Онцлох Бизнес

Онцлох бизнес: Gerel+ Creative Club - Онгод хөглөх хамтын оффис

01 сарын 02, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


26426   15




“Онцлох бизнес” булангийн 2017 оны эхний дугаартаа бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй нэгэн сонирхолтой бизнесийг танилцуулж байна. Гарааны бизнесийн экосистемийг бүтээхэд хамгийн чухал нөлөөг үзүүлэх co-working буюу хамтаар ажиллах соёлыг түгээж буй Gerel+ Creative Club бол монголын хамгийн анхны төрөлжсөн дундын оффис юм. Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, гэрэл зурагчид, зураачид, видео бүтээгчид, графикчид зэрэг уран бүтээл туурвидаг бүтээлч хүмүүст зориулсан гэх тодотголтой энэ клуб үнэхээр ч Монголын стартап хөдөлгөөнд гэрэл нэмж буйг тэдэнтэй ярилцаж суухдаа мэдэрч байв. Ингээд та бүхэнд тус клубийн үүсгэн байгуулагч, ерөнхий менежер У.Батцэрэн, "Гэрэл+ Медиа Групп"-ийн маркетинг, борлуулалтын албаны дарга Д.Болорцэцэг нартай хийсэн яриагаа хүргэе.

Бизнесийн нэр: Gerel+ Creative Club
Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-36, "Гэрэл+ Медиа Групп"-ийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Хамтын оффис, сургалт, арга хэмжээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 12-р сар
Вэбсайт: www.gerelplus.com, Gerel Creative Agency

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Манайх шинээр үүсгэн байгуулагдаад буй "Гэрэл+ Медиа Групп"-ийн харьяа клуб юм. Манай Гэрэл+ Медиа Группийн захирал Б.Буян-Өлзий 2013 онд Цахиурын хөндий, 2014 онд Австрали улсын технологийг паркийг үзэж, хамтын буюу coworking оффисын хөгжил, чиг хандлага судалж ирснээсээ хойш Монголд энэ зүйлийг бий болгож, хөгжүүлэх хүслийг тээж ирсэн. Тэгээд өнгөрсөн жил МТҮП дээр Techger гэх зөвхөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан хамтын оффис байгуулахад оролцсон юм билээ. Харин одоо бид хамтын оффисын соёл дэлгэрэхэд хувь нэмрээ оруулж, артистууд болон медиа салбарынханд, товчхондоо бүтээлч хүмүүст зориулсан, тэднийг дэмжих төрөлжсөн хамтын оффисыг эхлүүлээд байна. Ерөнхийдөө бид хийх хэрэгтэй гэдгээс илүү яг одоо энэ салбарын залуучуудад дутагдаж байгаа, хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан клуб гэж ойлгож болно.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

"Гэрэл+ Медиа Групп" нь уламжлалт тв, сонин гэх мэт мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэн, орчин үеийн медиа платформ болон байгуулагдаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд бид банкны санхүүжилтээр хөрөнгө оруулалтаа шийдсэн ба бүтээлч клуб маань нэгдсэн медиа платформ бүтээх ажлын нэг хэсэг болсон юм.

ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

Бүтээлч салбарын бүхий л хүмүүст манай хаалга нээлттэй. Дизайнер, видео бүтээгч, гэрэл зурагчин, дуучин, зохиолч, орчуулагч, сэтгүүлч, продюсер гэх мэт. Орчин үед харилцаа холбоо, нэтворкинг чухал болсон. Танилын хүрээллээ нэмэгдүүлж, бүтээлч хүмүүсийн нэгдлийг үүсгэх нь бидний гол зорилго. Мөн сайн бүтээл гаргах төслүүдэд уран бүтээлчийн хувьд биш бусад талаар хувь нэмрээ оруулах боломжтой хүмүүс манайд хандан, гишүүнээр элсэж болох юм.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Манай хамгийн гол онцлог бол төрөлжсөн хамтын оффис юм. Сүүлийн үед манай энэ төрлийн хамтын оффисууд байгуулагдах болсон ч бүтээлч үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан нь хараагүй бий болоогүй болов уу.

