Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 11, 2016

Бэнжамин Франклины намтрын хэсгээс: Шүлэг оролдож бичгийн чадвараа сайжруулах нь

"Анхны америк хүн" гэгддэг нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн, дипломат, бизнесмэн, дэлхийн түүхнээ алдаршсан гайхамшигт хүмүүн Бэнжамин Франклины намтрыг миний бие хэдэн жилийн өмнө эх хэлнээ хөрвүүлж байсан юм. Тухайн үед шинэ амьдрал хайсан газар газрын хүмүүс, эрэлчдээс бүрдэж байсан эрч хүчтэй, залуухан "Английн колони"-ийг удирдан хөтөлж, дэлхийд тэргүүлэгч их гүрэн болох эх суурийг тавигсдын (The Founding Fathers) нэг нь тэр байсан юм. Туулж өнгөрүүлсэн амьдралаа өөрийн гараар үзэглэж үлдээсэн Франклины энэ бүтээл хувь хүн нөр хичээнгүй хөдөлмөрлөж, зөв сэтгэл, зөв суртахууныг эрхэмлэн явбаас ямар өндөр амжилтанд хүрч болдгийг харуулсны сацуу тэр цагийн Америкийн нийгмийн байдал ямар байв, иргэд нь хэрхэн аж төрж байв гэдгийг харуулснаараа түүхийн өндөр ач холбогдолтой юм. Өнөөдөр уг номоос бичгийн чадвараа сайжруулахтай холбоотой нэгэн хэсгийг толилуулж байна.

НОМЫН ХЭСГЭЭС

Хотод байх Жон Коллинс гэдэг номонд дуртай өөр нэгэн хөвгүүнтэй би дотно танилцав. Бид заримдаа маргаж мэтгэлцэх үедээ өөр өөрийн үндэслэлийг дэвшүүлж, нэгнийхээ бурууг батлахаар шамддаг сан. Гэвч энэ нь бид хоёрт хүмүүстэй ямар нэг зүйлийн тухай хэлэлцэхэд сөрөг үндэслэл заавал гаргах гэдэг, ингэснээрээ бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж, эвгүй уур амьсгал авчирдаг олиггүй зан суулгаж мэдэхээр байв. Тэр муу зан бол аливаа харилцан яриаг хурцатгаж, дургүйцэл жигшил төрүүлэх, тэр байтугай нөхөрлөе гэсэн хүнтэй ч дайсагнуулах чадалтай билээ. Үүнээс хойш би хуульчид, их сургуулийнхан хийгээд Эдинборогийнхныг эс тооцвол ухаалаг хүмүүс энэ зуршлаас холуур тойрдгийг ажиглах болсон юм.

Нэгэн удаа, яагаад ч юм бэ, Коллинс бид хоёрын хооронд эмэгтэйчүүдийг сургуульд сургах нь хэр зохистой талаар, тэдний сурах чадварын талаар мэтгэлцээн өрнөсөн юм. Коллинс эмэгтэйчүүдийг сургуульд явуулах нь зохисгүй, эмэгтэйчүүд угаасаа үүнд тэнцэхгүй гэж мэтгэв. Би асуудлын нөгөө талд зогссон ба сонголтод маань мэтгэлцэхээ бодсон нь ч бас жаахан нөлөөлсөн биз. Тэр намайг бодвол төрөлхийн цэцэн цэлмэг, үгийн сан элбэгтэй, миний санахад заримдаа намайг үндэслэлийнхээ хүчээр биш уран үгийнхээ идээр буулгаж авдаг байлаа. Энэ сэдвээр баахан мэтгэлцэж, шийдэлд хүрч чадаагүй бид хоёр нэг хэсэгтээ л уулзах шинжгүйгээр салсан тул би өөрийн үндэслэлүүдийг бичихээр сууж, бичсэнээ хуулж түүнд илгээсэн юм. Коллинс хариу илгээж, би ч дахин захидал бичив. Улмаар аль аль нь гурваас дөрвөн захидал илгээгээд байтал аав минь тэдгээрийг олоод уншчихжээ. Тэгээд намайг дуудаж, асуудлын зөв бурууг ярилгүйгээр миний бичих арга барилын тухай хөөрөлдсөн бөгөөд намайг хэдий зөв бичгийн дүрэм, гаргасан үндэслэлээрээ Коллинсыг давж буй ч (би эдгээр чадварыг хэвлэлийн газрын ачаар олж авсан) түүнийгээ яруу тод илэрхийлэх, дэс дараалалтай бичих тал дээр хол дутуу байгааг хэлж, хэд хэдэн жишээгээр батлав. Аавын шүүмж голыг нь олж байгааг би ойлгож, түүнээс хойш бичих ур чадвартаа гойд анхаарч, сайжруулахын тулд чармайхаар шийдсэн билээ.

