Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 29, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа

Өнөөдрийн зочинтойгоо хамгийн анх танилцсан минь 8 жилийн өмнөх Бээжингийн олимпийн наадам байлаа. Өмнө нь зөвхөн зурагтаар л тайлбарыг нь сонсож, талбай дээр тоглохыг нь үзэж байсан энэ эрхэмтэй хамтран ажиллах болсон минь дөнгөж ахлах сургуулиа төгсөөд байсан миний хувьд нэр төрийн хэрэг байсан юм. Хамгийн анхныхаа шууд эфирт "азаар" түүнтэй хамт гарсан тэр цагаас хойш өдийг хүртэл би нийтлэлийг нь уншиж, тайлбарыг нь сонсон бахдаж, олон талын мэдлэгийг нь "шагшин гайхаж", арга барилаас нь суралцсаар явна. Ямар ч маргаангүй Монголын хөлбөмбөгийн хамгийн шилдэг тайлбарлагч, олон нийтийн спортын боловсролыг нэмэгдүүлэх их үйлсэд түүчээлэн зүтгэж яваа спортын зүтгэлтэн Б.Батзаяагийн ажлын арга барилтай танилцана уу хэмээн эрхэм уншигч таныг урьж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Мэргэжлийн, чанартай хийх
Хэрэглэдэг гар утас: LG G5
Хэрэглэдэг компьютер: HP Core 3
Сошиал хуудсууд: Б.Батзаяа (твиттер хуудас), Б.Батзаяа (Монголын шилдэг нийтлэлчдийн клуб)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Тухайн хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөрдөг нь миний онцлох арга барил байх. Ямар нэг зүйл, нэг сэдвийг барьж авсан бол би түүгээрээ амьсгалж, амьдардаг гэж хэлж болно. Заримдаа тэр сэдвийнхээ талаар судалж, элдвийг ухаж хайсаар долоо хоног, сар болох нь энүүхэнд. 100 хувь анхаарлаа төвлөрүүлж чаддаг учир чанартай зүйлсийг гараасаа гаргахад дөхөм болдог.

Ямар ч зүйлсийг хийсэн хамгийн төгс, хамгийн сайнаар нь хийхийг эрмэлзэх нь миний гол зарчим. Тоглолт, тэмцээн тайлбарласан ч, нийтлэл бичиж гаргасан ч, ном эмхэтгэж редакторлосон ч, хамгийн сайн нь байхыг л эрмэлздэг. Бага байхаас аав минь надад газрын зураг харуулж, зааж тайлбарлаж өгдөг болсон нь аливаа мэдээллийг цэгцтэй хүлээж авч сурахад тус болсон гэж боддог. Нарийн, жижиг деталь бүрт анхаарлаа хандуулдаг нь үүнтэй холбоотой байж магад.

Таны хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Оффисын програмуудыг голдуу ашиглана. Сошиал медиагаас бол твиттерийг мэдээлэл хүлээн авах, санал бодол солилцох зорилгоор ашигладаг. Харин фэйсбүүк хэрэглэдэггүй. Тодорхой төслүүд, ажлууд дээр багийнхантайгаа мэдээлэл солилцож, ажил үүргээ хуваарилах зорилгоор Google Drive болон Slack-ийг хэрэглэх нь бүтээмж нэмж, цаг хэмнэдэг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Төрөл бүрийн төслүүд болон ажлын онцлогоос болоод өөрчлөгддөг. Тухайлбал одоо Үндэсний ТВ-д хөлбөмбөгийн тайлбарлагч, аналист хийж байна. Заримдаа их сургуулийн танхимд, заримдаа гэртээ ном эсвэл нийтлэл дээр ажиллах, заримдаа хөлбөмбөгийн талбай дээр, заримдаа спортын төслүүд дээр ажилладаг гэх мэт.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Сул цаг, чөлөө зав гарвал л ном уншдаг минь өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож, бусад ажлаас чөлөөлж, цаг хэмнэж байгаа юм болов уу гэж боддог. Өөрийн дуртай номуудаа үргэлж биедээ авч явдаг учир хүмүүс хүлээх үедээ ч юм уу, замд явах үеийн сул цагийг ашигладаг. 00 орохдоо ч ном заавал уншина.

