Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 09, 2018

Апп тойм: Блог, тэмдэглэл хөтлөхөд туслах 5 апп

Өөрийн блог/вэбтэй болохыг хүсдэг, тэмдэглэл бичих сонирхолтой хүн олон. Энэ нь өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах, санаа бодол, сурсан мэдсэнээ цэгцлэх буюу бататгах, товчоолж үлдээх, олонд танигдах гэх мэт давуу талуудыг үүсгэдэг. Хувьдаа блог хөтөлж, өөрийгөө хөгжүүлсээр нийтлэлч, зохиолч болох нь ч бий. Өөрийн блогтой болъё, тэмдэглэл хөтлөх аргатай болъё гэж бодож байгаа хүмүүст зориулан өнөөдөр дараах 5 апп-ийг танилцуулж байна.

WORDPRESS

WordPress бол дэлхийн хамгийн том, хамгийн алдартай вэб/блогийн платформ. 2018 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн топ 10 сая вэбсайтын 30 хувь нь Wordpress-ийг ашиглаж байгаа аж. Олон мянган үнэгүй, үнэтэй темплэйтээс таалагдахаа сонгох, бусад аппуудтай холбогдон ажиллах, домэйн нэртэй болох гээд бүх л боломжийг санал болгодог. Апп-ийн хувьд хэдийгээр вэбэд суурилсан хувилбарынхаа шууд тусгал гэж хэлж болохгүй ч хурд, шуурхай байдлыг гол болгожээ. Та аппаас пост хийх, сэтгэгдлүүдийг хянах, хандалтын үзүүлэлтүүдийг харах боломжтой.

Татах: iOS, Android (Beta)

WEEBLY

Weebly бол мөн л энэ салбарын том тоглогчдын нэг. Хэрвээ та өмнө нь сонирхож үзэж байсан бол Weebly-ийн вэб/блогт бүрдэл хэсгүүдийг нь хялбархан чирж контентийг босгодгийг мэдэх байх. Мөн вэб/блог үүсгэхэд мобайл хувилбар нь автоматаар бий болдог билээ. Апп нь яг л вэбэд суурилсан хувилбар шигээ хэрэглэхэд хялбар. Та блог болон вэбсайтдаа контент оруулж, хандалтаа хянаж, бичвэрээ оффлайн хадгалж болно.

Татах: iOS, Android

BUMPERS

Подкаст моодонд орсон цаг. Сүүлийн үед блоггерууд, медиа компаниуд төрөл бүрийн подкаст хийх болов. Та ч гэсэн үзээд алдмаар байгаа бол элдэв янзын тоног төхөөрөмж, програм гэж байхаар Bumpers-ийг туршаад үзээрэй. Яриа бичих, нийтлэх үйл явцыг тун хөнгөвчилсөн Bumpers-ийг "подкастад зориулсан Soundcloud" гэх нь бий. Апп-ийн тусламжтайгаар та аудиог засаж янзлах, iTunes-д нийтлэх, бусадтай холбогдон подкастаа хамт хөтлөх боломжтой. Энэ бүхнийг үнэгүй хийнэ гээд л бодчих.

Татах: iOS

PAGES

Pages бол iOS системийн Microsoft Word билээ. Хэрэглэж дадсан хүмүүс нь энэ програм/апп-даа хайртай гэж жигтэйхэн. Pages-ийн апп бол гар утас дээрх хамгийн "гоёмсог" текст бүтээгч гэж тэд өөрсдийгөө тодорхойлжээ. Apple-ийн гаргасан олон янзын темплэйтүүдийн тусламжтайгаар та гоёмсог дизайн бүхий төрөл бүрийн тайлан, баримт бичиг, цахим ном, ажлын намтар, зурагт хуудсыг хялбархан хийх боломжтой. Мэдээж шинэ хуудас өөрөө нээгээд өөрийн сэтгэмжээр хүссэн файлаа ч гаргах боломжтой.

Татах: iOS

NINE

Тэмдэглэлийг хүн бүр адилхан хийдэггүй. Үг текстээс илүүтэй зураг дүрсээр юмыг санадаг бол Nine хэмээх энэ апп-ийг хэрэглээд үзээрэй. Эргэн санах хэрэгтэй зүйлсийнхээ зургийг авч, түлхүүр үгээр ангилж, хүсвэл сануулга тавьж болно. Хайлт хийх боломжтой. Мөн зураг авсан байршлуудыг санаад явчихдаг тул дараа нь тухайн зүйлээ, газраа олоход хялбар.

Татах: iOS

36316   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.