Энэ үед би “Үзэгч”-ийн[1] гуравдугаар ботийг худалдан авч, дахин дахин уншаад ихэд баярласан юм даг. Хэл найруулга нь үнэхээр сайн юм гэж бодоод ингэж бичдэг болох сон гэж хүсэв. Ингээд цаас авч, “Үзэгч”-ийн өгүүлбэр бүрээс утга санааг нь эргэн сануулах цөөн үгсийг тэмдэглэж аваад, цөөн өдөр далд хийснийхээ дараа гарган ирж, номоо харалгүйгээр тэмдэглэж авсан үгсээ ашиглан толгойд орж ирсэн тохиромжтой үгсээр жинхэнэ эх нь иймэрхүү л байсан болов уу хэмээн өгүүлбэрүүдийг өөрийнхөөрөө дахин бичдэг болсон юм. Үүний дараа өөрийнхөө “Үзэгч”-ийг жинхэнэ эхтэй нь харьцуулж, хийж буй алдаануудаа олж засдаг боллоо. Ингэж би үгийн сан муутайгаа буюу тохирох үгсийг сонгож хэрэглэхдээ тааруугаа мэдэж авсан бөгөөд хэрвээ шүлгээ үргэлжлүүлэн бичсээр байсан бол энэ дутагдлаа өдийд засчихсан байх байсан даа гэж бодож билээ.

Чингэсэн бол ижил утгатай боловч мөрний хэмжээ хийгээд хэмнэл айзамд тохирох өөр урттай, ондоо сонсголонтой үгсийг олж хэрэглэх хэрэгцээ намайг тэдгээрийн эрэлд байнга мордоход хүргэж, тархинд минь хадаж өгснөөр эцэстээ би энэ чадварт туйлын гаргууд болчих байв. Иймд би зарим нэг үлгэрийг сонгон авч, шүлгэн хэлбэрт оруулж бичээд, эх зохиолоо мартахуйц хугацаа өнгөрсний дараа мөнөөх шүлэглэлээ дахин хүүрнэсэн хэлбэрт оруулж бичих болов. Мөн заримдаа тэмдэглэж авсан үгсээ сайтар холиод хэдэн долоо хоногийн дараа өгүүлбэрүүдийг гүйцээж, эх зохиолыг санан дахин бичихээсээ өмнө тэдгээрийг зөв дараалалд оруулахыг хичээдэг байв. Энэ нь чухамдаа намайг бодол санаагаа цэгцэлж, дараалалд оруулж сургах ёстой байлаа. Дараа нь өөрийн зохиолыг жинхэнэ эхтэй нь харьцуулж, олон алдаагаа олж засна. Заримдаа жинхэнэ эхийн хэл найруулга, логик дарааллыг сайжруулахуйц үг хэллэг, засвар оруулснаа хараад жигтэйхэн хөөрч, цаг нь ирэхээр би бичгийн их хүн болох мөрөөдлөө биелүүлж магадгүй юм байна гэж бодох хүртлээ урамшдаг сан. Би энэ дасгал, уншлагаа хэвлэлийн газартаа ганцаар байж болох цагуудад буюу шөнө ажлынхаа дараа, өглөө ажлаа эхлэхээс өмнө, мөн ням гараг бүр хийж, аав маань намайг дэргэдээ байлгах үедээ заавал оролцуулдаг байсан нийтийн мөргөлд очихоос аль болох зайлсхийдэг байлаа. Тэрхүү мөргөлд оролцохыг би нэг үүргээ гэж үзсэн хэвээр байсан авч энэ үүргийг биелүүлэх цаг хугацааны боломж үнэндээ гардаггүй байв.

[1] “Үзэгч” нь Англид 1711-1712 оны хооронд хэвлэгдэж байсан өдөр тутмын хэвлэл юм. Үүнийг Жозеф Эдисон, Ричард Стийл нар эрхлэн гаргаж байсан бөгөөд хожим нь долоон боть болгон хэвлэжээ. (Орчуулагч)

12-14 дүгээр тал

19136   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.