Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   01 сарын 23, 2017

Онцлох бизнес: Brainstorm Branding Agency - Монгол агуулга тодорхойлогч

Сүүлийн үед брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж ихээр яригдаж болсон. Харин брэндинг гэж яг юу юм бол? Монголд дөнгөж хөгжиж эхэлж буй уг салбарт чанартай бүтээл, чадварлаг багаараа хүч түрэн орж ирсэн нэгэн компанийг бид өнөөдөр онцлон танилцуулахаар шийдсэн билээ. Аливаа байгууллага, хувь хүн, кампанит ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээг хараад танд төрж буй сэтгэгдэл, мэдрэмж, өнгө төрхийг тодорхойлогч Brainstorm Branding Agency нь байгуулагдсан цагаасаа хойш олон харилцагчдыг сэтгэл хангалуун үлдээсээр иржээ. 

Бизнесийн нэр: Brainstorm LLC
Хаяг: ICC Тауэр, 13 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, айдентик (corporate identity)
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2013 оны 4-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Одбаяр, О.Одонболд
Ажилтны тоо: 9
Холбоосууд: Фэйсбүүк, Беханс, Вэб

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

О.Одонболд: Оюутан байхад проектын хичээл илүү сонирхол татдаг байлаа Энэ хичээл дээр амьтны бодит дүрсийг тэрхүү амьтны шинжийг хадгалж энгийн дүрслэл бүтээхээс авахуулаад байгууллагын лого зохиох, өнгө төрхийг тодорхойлох, фонт зохиох зэрэг сонирхолтой зүйлүүд хийдэг байсан юм. Тухай үеэс л брэндинг, ер нь тэр чиглэлийн ажлуудыг их сонирхож эхэлсэн. Гадаадад брэндинг, айдентик, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр аль хэдийнээ өндөр хөгжчихсөн, бүр дагнасан агентлагууд ч зөндөө байдаг байхад Монголд яагаад брэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг агентлаг байдаггүй юм бол гэж дотроо их бодож явдаг байлаа.
Би АПУ ХК-д дизайнераар ажиллаад 5 жил болчихсон байсан. Нэг байгууллагад олон жил ажиллаад уйдаж эхэлж байсан үе. Эхнэр маань ч “чи хувийн бизнесээ эхлүүлээ” гэж их хэлдэг байлаа. Тэгээд хувийнхаа кариер, мөрөөдөж байсан ажлаа эхлүүлье гэж шийдээд АПУ ХК-д хамт ажилдаг байсан Одбаярт санал тавиад эхэлсэн дээ.

Б.Одбаяр: Би арай түрүүлээд ажлаасаа гарчихсан байсан юм. Тэгээд хамтрая, юм хийе гээд бид хоёр зөндөө л ярьдаг байлаа. Ажил олоод эхний ээлжид ганц хоёр “халтуур” дээр ч ажиллаж байсан удаа бий (инээв). Тэр үеэс л энэ салбар Монголд ер нь нээлттэй, хөгжүүлэх боломж зөндөө байгаа гэдгийг олж харсан гэж болно. Монголын компаниудын брэндинг дэлхийн жишигтэй харьцуулахад арай доогуур байсан учраас тэрийг сайжруулъя, хөгжүүлье гэж бодсон. Дэлхий хөгжөөд, улам хурдлаад л байдаг, манайх арай хоцроод байх шиг. Жишээлбэл, Монголын хичээн чанартай бүтээгдэхүүнүүд ч дэлхийн зах зээл дээр амжилттай гарч чадахгүй байгаа гол шалтгаануудын нэг бол брэндинг, айдентик, сав баглаа боодлын дизайнтай салшгүй холбоотой. Дотоодод ч гэсэн гадны брэндүүдтэй зэрэгцүүлээд дэлгүүрийн лангуунууд дээр өрчихсөн байхад худалдан авагчдын нүдэн ялгарч харагдаж чадахгүй хоцрох тохиолдлууд ч бий. Брэндинг борлуулалттай шууд холбоотой, нөлөөтэй гэхэд болно.