Ажил дээр багийнхандаа хийх ажлыг нь хуваарилж, хурдтай ажиллах нь цаг хэмнэж, сайн бүтээл гарах үндэс болдог. Ялангуяа телевизийн ажил гэдэг цагтай уралддаг тул чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг хийлгэх нь чухал байдаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Би ой тогтоолт харьцангуй сайтай гэж өөрийгөө дүгнэдэг. Тийм ч учраас ихэнхдээ хийх зүйлс, ажлын төлөвлөгөөгөө толгойдоо цээжилж, дэс дарааллаар нь зураглачихдаг юм. Хааяа олон зүйлд сатаарсандаа мартах тохиолдол гардаг ч энэ дадал маань л надад хамгийн сайн тохирдог. Уулзалтын хуваарийг харин тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлнө.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Мэдээлэл дундаас шүүлтүүр хийж, олон төрлийн эх сурвалжаас хэрэгтэй мэдлэгийг ангилан цуглуулж, сэдэвт баригдалгүй судалгаа хийхдээ сайн. Зөвхөн спорт гэлтгүй, өөрийн сонирхлын дагуу янз бүрийн зүйлийн талаар ном, нийтлэл уншиж, баримтат кино, бичлэг үзэж, хүмүүстэй ярилцах дуртай. Тийм ч учраас нийтлэлүүдээ тухайн сэдвийг олон талаас нь харж, олон өөр жишээтэй, харьцуулалттай байлгахыг хичээдэг. Бага байхдаа амьтан судлаач болохыг мөрөөддөг байсан минь, ахлах сургуульд газар зүй, түүхийн хичээлдээ хамгийн дуртай байсан минь, бас эзэмшсэн мэргэжил маань сэтгүүлч болохоор тийм байдаг байх.

Үүнээс гадна аливаа зүйлийг бусдад тайлбарлаж, ойлгуулахдаа гайгүй байж мэднэ. Заах гэж буй зүйлээ би өөрөө сайн ойлгож, хүмүүст яаж тайлбарлавал илүү дээр байх вэ гэдэг дээр их бодож боловсруулдаг. Өөрсдөд нь ойрхон жишээтэй, харьцуулалттай байлгавал илүү сайн хүрдэг гэдгийг ойлгосон. Би МУБИС-д хоёр жил спортын сэтгүүл зүйн хичээл зааж, цагийн багшаар ажилласан. Мөн сонирхогчдын болон мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдэд дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлага бий.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Их стрессдэх гээд байдаг. Бичиж буй нийтлэлдээ, хийж буй зүйлдээ "хэт" ороод шөнө нойр хүрэхээ больчихно. Дараагийн зүйлсээ төлөвлөж, өмнөхдөө дүгнэлт хийсээр байгаад таардаг. Дуртай, дурлаж хийж байгаа ажил минь учраас тэр сэдвээрээ, тэр тэмцээнээрээ бүрэн амьсгалж байдаг. Хийж буй бүх зүйл минь олон нийтэд ил байдаг учир "алдах" эрх надад байдаггүй.

Нөгөө талаараа хүмүүст дуртай зүйлийг нь тайлбарлаж, баяр хөөртэй, бас харууссан цаг мөчүүдэд хамт байдаг нь сайхан байдаг. "Мэргэжлийн" байхыг ямагт эрмэлзэж, хийж буй бүх зүйлээ чанартай байлгах гэж хөдөлмөрлөж байгаагаасаа кайф авдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо бол Франц улсад явагдаж байгаа хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн дээр ажиллаж байна. МҮОНРТ, Монголын мэдээ суваг энэ тэмцээний албан ёсны эрхийг авч, орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа юм. Европын хамгийн шилдэг 24 багийн оролцсон энэ тэмцээн нэн сонирхолтой, өрсөлдөөнтэй үе дээрээ одоо ирээд байна. Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлэн ахалж, өдөр бүр анализ нэвтрүүлэг хийж, шөнө бүр тоглолтоо тайлбарлаж, бараг энд "амьдарч" байна даа.

