Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 19, 2015

Онцлох бизнес: Skinny Studio - Шинэлэг, өвөрмөц байдлаар шийд

Биднийг Skinny-г зорьж Выставкын хойно очиход нэг давхар цагаан байшингийн дунд хэсэгт зэргэлдээх хөршүүдээсээ илт ялгарсан, орчин үеийн дизайнтай оффисын байр угтсан юм. Ингээд ердөө 10-хан м2 талбайг маш бүтээлчээр тохижуулсан оффис руу нь ороод ярилцаж үзэхэд, салбартаа яг л оффисын байр шигээ ялгарахуйц, шинэ өнгө төрхийг бий болгож чадах, гоё сайхан зүйлсийг хийж бүтээхээр "цангасан" залуус шиг санагдсан. Skinny гэдэг нь минимал, нүсэр биш гэсэн санаа бөгөөд ярвигтай зүйлсээ бидэнд даатга гэж хэлэх мэт. 

Бизнесийн нэр: Skinny Studio
Хаяг: Моннис Тауэрийн зүүн талд, Виставкын хойно
Үйл ажиллагааны чиглэл: Архитектур, интерьер дизайн
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 6-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Золбоо, Г.Гантулга, Ө.Үнэнбүрэн, Т.Алдарсайхан
Ажилтны тоо: 7
Вэб: www.skinny.mn, Skinny Studio (фэйсбүүк хуудас), SkinnyStudio (твиттер)

Арын эгнээ: Зүүн гараас Г.Гантулга, Г.Золбоо
Урд эгнээ: Зүүн гараас Т.Алдарсайхан, Ө.Үнэнбүрэн

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Г.Золбоо: Архитектор, дизайнер хүмүүсийн мөрөөдөл нь өөрийн хүссэн зүйлийг бүтээж урлах, өөрөөр хэлбэл “дураараа нисэх” байдаг. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр бид компаниа байгуулсан.

Г.Гантулга: Манай мэргэжлийнхэн аливаа компанид орж ажиллахаар хайрцаглагдах гээд байдаг. Тухайн компани, брэндийн онцлог ба зорилгод баригдана гэсэн үг. Тиймээс илүү бүтээлч байхын тулд, гоё гоё зүйлсийг хийхийг хүсэж тусдаа компани байгуулсан гэж хэлж болно.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Бид хоорондоо ярилцаж тохироод, эзэмших хувьдаа тааруулан өөрсдөөсөө мөнгө гаргаж, анхны санхүүжилтээ шийдсэн. Явцын дунд бидэнд хөрөнгө оруулъя гэсэн саналууд бас ирж байгаа.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Г.Золбоо: Гантулга бид 2 MCS группт гар нийлэн ажилладаг байсан. Алдараа маань Харвардад сурдаг байхдаа Монголд ирж, MCS-т дадлага хийх үеэр нь бид танилцсан. Санаа зорилго нэгтэй хүмүүс бие биетэйгээ амархан ойлголцож хамтардаг юм билээ.

Ө.Үнэнбүрэн: Золбоо бид хоёр 1-р сургуулийн нэг ангийн хоёр. Найзаасаа хааяа интерьер дизайны зөвлөгөө, туслалцаа авахад бусдаас шал өөрөөр сэтгэж, сэтгэлд нийцсэн шийдлийг санал болгодог байсан. Ер нь нөгөө гурав маань Монголд дутагддаг зүйлсийг сайн эзэмшсэн залуучууд. Золбоо гэхэд Ютад архитектороор бакалавр, Германд магистр хамгаалсан бол Алдараа маань MIT-д архитектор, Харвардад хот төлөвлөлтөөр магистр хамгаалсан байх жишээтэй. Тиймээс бүгдээрээ нийлж бизнес эхлүүлье, бизнес талыг нь би хариуцъя гэж эднийгээ багагүй хугацаанд ятгасаар байгаад Skinny-г эхлүүлсэн дээ.

Танайх юугаараа бусдаас өөр, давуу талуудтай вэ?