O.O: Brainstorm гэж нэрний хувьд бол аливаа бүтээлийг нэг хүн бус бүтэн баг, төрөл бүрийн авьяастай олон хүмүүс хамтарч санаа бодлоо нийлүүлж байж хийдэг гэдэг утгаар өгсөн байгаа. Азаар энэ нэр маань давхцаагүй авах боломжтой байсан шүү (инээв).

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Б.О: Хоёр талаасаа хуримтлалуудаа нийлүүлээд л эхэлсэн. Нэг iMac аваад л (инээв). Би ажил олдог, Одонболд бүх дизайнаа баздаг тийм л байдлаар эхэлж байсан, одоо өргөжөөд бид олуулаа болсон.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Б.O: Бид судалгаанд суурилж дизайн гаргадаг. Манайх зөвхөн лого хийдэг компани биш. Манайд нэг тийм буруу ойлголт яваад байдаг. Хийдэг ажлын маань дунд л лого гэсэн бүрэлдэхүүн хэсэг ордог. Бидний хийдэг гол ажил гэвэл дизайн болон өнгө төрхийн агуулга тодорхойлох юм. Хүний нүдэнд үзэгдэх, гарт баригдах, бүх мэдрэмжинд нь таарах тэр агуулгуудыг тодорхойлчхоод хамгийн сүүлийн 40% бараг түүнээс бага хувьд нь л дизайн буюу харагдах хэсгийг бүтээдэг. Жишээлбэл бид IdeaSource гэж компаний брэндинг дээр ажилласан юм. Энэ нэрийг хэрхэн Монголчилж буулгах, буулгасан хэлбэрт ямар утгыг агуулах, Idea гэдэг үгийг ямар байдлаар илэрхийлбэл боломжтой, энэ нь бизнес эрхлэгч болон хэрэглэгчдэд яаж нөлөөлөх зэргийг судалж, асар их эрэл хайгуулыг хийж байгаад “УС”-аар Idea буюу санаа гэдэг зүйлсийг илэрхийлж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байх жишээний. Ус бол ямар ч хэлбэр дүрсэнд ордог, үргэлж хөдөлгөөнд оршиж байдаг тул санаа яг тохирч байгаа юм. Тэгээд Монголын уламжлалт усны хээг ашиглаад, Монгол айдентик гэдэг зүйлийг шингээж байгаад дизайн болгож буулгасан маань их амжилттай болсон.

О.О: Өөр том давуу тал гэвэл дизайнерийн баг байна. Монголдоо танигдсан, дор хаяж 10 орчим жил ажилласан туршлагатай, салбараа сайн мэддэг, өөрийн гэсэн хийсэн ажилтай, өнцөгтэй болчихсон дизайнерууд манай багт нэгдээд ажиллаж байна. Үүнийгээ дагаад чанартай үйлчилгээ үзүүлж, сайн бүтээлүүд гарч байгаа.

Б.О: Мөн манай ажлууд Фордын дамжлагаар (Ford Assembly Line) явдаг. Ард директор, креатив директорууд маань харилцагчийн хүсэл шаардлагад нийцсэн үндсэн санаа болон агуулгаа олоод, хариуцаж байгаа дизайнерууд түүний дагуу гүйцэтгэлээ хийдэг гэх мэт дамжлагын системээр явдаг тул ажлыг хурдан бөгөөд чанартай хийх боломжийг олгодог. Өөр ингэж явж байгаа агентлаг одоохондоо Монголд байхгүй болов уу.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Б.O: Агентлагийн түвшинд бол одоо олон улсын ажлууд авч эхлэх гэж байгаа. Зөвхөн Монголдоо гэлтгүй брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг олон улсын түвшинд хийх сонирхол, алсын хараа бий.

