Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   04 сарын 27, 2018

Unread Guide: Бичих чадвараа хэрхэн ахиулах вэ?

Бичих бол боловсролтой хүний хамгийн гол чадваруудын нэг. Сайн бичдэг байхын өгөөж их. Сургууль, ажил, хөтөлбөрүүдэд тэнцэхийн тулд эсээ бичихээс эхлээд ажил дээр тайлан, төлөвлөгөө гаргах, имэйл  бичих гээд бидний амьдралд өдөр тутам хэрэг болдог зүйл билээ. Тийм ч учраас бичгийн чадвар сайтай хүнд давуу талууд үүсдэг. Тэгвэл, хэрхэн сайн бичдэг болох вэ? Ач холбогдлыг нь л ухамсарлаж байвал энэ чадвараа өнгөлж зүлгэж чадна гэдэгтээ та эргэлзэх хэрэггүй. Цааш хийх алхмуудыг тань миний бие өөрийн туршлагад тулгуурлан хэлж өгөхийг хичээе.

1. Унш

Бичих чадвараа "билүүдэхийн" тулд та их унших, ялангуяа сайн ном унших ёстой. Дараах хоёр төрлийн номыг эрэлхийлж уншаарай.
1. Хэл найруулга сайтай номууд. Тэгэхээр ихэвчлэн уран зохиолын ном гэсэн үг. Уран зохиолын номоос хүний бодол санаа, сэтгэл хөдлөл хийгээд юмс үзэгдэл, үйл явдлыг хэрхэн дүрсэлж буулгадгийг харж, хүний төрөл бүрийн мэдрэмжид автуулах туурвихуйн ид шидийг мэдрэх болно.
2. Урам зориг, мэдлэг өгөх номууд. Алдартнуудын намтар, сайн баримтат номуудаас хүмүүс хэрхэн хүсэл зоригоо хурцалж, хэрхэн бэрхшээлийг туулж зорьсондоо хүрдгийг олж мэд. Үр дүнд нь та өөрийгөө хөгжүүлж сайжруулахыг улам бүр л хүсэх болно.
Ертөнцийн ном барагдашгүй, таны цаг хомс тул гагцхүү сайн номыг л олж уншиж сурах хэрэгтэй. Сайн номыг олж уншсанаар илүү их уншихыг эрмэлзэж, ингэж сайн бичдэг болох сон гэж аяндаа хүсэж мөрөөддөг. Нэгийг сануулахад, унших бол хэзээ ч дуусашгүй үйл явц юм шүү.

Холбоотой нийтлэлүүд:
-Монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах 3 ном
-Апп тойм: Goodreads - Оюун ухаанаа хурцал

2. БИЧ

"Яаж сайн бичиж сурах вэ?" гэх асуултад хамгийн энгийнээр юу гэж хариулах вэ?
-"Бич!"
Алх дөш харшуулахгүйгээр хэзээ ч дархан болдоггүйн адил их бичихгүйгээр бичих чадварт суралцахгүй. Байнга бичиж дадахад туслах хэдэн арга бий:

Тэмдэглэл хөтлөх
Тэмдэглэлийг төрөл бүрээр л хөтөлж болно. Уншсан зүйлс, номынхоо талаар тэмдэглэх нь уншсанаа марталгүй шингээх сайн аргуудын нэг. Өдрийн тэмдэглэл байна. Өөрийн амьдралыг бичих нь олон талын ач холбогдолтой. Хүн бичихийн тулд, бичиж байхдаа бодож эргэцүүлдэг тул та өөрийгөө үнэлж цэгнэж, өөртэйгөө тулж ажиллах нь гарцаагүй. Бусад хүмүүс тэмдэглэлийг чинь уншихгүй тул та сэтгэл дотор луугаа өнгийж, өөртөө үнэнч шударга байж чадна. Түүнчлэн өдрийн тэмдэглэл амьдралыг тань товчоолон үлдээх түүхийн хуудас болно. Энэ л хувийн орон зайдаа та чөлөөтэй, эрх дураараа бичих боломжтой.

Блог/Сошиал медиа дээр бичих
Бусдын санал сэтгэгдэл, шүүмжийг сонсох нь бичих чадвараа ахиулахад нэн тустай. Ийм боломжийг блог, сошиал медиа танд олгоно. Нэгэнт бусад хүмүүс унших тул аль нэг сэдвээр дагнан, эсвэл сэдэвт баригдалгүй хүнд хэрэгтэй, сонирхож унших юм бичихийг хичээгээрэй. "Сайн бичжээ", "Гоё болжээ", "Бичээд байгаарай" гэх үгс ямар хүчтэй гэж санана.

