Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   03 сарын 28, 2016

Онцлох бизнес: Марчаахай - Монгол хүүхдүүдэд монгол контентыг

Контент үйлдвэрлэгч нь контент үйлдвэрлэгчээ дэмжихээр, гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд зориулан дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүйн богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээдэг Марчаахай компанийг бид онцлох бизнес буландаа урилаа. Хүүхдийн контентын хоосон байсан орон зайд түүчээлэн гарч ирсэн тэд өдгөө МТҮП-ийн инкубаторт элсэн, бизнесээ улам өргөжүүлж байгаа бөгөөд сүүлийн үед сонин сайхан ихтэй байгаа аж.

Бизнесийн нэр: Марчаахай
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 215 тоот
Үйл ажиллагааны чиглэл: 2-8 насны хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгох контент бэлтгэх
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2013
Үүсгэн байгуулагч: Н.Даваасүрэн
Ажилтны тоо: Үндсэн 4, гэрээт 3
Вэб: www.marchaahai.mn, Марчаахай (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би мэдээллийн технологи, график дизайнераар мэргэшин их сургуулиа төгссөн. Хувийн компанид ажиллаж байгаад Үндэсний Статистикийн Хороонд ажиллаж байлаа. Тэр үед найз маань энэ бизнесийн санааг гаргасан юм. Youtube-д сонирхолтой хүүхдийн контентууд их байдаг боловч Монголд иймэрхүү төрлийн хүүхдийн контентууд байдаггүй юм гэж хэлсэн. Шалгаад үзэхэд нээрээ л тийм байлаа. Ингээд л ерөөсөө энэ орон зайд контент бэлдэж эхэлье гэж шулуудаад, нэлээд хугацаанд судалгаан дээр сайн ажиллаж, улмаар монгол хүүхдүүдийн онцлогт тааруулсан контент бэлдэж эхэлсэн дээ.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Найз бид хоёр өөрсдийн хуримтлал дээр тулгуурлан бизнесээ эхлүүлсэн.

2015 оны 1-р сард МТҮП-ийн инкубаторт элссэн маань санхүүгийн хувьд болон бусад талаар том дэмжлэг болсон шүү. Өмнөх элсэлтэд нь дандаа эрэгтэй хүмүүстэй хамт шалгаруулалтад ороод тэнцэж чадаагүй. Харин дараа нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулах элсэлт зарлагдахад 8 компаниас шалгарч орж байлаа.

Инкубаторын компаниуд тун хөнгөлөлттэй үнээр оффис түрээслэдгээс гадна мэдэхгүй чадахгүй юмаа бусдаасаа асуух, оюуны өмч гэх мэт чухал асуудлаар зөвлөгөө авах боломжтой байдаг. Инкубаторт байрласан 1 жилийн хугацаанд бүтээгдэхүүний өргөжилт маань бодсоноос 2-3 дахин хурдан явагдсан.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Бид хүүхдүүдэд зориулан дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүй гэсэн 4 төрлийн контент бэлтгэж байгаа. Контентоо бэлтгэхдээ дандаа сонирхол татахуйц байдлаар буюу анимэйшин болгон хийдэг. Одоо 80 гаруй контенттой болоод байна.

2013 оны 11-р сараас эхлэн Юнивишн, Скаймедиатай хамтарснаар контентоо олон нийтэд анх цацсан юм. Санасныг бодоход хүмүүс их үзэж байсан нь цаашдаа улам сайн ажиллах урам өгсөн. 2015 оны 3-р сард Marchaahai апп маань гарсан. Апп-ийг маань хүүхдүүд, эцэг эхчүүд их хэрэглэдэг. Одоогоор манай бүтээгдэхүүнүүдийг 20,000 хүн ямар нэг байдлаар хэрэглэсэн гэсэн үзүүлэлт байгаа.

Контентоо өөрсдөө бэлддэг гэхээр ямар байдлаар ажилладаг гэсэн үг вэ?

Шүлгийг бол голдуу өөрсдөө бичдэг. Хэдийгээр хөөрхөн шүлэгнүүд байдаг ч зохиогч нь олдож өгдөггүй нэг зовлон бий. Зохиолчдын нэгдсэн бүртгэл гэсэн юм байвал зүгээр санагддаг л юм. Аяын тухайд СТА, хөгжмийн зохиолч “Долоон эгшиг” студийн захирал Н.Санжаа ах маань ихэнхийг нь зохиодог. Их сэтгэлээсээ хандаж, биднийг дэмждэг хүн. Ая зохиолгохдоо студи дээр дэргэд нь очоод л суучихдаг. Ер нь нэлээн шинэлэг ая хийхийг хичээж ажилладаг.

