Мэдүүштэй

Шинэ жилийн зорилт тавихдаа юуг анхаарах вэ? + Алдартай хүмүүсийн 2017 оны зорилтууд

01 сарын 05, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


39124   4




Шинэ оны эхний 7 хоног үргэлжилж байна. Ихэнх хүмүүс 2017 онд ингэнэ, тэгнэ гэсэн зорилтуудаа тавьсан, тавьж байгаа байх. Буруу зуршлаа хаяж зөв дадалтай болно, хүмүүстэй харилцах харилцаандаа ахиц гаргана, бие хаагаа гоё сайхан болгоно, тушаал дэвшинэ гээд бид оны эхэнд төрөл бүрийн л зорилт тавьдаг. Шинэ оны зорилт үр дүнгүй байдаг хэмээн тоодоггүй хүмүүс ч бий. Уг нь хүн бүр шинэ жилийн зорилт тавиад, түүндээ хүрэх гэж хичээж тэмүүлдэг, хэрэгжүүлж биелүүлдэг бол бүх юм сайхан болж, бүгд жаргалтай амьдрах сан. Гэвч шинэ жилийн зорилт тавьсан хүмүүсийн 88 хувь нь түүндээ бүрэн хүрч чаддаггүй гэх судалгааны гашуун үр дүн бий.

Тийм ч учраас өнөөдөр бид шинэ зорилтыг хэрхэн тавих, хэрхэн ажил хэрэг болгох тухай зарим зөвлөгөөг бэлдэж, мөн жишээ болгон алдартай хүмүүсийн энэ оны зорилтуудаас хуваалцаж байна.

ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛТ ТАВИХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

1. Олон зорилт тавих хэрэггүй. Тэртэй тэргүй танд хийхийг хүсэж байгаа зүйл олон байгаа нь тодорхой. Та тэдгээрийг хийх л ёстой. Харин "Шинэ жилийн зорилт" гэх сүржин нэрийн дор бүгдийг нь оруулчихвал өөрөө тэрэндээ түүртэж, аль ч үгүй хоцорно. Тиймээс хийхийг хүсэж буй хамгийн чухал зүйлээ л энд "тунхаглаарай". Нэг л туулайг нэлээн сайн хөөж байгаад бариад ав!

2. Хэт ерөнхий, хэмжиж болшгүй зорилт бүү тавь. "Жингээ хасах" гээд л биччихвэл тун бүдэг бадаг, тэгээд ч сонирхолгүй. Харин нэг сард 1 кг турж, жилд 12 кг хасъя гэвэл өөр хэрэг шүү. Эрчүүд зорилт тавихдаа хэмжиж болохуйц байдлаар тавибал хэрэгжүүлэх магадлал нь 22 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бас үнэхээр хүршгүй, хэтэрхий өндөр зорилт тавих нь хэрэгжүүлэх магадлалыг эрс бууруулдгийг сануулахад илүүц биз ээ.

3. Зорилтоо бусадтай хуваалц. "Хүн нэрээ, тогосоо өдөө" гэдэг дээ. Үүнийг ашиглах хэрэгтэй. Би энэ жил ингэнэ, тэгнэ гэж хүмүүст ярьсныхаа дараа хүмүүс худлаа хэлэхгүйн тулд, хэлснээсээ буцахгүйн тулд хичээж л таардаг. Жүжигчин Амараа манай ярилцлагад орохдоо "Би хийх гэж байгаа юмаа байнга хүмүүст ярьж явдаг. Хүмүүс хэрэгтэй санаа оноо их хэлдэг юм. Хэрвээ ярьсан зүйл маань бүтэхгүй бол бүтэхгүй л байг" гэж шулуухан хэлснийг бас санаарай. Зорилтоо хүмүүст ярьж явахад ядаж л өөрт хэрэгтэй зүйлсийг олж сонсоно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Нэг сонирхолтой судалгаа дурдахад, эмэгтэйчүүд зорилтоо бусдад хэлж, найзуудаасаа тусламж авсан тохиолдолд хэрэгжүүлэх магадлал нь 10 хувиар нэмэгддэг байна. (Гэхдээ юу хийхээ өөртөө хадгалах дуртай хүмүүсийг мэдээж буруутгахгүй.)