Бид зөвхөн тоглолтыг шууд тайлбарлахаас гадна орой бүр хүрч буй анализ нэвтрүүлгээрээ дамжуулан тухайн тоглолтод мэргэжлийн талаас нь үнэлэлт дүгнэлт өгч, дараагийн тоглолтуудын талаар илүү баримттай бөгөөд сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэхээр хичээн ажиллаж байна. Евро 2016-ийн финалын тоглолт 7-р сарын 10-нд болно.

Цаашдаа спортын судалгааны чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Хөгжим сонсох дуртай. Яг ажиллаж байх үедээ бол ихэвчлэн симфони сонсдог. Бетховений 9-р симфони сонсонгоо олон ч нийтлэл гараасаа гаргасан. Моцарт, Чайковски, Бах зэрэг сонгодгуудад дуртай.

Энгийн үедээ бол бусадтай л адилхан төрөл бүрийн хөгжим сонсоно. Рокит Бэй, Gee, Tsetse-д дуртай. Амьд хөгжим ч сонсоно. Анх 2006 оны ДАШТ-ийг тайлбарлаж байх үед тоглолтын өмнө заавал 3, 4 дуу англи хэлээр дуулаад тайлбартаа ордог байлаа. Урт, түвэгтэй дуудлагатай тоглогчдын нэрийг зөв сайн хэлэхийн тулд хэлээ зүгшрүүлж байгаа хэрэг л дээ.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Би ном унших "донтой". Нэг ном уншаад, таалагдсан бол хойшоо тавилгүй ахиад л шууд эхнээс нь эхлүүлчихдэг. Монтенийн "Сонгомол эсээнүүд"-ийг бараг 40 гаруй удаа уншсан байх. А.Рэндийн номуудыг ч олон уншсан. Нэгэн зэрэг хэд хэдэн ном зэрэг эхлүүлдэг, уншдаг зуршилтай. Б.Брайсоны "Шинжлэх ухааны товч түүх", саяхан зохиолч нь Монголд ирээд буцсан "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан", В.Айзаксоны "Стив Жобсын бүрэн цадиг" зэрэг номуудыг яг одоо уншиж байгаа. Аль алийг нь л өмнө нь бараг арав арван удаа уншчихсан байх. Гэхдээ унших бүртээ л шинэ зүйл олж мэдэж, шинэ өнцөг, шинэ санааг анзаарч байдаг даа.

Өөрөө ч хэд хэдэн номын ард гарсандаа баяртай байдаг. "Хөлбөмбөгийн дэлхийн аварга" номыг бие даан гаргаж, Непкогийн "Таван хэлний зурагт толь", "Тайлбарт зурагт толь" номууд дээр ажиллаж байлаа. Мөн "Бриттаника" толийн спортын хэсгийг нь хариуцаж байсан. Ер нь Монголд спортын үг хэллэг, нэршил буулгах тал дээр их ажилласан шүү. Миний орчуулж буулгасан хэллэгүүд спортын төрлүүдэд түгээмэл ашиглагдаж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Телевизэд ажилладаг, нэвтрүүлэг хөтөлдөг, тоглолт тайлбарладаг учир намайг хүмүүс нээлттэй гэж боддог байх. Гэхдээ тийм биш ээ, би харьцангуй дотогшоо хүн. Их ажигладаг, боддог. Сошиал медиагаар ч байнга үзэл бодлоо илэрхийлээд байдаггүй, фэйсбүүк ашигладаггүй.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Ажлаас шалтгаалаад унтах хуваарь маань өөрчлөгддөг. Ихэнх том тэмцээн цагийн зөрүүнээс шалтгаалж, манайд шөнө болж таардаг учир тэр үеэр нойр бүрэн солигдчихдог.. Еврогийн тоглолтууд л гэхэд сүүлийнх нь үүрийн 6 цагт дуусаж байх жишээтэй. Гэхдээ би эртэч хүн. Гэрийнхээ өглөөний цайг бол яс бэлдэнэ шүү дээ.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Амралтаа гэрийнхэнтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Мэдээж чөлөөт цагаараа хөлбөмбөг, сагс тоглох дуртай, удаан тоглохгүй явж чаддаггүй. Спорт бол миний амьдралын салшгүй нэг хэсэг шүү дээ

Та ер нь анх хэрхэн спорттой холбогдсон бэ?