Г.Гантулга: Их мөнгө олохын тулд олон ажил аваад, түүнээсээ болж цалгарддаг компаниуд олон байгаа харагддаг. Харин бид олон ажил авч, мөнгө олохыг нэгдүгээрт тавилгүй чанартай, өвөрмөц, гоёмсог зүйлсийг бүтээхийг эрмэлздэг.

Ө.Үнэнбүрэн: Skinny Монголд дутагддаг этгээд, өвөрмөц шийдлүүдийг зоригтой хийж чаддаг. Холливүүдийн киноноос л хардаг гоёмсог орон сууц, оффисуудыг Монголдоо бий болгож чадна. Гүйцэтгэгч компаниуд маань туршлагатай, чадвартай. Нэг нь гэхэд Шангрила зочид буудлын төсөл дээр ажиллаж байсан. Бас залуу хүмүүс болохоор техник технологийг сайн ашиглаж, харилцагч нартаа амар хялбар байдлыг бүрдүүлж өгч чаддаг шүү.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Салбартаа улам мэргэшиж, судалгаан дээр суурилан томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх. Шинэ хорооллуудыг үлгэр жишээ байдлаар төлөвлөх гэх мэтээр. Хэтийн зорилгодоо хүрэхэд юу шаардлагатай байна, ямар салбар руу орох хэрэгтэй байна, тэр бүхнийг хийж гүйцэтгээд явна. Жишээ нь бид удахгүй тавилгын үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байгаа. Харилцагч нарынхаа санаанд 100 хувь нийцсэн бүтээгдэхүүнийг бий болгохын тулд шаардагдах материал, хэрэгслүүдийг өөрсдөө үйлдвэрлэх нь чухал.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Чанар хамгаас чухал. Мөн дизайн, бизнес хоёроо аль болох холихгүй байхыг эрмэлздэг. Мөнгөө бодоод байвал чөлөөтэй сэтгэхэд хэцүү. Энэ хоёр зүйл нэг нь нөгөөгүйгээрээ явж чадахгүй ч дизайнер, архитекторууд нь мэргэжлийн ажилдаа л анхаарлаа хандуулж, бизнес хариуцсан хүн нь үр ашгаа тооцох нь чухал. Тиймдээ ч бид нэг нэгэндээ их итгэдэг.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Т.Алдарсайхан: Монголд сайн хөгжөөгүй салбар болохоор архитектор, интерьерийн ажлуудыг хийх орон зай, боломж маш их бий. Гэвч нөгөө талаар энэ төрлийн ажил хийлгэмээр байвч яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй олон хүн байдаг гэсэн үг. Бид аливаа шийдлийг гаргахдаа харилцагч нарынхаа санаа бодлыг харгалздаг болохоор зарим талаар энэ нь бэрхшээл учруулдаг. Бас архитектур, дизайны ажил өөрөө хүч хөдөлмөр, цаг хугацаа их шаарддаг. Үүнийг хүмүүс тэр болгон ойлгодоггүй талтай.

Г.Золбоо: Нэг үеэ бодвол хүмүүс байр сууц, оффисоо засаж янзлуулахдаа зураг хийлгэх сонирхолтой болсон нь бидний ажилд дөхөм байдаг.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Нэгэн удаа бид үзэсгэлэнгийн интерьер дизайны ажил авсан юм. Уг нь Монголд туршигдаагүй гоё гоё санаа шийдлүүд гаргасан л даа. Гэвч цаганд баригдсан тулгуу ажил гэдэг өөрсдийн тааваар ажиллахаас тэс өөр юм билээ. Гүйцэтгэл цагтаа амждаггүй, бас зарим нэг материалаа буруу сонгосон нь асуудал үүсгэсэн. Ёстой нэг шооконд орцгоож, айхавтар бүтэлгүйтсэн. Үүнээс болж тэрхэн үедээ бид өөрсдөдөө их эргэлзсэн ч “ийм юм байх, цаашдаа улам хичээе” гэлцээд, урьдынхаасаа ч илүү нягт нямбай ажиллах болсон доо.

Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Т.Алдарсайхан: Байгуулагдаад удаагүй болохоор компаниа олонд таниулахын тулд төрөл бүрийн л зүйл хийж байна. Шинэлэг, өвөрмөц гэдгээ харуулахын тулд ажилд авах зараа хүртэл тэс өөрөөр хийх жишээтэй. Ер нь чийдэнгийн бүрхүүлний дизайн гаргахаас эхлээд далайцтай том төслүүдийг ч хэрэгжүүлэх боломжтой гэдгээ бодолцож компаниа Studio гэж тодотгосон. Студид төрөл бүрийн зүйлсийг хийж туршдаг шүү дээ.

Г.Золбоо: Сүүлийн үед захиалга их нэмэгдэж байгаа тул ажилтнуудынхаа тоог нэмж, оффисоо томруулах шаардлага тулгарсан. Тэгээд удахгүй “Монгол ТВ Тауэр”-ийн 10 давхар луу нүүхээр бэлтгэж байна. Шинэ оффисоо 2 өөр орчныг хослуулсан, бүхий л тав тухыг хангасан, бүтээлчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн тийм оффис болгохыг хичээнэ. Гэхдээ өвөрмөц содон санаа шийдэл гаргах дуртай хүмүүс цуглачихаад өөрсдийнхөө оффисын шийдлийг гаргана гэдэг чинь ёстой хэцүү юм (инээлдэв).

Бүгд: Өөр бодсон санасан зүйлс олон байна. Олуулаа байхын нэг давуу тал нь гаргасан санаануудаа ярилцаад, туршаад явах амар байдаг. Жишээ дурдвал Skinny Lab нэртэй, бүтээлч дизайнерууд зориулсан дундын оффисыг бий болгох санаа байгаа. Үүнийг хэрэгжүүлснээр ижил санаа зорилготой залуус нэгдэж ажиллах, нэг нэгнийхээ дутууг нөхөх хамт олон бүрдэх боломж бүрдэнэ. Design Challenge хийх бодол бас бий. Манайхан чинь нутгархах дуртай. Тэгвэл аймаг, дүүргүүд шилдэг архитехтор, дизайнеруудаараа амьдарч байгаа орчноо сайжруулах бүтээл хийлгэж, нэгдсэн үзэсгэлэн гаргах санаа юм. Мөн сайн үйлсийн аян эхлүүлэх, хүмүүст амьдрах орчноо сайжруулах боломжуудын талаар сэнхрүүлэх ажлуудыг явцын дунд хийх болно.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээ нэрлэнэ үү? Нууц нь юундаа байв?

Ө.Үнэнбүрэн: Бид 9 давхар угсармал байрны 3 өрөө байрны интерьер дизайныг хийсэн. Харагдах байдлаараа яг л дизайны сэтгүүл дээр байдаг шиг сайн ажил болж чадсан шүү. Гүйцэтгэл талаасаа ч овон товон ихтэй ханатай хуучин байр тул амаргүй байсан. Хуучны байрыг ч гэсэн ингэж гоё засаж болдог юм шүү гэдгийг олон хүнд харуулсан гэж боддог. Хүмүүс зургийг нь үзээд итгэхгүй байсан тул бүр өөрсдийгөө дотор нь оруулсан зураг авч байж үнэмшүүлсэн. Ер нь бид өөрсдийнхөө байр сууц, оффис дээр их туршилт хийдэг. Миний оффисын өрөөг саяхан засаж фэйсбүүк дээр зургийг нь тавьтал хүмүүс их сонирхож байна лээ. Хөлгүй дүүжин ширээ, бүх ханаа самбар болгодог байдал, гэрэлтүүлэг гэх мэтээр сонирхолтой шинэ шийдлүүдийг гаргаж тавьсан.

Гэрэл зургийг Д.Ганзул


Skinny Studio-гийн хийж гүйцэтгэсэн зарим ажлууд

9 давхар угсармал байрны интерьер дизайн


Дүүжин ширээ бүхий оффис

73878   14


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.