Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   12 сарын 30, 2018

2018 оны онцлох номууд

Номын ертөнц, номын хорхойтнууд 2018 онд чанартай сайн номоор дутсангүй. Хэвлэлийн газруудын тоо олшрон үйл ажиллагаа нь эрчимжиж, олон улсад гарч буй шилдэг сайн номуудыг хурдтай орчуулах болов. Уншигчид номыг уншихаас гадна амьдралын хурдан хэмнэлдээ нийцүүлэн аудио хэлбэрээр болон товчлол, подкастуудаар агуулгыг нь мэдэж авах зэргээр илүү олон сонголттой болж байна. Хамгийн гол нь технологи өндөр хөгжсөн энэ цаг үед ном гэдэг шидэт хэрэгсэл үнэ цэнээ хадгалсаар байгаа юм. Ингээд номын хорхойтон зочдыг урьж, 2018 онд хамгийн их таалагдсан, сэтгэлд хүрсэн номуудыг нь нэрлүүлснийг хүлээн авна уу.

BRIEF ANSWERS TO THE BIG QUESTIONS + 21 LESSONS FOR 21TH CENTURY

GIZ төслийн мэргэжилтэн Ц.Алигэрмаа

Уншсан номуудаасаа онцол гэвэл, Юваль Хараригийн шинэ бүтээл "21-р зуунд хүргүүлэх 21 сургамж" ба алдарт эрдэмтэн Стэпэн Хокингийн бидэнд барьсан хамгийн сүүлийн бэлэг болох "Том асуултуудын товч хариултууд" номууд байна. "Sapiens", "Homo Deus" номуудыг бичиж шуугиан тарьсан, маш сонирхолтой бичлэгийн арга барилтай Харари энэ удаа 21-р зууны хамгийн тулгамдаж буй асуудлуудад хариу өгөхийг оролджээ.

Харин Хокингийн шинэ ном өмнөх номуудаасаа ялгаатай нь хувийн үзэл бодол илүү шингэсэн, хиймэл оюунаас гадна сансар огторгуй, бурхан гээд олон сэдвийг хөндсөн байна билээ. Хокингийн ихэнх хариулт нь хоржоонтой. Тэд хоёул ирээдүйд хиймэл оюун маш чухал нөлөөтэй байх болно гэдгийг сануулж, сайн ч бай, муу ч бай, бид хиймэл оюуны амьдралд үзүүлэх өөрчлөлтөд бэлэн байх ёстой гэсэн санаа дэвшүүлсэн юм. Эдгээр номууд маш нарийн төвөгтэй сэдвийг маш ойлгомжтой байдлаар хүүрнэснээрээ онцгой.

Educated, Born a Crime, Red notice, Becoming

Unlock подкастын Дээгий, Наги, Тэгшээ

2018 он подкастын маань үр бүтээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Нийт 25 дугаарыг хүргэв. Наги, Дээгий хоёр Монголдоо ирж ажиллах болов. Тэгшээ аялсаар л... Бид энэ жил анх удаа лайв арга хэмжээг зохион байгуулж Наги, Дээгий хоёр тайзнаас, Тэгшээ онлайнаар сонсогчидтойгоо уулзалдав.

Энэ жил тоймлон хүргэсэн олон олон номоос бид АНУ-ын бөглүү, мухар сүсэгт тосгон дахь гэрээсээ зугтаж, албан боловсролгүй ч Кэмбридж их сургуулийн доктор болсон Тара Вестоверийн гайхалтай намтар болох "Educated", Өмнөд Африкаас гаралтай, хүнд хэцүү амьдралаас гарч одоо ид мандан бадарч яваа комедиан Тревор Ноагийн "Born a Crime", Путины хамгийн гол дайсан болж, шударга ёсны төлөө баатарлагаар тэмцсээр буй Билл Браувдер хэмээх хөрөнгө оруулагчийн түүхийг өгүүлсэн "Red Notice", дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Мишел Обамагийн намтар болох "Becoming" зэрэг номыг онцолж байна. Үнэхээр ангайлгасан, нүд нээсэн, нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан номууд байлаа.

Unlock Podcast 39: "Educated" номын тухай
Unlock Podcast 45: Тревор Ноагийн "Born a crime" номын тухай
Unlock Podcast 46: "Red Notice" номын тухай

"АМЬДРАХУЙ" ТЭРГҮҮТ ОРЧУУЛГЫН НОМУУД

Утга зохиол судлаач, редактор У.Бямбаням

Энэ онд монгол хэлнээ орчуулагдсан номуудаас эдгээр бүтээлүүд илүү сэтгэгдэл төрүүлжээ:

Амьдрахуй” Үй Хуа
Энгийн хэр нь амттай хүүрнэл. Үйл явдлыг нь огоороод гүн гүнзгий бодоод үзвэл амьдралын талаарх эргэцүүлэмж. Аль ч улс үндэстэн байхаас үл шалтгаалаад амьдрал гэдэг цэг, таслал мэт давтагддаг зүйл билээ.

