Номын хэсгээс

"Жек Магийн бүтээсэн Алибаба" номын хэсгээс

01 сарын 07, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


31935   5




Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болон цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай нь номын зохиолч энэ саналд татгалзсан нь 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргах үед 30 сая долларын алдаа болж хувирчээ.

Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ. KFC-д ажилд орохоор 24 хүн бүртгүүлснээс Жекээс бусад 23 хүн бүгд тэнцсэн. Харвардын их сургуульд 10 удаа элсэх хүсэлт өгөөд тэнцээгүй гээд л домог мэт яригддаг бүтэлгүй, азгүй Жек хэрхэн Алибаба-г ийм амжилтад хүргэв? Яаж Хятад болон Цахиурын хөндийн шилдэг энтрепренерүүдийг ялж, зах зээлийг өөрийн болгосон бэ? Алибаба зах зээлийн 80 хувийг эзэлсэн хэвээр байж чадах болов уу? Интернэт худалдаанаас гадна санхүү, энтертайнмент гээд олон салбар луу орж буй Алибаба группийн амбиц, мөрөөдлийн хязгаар хаа хүрэх вэ? Хятадын Засгийн Газар энэ бүхэнд ямар байр суурьтай байна вэ? Алибаба гадаад зах зээл болон Америк руу үйл ажиллагаагаа тэлэх үү? гэх зэрэг олон асуултад хариу авмаар байвал Жек Ма-гийн бүтээсэн Алибаба хэмээх эзэнт гүрний сэтгэл хөдлөм түүхээр хамтдаа аялцгаая.

"Хэрэв чи 35 настайдаа ядуу байгаа бол, хүртэх ёстойгоо л хүртэж." Жек Ма

НОМЫН ХЭСГЭЭС

Алибаба компанийн соёл

Алибабагийн 240,000 м2 хэмжээтэй компанийн цогцолбор байгууламжаас Жек Магийн өвөрмөц хэв маягийг харах боломжтой. Төв хаалгаар ормогц чамин хийцийн шилэн барилгууд угтана. Цахиурын хөндийн адилаар спорт цогцолбор, Starbucksкофе шоп, органик жимс хүнсний ногооны дэлгүүр гээд бүгд энд бий. Хойд талдаа хиймэл нууртай, түүний мандалд бадамлянхуа, усны сараана цэцэг олноор үзэгдэнэ. Мөн зэгсээр хүрээлэн чимжээ. Энэхүү орчин нь Жекийн хамгийн дуртай Усны хөвөөний шастир Хятадын сонгодог зохиолыг санагдуулам.

Энэхүү нуураас Жекийн байгаль орчныг хамгаалах талаарх хүсэл зоригийг харж болно. Манила хотод болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Жекээс байгаль орчны талаарх бодлыг нь асуухад тэрээр 12 настайдаа сэлдэг байсан нуурынхаа тухай ярьдаг. Жек “Миний багад манай гэрийн ойролцоо маш гүнзгий нуур байсан ба нэгэн удаа би тэнд живж үхэх дөхсөн. Гэтэл 5 жилийн өмнө тэнд очиход ширгээд, юу ч үгүй болчихсон байсан” гэж хэлсэн байдаг.

Би 2015 оны хавар Алибаба компанийн төв оффист зочлов. Алибабагийн кампусийн хаалгаар ормогц хиймэл нуурын жижиг мэлхийнүүд энд тэндгүй байх бөгөөд би тэднийг гишгэчихгүйн тулд болгоомжтой алхсаар төв барилга руу орсноо тод санаж байна. Замдаа би номын сан, номын дэлгүүрээр ороод гарав. Жек бол номын хорхойтон. Алибабагийн номын санд Жекийн дуртай Жин Юн зохиолчийн сонгодог бүтээлүүдээс эхлээд Цахиурын хөндийн нүүр царай Стив Жобс болон Элон Маск нарын ном үзэгдэнэ.