4. Хий, үйлд. Тим Феррис саяхан "Business Insider"-т зорилт тавих талаар ярихдаа, эртний Грекийн яруу найрагч Архилохын дараах үгийг дурдсан байна лээ: "Бид хүлээлтийн түвшин рүүгээ өгсдөггүй, харин бэлтгэлжилтийн түвшин рүүгээ унадаг."

Үнэхээр ч өндөр амжилтанд хүрсэн хүмүүс олон цагийн дасгал сургуулилтын хүчинд ур чадвар, дотоод мэдрэмжээ хөгжүүлсэн байдаг билээ. Үүнийг шинэ жилийн зорилттой холбовол, та ганцхан өөдрөг үзлээр нэг жилийн дотор марафонд гүйдэг болчихгүй. Үүний тулд амьдралдаа золиосоо гаргаж, олон сар өдөр олон арван км гүйх ёстойг санах хэрэгтэй юм. Тэгэхээр шинэ жилийн зорилтын хамгийн чухал хэсэг нь ерөөсөө л ХИЙХ, ҮЙЛДЭХ явдал бөлгөө.

Марк Зукерберг, Facebook-ийг үүсгэн байгуулагч

30 мужаар аялах

Шинэ жилийн зорилт тавьж, хэрэгжүүлдэг алдартай хүмүүсийн хамгийн сайн жишээ бол Фэйсбүүкийн босс. Тэрээр сүүлийн жилүүдэд шинэ оны зорилтоо өөрийн фэйсбүүк хуудсаар зарлаж, жилийн турш хэрхэн биелүүлж яваагаа мэдээлдэг болсон. 2016 оны түүний зорилт 25 ном унших байсан. Үүний өмнөх жилүүдэд 365 бээр гүйх, гэртээ зориулан энгийн хиймэл оюун хөгжүүлэх, хятад хэл сурах зэрэг зорилтуудыг тавьж байв. Энэ жилийн зорилтынхоо тухай бичихдээ тэр "Хорвоо ертөнцийн хүмүүсийг холбож, хүн бүхэнд дуу хоолойгоо сонсгох боломжийг өгөх нь миний ажил. Тиймээс би энэ жил олон хүнтэй нүүр тулан уулзаж, санаа бодлыг нь сонсмоор байна. Би эхнэртэйгээ хамт авто аялал хийж, жижиг хот, тосгодоор зочилж, их сургуулиуд болон фэйсбүүкийн оффисуудаар орж, багш нар, эрдэмтэдтэй уулзаж, тэгэх замдаа бас хөгжилтэй газруудаар ормоор байна" гэжээ. Улмаар тэр "A Year of Travel" хэмээх дуудлагыг (challenge) эхлүүлэн, фэйсбүүк хэрэглэгчдийг сард 1 шинэ газар буюу жилд 12 шинэ газар очиж үзэхийг уриалж, https://www.facebook.com/groups/YearofTravel/ гэх группийг үүсгэжээ.

Стэпэн Кауфер, TripAdvisor-ийн гүйцэтгэх захирал CEO

Цагаачдад туслах

"Би энэ жил TripAdvisor брэндийн хүч, нэр нөлөөг ашиглан Ойрх Дорнод, Африк, Европт буй цагаачдад туслахыг хүсэж байна. Бид Mercy Corps, The International Rescue Committee зэрэг байгууллагад тусалдаг ч би үүнд сэтгэл ханалгүй, аяллын салбар дахь бусад тоглогчдыг, дэлхий нийтийг цагаач иргэдийг мэдээлэлтэй болоход нь, боловсрол эзэмшихэд нь, дахин суурьшихад нь туслахыг уриалж байна. Цагаачлалын асуудал бол манай энэ эрин үеийн хамгийн тулгамдсан, шийдэх ёстой асуудал. Олон жилийн дараа би үр ачдаа "би бусадтай нийлж, тэдгээр хүмүүст жаахан ч гэсэн тусалсан шүү" гэж хэлмээр байна."

