Би хэрхэн ажилладаг вэ?

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Жүжигчин Б.Амарсайхан

11 сарын 30, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


57582   11




11-р сарын 19-нд зохион байгуулсан Unplug 2016 арга хэмжээний үеэр зарлагдсан олон олон сюрпризуудын нэг нь манай сайтын хамгийн их уншигчтай булан "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага олон нийтийн арга хэмжээ хэлбэрээр сар бүр зохиогдох болсон нь байсан юм. Бид тус эвентийн үеэр хамгийн эхний шууд ярилцлагаа зохион байгуулж, зочноор нь Холливудад хөл тавьсан монголын анхны жүжигчдийн нэг, монголын кино ертөнцийг өнгийг тодорхойлж буй авьяаслаг жүжигчин  Б.Амарсайханыг урьсан билээ. Түүний илэн далангуй, нээлттэй бас өөрөөрөө байж чадсан энэхүү ярилцлага танхимд цугларсан 500 гаруй залуусын анхаарлыг бүтэн цагийн турш өөртөө татаж чадсаныг энд онцолъё. Түүний хэрхэн ажилладаг тухай та эндээс уншиж, түүнийг илүү өөр өнцгөөс, илүү өөрөөр нээнэ гэдэгт итгэлтэй байна. 

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: Жүжигчин, продюсер, IFI продакшн
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Дасан зохицох
Хэрэглэдэг гар утас: iPhone SE
Хэрэглэдэг компьютер: Macbook Air, iPad
Сошиал хуудсууд: Amra Baljinnyam /фэйсбүүк хуудас/

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Төвлөрөл миний хувьд их чухал. Маш сайн төвлөрөхгүй бол урдаа байгаа гэрэл, камер, эргэн тойронд байгаа найруулагч, уран бүтээлчээс өөрийгөө "тасалж" чадахгүй. Кинонд уйлах, нүцгэлэх, зодолдох гээд олон төвөгтэй үзэгдлүүд гардаг.

Бас цагийн тогтсон хуваарьгүй гэж хэлж болно. Киноны ажилд орчихсон бол өдөржин, шөнөжин зууралдахаас өөр аргагүй. Гэхдээ би зуныг гэр бүлдээ, намрыг өөртөө бүрэн зориулаад дадчихсан.

Миний ажил сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж хийгддэг. Би сэтгэл зүрхээ илүү дагаж, түүн рүүгээ тэмүүлж уран бүтээлээ хийдэг. "Өөрийнхөө ажилд итгэдэггүй менежерийг шууд хал, өөрийнхөө ялалтанд итгэлгүй байгаа жанжинг шууд бууд" гэдэг шиг би хийж байгаа зүйлээ бүрэн мэдэрч, түүндээ гүн орж ажилладаг.

Хүмүүстэй их дасан зохицож, амархан ойлголцохыг жүжигчний мэргэжил биднээс шаарддаг. Кино бол нэг талаасаа урлаг, нөгөө талаасаа бизнес төсөл юм. Бид төсөлд оролцож буй бүх хүмүүстэй маш хурдан ойлголцож, хамтран ажиллаж байж л үр дүн нэхэх хэрэг гарна. Би хэзээ ч нэг юмаа давтаж хийдэггүй, нэг дүрийг давтаж тоглодоггүй. Тийм учир маш хурдан орчиндоо дасах шаардлагатай байдаг юм.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшн, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?

Фэйсбүүкийг их идэвхтэй ашиглана, тэндээс онцлох мэдээллүүдийг түүгээд уншчихдаг. Твиттерээр хааяа нэг шагайж, "дээгүүр" юу болж байгааг харж, "хэрүүл" сонсоно. Бусдаар бол гар утсыг мессеж бичиж, утсаар ярихад л ашигладаг. Компьютер дээр ч төдийлэн програм ашиглах хэрэг гардаггүй, гэхдээ Call of Duty-г бол "хашраана" шүү.

Ажил дээр бол самбар, маркертай их харьцаж ажилладаг. Багийнхантайгаа санаа солилцох, тэмдэглэл хийхэд хэрэг болдог юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Миний мэргэжил энэ тал дээр хамгийн сонирхолтой. Би ямар дүрд тоглож байна, түүнээс хамаарч ажлын орчин маань байнга өөрчлөгдөж байдаг. "Бодлын Хулгайч" дээр миний оффис шорон байлаа. "Итгэл" дээр бол эмнэлэг байлаа. Хэзээ ч нэг янзаараа байдаггүй, байнга солигддог гэсэн үг. Тоглож байгаа дүр минь дурлалт залуу бол оффис минь магадгүй гудамжинд сарны гэрэлд л байх биз.


Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Элдэв хэв маягт баригдахгүй байх нь цаг хэмнэх хамгийн гол арга гэж боддог. Өглөө босоод үсээ хэвэнд оруулах гээд зогсоод байвал эсвэл хэт загвар хөөж хувцаслах гэх нь цагийг их үрээд байх шиг санагддаг. Эхнэр маань нэг удаа найзууддаа ярьж байхыг сонссон юм. Анх танилцсан үедээ хэдэн өдөр дараалж нэг л хувцастайгаа л яваад байсан гэнэ. Долоо хоносон ч хувцсаа солихгүй байхаар нь их гайхдаг байж. Тэгээд хожим нэг гэрт ороод анзаарсан чинь тэр хувцаснаасаа гурав, гурвыг аваад тавьчихсан байсан гэдэг. Би үнэхээр биед эвтэйхэн, өөрт таалагдсан хувцаснаасаа хэд хэдийг авчихдаг юм. Өнөөдрийн энэ түгжрээтэй, хамаг цагаа замын түгжрэлд үрж байгаа ийм үед өглөө аль болох эрт гарах нь их чухал. Гялс гарахад өмсөх хувцсандаа санаа зовохгүй байгаа нь их нөлөөлж байгаа гэж боддог шүү. /инээв/

Гэхдээ ер нь залхуурахгүй л бол цагийг хэмнэж болно л доо.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

iPhone-ий Notes дээр жагсаалт маягаар хөтлөөд, дараа нь мартахгүй тулд сануулга-сэрүүлэг тавьдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би маш сайн гэр цэвэрлэдэг. Даанч "мянган" жилд л нэг удаа цэвэрлэх юм. Гэхдээ нэг цэвэрлэвэл үнэхээр сайн цэвэрлэнэ шүү /инээв/

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

"Амьдралдаа 2 зүйлийг л зөв олчих юм бол болдог" гэж үгийг би хаа нэгтээгээс харж байсан юм. Мэргэжлээ зөв сонгож, ханиа зөв сонгохыг хэлсэн хэрэг л дээ. Би үнэхээр өөрийгөө энэ 2 зүйлээ олсон гэж боддог. Хүн авьяастай, дуртай юмандаа илүү амжилт олдог юм шиг санагддаг. Дуртай юмаа хийж амьдарна гэдэг өөрөө аз жаргал шүү дээ. Би дуртай ажлаа хийж, сайхан амьдарч байна. Та бүхэнтэй ингээд ярилцаад сууна гэдэг хэн хүнд тохиохгүй боломж шүү дээ.

Нөгөө талаараа өмнөх дүрүүдээсээ илүү гарч, илүү ажиллахгүй бол урлагийн салбар чамайг шууд л хаяж чадна. Урлаг гэдэг ямар ч арын хаалгагүй салбар. Тайзан дээр үнэхээр л муу байвал үзэгчид чам руу лааз, чулуугаа шидэж эхэлнэ. Их шударга салбар. Авьяас чадвар хүнийг оргил дээр гаргадаг ч зан чанар тэнд удаан тогтоодог. Тэнд удаан байхыг хүсвэл авьяас чадвараас гадна хүн чанар хэрэгтэй. Өөрийгөө таньж, өөрийнхөө мөн чанарыг ойлгох нь хүн бүрт чухал.

"Марко Поло" кинонд та дэлхийн түвшний жүжигчидтэй тоглосон. Гадаад хэл дээр жүжиглэх ямар байсан бэ? 

Би гадаад дотоодын 15,16 кинонд тоглосноос хамгийн хэцүү нь "Марко Поло" байсан. Би үнэхээр хамаг юмаа шавхаж, их хичээсэн. Олон улсын төсөлд оролцож, Холливудын кинонд Монголоос анх удаа тоглосон гээд л хүн бүр баяр хүргэх нь их хариуцлага ноогдож байгааг мэдрүүлж байлаа.

Киноны салбарт ажиллаж байгаа бидний хувьд хэлний асуудал их чухал. Монголын энэ "жижиг" зах зээлд кино хийнэ гэдэг их хэцүү. Жилд 30, 40-өөрөө гарч байгаа монгол кинонуудаас гадна америк, солонгосын киночидтой өрсөлдөнө. Дээрээс нь цөөхөн кино театр, цөөхөн кино үзэх цаг байна. Тийм учир бид хичээж байгаад гадагшаа л чиглэх хэрэгтэй. Гэхдээ тэгэхийн тулд наад зах нь хэлээ төгс байлгах шаардлагатай байна.