Байгуулагдаад удаагүй Алибаба-гийнхан

Цаашлаад дугуйнууд, Google-ээс санаа авсан цэнхэр, шар, ногоон, улаан өнгийн чимэглэлүүд үргэлжилнэ. Алибабагийн дугуйнууд улбар шар өнгөтэй бөгөөд 2 хүний дугуй ч байна. Үүгээрээ багаар ажиллахыг дэмжиж байгаагаа илтгэж байгаа гэлтэй. Жил бүрийн 5-р сарын 10-нд Алигийн өдөр (Aliday)-ийг тэмдэглэдэг. 2003 онд амьсгалын цочмог хам шинж вирус (SARS) өвчин дэгдэх үеэр Алибабагийн ажилчид хамтдаа хүчээ нэгтгэн, багаар ажиллан амжилтад хүрсэн. Үүнээс хойш Aliday үүссэн ба гэрлээд удаагүй байгаа залуучууд, шинэ гэр бүлд баяр хүргэх арга хэмжээ болсон юм. Энэ баяраар шинэхэн гэрлэсэн ажилчин гэр бүлийнхнээ урьж, бүтэн өдрийн цэнгүүн зохион байгуулдаг. Зуу зуун хосын энэхүү үйл ажиллагаа нь Сан Мён Мүүний эв нэгдлийн сүмийн гэрлэлтийн үйл ажиллагаатай адил харагддаг тал бий. Гэхдээ энэ бол зөвхөн шинээр амьдралаа холбосон хосуудад баяр хүргэх арга хэмжээ болохоос тэдний гэрлэлтийг бүртгэдэггүй, хүчээр гэрлүүлдэггүй билээ.

Алибабагийн Ханжоу, Бээжин зэрэг өртөг өндөр хотод ажилладаг ажилчид нь шинээр байр авах бол 50 мянга хүртэлх долларын хүүгүй зээл компаниас олгодог. Энэ бол том боломж. Алибаба одоогоор хэдэн зуун мянган долларын зээлийг ажилчдадаа олгоод байна. Ажилчдаа хэт албаны биш, чөлөөтэй байхыг дэмждэг. Бүх ажилчид өөрсдийн хочтой. Зэвсгийн эрдмээр хичээллэгч эсвэл эртний зохиолын гол дүрийн нэрийг хоч болгон өгнө. Гаднын хүн ирээд жинхэнэ нэрээр нь хэн нэгнийг дуудахад хэнийг дуудаж байгааг ч мэдэхгүй тохиолдол бий. Дотоод сүлжээндээ тэд өөрсдийн хоч нэрээрээ санал шүүмжээ бичдэг. Санал асуулга, үнэлгээ хийх, менежментийн шийдвэр гаргах, бусдаас тусламж гуйх, гомдол мэдүүлэх зэрэгт шууд Фэнг Чинг Яангтай холбогдоно. Энэ нь Жекийн нэр ба түүний дуртай зохиолын баатар юм.

Жекийн хамгийн дургүй зүйл бол гомдоллох. Тэрээр ажилчдаа гомдоллоход дургүй. Удирдлагуудаас ямар шийд хэлэх бол, яах бол гэхийг харж суухаас илүү асуудлыг хариуцан, чадах бүхнийг хийхийг харин урамшуулдаг.

Цэргийн хэллэг Алибаба компанид их сонсогдоно. Хамгийн сайн гүйцэтгэлтэй ажилчдаа тэд цэргийн удирдагч гэж нэрлэдэг. Шү Сандуо хэмээх зохиолын дүрийг удирдлагатай холбоотой жишээнд хэрэглэнэ. Энэ нь 2007 онд гарсан телевизийн олон ангит “Цэргийн довтолгоо” киноны дүр бөгөөд тосгоны хүү Шү Сандуо Хятадын Ардын Чөлөөлөх Армийн алдартай цэрэг болдог тухай өгүүлдэг юм.

49-51 дүгээр тал

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.