Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 28, 2017

Онцлох бизнес: Startup Terminal - Таны бизнесийг бид цогцлооно

Зорилготой стартапууд, залуу мэргэжилтнүүдэд зориулсан дундын оффис, хурдасгуур хөтөлбөр, хөрөнгө оруулалтын сан бүхий цогц үйлчилгээ үзүүлэх Startup Terminal нээгдээд удаагүй байна. Өдөр өдрөөр барилгажих шигүү суурьшлын бүсэд оршиж буй Их Монгол Комплексийн 3 давхарт үүдээ нээсэн тус төв төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээ, сургалтуудыг зохиохоор зэхэж буй аж. Улаанбаатарын цоглог залуусын нэгэн “зогсоол” болох зорилготой Startup Terminal-ийг үүсгэн байгуулагч залуустай ярилцсанаа хүргэж байна.

Бизнесийн нэр: Startup Terminal технологи дамжуулах төв
Хаяг: Их Монгол Комплекс, 3 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис, хөрөнгө оруулалт, консалтинг, менторинг, арга хэмжээ
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 12 сар
Үүсгэн байгуулагч: Э.Ганбагана, Д.Дүгэрдорж, Э.Базаррагчаа, Э.Шагдарсүрэн
Ажилтны тоо: 10
Вэбсайт: Startup Terminal (фэйсбүүк)

Зүүн гараас: Э.Ганбагана, Д.Дүгэрдорж, Э.Шагдарсүрэн,

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Э. Ганбагана: Бид анх 2014 онд гар утасны апп, вэб хөгжүүлдэг стартап эхлүүлэн хамтрах болсон юм. Түүнээс хойш стартапуудад тулгардаг бүхий л бэрхшээл саадыг туулж өнөөг хүрсэн. Монголын нөхцөлд гарааны бизнесүүд бие даан босож ирэх нь үнэхээр амаргүй байдгийг энэ хугацаанд ойлгосон гэж болно. Шинээр төрөн гарч буй стартапуудыг дэмжихийн, эдгээр стартапууд хамтдаа өсөж дэвжихийн чухлыг биеэр ойлгосон учраас стартап экосистемийг бий болгоход хувь нэмрээ оруулъя гэж бид шийдсэн. Энэ бол 2016 оны 4 сарын үед л дээ. Ингээд бид дундын оффис, хурдасгуур зэрэг цогц үйлчилгээ бүхий энэ төвийг байгуулахаар судалгаа хийж, бизнес төлөвлөгөөгөө бичсэн. Улмаар хөрөнгө оруулагчдад санаагаа танилцуулж явсаар 2016 оны 12 сард Startup Terminal-ийг байгуулахаар тохиролцоод, хэдэн сарын турш ажиллан энэ сард нээлтээ хийлээ.

Startup Terminal технологи дамжуулах төвөөс гадна бид хөрөнгө оруулалтын "Үндэсний стартап сан"-г байгуулж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын санг бий болгохоор зорьж байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Д.Дүгэрдорж: Өмнө дурдсанчлан бид бизнес төлөвлөгөөгөө бичээд хэд хэдэн хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Ингээд 6 сар орчим уулзалт хийж, бизнес төлөвлөгөөгөө сайжруулж явсаар 2 хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар болсон юм. Мөн зарим санхүүжилтээ бартер маягаар шийдсэн байгаа. Жишээ нь тавилгаа л гэхэд Италийн нэг компанитай тохиролцон оруулж ирсэн. 65 мянга орчим еврогийн үнэ бүхий тавилгын нэлээд хэсгийг бартераар шийдэж чадсан шүү.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Э. Ганбагана: Бид Forward Solution гэх мэдээллийн технологийн компаниа 2014 онд байгуулсан. Хэдийгээр бид бүгд эдийн засагч мэргэжилтэй хүмүүс боловч мэдээллийн технологийн хүмүүстэй хамтарсан хэрэг. Дүгэрээ бид хоёр 10 жилийн найзууд, Дүгэрээ Базараа хоёр нэг байгууллагад ажиллаж байсан, Базараа Шаагий хоёр маань бас их сургуулийн нэг анги гэх мэтээр анх холбогдож байлаа. Сүүлд Шаагий маань Польшид эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалаад бидэнтэй нэгдсэн. Манай гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Базараа харин өнөөдөр хувийн шалтгаанаар ирж чадсангүй.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Э.Шагдарсүрэн: Стартап экосистемийн олон тулгуур баганыг зэрэг босгох гэж оролдож байгаагаараа онцлог болов уу. Бид хажуудаа бодит хөрөнгө оруулалтын сантай, мөн энжил хөрөнгө оруулагчдын платформыг бий болгохыг зорьж байна. Бид сангаараа дамжуулах 3D Robotics гэх стартап хөрөнгө оруулаад байгаа. Одоо тэд манай Makers' Space-д байрлан бизнесээ хөгжүүлж байна. Яваандаа манайд элссэн бусад стартапуудад бүтээгдэхүүнийхээ жишээ загварыг 3D-гээр хэвлэхэд нь туслалцаа үзүүлэх юм.