Миний хувьд тэнд очоод хаана ч явсан зохиолоо уншиж, дуудлага засалтын багштайгаа ажиллаж байлаа. Би анх англи хэлийг сурахдаа шинэ үгсээ тэмдэглэж, ханан дээрээ нааж цээжилдэг байсан юм. Тэрийгээ ч зуршил болгоод тэнд очоод мөн ч их үгс ханан дээрээ наасан даа. "Марко Поло"-г бүтээгч Жон Фуско намайг монгол аксентаар ярихыг зөвшөөрсөн. Монголчуудын тухай кинон дээр бидний онцлогыг илэрхийлэх тэр дуудлага, хэлийг оруулахыг хүссэн хэрэг л дээ. Тийм учир "монголиш"-оор ярьсан анхны кино байсан байж мэднэ. Би бас барууныханд хэчнээн орчуулж өгөөд ч ойлгож хүлээж авахааргүй "айраг", "борц" гэх мэт зарим үсгийг шууд монголоор ярьсан.

Текстүүдийг сайхан цээжлээд ярьчихаж болно л доо. Гэхдээ амьд харилцаа, жүжигчид хоорондын өгөлт авалт гэдэг зүйл тэр үед алдагдчихдаг юм. Тийм учир зөвхөн өөрийнхөө үгийг цээжлэхээс гадна нөгөө хүнээ энэ тохиолдолд яагаад энэ үгийг хэлж, ийм үйлдэл гаргах болов гэдгийг ойлгож, мэдэх хэрэгтэй байлаа. Ингэхийн тулд бүтэн зохиолыг уншиж, орчуулж ажилласан.

Энэ далимд, "Марко Поло" хэрхэн бүтсэн тухай нэгэн сонирхол түүх дурьдая. Ж.Фуско 8,9 жилийн өмнө Монголоор аялж явах үедээ хувьдаа аяллын компани ажиллуулдаг Бямбаа гэдэг залуутай танилцаж л дээ. Гэтэл өнөөх Бямбаа нь үнэнхүү гайхамшигтай англи хэлтэй нэгэн байж. Тэр л Фускод "Монголын Нууц Товчоо"-ны тухай ярьж өгөн, кино бүтээх сэдэл өгсөн гэдэг. Фуско түүнээс хойш зохиолоо бичиж, хөрөнгө оруулалт босгосоор Нетфликстэй хамтарсан хэрэг. Бямбаа гэж тэр залуу энэ кинонд "соёлын зөвлөх" гэж статустайгаар оролцсон юм. Фуско түүнд талархлаа илэрхийлж киноныхоо нэгэн дүрийг түүний нэрээр нэрлэсэн байдаг. Аливаа юм их л энгийнээс эхэлдэг гэдэг энэ л дээ. Энэ том төсөл энгийн нэгэн хөтөч залуугаас л эхлэсэн байна шүү дээ.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?


Энэ онд би "Үргээлэг 2", "Итгэл" гэж 2 кино хийж, үзэгчдэдээ хүргэлээ. Хамгийн сүүлд гаргасан "Итгэл" киноныхоо ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна. Бид саяхан 51 орон оролцсон "Азийн дэлхийн кино фестиваль"-д оролцож, хамгийн гол 6 шагналын нэг болох "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг аваад ирлээ. Ийм том наадмаас ингэж үнэлэгдсэн нь их сайхан санагдаж байна.

Би их удаан хугацаанд монгол эр хүний тухай кино хийе гэж боддог байсан юм. Орчин цагийн монгол эр хүн гэж хэнийг хэлэх юм бэ? Энэ асуултанд хариулах гэж их удаан бодсон. Нэгэн мэргэн хүнтэй таарч, үг сольж байх зуур, "Чамайг энэ хорвоогоос явахын цагт юутай байсныг чинь биш, хэн байсныг чинь л дурсдаг юм шүү дээ" гэж хэлэхийг нь сонссон минь энэ зохиолын гол дэвсгэр болсон.

Энэ бүтээлээ би өнгөрсөн жил 30хан насандаа өнгөрсөн дүүдээ зориулж хийсэн. Тэр минь 20 гаруй жил бөөрний дутагдал гэдэг өвчнөөр шаналж байсан юм. Бид хэрэндээ л асарч тойлж байсан ч өвчнийг нь дийлж чадаагүй. Өнгөрснийх нь дараа л тэр хүний хувьд нэг өдөр амьд үлдэх гэж ямар их тэмцдэг байсан, нэг өдөр, нэг хором ямар үнэ цэнтэй байсныг нь ойлгож, ухаарч, өшөө илүү сайн тусалдаг байж дээ гэж өр минь эмтэрч байна. Түүний үхэл амьдралын зааг дээр тэмцэж байсан тэмцлийг харуулахыг зорьсон.

