ICT Expo 2016-д мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар дахь хувийн компаниуд, төрийн байгууллагууд оролцож байгаагийн нэг нь Мэдээллийн технологийн үндэсний парк юм. Тус байгууллага мэдээллийн технологид суурилсан стартап компаниудыг инкубатораар дамжуулан бойжуулдаг болоод 13 жилийг ардаа үдэж байгаа юм. Жилдээ 3-4 удаа шалгаруулалт зарлаж, тэнцсэн стартап компаниудад нэн хөнгөлөлттэй үнээр түрээсийн байр олгож, төрөл бүрийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг тус паркийн инкубаторт одоогоор 12 компани байрлаж байгаагийн зургаа нь (манайхыг оролцуулаад) энэ үзэсгэлэнд оролцов.

Alchemist Technologies

Инкубатораас удахгүй төгсөх гэж буй Alchemist компани энэ удаагийн үзэсгэлэнд 2 шинэ бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Mars Leap тоглоом: Ухаалаг утсан дээр тоглож болох, монгол хөгжүүлэгчдийн бүтээсэн аятайхан тоглоом ер байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ орон зайд Alchemist компани Mars Leap хэмээх тоглоомыг гаргажээ. Манай гарагийн нэгэн робот Марс дээр буун, тус гарагийн олон сорилттой тулгарах бөгөөд авхаалж самбаагаараа 30 үеийг давах ёстой болно. Гарын товших мэдрэмжийг ихээр шаардах, хурдан хэмнэлтэй энэ тоглоомыг тоглоход хялбар. Одоогоор зөвхөн Монголоос татах боломжтой байгаа гэнэ. Дизайн дээрээ үргэлжлүүлэн ажиллаж илүү сайжруулаад олон улсад гаргах зорилготой гэдгээ апп-ийг хөгжүүлэгчид хэлж байв.

Татах: Android, IOS:

Honey буюу Борлуулалтын цахим дэвтэр: Энэ бол жижиг дунд худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан борлуулалтын цахим шийдэл юм. Борлуулалтын тайлан болон барааны үлдэгдэл харах хянах, салбаруудын нэгтгэлийг цаг тухай бүрт хянах, SWIPE үйлчилгээг ашиглан бүх төрлийн картаар төлбөр төлөх боломжийг хэрэглэгчдэд олгоно. Барааны баркод уншигч, eBarimt холболттой. Энэхүү бүтээгдэхүүн нь одоогоор iOS дээр татах боломжтой байгаа бөгөөд удахгүй Android дээр орох аж.

Татах: iOS

Alchemist-ийн талаар дэлгэрэнгүйг: www.alchemist.mn

GoSmart

2015 онд үүсгэн байгуулагдаад хагас жилийн өмнө инкубаторт элссэн GoSmart компани Dynamic Cloud хэмээх байгууллагын аюулгүй файл сан (cloud storage), синк үйлчилгээгээрээ энэ үзэсгэлэнд оролцож байна. Энэ нь хэрэглэгчдэд файлаа онлайнд хадгалах, хуваалцах, онлайн орчинд хамтран документ файл дээр ажиллах болон бусад олон боломжийг олгох програм юм. Онлайн орчинд Word, Excel, Powerpoint файлууд дээр хамтран ажиллах, офлайн орчинд ч ажиллах боломжийг олгох Dynamic Cloud-ийн онцлог, давуу талуудыг дурдвал:

-Google Doc зэрэг интернэт дэх бэлэн үйлчилгээнүүдийг бодвол файлыг өөрийнх нь форматаар оруулдаг учраас форматын алдаа гаргадаггүй.
-Дотооддоо сервер нь байрладаг учраас том файлуудыг хэмжээ хязгааргүйгээр байрлуулах боломжтой.
-Байгууллагууд өөрийнхөө сервер дээр суулгаад (dedicated) дотооддоо хязгааргүй ашиглах боломжтой.
-Байгууллагын ERP системийн олон апп-ийг нэмэлтээр суулгаж болно.
-Засвар үйлчилгээ нь Монголдоо тул хэрэглэхэд асуудал үүсэхгүй.