"Өлсгөлөн” Хнут Хамсун
Норвегийн зохиолчийн эл бүтээл дүрийнхээ амьдралаар дамжуулан нэгэн бүхэл улс, хүн төрөлхтөн гэх том зүйрлэлийг хүүрнэсэн юм. Ходоод нь хоржигнох зохиолчийн тарчиг амьдрал дунд уншигч өөрөө яваад орчих нь зохиолчийн урыг л илтгэж буй хэрэг.

Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх
Баримтат бичлэгийн орчин үеийн толь болсон бүтээл. Зөвхөн баримтаар уншигчийн залхаалгүй уран төсөөлөл, гайхалтай зүйрлэл, бага зэргийн егөөдлөөр хачирласан тун амттай ном доо.

Истанбул: Дурсамж ба хот
Бичихүйн талаар суралцаж буй хэн бүхэн унших хэрэгтэй. Жинхэнэ утгаараа хүүрнэл. Ялангуяа урт урт өгүүлбэрүүдээс бүтэх хэр нь уншигчаа залхаалгүй хөтөлж буй Памук маягийн хүүрнэлийн арга барилыг нь барьж авах хэрэгтэй.

Ирж буй Евразийн эрин (Dawn of Eurasia)

Колумбын Их Сургуулийн магистр Г.Түвшинзаяа

Цаг тутам өөрчлөгдөж буй дэлхийн дэг журам ямар дүр төрхтэй болох талаарх төсөөлөл маш бүдэг байна. Багцаа дэвшүүлж буй онолууд дотроос харин энэ жил уншсан хамгийн ганган нь Португалийн Төрийн нарийн бичгийн дарга асан Брүно Масаешийн шинээр бүрэлдэж буй Еврази тивийн талаарх тайлбар байлаа. Өмнө нь (зарим талаараа одоог хүртэл) бид хоорондоо огтоос төсгүй Европ, Ази гэсэн хоёр тив бие биеэсээ Уралын нуруугаар тусгаарлагдаж оршдог гэсэн ойлголттой байлаа. Нидэр дээрээ энэ ойлголт үеэ өнгөрөөж хоёр хөрш маань Европ, Азийг нэг бүхэл Еврази тив гэж харан бодлогоо тодорхойлдог болжээ. Үүний хамгийн том хоёр жишээ бол Оросуудын манлайлж буй “Евразийн эдийн засгийн холбоо”, харин нөгөөх нь Хятадуудын дэвшүүлж буй “Бүс ба зам санаачилга” хэмээх урд хожид байгаагүй нүсэр төсөл.

Шинэ тутам бүрэлдэж буй Еврази тивийг ойлгохоор Масаеш Кавказын аман дээрх Астрахань хотоос Алс дорнодын Владивосток хүрэн тэндээсээ эргээд Төв азийн Хоргос хот хүртэл 6 сарын турш аялжээ. Аяллын явцдаа бидний төдийлөн анхаарал тавиад байдаггүй Евроазийн бүс нутгуудад ирээдүйн дэлхий ертөнцийг тодорхойлох хүчин зүйлс хэрхэн бүрэлдэж буйг олж харснаа тайлбар болгон нэгтгэсэн нь энэхүү “Ирж буй Евразийн эрин” бүтээл.

Евразид асар их орон зайг эзэлж оршдогийн хувьд, мөн энэ тив дэх улс орнууд, соёлыг бүрэлдэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсний хувьд монголчууд биднийг энэ үйл явц тойроод гарахгүй болов уу. Масаешийн хэлж байгаагаар Еврази тив бидний одоогийн ардчилал, эдийн засаг, соёл, нийгмийн талаарх ойлголтуудад томоохон сорилтыг тулгаж магадгүй аж. Баруунд Евразийн талаар жинтэйгээр анхлан дуугарсан түүний энэ бүтээл Монгол хэлээр заавал орчуулагдах ёстой номуудын жагсаалтад яалт ч үгүй орно байх аа.

эдгэрэл + Цаг хугацаа хэлнэ + Элон Маск

Орчуулагч, редактор П.Номинбилэг

"Эдгэрэл"
Орчин цагт уншигчид хүүрнэл зохиолд илүү хүндэтгэлтэй хандах болсон байна. Ийм үед яруу найргийн номоор дуулиан дэгдээх хэцүү. Тийм боловч Тагтаа Паблишингийн хамтран байгуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн "Эдгэрэл" хэмээх хүчирхэг шүлгийн түүвэр яруу найраг уран зохиолд ямар байр суурь эзэлдгийг уншигчдад эргэн сануулсан юм.