О.О: Бас нэг хүсэж мөрөөдөж явдаг зүйл гэвэл өөрсдийн хийж байгаа зүйлээрээ нэг олонд танигдсан брэндийг бий болгох гэж хэлж болно. Товчхондоо Монгол агуулга шингээсэн брэндийг үүсгэх, дэлхийн зах зээлд гаргах, таниулах гэж тодорхойлж болох юм. Ер нь дэлхийд гарах гэж байгаа бүтээгдэхүүн бүр дээр ажиллах, хувь нэмрээ оруулах сонирхолтой. Монголынхоо зах зээл дээр бол брэндинг, айдентик, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг яг зөвөөр ойлгуулж, жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Б.О: Хувь хүний ур чадварыг их үнэлдэг. Мөн мэдээж бүтээлч байх. Энэ хэд дээр л манай компани суурилж, бидний үнэт зүйлс оршиж байгаа л даа. Тиймээс хүмүүсийнхээ бүтээлч байдлыг хөгжүүлж, дэмжих зүйлсийг зохион байгуулах дуртай. Улиралдаа нэг захиалгат ажил бус уран бүтээл, нийгмийн сэдэвтэй постер хийх төлөвлөгөөтэй байгаа.

О.О: Чадварлаг баг, багийн гишүүдийн ур чадвар. Тиймээс ч бид Юнителд ахлах дизайнераар ажиллаж байсан туршлага, мэдрэмжтэй уран бүтээлч Идод Арт директороор ажиллах санал тавьсан Идо бидний саналыг дэмжин бид нэг баг хамт олон болон ажиллаж байна. Бид бүх ажлаа маш сайн хийхийг хичээдэг. Нэг сайн ажил ардаасаа олон ажлыг, нэр хүндийг дагуулдаг учраас том жижиг гэлтгүй бүх ажилд чин сэтгэлгээ зориулж ажилладаг.

Б.О: Гол үнэт зүйл бол хүмүүс, манай багийнхан. Хүмүүстэйгээ их дотно харилцдаг. Жижиг компани учраас олон шаталсан дамжлага байхгүй. Тиймдээ ч мэдээлэл солилцоход асуудал байдаггүй. Компанийн зүгээс хүмүүстэй ямар нэгэн байдлаар туслах дэмжих боломж байвал аль болох дэмжихийг хичээнэ. Бүтээлч сэтгэлгээг нь унтраахгүйн тулд амраах, салхинд гарах гэх мэт янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг. Давхар өөрийн бүтээл хийх цаг хугацааг нь гаргаж өгөх нь их зөв санагдсан.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Б.О: Капитрон банкны брэндингийн ажлыг дуусгаад одоо хэрэгжилтийн шатанд явж байна. Бид хийсэн ажлынхаа нэвтрүүлэлтэнд нь хяналт тавиад явдаг. Капитрон банкнаас тавьсан Ухаалаг буюу Смарт банк, Монгол банк гэсэн хоёр зүйлийг голчлон таниулъя гэсэн үндсэн хоёр шаардлага дээр тулгуурлаж ажилласан байгаа. Монгол агуулгыг үзүүлэхийг, шингээхийг зорьсон.

Б.О: НВЦ компаний брэндинг, сав баглаа боодол дээр ажиллаж байгаа. Дэлхийн стандартаар бол 1 хүн жилд 360 өндөг хэрэглэх ёстой байдаг гэнэ. Монгол хүн дунджаар жилд 50 өндөг хэрэглэдэг юм байна. Өндөг харьцангуй хямд төсөр, уураг ихтэй, биед сайн бүтээгдэхүүн учраас Монголд уг тоог ихэсгэж 360 өндөг болгоё гэсэн зорилготой баг бүрдүүлээд ажиллаж байгаа.