"Гэрэл+ Медиа Групп"-ийн харьяанд "Эх орон" өргөн цацалттай телевизийн суваг, "Үндэсний мэдээ" өдөр тутмын сонин, "Эзэн сүлд" хэвлэх үйлдвэр болон манай Критив клуб багтдаг. Тиймээс бид гишүүдийнхээ төсөл, хийж буй ажлуудыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах боломжтой нь бас нэг том давуу тал. Жишээ нь манайд 400, 200, 100 мкв-ийн гурван студи, мөн удахгүй ашиглалтад орох дуу бичлэгийн студи бий. Гишүүд маань эдгээр нөөцийг ашиглах бүрэн боломжтой.

Бид орчин, өрөө тасалгаагаа сайн бүтээл төрөх, шинэ санаа гаргахад дөхөм байхаар бодож тохижуулсан. Төрөл бүрийн сандал, ширээ буйдан, гал тогоо, тайз, амралтын өрөө гээд хамтын оффист байдаг бүхий л зүйлээр хангагдсан. Бид энд гишүүддээ зориулж төрөл бүрийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Мөн манай клубт элссэнээр гишүүдэд бусад уран бүтээлчидтэй харилцаа тогтоож, манай группт дадлага хийх, энд болон бусад газруудад ажлын байр олох зэрэг давуу талууд үүснэ.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Гэрэл+ Медиа Групп нийгэмд гэрэл гэгээ түгээе, эерэг өөрчлөлтийг авчиръя гэсэн зорилгоор байгуулагдсан. Тийм ч учраас манай клуб бүтээлч шуурга дэгдэж байдаг, бүтээлч залуус зогсолтгүй шинэ бүтээлүүд гаргаж байдаг тийм орчныг бүрдүүлэх зорилготой. Ер нь бүтээлч хүмүүсийн инкубатор болох явдал гэж хэлж болно. Манай алсын хараа бол Creative Club-ийн гишүүдийн бүтээлийг Монголын зах зээл төдийгүй дэлхийн зах зээлд гарахад туслах явдал.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид уран бүтээлч хүмүүстэй хамтран ажиллана. Тэд үргэлж шинэ санаагаар халгиж, цалгиж, нийгмийн хөглөж байдаг. Тиймээс тэдний бүтээлч байдал, уран бүтээл бол бидний үнэт зүйл.

Энэ чиглэлийн хүмүүстэй ажиллаж байгаагийн хувьд бид оюуны өмчийг маш онцгойлон дээдэлнэ. Гишүүд маань хоорондоо итгэлцэлтэй байхад, бүтээлч байдлыг нь дэмжин тэтгэхэд гойд анхаарч ажиллах болно.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид өнгөрсөн сард туршилтын маягийн нээлтээ хийсэн. Одоо гишүүд сонгон шалгаруулах дүрэм журам дээрээ ажиллаж, зорилтот хэрэглэгч нараа буюу авьяаслаг хүмүүсийг хайж байна. Тэгэхээр хэрвээ та өөрийгөө бидний хайж буй хүн гэж итгэж байвал манайд хандаж гишүүнээр элсээрэй. Эхний гишүүддээ бид зарим давуу талыг олгох болно.

Түрүүнд сургалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулна гэж дурдсан даа. Дизайнер Идо, "Бид Монгол Агуулга" бүлгэм, Talent Media, Бату Дижитал, Вайрал Партнерс, ТВ Коктейль зэрэг хүмүүс, байгууллагууд эхнээсээ манайд ирж уулзалт, сургалт хийхээр зөвшөөрөөд байгаа.

Мөн олон улсын байгууллагуудтай хамтран хамтын оффисоо өргөжүүлэх боломжийг судлан ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Манай клуб, хамтын оффис бүтээлч үйлдвэрлэлийн салбар улам хөгжиж, урагшлан дэвшихэд хувь нэмэр оруулна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. Ер нь энэ салбарын өөрсдийгөө дор бүрнээ хөгжүүлж, бие даасан байдаг. Харин ингэж нэг дор цуглуулж, хамтдаа хөгжих боломжийг олговол сайн сайн бүтээлүүд олноор төрөх байх. Хэцүү бэрхшээлгүй ажил гэж үгүй учраас залуучууд бид алдаж онож, түүнээсээ суралцаад, сорилтуудыг даван гарах болно.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.