Түүнээс гадна нийгмийн өмнө хүлээсэн уран бүтээлч хүний үүрэг гэж нэг юм байна. Би "Бодлын хулгайч" кинонд тоглосноосоо хойш "чанаргүй" уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж болохгүй гэдгийг ойлгосон. Хэлэх санаатай, бодуулах юмтай уран бүтээл туурвиж, нийгмийнхээ хонх дохио нь, залуучуудынхаа урам зориг болохыг эрмэлзэх болсон. Тийм ч учраас энэ кинондоо даргын цүнх барьж, ул долоож, албан тушаал авдаг нийгмийн бүтэн давхарга үүсч байгааг шүүмжилсэн.

Би төлөвлөсөн ажлуудаа хүн бүхэнд ярьж, хуваалцаж явах дуртай. Зарим хүмүүс бүтэхээ больчихно, бүтсэнийхээ дараа хэлнэ гээд янз бүр л байдаг. Миний хувьд бүтэхгүй бол бүтэхгүй л байна биз дээ. Би хүмүүстэй санаа бодлоо хуваалцаж, ярилцсанаараа тэднээс ч гэсэн асар их зөвлөгөө, санаа цуглуулж, тэр бүр дээр суралцаж байдаг. Би хийж байгаа ажилдаа аль болох олон хүнийг татан оролцуулахыг хүсдэг. Кино бүрээрээ шинэ уран бүтээлчдийг гаргаж ирж эсвэл өмнөх үеийнхээ жүжигчидтэй аль болох ажиллахыг хичээдэг. Жишээ нь, "Итгэл" кинонд хөгжмийн зохиолч Окигоос бусадтай нь анх удаа ажиллаж байна. Манай найруулагчийн анхны кино, бас зураглаачийн анхны кино, мөн гол дүрийн эмэгтэй жүжигчний маань бас анхны кино байлаа.

Дараагийн төсөл гэвэл бид "Бодлын Хулгайч" киногоо ахин хийхээр төлөвлөж байна. Бодит хүний амьдралын түүхээс бүтсэн энэ кино өмнөх ангидаа тэр шуугиант түүхийн хамгийн гол хэсгийг нь багтааж чадалгүй орхичихсон юм. Гэхдээ энэ киногоо гадны зах зээлд зориулж хийхийг хүсч байна даа.

Та ямар төрлийн хөгжим сонсдог вэ? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Би өөрийгөө хөгжмийн мэдрэмжтэй гэж боддог. Би хөгжим сонсоод, хөгжмийг мэдэрч, үйл явдал өгүүлэмжийг зохиож, дүрслэн харах дуртай. Уран бүтээлчдийн хувьд, би Элвис Пресли, Кенни Рожерсийн улаан фен шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би маш их уншдаг, унших дуртай. Уран зохиолын бас түүхийн номууд унших дуртай. Хамгийн сүүлд "Тагтаа Паблишинг"-аас эрхлэн гаргасан Оскарын шагналт алдарт найруулагч Ф.Феллинигийн амьдралын түүхийг өгүүлсэн номыг уншлаа. "Агуу бүхэн энгийнээс эхэлдэг" гэдгийг тэндээс ойлгосон. Миний дутагдал үргэлж өөрийгөө голдог. Харин энэ ном миний бодлыг жаахан ч гэсэн өөрчилж өгсөн.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би маш нээлттэй хүн. Бүр нээлттэйгийн нээлттэй хүн. Би сурсан мэдсэн бүхнээ хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Би Холливудад очоод өшөө олон монгол хүн энэ орчныг мэдрээсэй гэж л хүсч суусан. Би маш их хичээсэн. Тиймдээ ч"Марко Поло"-ийн 2-р улиралд манай Ц.Цэрэнболдоос эхлээд 100-аад монгол жүжигчин оролцон тоглосон.

Миний хувьд нээлттэй байна гэдэг өөрөөрөө байхыг хэлж байгаа гэж би ойлгодог. Би хэний ч өмнө дүр эсгэдэггүй, бүх нөхцөлд өөрийнхөөрөө байж чаддаг. Айж байвал айснаа хэлж, чадахгүй бол чадахгүйгээ хэлж чаддаг. Өөрөөсөө өөр байна гэдэг өөрийгөө алж байгаагийн шинж. Өөрөөсөө өөр байх гэж ""баг" зүүж байгаа хүмүүс бишгүй л байна. Тэгэх ямар хэрэгтэй ч байдаг юм бэ дээ.