Мөн "1981" хэмээх хурдасгуур хөтөлбөрийг эхлүүлэх гэж байна. Бид гадны компанитай хамтран ажиллаж, хөтөлбөрийг нь Монголд нутагшуулахаар болсон. Ингэж бид өөрсдийн хэмжээнд экосистемийг цогцоор нь бүрдүүлэхээр шийдэхээр хичээж байна. Бүртгэл нь энэ ондоо багтаж хийгдэх байх.

Д.Дүгэрдорж: Мөн мэдээллийн технологийн, оюуны өмчийн, хуулийн, дизайны зэрэг сургалтууд явагддаг. Инновацийн дэлгүүрийг бий болгохоор бас ажиллаж байна. БСШУЯ-тай хамтран монгол эрдэмтдийн бүтээсэн инновацийн бүтээлүүдийг дэлгэн тавина. Боломжтой бол хөрөнгө оруулалт ч хийнэ. Мөн инновацийн бүтээгдэхүүний нээлтийг нэгдсэн стандартаар хийдэг болох санаа байгаа.

Мөн инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах маркетинг, хөрөнгө оруулалт, хөрөнгө зуучлалын тал дээр Шинжлэх Ухаан, Технологийн Сантай хамтран, ажиллаж байгаа.

Үнийн хувьд бид судалгаа хийж үзээд, гишүүнчлэлийн байж болох хамгийн хямд, уян хатан үнийг санал болгож байна. Ганцаараа суувал сарын 200 мянга, 2-3 хүнтэй компани хүний 180, 4-ээс бол 150 мянга байх болно. Гишүүнчлэлийн хураамжаа төлөөд л уулзалтын өрөө, гал тогоо гэх мэт бүх боломжууд үнэгүй. Одоо байгаа 10-аад компанидаа бид мөн зарим байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа. Gold's Gym, Selenge Press, Basic Design, Forward Solution гэх мэт байгууллагуудад. Дундын оффис маань 60, арга хэмжээ хийвэл 100-120, сургалтын өрөө 20-40 хүний багтаамжтай.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Э.Шагдарсүрэн: Бид дэлхийд өрсөлдөх боломжтой хэд хэдэн стартапыг төрүүлэх хэтийн зорилготой. Мөн венч хөрөнгө оруулалтын санг ном ёсоор нь явуулахыг зорино. Венч хөрөнгө оруулалтыг хөгжүүлснээр компаниуд наад зах нь өөрсдийн үнэлгээг мэдэх боломжтой болно. Манай стартап экосистемийн санхүүжилтийн хэсэг нь нэлээд хол хоцорсон байдалтай яваа.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Д.Дүгэрдорж: Тав тухай орчин, цогц үйлчилгээ, нэмүү үнэ цэн зэрэг бол манай үнэт зүйлс.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ? 

Э. Ганбагана: Би өнгөрөгч 4-р сард "Хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага" нэртэй форум зохион байгуулж төвийнхөө албан бус нээлтийг хийсэн хийсэн. Саяхан Hack UB гээд хакатоныг амжилттай зохион байгууллаа. Энэ 9-р сарын дундуур албан ёсны нээлтээ хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна.

Мөн төрөл бүрийн эвентийг зохион байгуулж байна. Баасан гараг бүр стартапууд бизнес найраа буюу pitch хийх арга хэмжээ болдог. Мөн Startup Roadmap гэх цуврал арга хэмжээг эхлүүлсэн. Үндсэн зорилго нь гарааны бизнесүүдэд амжилтад хүрэх зураглалыг бий болгох. Эхний удаад "Үнэт цаасны бирж"-ийн гүйцэтгэх захирал Даваасамбууг урьж хэрхэн IPO хийх талаар яриа хийлгэсэн. Манай "Үнэт цаасны бирж"-тэй нягт хамтын ажиллагаатай. Монголд IPO хийхэд шалгуур нь маш өндөр байдаг, түүнийг компаниуддаа хялбарчилж өгөхийн төлөө явна.

Мөн Angelinvestor.mn платформыг бий болгохоор ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Д.Дүгэрдорж: Гарааны бизнесийн орчныг сайжруулахаар ажиллаж байгаадаа баяртай байдаг. Өөрсдөдөө болон бусад компаниудад бид олон сайхан боломжийг үүсгэх болно.

Өөрсдөө бид бас стартап тул сурах юм ихтэй. Гэхдээ гадаад дотоод менторуудтай болж байгаа тул зөвлөлдөөд, суралцаад явж байна. Төвийнхөө ажлыг жигдрүүлнэ гэдэг маш том ажил.

Хэдийгээр монголчууд дундын оффис буюу задгай талбайд сууж сайн дадаагүй ч олон дундын оффис нээгдэж байгаатай холбоотойгоор энэ соёл хурдан хөгжиж нэвтрэх байх. Шинээр нээгдэж буй газруудын тархалт нь ч яг сайхан таарч байх шиг байна. Манайх Хан-Уул, Баянзүрх талдаа илүү ойр байгаа юм.

ТАНАЙ ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН/ҮЙЛЧИЛГЭЭ ЮУ ВЭ?

Э.Шагдарсүрэн: Дундын оффисын талаар, үнийн талаар их асууж байна. Бас 3D хэвлэлийг дурдаж болно.

Гэрэл зургийг Д.Ганзул

24276   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.