Дэлгэрэнгүйг: www.gosmart.mn

Марчаахай

Бид Марчаахай компанийг урьд нь "Онцлох бизнес" буландаа урин оролцуулж байсан билээ. Монгол хүүхдүүдэд монгол контентийг хүргэх зорилготой тус компани гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд зориулан дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүйн богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээдэг. Хүүхдийн контентын хоосон байсан орон зайд түүчээлэн гарч ирсэн тэд ICT Expo-д "Мэдэмхий Марчаахай" шинэ цомог, номоороо оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр CD, ном 30 хувийн хямдралтай худалдаалагдана гэсэн шүү. Марчаахай компанийн контентуудыг та хүүхдүүд, дүү нартаа Юнивишн, Скаймедиа, OnAir зэрэг платформууд болон Марчаахай аппаар дамжуулан үзүүлээрэй.

Susano Technologies

Япон улсын үйлдвэрлэлийн системд олон ажил ажиллаж туршлага хуримтлуулж, амжилт гаргаж байсан инженер мэргэжилтнүүдээс бүрдсэн Susano Technologies компани дижитал зураг боловсруулах (image processing), технологи ашиглан барилгын зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэлийн технологийн боловсруулалтын систем хөгжүүлэх чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Бизнесүүд, үйлдвэрүүд тус компанийн технологийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой:

-Обьект тодорхойлох
-Өнгөний симуляци хийх
-Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, чанарыг хянах (Жишээ нь, шилэн лонхны амсрын хагарал, цууралтыг илрүүлэх)
-Автомашины улсын бүртгэлийн дугаарыг таних
-Хэдэн хүн орж гарсныг тоолох гэх мэт.

Дэлгэрэнгүйг: info@susano-tech.com

Ээж аппликэйшн

Жирэмсэн эхчүүдийг халамжлах "Ээж аппликэйшн"-ийг хөгжүүлэгч стартап компани инкубаторт саяхан элсээд байгаа юм. Энэ 5-р сарын 13-нд нээлтээ хийсэн уг апп жирэмсэн ээжүүдэд тулгардаг бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой. Ээж апп-ийг үндсэн цэсүүдийг танилцуулбал:

Хөөрхөн ээж - Энэ буланд ургийн өсөлтийн мэдээлэл, ээжэд гарах өөрчлөлтийг 7 хоног бүрээр мэдээлэх аж. Мөн жирэмсэн эхийн мэдээлэлд үндэслэн тохирсон зөвлөгөөнүүдийг notification хэлбэрээр хүргэнэ.
Нийтлэл булан - Энэ хэсэгт жирэмсэн эхчүүдэд бүхий л төрлийн зөвлөгөө нийтлэлүүдийг хүргэнэ.
Ээжүүдийн хүрээлэн - Энэ хэсгийг форум гэж нэрлэж болох ба үүгээр дамжуулан жирэмсэн эхчүүд хоорондоо мэдээлэл солилцож, ажил эрхлэх сонирхолтой бол ямар боломжууд байна вэ гэдгийг бие биеэсээ мэдэх боломжийг бүрдүүлжээ.
Дэлгүүр - Ээж апп MSM компанитай хамтарч жирэмсэн эхчүүд, нярай хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг борлуулж эхэлжээ

Уг апп-ийг цаашид улам сайн хөгжүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар ЭМЯ-тай хамтран ажиллахаар тохиролцжээ. Хэрвээ та жирэмсэн бол, эсвэл дотны хүмүүсээс чинь хэн нэг нь жирэмсэн болсон бол уг апп-ийг санал болгож байна.

Татах: Android, iOS (тун удахгүй)

Та мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том энэ үзэсгэлэнг ирж сонирхон, эдгээр компаниудтай танилцаарай. Ташрамд МТҮП "Оюутан бизнес инкубатор", "Судалгаа, маркетинг, борлуулалтын инкубатор" гэсэн хоёр төрлийн элсэлт зарлан, үзэсгэлэнгийн үеэр бүртгэл хийж байгааг дуулгая.