Улаанбаатар хотод дундын оффисууд нэмэгдсээр байна. Ердөө жилийн өмнө л ганц хоёроор тоологдож байсан бол өнгөрөгч өдрүүдэд хоёр дундын оффис нээлтээ хийх жишээтэй. Чөлөөтэй, өөрийн тааваар ажиллах, бүтээлч байдлаа өрдөх, танилын сүлжээгээ өргөтгөх, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог дундын оффисууд нь залуусын ажиллах, хийж бүтээх хэв маягт эерэг нөлөө үзүүлж, гарааны бизнесийн экосистем хөгжихөд дэм болж байгаа нь лавтай. Өнөөдөр бид УБ хотын томоохон дундын оффисуудыг танилцуулж байна. 

Workcentral Mongolia

Сингапурын Workcentral дундын оффисын франчайз болох Workcentral Mongolia өнгөрөгч 9-р сарын 5-нд нээлтээ хийсэн юм. Монголын гарааны бизнесийн орчныг хөгжүүлэхийн төлөө тууштай явж буй, Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирал Окогийн хүчин чармайлтаар олон улсын гэж болох дундын оффис нээгдсэн нь энэ. Startup Mongolia байгууллагын эрхлэн явуулах Workcentral нь дундын оффисын санал болгодог бүхий л боломжийг санал болгож байгаа бөгөөд Startup Grind, Drink Entrepreneurs тэргүүтэй уламжлалт арга хэмжээнүүд, Design Thinking, Innovator.Education тэргүүтэй сургалтууд, мөн шинэ арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдах аж. Одоогоор Themeton, PromotionCraft, iHotel, OnAir зэрэг стартапууд тэнд байрлажээ.

Фэйсбүүк хуудсанд зочлох: Workcentral Mongolia
Хаяг: 4-р дэлгүүрээс, ProOne оффисын 18 давхарт

SMS - Startup Marketing Space

"Зөгий шиг бай" уриатай SMS дундын оффисын нээлт 8 сарын 30-нд болов. Гоёмсог дотоод тохижилтоороо шууд л анхаарал татах тус дундын оффисыг Монголын Үндэсний Маркетийн холбоо эрхлэн ажиллуулж байгаа юм. Тийм ч учраас маркетингийн хүмүүст зориулсан олон сургалт, арга хэмжээг явуулах нь ойлгомжтой. Тэд өөрсдийн нэрийн SMS эвентүүдээс гадна байгууллагуудтай хамтран эвентүүдийг нь зохион байгуулж өгнө хэмээж байв. Мөн гишүүддээ хэрэгцээт хүмүүс, байгууллагууд, үйлчилгээнүүдийг холбож өгөхдөө нэлээд анхаарч байгаа аж. Саяхан нээгдсэн ч дундын оффис доторх оффисууд нь хэдийн эзэнтэй болсон гэнэ шүү.

Фэйсбүүк хуудсанд зочлох: SMS - Startup Marketing Space
Хаяг: Драмын Театрын дэргэд, Business Tower-ийн 19 давхарт

Club Coworking

Club Coworking бол Улаанбаатар хотод байгуулагдсан анхны томоохон дундын оффис юм. Тийм ч учраас дундын оффис гэж ямар байдаг, юу юу санал болгодгийг бидэнд анхлан танилцуулсан гавьяатай газар гэж хэлж болно. Хотын хамгийн төвд байрлалтай Club-д Brainstorm, UB Passport, Happy Home, Orchuulga24 тэргүүтэй стартапууд байрладаг. Дотоод тохижилт, цонхны харагдац сайтай бөгөөд үйл ажиллагаа нь тогтмолжиж жигдэрсэн газар юм.

Фэйсбүүк хуудсанд зочлох: Club Coworking
Хаяг: Blue Sky-ийн урд, ICC Tower-ийн 13 давхарт

Creative Club

Гэрэл+ Медиа группийн харьяа Creative Club бол бүтээлч салбарын бүх л хүмүүст зориулж төрөлжүүлсэн дундын оффис юм. Тухайлбал дизайнер, видео бүтээгч, гэрэл зурагчин, дуучин, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, продюсерууд энд сууж ажиллавал давуу тал ихтэй. Телевиз, дуу бичлэгийн студи, хэвлэх үйлдвэр зэрэг ашиглаж болох нөөц боломжууд энд бий. Мөн Гэрэл+ медиа групптэй хамтран уран бүтээлүүдээ сурталчлах бүрэн боломжтой. Байршлын хувьд Хан-Уул дүүргийнхэнд ойр дөт.

Фэйсбүүк хуудсанд зочлох: Creative Club
Дэлгэрэнгүйг: Онгод хөглөх хамтын оффис
Хаяг: 19-р хороолол, Петровис ШТС-ын зүүн талд, Гэрэл+ Медиа Группийн байр

Startup Terminal

Өнгөрсөн сард Hack Ub хакатоныг амжилттай зохион байгуулсан Startup Terminal дундын оффис нь хөрөнгө оруулалтын сан, энжил хөрөнгө оруулагчдын платформ, хурдасгуур хөтөлбөр зэрэг гарааны бизнесийн цогц орчны нэг хэсэг болон гарч ирж байгаа юм. Инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах маркетинг, хөрөнгө оруулалт, хөрөнгө зуучлалын тал дээр Шинжлэх Ухаан, Технологийн Сантай хамтран ажилладаг. Тэд "Гарааны бизнесүүд хэрхэн IPO хийх вэ" зэрэг төрөл бүрийн сургалт, сонирхолтой арга хэмжээнүүдийг хэдийн зохион байгуулаад эхэлжээ.

Фэйсбүүк хуудсанд зочлох: Startup Terminal
Дэлгэрэнгүйг: Таны бизнесийг бид цогцлооно
Хаяг: Их Монгол Комплексийн 3 давхарт