Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын хэсгээс   11 сарын 17, 2018

Unlock Podcast #46: "Red Notice" номын тухай

Подкастын ээлжит дугаарт Наги, Дээгий хоёр "Red Notice" хэмээх нэгэн сонирхолтой номын тухай ярилцлаа. Билл Браувдер хэмээх америк хөрөнгө оруулагч хэрхэн Путины хамгийн гол дайсан болж, хэрхэн шударга ёсны төлөө баатарлагаар тэмцсэн тухай өгүүлэх энэ ном 2015 онд хэвлэгдэж Нью Йорк Таймсын бестселлер болж байжээ.

НОМЫН ТУХАЙ

Нью Йорк Таймс энэхүү номыг "нэг талаар Жон Гришамын адал явдалт зохиол, нөгөө талаар бизнес, улс төрийн дуртгал" ном хэмээн тодорхойлжээ. Үүнийг бичигч, гол дүр нь Уиллиам (Билл) Браувдер гэгч АНУ-д төрсөн, Их Британийн иргэншилтэй хөрөнгө оруулагч, эдийн засагч хүн юм.

Санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байсан тэрээр социализмын дараах Зөвлөлтийн харьяанд байсан улсуудад хөрөнгө үнэгүйдсэн байдлыг ашиглан их мөнгө хийж болохыг ойлгоод Хермитаж Капитал Менежмент хэмээх хөрөнгө оруулалтын санг байгуулсан ажээ. Түүгээрээ дамжуулан Орос дахь үнэлгээ багатай ч нөөц сайтай компаниудад хөрөнгө оруулсаар тус улс дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтын сан болсон байна. Энэ явцдаа Оросын олигархиудтай зөрчилдөж, тухайн үед улмаар олигархиудыг "журамлан" асар хүчтэй болж байсан Путины эрх ашигт нийцэхгүй болж иржээ.

Ингээд 2005 оны нэг л өдөр байнга зорчдог маршрутаараа Лондоноос нисэж ирсэн түүнд Оросын виз гараагүй байна. Үүнээс хойш компаниа Лондон руу нүүлгэсэн ч оросууд хуйвалдан, хуурамч бичиг баримт үйлдэн компанийг нь татварын асуудалд оруулжээ. Үүний улмаас тэрээр Сергей Магницкий тэргүүтэй хуульчдыг хөлслөн тэмцсэн бөгөөд цаадуул нь Оросын өндөр дээд тушаалтнуудын асар их булхай, авлига, бусармаг үйлдлүүдийг илрүүлэн гаргасан байна. Үүнд нь эгдүүцсэн эрх мэдэлтнүүд Магницкийг шоронд хийн, тамлан алжээ.

Энэ явдал Биллийг хүнийг эрхийн тууштай тэмцэгч болгон хувиргасан бөгөөд асар их хичээл зүтгэл гарган тэмцсээр 2012 онд АНУ-д энэ асуудалд холбогдсон Оросын албан тушаалтнуудад виз олгохгүй, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй байх Магницкийн хууль гэгчийг батлуулан, Оросын эсрэг маш том арга хэмжээг авсан юм. Яг ийм хуулийг сүүлд Канад, Европын холбоо зэрэг улс орнууд дагажээ.

Энэ ном бол нэг талаас ОХУ-ын бизнес, улс төрийн нөхцөл байдлыг өгүүлснээрээ монголчуудад ойрхон түүх, нөгөө талаас нэг хүн дэлхий ертөнцөд ямар их өөрчлөлт гаргаж болохыг харуулсан онц сонирхолтой бүтээл юм.
Ингээд олныг үл өгүүлэн подкастаа сонсоцгооё:

ПОДКАСТЫГ СОНСОХ

Подкастыг iTunes дээр сонсох бол энд дарж бүртгүүлээрэй. Мөн Unlock Podcast фэйсбүүк хуудсанд нэгдэж шинэ подкастуудыг цаг тухайд нь хүлээн авч байх боломжтой.

5953   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.