Энэ бүхэн яах аргагүй ээж аавтай минь холбоотой. Эрдэнэт хотод өссөн би Хангарьд спорт хороон дээр хичээллэдэг байсан бүх л спортын секцүүдэд явж үзсэн. Ээж аав маань ч дэмжиж, төлбөрийг нь төлж, боломж олгодог байлаа. Бүр бөхийн ч секцэнд явж үзэж байсан. Хөлбөмбөгөөр хамгийн тууштай хичээллэж, улмаар лигт түрүүлж, лигийн бүх медалийг хүртэж, шигшээ багт ч дуудагдаж байсан. Гэхдээ хөлбөмбөгөө хөлбөмбөгийн бус асуудлын улмаас 21-хэн насандаа орхиж байлаа.

Гэрийнхэн маань намайг бүр жаахан байхаас "Таван Цагариг" сонин захиалж өгдөг байлаа. "Үлгэрийн ертөнц", "Таван цагариг" сонинг зэрэг захиалдаг аавыг минь шуудангийнхан хоёр хүүхдэдээ тус тусад нь хэвлэл захиалдаг юм байна гэж боддог байсан гэдэг. Энэ ч намайг хожим их сургуулийн сэтгүүл зүйн ангийг сонгоход нөлөөлсөн. Спортын тайлбарлагч болно гэдгээ би бүр эрт шийдчихсэн байлаа.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Гэр бүл, найз нөхдөөсөө, хамт ажиллаж байгаа залуусаасаа, үлгэр жишээ болдог хүндэлж явдаг хүмүүсээсээ үргэлж урам зориг авдаг. Тэдэнтэйгээ хамт цаг өнгөрөөж, ярьж суухад стресс тайлагдаж, асар их эрч хүчээр цэнэглэгддэг дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Би танхимын сургалт гэхээс илүү харж, туршиж суралцдаг арга барилтай хүн. Тиймдээ ч Непко хэвлэлийн газарт ажиллаж байх хугацаандаа Баабар, Цэнддоо, Батбаяр гээд олон мундаг хүнээс ихийг сурсан. Тэдний ажиллаж байгааг зүгээр л харахад, ярьж байгааг нь сонсоход л өөрийгөө ямар түүхий байгаагаа, ахиад илүү олон ном уншиж, их зүйл мэдэх хэрэгтэй гэдгээ мэдэрдэг байлаа. Непкод өнгөрүүлсэн хугацаандаа яг л их сургууль төгсчихсөн юм шиг л оюуны хөрөнгө оруулалт авч чадсан гэж боддог. Ярьж байгааг нь сонсоход л ном уншаад байгаа юм шиг сэтгэгдэл төрнө гээч.

Непкотой холбогдсон түүх маань их сонирхолтой. Анх 2009 онд их сургуулиа дөнгөж төгсчихөөд "Миний мэдэх хөлбөмбөг" нэртэй номоо гаргачихаад байсан үе. Их л амархан зарагдчихна, овоо мөнгө олчихно гэж бодоод зээлээр хэвлүүлчихсэн номын маань борлуулалт бодит байдал дээр тэс өөр байв. Бараг бүтэлгүйтчихсэн явж байхдаа би Баабар гуай дээр анх очсон юм. Одоо яах вэ? Яавал зүгээр вэ? гэж зөвлөгөө эрэлхийлэн очсон хэрэг. Тэр үед Баабар гуай намайг ойлгон дэмжиж Непко дээр спортын номын төслүүд дээр ажиллаж, зардлаа нөхөх боломжийг олгосон. Тэгээд л "Британника", "Хөлбөмбөгийн дэлхийн аваргууд" зэрэг номууд дээр ажиллаж, олон нийтэд гаргасан даа.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

Баабар гуайг санал болгоё. Залуус бидэнд түүнээс суралцах зүйл маш их бий. Түүнээс гадна нийтлэлч Д.Батбаяр гуайн ажлын арга барил их сонин байж мэднэ.

Буддын шашины гүн ухаан судлаач П.Бадрал гуай энэ буланд орох ёстой хүмүүсийн нэг мөнөөс мөн. Бурханы шашинтан бүрийн ширээний ном Агнистийн гэгээ цувралыг орчуулсан, арвин мэдлэгтэй, мундаг хүн бий.

Гэрэл зургийг Б.Батзаяа

49464   13


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.