Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 12, 2016

Мэдүүштэй вэб: Medium.com - Блогийн шинэ эрин

Нэг хэсэг интернет орчныг байлдан дагуулж, бараг хүн бүрийг нийтлэлч, зохиолч болгон хувиргаж асан блогууд сошиал сайтуудын олгох болсон шинэ боломж, бололцоонуудад бут цохиулж, хүчээ улам бүр алдсаар байгаа нь илхэн байгаа билээ. Гэвч блог бичих соёлыг эргэн тренд болгож, хонгилын үзүүрт гэрэл асааж буй нэгэн сайтыг бид энэ удаад онцолж байна. Энэ бол MEDIUM.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Эван Уиллиамсын эхлүүлсэн энэхүү блог платформ 2012 оны сүүлээр нээлтээ хийснээс хойш жил бүр хандалтаа өсгөсөөр өдгөө дэлхийн хамгийн топ медиа стартапуудын нэг болжээ. 2 сая гаруй нийтлэл энд бичигдэж, хэдэн мянган онлайн сэтгүүл энд суурилан хэрэглэгчдэдээ хүрч байна. Medium бол мэргэжлийн болон мэргэжлийн бус нийтлэлчдийн төрөл бүрийн сэдвээр бичсэн контентийг нэг дороос унших, нөгөө талаар өөрийн хүссэн чиглэлээр хүссэн зүйлээ бичиж, илүү өргөн хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгосон платформ юм. Энд төрөл бүрийн сонирхолтой булангуудаас та өөрийн сонирхлоор шилдэг тренд контентуудыг уншиж, бичигчдийг нь дагаж, тэдгээрийн шинэ нийтлэлүүдийг нүүр хуудсаараа дамжуулан хүлээн авах боломжтой.

Мөн хамгийн сонирхолтой нь, хэрвээ таны нийтлэл үнэхээр сайн болсон бол таны хэр олон дагагчтай, хэн бэ гэдгээс үл хамааран бусад хэрэглэгчдэд санал болгодог. Энэ бол бүтэн цагаар ажилладаг редакторуудын хийдэг ажил. Эсрэгээрээ таны контент тренд болж, тодорхой бүсэд, тодорхой цагт илүү олон хүнд хүрвэл түүнийг тусгай алгоритм танин, илүү өргөн хүрээнд цацаж, санал болгодог. Нэг ёсондоо, та бичлэгээрээ "од" болох боломжтой гэсэн үг.

АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама, дэлхийн хамгийн баян хүн Б.Гэйтс, Википедиагийн Ж.Уэльс, Дропбоксийн Д.Хьюстон, Youtube-ийн Ч.Харли, нэрт зохиолч П.Коельо гээд олон алдартны блогийг та эндээс уншаарай. Ялангуяа технологи, инноваци зэрэг сэдвүүд сонирхдог бол энэ таны заавал зочлох сайт.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Дизайн маш сайн. Та блогспот, вордпресс шиг өөрийн хуудсын загварыг өөрчлөх, бусдаас илүү гаргах гэж цагаа "алах" хэрэг байхгүй. Мэргэжлийн түвшинд, минимал хэлбэртэйгээр хийгдсэн сонголтуудаас сонгон, тун цэвэрхэн бөгөөд цэгцтэй хуудсыг үүсгэх боломжтой. Тийм ч учраас блог, нийтлэлүүдийг уншихад их амар байдаг байх.

Үүнээс гадна хэрэглэхэд тун хялбар. Нийтлэл бичиж, загвараа янзлах гэж, шинэ хэрэгслүүд сурах гэж зовох шаардлагагүй. Зураг оруулах, өнгө оруулах зэргийг нь хэн ч хараад ойлгохоор, бас интерактив шийдэлтэйгээр хийсэн. Мөн нийтлэл дундаа Medium хуудастай хэрэглэгчийг дурдах, онцлох боломжтой нь их зүгээр. Контент уншиж байгаад бусад уламжлалт сайтууд шиг хамгийн дор нь сэтгэгдлээ бичих биш, хүссэн хэсгээ сонгож идэвхжүүлж, хадгалж, мөн тэр хэсэгт нь сэтгэгдэл бичих боломжтой байдаг нь хамгийн "күүл" нэмэлтүүдийнх нь нэг. Тухайн нийтлэлийг уншихад хэдэн минут хэрэгтэйг ч харуулна.

Таны сонирхлоос хамааран хамгийн шилдэг контентуудыг нэг дороос унших боломжийг олгоно. Хамгийн гол нь амжилттай яваа манлайлагчид, шилдэг энтрепренерүүд, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд өөрсдөө хуудсаа хөтөлж, блог бичдэг учир тэднээс шууд суралцах бололцоог олгосон нь гайхалтай. Ид тренд болж буй контентуудыг имэйлээр өглөө бүр илгээдэг нь миний цагийг лав их хэмнэдэг.

Аан тийм, бас өөр сайтууд, өөр платформууд дээр бичигдсэн нийтлэлээ шууд экспорт хийж, өөрийн Medium хуудас дээрээ оруулах боломжтой. Давхар нийтлэгдэж, давхар хүмүүст хүрч байна л гэсэн үг. Дажгүй байгаа биз?

Ямар сул талтай вэ?

Дизайны шийдлүүдийг "хайрцагласан" нь нөгөө талаараа шинийг туршиж, зөвхөн өөрийн гэсэн онцгой орон зайг үүсгэх сонирхолтой хэрэглэгчдэд "сонирхолгүй" байж мэдэх юм. Сонголт цөөн, бусдаас ялгарах юм бараг байхгүй болчихно гэсэн үг л дээ. Яг л ийм шалтгаанаар зарим хүмүүс Hi5-аа санагалздаг биз.

Мөн монгол хэрэглэгчид төдийлэн их биш. Уншдаг хүмүүс их байгаа байж болох ч монгол хэл дээр бичдэг контент нэг их байхгүй байгаа. Гэхдээ мундаг твиттерчид, блоггерууд орж ирэх нь цаг хугацааны л асуудал болов уу.

Unread-ийн үнэлгээ

Блог соёлд шинэ өнгө төрх авчирч чадсан энэ сайтад бид 9 оноог өгч байна.

22053   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.