"Цаг хугацаа хэлнэ"

Утга зохиол судлаач У.Бямбаням Монголын болоод дэлхийн 43 сод туурвилчийн тухай эссэ бичсэнээ эмхэтгэн "Цаг хугацаа хэлнэ" номоо эрхлэн гаргасан. Их л сэтгэлээ шингээж бичсэн ном болох нь агуулга, хэлбэрийн аль алинаас харагдана. Зохиолчид, туурвилчдын сонирхолтой түүхүүдийг уншаад авсан мэдрэмж сэтгэгдэлтэйгээ хамтатгасан байна билээ. Утга зохиол сонирхдог уншдаг хүмүүсийн заавал унших бүтээл гэж бодож байна.

"Элон Маск"
Ирээдүйгээс ирсэн хүнийг нэрлэ гэвэл би гарцаагүй Элон Маскийг нэрлэнэ. Тэр бол хүн төрөлхтөнийг аврах том зорилгодоо бүрэн автсан хүн аж. Энэ номоос энэ цагийн тэргүүн энтрепренерийн баялаг бөгөөд "галзуу" түүхийг маш ойроос тольдох боломжтой.

12 rules for life

Rakuten компанийн бизнес хөгжүүлэлтийн менежер Б.Дэлгэрнаран

Энэ бол миний энэ жил хамгийн удаан уншсан ном бол Жордан Питерсоны "12 Rules for Life" байлаа. Хуудас болгоноос нь амьдралын ухаан, өөрийгөө болоод бусдыг ойлгох тал дээр ихийг олж авлаа. Аргагүй л олон жил сэтгэл зүйчээр ажилласан доктор профессор хүн шинжлэх ухаан, нийгмийн ухааныг төгс хослуулан бичжээ. Их сургуульд сэтгэл судлалаар сурч ахуйд минь маш их сонирхол төрүүлж байсан агуу Карл Густав Юнгийг санагдуулам эрдэмтэн хүн шиг санагдсан. Хааяа жаахан сунжирсан юм шиг санагдах боловч дуустал нь уншихаар бүх юм нь хоорондоо холбогдох болно. Энэ ном дотор дурдагдсан олон номыг би нэмж уншиж байгаа.

"ШӨНӨ" ТЭРГҮҮТ НОМУУД

Unread-ийн ерөнхий редактор Д.Ганзориг

Миний оролцоотой хоёр ч ном орчуулагдсан сайхан жил байлаа. Сүүлийн үед баримтат буюу бизнес, хувийн хүний хөгжлийн чиглэлийн номууд монгол хэлнээ нэлээд олноор орчуулагдах болсонд баяртай байна. Энэ дундаас "Элон Маск", "Пүүзэнд дурлагч" зэрэг номуудыг заавал онцлох ёстой биз.

Миний хамгийн дуртай жанр бол намтар. Энэ төрөлд, Нобелийн энх тайвны шагналт, дэлхийн 2-р дайнд Аушвицийн хорих лагерьт аймшигт он жилүүдийг өнгөрүүлэн азаар амьд үлдсэн Эли Визелийн намтар "Шөнө"-ийг Unread-ийн арт директор Зак маань орчуулсан. Үндсэрхэг үзэл, ялгаварлал, хүчирхийлэл гэдэг ямар аюумшигтай, ямар хортой болохыг харуулснаараа өнөө цагт тун ач холбогдолтой бүтээл болсон болов уу.

Уламжлал ёсоор Unread-ийнхаа номын буланд нэлээд олон тойм бичлээ. Unread номтой холбоотой контентийн төрөл зүйлээ 2019 онд нэмэхээр ажиллаж байгааг далимд дуулгахад таатай байна.

Олон ч ном уншихаар эхлүүлсэн, хэдий дуусгасан нь бүгд биш ч гэсэн. "Тунгалаг тамир", "Өвгөн тэнгис хоёр" зэрэг сонгодгуудыг маш хожуу уншсанаа хэлэх нь жаахан ичгэвтэр л байна. Ирэх жилийн зорилт гэвэл Сантиаго өвгөн шиг махруу байж унших номын жагсаалтаа аль болох багасгахын сацуу өмнө уншсан боловч агуулгыг нь чамлалттай түвшинд санаж буй номуудаа дахин сөхөж сайн тэмдэглэл үйлдэх, номоос мэдлэг олж авах системээ илүү боловсронгуй болгох, уран зохиолын эзлэх хувийг нэмэх, Монтеньтэй дотно нөхөрлөх зэрэг байна.

Эцэст нь, уншигч та бүхэндээ 2019 онд өөрт хэрэгтэй зүйлийг өдөр бүхэн уншихын ерөөл талбия.

2018 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: 2019 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

21305   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.