Стефани Марч, жүжигчин, филантропич, Rouge New York  нүүр будалтын салоныг үүсгэн байгуулагч

Ном бичих

"Би 2017 онд ном бичнэ. Шинэ жилийн зорилтоо ил тод хэлж байгаа учир гэвэл энэ зүйл яг л марафонд гүйхтэй ижил. Хэрвээ олон хүнд хэлбэл чи ямар нэг байдлаар хийх л ёстой болно. Найзууд маань энэ аргыг надад олон жил хэлж зөвлөж байсан. Харин би одоо л ашиглах гэж байна. Ямар нэг эрсдэл хийхгүй л бол хүсүүштэй зүйлээ олж авахгүй шүү дээ."

Нэйл Вогел, About.com-ийн гүйцэтгэх захирал

Гитар тоглож сурах

"3 настай хүү маань гитаранд үнэхээр дуртай. Тиймээс би энэ жил гитар боломжийн тоглож сурах зорилт тавьсан. Гитар л тоглож чадвал би хүүгийнгээ нөгөө нэг шүтээн болох "Хүн аалз"-тай эн зэрэгцэх байх.

Дэбби Стерлинг, GoldieBlox-ийн гүйцэтгэх захирал

STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сонирхдог залуу эмэгтэйчүүдэд ментор болох

"2017 онд би STEM болон энтрепренершипд сонирхолтой залуу эмэгтэйчүүдэд зааж зөвлөхөд илүү цаг гаргахыг хүсэж байна. Эргэн тойрондоо тусламжийн гар сунгах ч завгүй байна гэх мэдрэмжид урхидуулахад амархан байдаг. Яахав, илүү амжилт гаргах тусам илүү завгүй болдог нь үнэн л дээ. Тийм л учраас өөрт чухал зүйлсийг хийхэд санаачилгаараа цаг гаргах ёстой".

Бетенни Франкел, Skinnygirl-ийн үүсгэн байгуулагч 

Өдөр бүр хийх ёстойгоо хамгийн сайнаараа хийх

"Зорилтууд хүршгүй бодитой бус байх албагүй. Өдөр бүр хийж байгаа юмаа хамгийн сайнаараа хийхийг хичээ. Чадах юмаа чадах үедээ хий гэсэн зорилтыг өөртөө тавилаа."

Aлекса вон Тобел, LearnVest-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 'Financially Fearless' номын зохиогч

Охиноо арвич хямгач болгох

"Санхүүтэй холбоотой шинэ жилийн зорилт бол байнга хянах ёстой үйл явц байдаг. Тиймээс би жилийн турш үе үе үр дүнгээ нягталж, шаардлагатай бол зорилтоо шинэчилдэг. Харин 2017 оны хувьд би санхүүтэй холбоотой гурван зорилт тавьсан. Юуны түрүүнд би охиныхоо санхүүгийн боловсролд анхаарал хандуулна. Тэр энэ 3-р сард 2 нас хүрэх хэдий ч мөнгөний үнэ цэнийг ойлгуулахад эртэднэ гэж байхгүй. Мөнгөө хэмнэхийг зааж өгөхийг тулд нөхөр бид хоёр охиндоо 6 өөр мөнгөний гахай өгсөн. Бүгд өөр өөрийн зорилготой. Жишээ нь нэг нь коллежийн төлбөр, нөгөө нь түүний авахыг хүсэж байгаа дугуйнд зориулагдана гэх мэт. Хоёрт, нөхөр бид хоёр охиныхоо ирээдүйг санхүүгийн хувьд ямар байлгах талаар нухацтайгаар бодох зорилт тавьсан. Сүүлийнх нь өөрийн санхүүг сайн авч явах. Энэ бол байнгын анхаарал шаардсан зүйл."

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.