Lifehack буюу амьдралыг хөнгөвчлөх зөвлөгөө өгдөг сайтууд тоймгүй олон. Unread ч бас хүмүүсийн бүтээмжийг дээшлүүлэх нийтлэлүүдийг оруулдаг танилцуулдаг гэдгээрээ энэ төрлийн сайтад бас багтана. Өнөөдрийн нийтлэлээр өөрийн мэдэх энэ төрлийн хамгийн сайн 4 блог, вэбийг танилцуулж байна.

Тим Ферриссийн блог

Зочлох: http://fourhourworkweek.com/blog/

Бизнесмэн, бестселлер зохиолч, тв шоу хөтлөгч, анжил хөрөнгө оруулагч Тим Ферриссийг цахим эриний Индиана Жонес гэх нь бий. Анх "The 4 Hour Workweek" номоороо олонд танигдсан тэрээр өөрийгөө туршиж, төрөл бүрээр хөгжүүлэхдээ цуцашгүй нэгэн. Түүний подкаст нь л гэхэд бизнесийн төрлийн подкастууд дунд хамгийн сайндаа тооцогддог. Гадаад хэл сурах, покер тоглох, задгай усанд сэлэх, эсрэг хүйстэнтэйгээ болзох, галт зэвсэг хэрэглэх, тэр бүү хэл танихгүй этгээдүүдэд барьцаалагдаад амиа аврах зэрэг өмнө нь оролдож байгаагүй 13 ур чадварыг 5 хоногийн дотор дэлхийн хамгийн сайн багш нарын тусламжтайгаар сурах ТВ шоуг тэрээр хийж байсан ба нэн сонирхолтой энэ шоуны анги бүрийг нь 2 доллар төлөөд үзэх боломжтой. Ийм хүний блог ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж хэрэг тэр бичихдээ гаргууд.

Lifehacker

Зочлох: https://lifehacker.com

2005 онд нээгдсэн Lifehacker бол энэ төрлийн хамгийн алдартай блогуудын нэг. Уг блогийг Gawker Media эзэмшдэг бөгөөд уриа нь "Хийх ёстойгоо гүйцээхэд туслах зөвлөгөө, програм, аппууд". Уриандаа дурдсанчлан голдуу амьдралыг хөнгөвчлөх электрон төхөөрөмжүүд, цахим орчинд үр бүтээлтэй ажиллах зөвлөгөөнүүд зонхилдог. Lifehacker-т өдөрт ойролцоогоор 10 гаруй контент ордог бөгөөд амралтын өдрүүдээр багасдаг. Үе үе орж үзэх байх хэрэгтэй энэ сайт Lifehacker Australia, Lifehacker Japan, Lifehacker India, Lifehacker UK зэргээр зарим оронд хүрээгээ тэлээд байгаа юм.

Marc and Angel

Зочлох: https://marcandangel.com

Марк Черноф, Анжил Черноф гэх хос энэ блогийг 2006 онд нээсэн юм. Тэд энэ хугацаанд аз жаргалтай амьдрах, ажилдаа амжилт гаргах, бусдыг хайрлах, сэтгэл санаагаа удирдах гэх зэрэг олон сэдвээр 800 гаруй нийтлэлийг бичээд амжжээ. 10 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 200 сая гаруй хандалт авч, 100 орчим мянган захиалагчтай болсон нь энэ блогийн чансааг илтгэнэ. Миний хувьд нэг их сайхан зөвлөгөө уншмаар санагдсан үедээ хамгийн түрүүнд Marc and Angel-ийг санадаг юм. Та энэ блогийг байнга уншиж дагаж чадахгүй бол баруун захад нь байх Hot Posts хэсгээс хүмүүсийн хамгийн их уншдаг, хүмүүсийн таашаалд хамгийн ихээр нийцсэн нийтлэлүүдийг уншаарай.

Medium's Life Hacks feed

Зочлох: https://medium.com/life-hacks

Бидний өмнө нь танилцуулж байсан Medium сайтын Life Hacks хэсгийг энд онцлох нь зүйтэй. Яагаад гэвэл Medium бол шилдэг нийтлэлчдийн төвлөрсөн платформ болоод байгаа билээ. Medium-ийн энэ булангаар ороод үзэхэд л "Амьдралыг хөнгөвчлөх 101 гайхалтай арга" гэсэн шимтэйхэн контент угтаж байх жишээтэй. Medium-ийн хувьд уншихад эвтэйхэн дизайнтай, хэдэн минут уншихыг хүртэл зааж өгдөг, нийтлэлчээ дагах зэргээр сошиал харилцаа үүсгэж болдгоороо давуутай.

Эдгээр сайтуудын хувьд бүгд англи хэл дээр бөгөөд монгол хэлээр ажил амьдралдаа хэрэг болох зөвлөгөөнүүдийг уншиж байхыг хүсвэл та байнга манай уншигч байгаарай.