Шүлэг бичих
Шүлэг унших, бичих нь уран сэтгэмжийг тэлж, үгийн санг арвитгадаг. Сэтгэл хөдөлсөн, гунигласан, шүлэг дуу бичмээр санагдах гэгэлгэн үе хүнд бишгүй л тохиолддог. Тийм үед өөрийгөө гололгүй шүлэг бичих гэж оролд. Энгийн үед дасгал маягаар шүлэг бичсэн ч болно. Заавал бусдад үзүүлэх албагүй шүү дээ. Шүлэг бичнэ гэдэг үгийн эрэлд гарахын нэр. Миний хувьд оюутан болоод хэсэг шүлэг оролдсон минь азтай хэрэг байж гэж одоо боддог. Үүнд Чойномын "Сүмтэй будрын чулуу" болоод оюутан цагийн шохоорхол нөлөөлсөн юм.

Холбоотой нийтлэлүүд:
-Бэнжамин Франклины намтрын хэсгээс: Шүлэг оролдож бичгийн чадвараа сайжруулах нь
-Апп тойм: Блог, тэмдэглэл хөтлөхөд туслах 5 апп

3. СУРАЛЦ

Уншиж суралцахаас гадна илүү системтэйгээр, нухацтай судлах талаар энд хөндье. Овоо их бичээд ирэхээр хүний бичлэгийн өнгө аяс, хэв маяг аяндаа тодорч ирдэг талтай. Нөгөө талаас өөрийн хүссэн арга барилыг зориудаар бий болгох ч боломжтой. Жишээ нь, өөрт таалагддаг зохиолчид, нийтлэлчдийн хэв маягийг хуулбарлаж, өөриймшүүлж болно.
Идэвхтэй бичиж буй энэ үедээ хэл шинжлэлийн зах зухаас сонирхож, үгийн улбаа, өгүүлбэрийн бүтэц зэрэг гээд бичихүйн нарийн ширийнд суралцвал нэн сайн. Төрөл бүрийн хэлбэрээр бичиж, өөрийгөө туршиж болно.
Онлайнаар дуртай зохиолчид, нийтлэлчид, блоггеруудаа дага. Ижил сонирхолтнуудтайгаа харилцаа тогтоо. Та тэднээс суралцаж, урам зориг авах болно.

Холбоотой нийтлэл:
'Сонирхолтой хэл шинжлэл' номын хэсгээс: Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ тусах нь

4. ОРЧУУЛ

Гадаад хэл гайгүй гадарладаг бол орчуулга хий. Орчуулга хийнэ гэдэг бичнэ л гэсэн үг. Гагцхүү юу бичих билээ, юу өгүүлэх билээ гэж түдэх, цаг алдах асуудал байдаггүй. Эх текстийг хэрхэн уншихад эвтэйхэн, алдаа мадаггүй буулгах вэ гэдэгт л толгой гашилгах учиртай. Өөрөөр хэлбэл, орчуулга нь шүлэг бичихийн адилаар хүнийг үгийн эрэлд мордуулж, өгүүлбэрийг найруулах, үг зөв оноох том дасгал болдог. Өөрийн сонирхдог сэдвээр, өөрийн дуртай зүйлийн талаар орчуулга хийх нь мэдлэгээ бататгах буюу арвижуулах, бас бичихэд суралцах үйл билээ.

Холбоотой нийтлэл:
Сэтгүүлчийн тэмдэглэл: Орчуулах эрдэмд шамдахуй

5. ЦАГ ГАРГА

Ер нь ямар ч зүйлд сайжирч мэргэшихийн тулд хангалттай цаг гаргах ёстой. Тэр дундаа, бичих үйл нь хэсэг хугацаанд ганцаараа байж, юунд ч үл сатааран, бодож эргэцүүлэхийг шаарддаг. Юм л шивж хуулаагүй бол, анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр бичих боломжгүй. Тиймээс тогтмол бичдэг дадалтай болбол тунчиг сайн.
Аз болоход, бичиж тэмдэглэх нь бидэнд өөртэйгөө тулж ажиллан, ажлаа сайн төлөвлөж, хэрэгтэй зүйлдээ цаг гаргах боломжийг олгодог билээ.

Ингээд, бичих үйлсэд тань амжилт хүсье.

Холбоотой нийтлэл:
Цагийн менежментийн 20 чухал зөвлөгөө

47279   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.