Би их итгэмтгий хүн. Би хамтрагчаа, найз нөхдөө, бусдыг хүндэлж, хайрлаж, итгэх Бас хэнтэй ч өрсөлддөггүй. Би хэн нэгэнтэй өрсөлдөөд л, тэрнээсээ илүү болох гэж зүтгээд байвал тэр өрсөлдөгчийнхөө хэмжээнд л үлдэнэ. Өрсөлдөөн надад "намаг" шиг санагддаг. Надад ямар хүч чадал, авьяас чадвар байгаа юм бэ, би хэн юм бэ, би өөрийнхөө хамгийн сайнаар хийвэл хаа хүрч чадах юм бэ гэдэг асуултанд хариулж үз.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Уулнаас л олох байх даа. Би чөлөөт цагаараа ан гөрөө хийдэг. Уулын анчин, замын анчин гэж 2 янз байдаг гэдэг. Харсан амьтнаа бууддаг, автомат буугаар шүршдэг, машинаар дайрдаг замын анчид их бий. Харин би бол морио унаад 2 сараар ч хамаагүй уулаар явдаг уулын анчин гэж өөрийгөө бардам хэлж чадна.

Хэдий би хотод төрж өссөн ч өвлийн хүйтнээр ууланд морьтой явах дуртай. Сая 3 хоногийн өмнө л ирлээ. Би энийгээ хобби гэж хэлэхгүй, харин миний амьдралын хэв маяг гэж хэлнэ. Би ууланд морио унаж, хоолтой, хоолгүй, явган нүцгэн, халуунд халж, хүйтэнд хөрч тэсч үлдэх тэр мэдрэмжээр өөрийгөө монгол хүн гэдгээ, эр хүн гэдгээ мэдэрдэг. Энэ нүүдэлчин хэв маягаараа би бахархдаг.

Би "төмөр өргөх", зааланд цаг өнгөрөөх дуртай. Боксоор хичээллэдэг байсан. Гэхдээ мэргэжил минь намайг үргэлж өөрчлөгдөж байхыг шаарддаг юм. "Марко Поло"-д тоглохдоо би 94 кг болсон. Харин "Итгэл" кинонд 77 кг-тай байлаа. Тиймээс надад тоглох дүрдээ тохируулан турж, таргалахад бэлэн байж, биеэ яг л "баримлын шавар" шиг байлгах ёстой мэт санагддаг.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Залуучууддаа, өнөөдрөөрөө амьдраарай гэж хэлмээр байна. Өнөөдөр гэдэг ямар үнэтэй цаг хугацаа вэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр гэдэг бол өчигдөр ч биш, ирээдүй ч биш, хэзээ ч чамд ахиж олдохгүй үнэт цаг хугацаа. Өөрийгөө таньж мэд, хэнтэй ч битгий өрсөлд, өөрөөрөө бай. Өөрийгөө олчихвол бусдыг таних маш амархан байдаг юм билээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Би бүх юмнаас урам зориг, эрч хүч авч чаддаг. Энд суугаад залуустай ярилцахдаа хүртэл асар их энерги авч байна. Гоё дуу сонсох, сайхан ярилцлага унших, хүүхдүүдийнхээ тоглохыг харах, эхнэрийнхээ амттай хоолыг идэх гээд ямар ч юмнаас, жижиг зүйл бүрээс ч би эрч хүч авч, сорж амьдарч чаддаг хүн.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Оюутан байхад багш маань энэ үгийг хэлсэн юм. "Амарсайхаан, чи битгий сайн тоглоё гэж бод. Үнэн амьдар, үнэн тогло, үнэн бай" гэж хэлсэн. Энэ үг бараг жүжигчин бүрт хамаатай байх. Би үнэн амьдарч байж, би үнэн уйлж, үнэн харж байж үзэгчид бидэнд итгэнэ. Би амьдрал дээр ч гэсэн өөрөөрөө, худал хуурмагагүй, үнэн байж чадаж байвал миний амьдрал утга учиртай байна гэсэн үг юм даа.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Би "Аравт", "Үргээлэг" кинонуудад хамтран ажиллаж байсан С.Ариунбямба гэж жүжигчнийг их хүндэлж явдаг юм. Бид нэг багшийн шавь нар. Одоо цагт их ховордсон уран бүтээлч гэж би боддог. Түүний дүр дээр ажиллах ажиллагаанаас суралцах зүйл их. Ер нь жүжигчний ажил гэдэг бол хүн судлал юм.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.