд мэдээлэл өгөх ухаалаг дэлгэцүүд дэлгэрсэн байсныг эх орондоо нэвтрүүлэх санаа тэр үед л төрсөн. Аливаа уналт дараа дараагийн шинэ боломжуудын үүдийг нээж өгдөг юм байна гэдгийг би тэндээс ойлгосон. Хүн янз бүрийн нөхцөл байдалд орж болно, гэхдээ тэр бүрт өөрийгөө улам хурцалж, алдаа бэрхшээлийг давуу тал болгон харах сэтгэлгээг суулгах ёстойг ухаарсан гэж боддог.
Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?
Залхуурч хойшоо суулгүй, ажил хийж хөдөлмөрлө л гэж хэлмээр байна. Хоол хийх дуртай бол гараад тогооч хий. Машин барих дуртай бол жолооч хий. Бичиг цаасанд дуртай бол тэр ажлаа ол. Хайран сайхан залуу насаа үрэн таран хийлгүй, ажлыг гололгүй хийж сурах нь чухал. Зүгээр л сууж байхад ямар ч боломж гарч ирэхгүй, үүд хаалга нээгдэхгүй шүү дээ. Байгаа өгөгдөл дээрээ тууштай, тултал нь ажиллаад, түүндээ сэтгэл зүрхээ өгч, хамгийн шилдэг нь болохын төлөө хичээж чадвал хөгжинө. Тэгж байж хүсэл мөрөөдлөө олж, биелүүлнэ байх.
Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?
"Нью Ложистик"-ийн захирал Оргилыг санал болгоё. Тээвэр, ложистикийн чиглэлээр Австралид суралцаад ирсэн чадалтай залуу байдаг юм. Сонирхолтой зочин байна гэдэгт итгэлтэй байна.
Гэрэл зургийг Д.Ганзул
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
T Tuya 2017.08.17 98.200.117.20
Ajil heregch mundag zaluu baina. Manai zaluuchuud goe boljee. Delhiin tuvshind ajillaj chaddar bolj. Show-nii bilet ni yamar hayamd yum? Olon hyn amjij yzeesei. Deer suuj baigaa 76 tenegtei haritsuulah yum bish ee iim zaluusiig. Amjilt hysen erooe!