Дуунуудыг маань харин Монголын Хүүхдийн Ордоны дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд, Шинэ Монгол дунд сургуулийн Амарбат багшийн хүүхдүүд дуулдаг юм. Хүүхдийн хоолойгоор дуу оруулагч Алтаа эгчтэй мөн хамтарч ажилладаг. Бид бас бага ангийн багш нараас контент дээрээ зөвлөгөө авдаг. Эцэг эхчүүд ч гярхай зөвлөгөө нэлээд өгдөг. Ер нь хамтран ажиллах эдгээр хүмүүстэйгээ уулзахад нэлээд цаг зарцуулна. Энэ ташрамд, манайхтай хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүсийг урьж байна.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Эхлээд хэрэглэгчдэд сайн танигдаж байгаад дараа жилээс “олон улсын” контент бэлдэх зорилготой байгаа. Жишээ нь монгол дууг англи руу орчуулаад орчуулаад контент хийж болно.

Алсдаа бол Монголын BABY TV болохыг хүсдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн төрөлжсөн анимэйшин суваг болохыг мөрөөддөг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хүүхдийн нас насны онцлогт тохируулсан, танин мэдэхүйн ач холбогдолтой контент бэлдэхийг эрмэлздэг. Мөн оюуны өмчийг хүндэтгэнэ. Нэг дуу гаргалаа гэхэд ая зохиогч, үг зохиогч, бас дуучин хүүхэдтэйгээ хүртэл гэрээ байгуулж ажилладаг даа.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Шинэ вэб платформ үүсгэхээр ажиллаж байна. Ингэснээр контентоо олон сонголттойгоор хэрэглэгчид хямд үнээр, хялбар байдлаар худалдаалдаг болох юм. Вэб маань 5-р сарын сүүлээр гарах болов уу. Одоогоор апп-ийг маань таблетаар үзэж болохгүй байгаа, олон улсаас хандалт хийж болохгүй байгаа. Үүнийг засахаар ажиллаж байна.

Мөн бид өнгөрсөн 7 хоногт “Мэдэмхий Марчаахай” хэмээх 20 дуутай цомгийг дууны үгтэй номынх нь хамт гаргалаа. Энэ маань 2015 оны 8-р сард БСШУЯ-наас зарласан хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд шалгарсан бүтээл юм. Ийнхүү салбарын яамны дэмжлэгтэйгээр гараад байгаа нь энэ. Энэ цомог маань бага ангийн сургалтын материал болж болохоор, гэр бүлээрээ машиндаа сонсоод явахад ч урамтай тийм сайхан цомог болсон. Жишээ нь “Нийслэл хотын хүүхдүүд” дуу маань хотдоо яаж цэвэрхэн зөв амьдрах вэ гэдгийг үлгэрлэн таниулах зорилготой. Энэ дууны клипийг танай сайтаар анхлан цацаж байна. Эдгээрээс 15 нь бидний өөрсдийн зохиосон контент, 5 нь гадаад дууг монгол сэтгэхүйгээр буулгасан орчуулгын контент юм.

"Нийслэл хотын хүүхдүүд" дууны клипийг хамгийн түрүүнд Unread толилуулж байна.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү талууд нь юу вэ?

Хүүхдийн юм хийж байгаа болохоор хүн болгон дэмжиж, талархалтай ханддаг. Хэдийгээр анимэйшин гэдэг цаг хугацаа, ур чадвар их шаарддаг хэцүү төрөл боловч Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд эерэг хувь нэмэр оруулж байгаадаа тун баяртай байдаг.

Хэцүү бэрхшээлтэй асуудал бол цөөн биш. Анимэйшнээр мэргэшиж контент хийдэг газар цөөн болохоор хүний нөөц ховор. Зөвхөн дизайнер гэлтгүй зохиолч, ая зохиогч, хүүхдийн зөвлөх багш гээд олон хүний хамтын ажиллагаанаас контент бүрддэг. Тэр ч утгаараа зардал өндөр.

Бас борлуулалтын суваг их хязгаарлагдмал байдаг. Ай Пи тв болон апп гэсэн 2 сувгаар л контентоо борлуулж байна. Апп-аас 550 төгрөг, Ай Пи тв-ээр 500 төгрөгөөр контентоо борлуулдаг. Мөн ихэнх хүмүүсийн хандлага нь контентыг үнэгүй авах сонирхолтой. Яагаад хүүхдийн контент зараад байгаа юм бэ гэж асуух нь элбэг.

Marchaahai app

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээсээ нэрлэнэ үү?

5 хуруу гээд дууг маань хүүхдүүд их сонсдог. Орчуулгын контент хэдий ч бид энэ дууг монгол сэтгэхүйгээрээ буулгасан. Манайд аав хуруу, ээж хуруу гэж ярьдаггүй болохоор эрхий мэргэн, эмч домч гээд орчуулах жишээтэй. Иймэрхүү олон улсад түгсэн дуунуудын оюуны өмч дээр асуудал үүсдэггүй юм билээ. Зохиогдоод 100-гаас дээш жил болчихсон байдаг учраас зохиогчийг нь дурдаад ашиглах эрхтэй байдаг.

21252   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.