О.О: Мөн Монголын ууган барилгын компани болох ЗАГ ГРУПП-ийн 91 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан өнгө төрхийг шинэчлэх брэндингийн ажлын судалгаа, эрэл хайгуулын хэсэн бас явагдаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

О.О: Эерэг сайн тал нь гэвэл хийсэн ажил маань захиалагчид эерэгээр нөлөөлж, борлуулалтыг нь сайжруулж байгааг харах гэж болох юм. Мөн манай дизайнерууд хүсэж байгаа зүйлээ, дотоод бодол, ертөнцөө ил гаргаж хийх боломжтой байдаг нь бас нэг эерэг тал. Аливаа ажлыг илүү бүтээл талаасаа хийдэг гэсэн үг л дээ. Олон төрлийн юман дээр ажилладаг учраас уйдахгүй, байнга сонирхолтой байдаг давуу талтай.

Б.О: Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл бас зөндөө. Монгол компаниудын нийтлэг хандлага гэвэл аливаа бүтээгдэхүүн, брэндийн өнгө төрхийг хэрэглэгчдээ тохируулж бус захирлуудын өнгө үзэмжээр шийдэх гээд байдаг. Энэ их бэрхшээл дагуулдаг гэж болно. Брэндинг, айдентик гэдэг зүйлийг хүмүүс сонсчихсон байгаа хэр нь ойлголт их муу байна. Ойлгуулах гээд л хичээж явна. Зарим зүйлс дээр зөвхөн нэг хүний өнгө үзэмжийг дагах бус энэ чиглэлээр олон жил ажилласан мэргэжлийн хүмүүст итгэдэг байх хэрэгтэй.

О.О: Бас захиалагчаа муулчих гээд байна л даа (инээв). Ихэнх харилцагчид юу хүсэж байгаагаа, ямар дизайн хүсэж байгаагаа мэддэггүй. Гоё юм хий гэдэг. Энийг тодорхойлох, ойлгоход их хэцүү. Тэгсэн мөртлөө өгсөн даалгавар, саналынх нь дагуу хийхээр таалагдахгүй байх тохиолдол зөндөө. Өдөр тутам л тохиолддог шахуу асуудал. Бид нэг биллбордны дизайн хийсэн юм. Тэгтэл захирал нь энэ салбар дээр байгаа хоосон орон зайнуудыг заавал бөглө гээд болдоггүй (инээв). Энэ мэт хэрэглэгчдэд харуулах гээд байгаа гол юм нь юу вэ гэдгээ сайн мэдэхгүй асуудлууд бас их бий.

Б.О: Өмнө нь дурдсанчлан ямар үйлчилгээ үзүүлдэг компани гэдгийг сайн ойлгодоггүй нь бас бэрхшээлтэй. Зарим хүмүүс 100 айл дээр наймаалцаж байгаа юм шиг л хандах үе байна. Биднийг зөвхөн лого, эсвэл ойр зуурын дизайн хийдэг компани гэж ойлгоод байдаг. Лого бол зөвхөн хүний царай. Айдентик бол хүнийг бие, тэрхүү хүн ямар үзэл бодолтой ямар зан төлөвтэй хүн бэ гэдгийг хувцсаар нь илэрхийлнэ гэж ойлгож болох юм. Тиймээс дан царайгаа зуруулаад орхих биш биеээ бүхэлд нь зуруулж байж таныг хэн бэ гэдгийг мэдэх тул логог дангаар нь хийлгэх бус брэнд айдентикээ хамт нь гаргуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Зах зээл нь сайн хөгжөөгүй болохоор ийм байгаа байх. Гэхдээ сүүлийн хоёр жилд асар хурдацтай хөгжиж байгаа шүү.

ХАМГИЙН АМЖИЛТТАЙ АЖЛУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Монгол Улсын Төв Банкны айдентикийг хийсэн. Мөн УБТЗ, Санхүүгийн зохицуулах хороог дурдаж болох юм. Хувийн салбараас гэвэл Children’s museum, Premier Tailor, Газар Шим компанийн сав баглаа боодол, Хаан Жимс, VTV зэрэг байна.

45877   10


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.